Танд ямар нэг зүйл буруу санагдаад үргэлж юунд ч юм сэтгэл зовниод байгаа юм биш биз. Албан байгууллага, орон гэр хаа ч байсан эд зүйлс эмх цэгцгүй санагдаад дүрсхийгээд бухимддаг уу. Байрандаа байсан зүйл байрандаа л байх ёстой гэсэн хатуу зарчмыг ягштал мөрдөж хэрэв жаахан л өөрчлөгдсөн байвал заавал засаж янзалдаг уу.
Өчүүхэн төдий тоос тортог, ширхэг хогийг ч шувуу шиг түүж хэрэв түүхгүй бол тухгүй санагдаад байдаг уу. Ийм дадал зуршилтай хүмүүс энэ зан үйлээ цэвэрч, нямбай, цэгцтэй гэдэг нэрийн дор зөвтгөж эргэн тойрныхоо хүмүүст төвөг учруулж, ямагт амгалан тайван уур амьсгалыг эвдэж, хэрүүл дэгдээж байдаг гэмтэй.
Сэтгэл зүйн талаасаа энэ нь нэг төрлийн эмгэг бөгөөд хувь хүнийг хэвийн амьдралаар амьдрахад саад болж эхэлбэл ноцтой төвшинд хүрчээ гэж үздэг байна. Үүнийг ялихгүй зовлонт үйлийн эмгэг гэх бөгөөд үргэлж жижигхэн зүйл дээр ууртай болгодог хэлбэр л дээ. Хэрэв та гар нүүрийн алчуураа хээтэй тал нь наашаа харж тохох ёстой гэж үргэлж засдаг бол, гоо сайхны бүтээгдэхүүнээ үргэлж бичигтэй талаар нь өрдөг бол, зурагтын удирдлага ширээний баруун өнцөг дээр л байх ёстой гэж боддог бол, хоолны амтлагч цэрэг шиг эгнээгээрээ өрөөтэй байх нь зөв гэж зүтгэдэг бол өөрийгөө жаахан чөлөөлөөд дээрх тээртэй бодлуудаа мартаад үзээрэй.
Яагаад заавал бүх юм музейн үзмэр шиг хөдөлгөөнгүй байр байрандаа байх ёстой гэж. Хааяа гэрээ цэвэрлэхгүй новширч, дуртай дуугаа чангалан ганцаараа бүжиглэж, аяга тавгаа сайхан ааштай үедээ угааж болохгүй гэж. Хэн ч гэсэн эмх цэгцтэй байхыг чухалчилгүй яах вэ, .гэхдээ хааяа өөрийгөө бүхнээс чөлөөлөхөд гэмгүй. Тэгвэл дээрх ялих шалихгүй жижиг сажиг зүйлээс өөрийгөө болон хамт байгаа хүмүүсээ зовоохгүй, залхаахгүй нь байна шүү.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 0 )