“Уул, усны ойр нь дээр. Ураг төрлийн хол нь дээр” гэсэн хэлц үг бий. Чухам хэзээ, юунаас болж монголчуудийн өөр хоорондоо ярилцах болсныг үл мэднэ. Ах дүүстээ гомдсон, аль эсвэл ураг садан нь өөрт нь ихээхэн гай учруулсан нэг нөхөр бодож олсон байж мэдэх юм. Яавч олигтой түүх, үйл явдлаас гарсан үг гэж боддоггүй юм.
Уг нь бол монголчууд өөрийн ураг төрлөө мэдэх, ойр дотно байх тухай асар эртний уламжлал, ёс төртэй ард түмэн. Тийм ч болохоор өөрөөсөө дээшээ есөн үеэ мэдэх, ургийн бичиг хөтлөх зэргийг уламжлуулж, “Эхийгээ санавал нагацаа, Эцгэээ санавал авгаа түш” гэсэн үг бий болоо биз ээ.
Зохиолч Т.Бум-Эрдэнийн богино өгүүллэгийн “Утгын чимэг” наадамд хоёрдугаар байрт шалгарч байсан “Олон болоорой” өгүүллэг ч нэг талаар ах дүүс олуулаа байх тухай өгүүлдэг. Үнэхээр олуулаа, өнөр өтгөн байх шиг сайхан зүйл хаана байх билээ дээ. Тулаад ирсэн зовлонг даван туулах, сэтгэлийн тэнхээтэй байх, тэврээд авсан жаргалд омойтохгүй түмнийхээ итгэлийг дааж явах ухааныг ах дүүс, төрөл төрөгсөд л өгдөг аж.
Мэдээж олны дунд сайн нь ч бий, муу нь ч бий. Харин энэ бүхнийгээ тэнцүүхэн авч явж, засаж залруулж, бусдыгаа хүндлэн хайрлаж гэмээнэ ураг төрөлдөө нэр нүүртэй явдаг ч байлгүй. Нэг ёсондоо төр түшилцэж яваа нэгэн эрхмийн хэлсэнчилэн “Чанаргүй олон хүүхэд”-ийн нэг болохгүйн тулд хүн бүр хичээх ёстой гэсэн үг. Бүлсэж, садансаж явах нь жалга довны үзлээс хахь ондоо зүйл бөгөөд аавынхаа эзгүйд авгаараа омогшиж, эхийнхээ эзгүйд нагацдаа нялхамсаж явдаг билээ л.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 0 )