Хүүхдэд ээлгүй Монгол

2022 оны 01 сарын 29

Барилгын компанийн чанаргүй лифт, хариуцлагагүй СӨХ-ны балгаар нэгэн бяцхан зүрх зогсов. Цолгиун инээдээрээ гэр бүлдээ жаргал нэмж явсан нэгэн амьсгал тасрав.

Энэ сарын 26-ны өдөр гурван настай хүүхэд долоон давхрын эвдэрхий лифтний хаалгаар унаж нас барсан харамсалтай хэрэг гарлаа. Тэр бяцхан хүүхэд долоон давхраас нэг давхар хүртэл харанхуй хонгилоор хэрхэн унасан бол гэх эмгэнэлт бодол гол зурна.  Өмнөхийн адил бид дэмий л харуусч байна.

Нийгмийг сэртхийлгэсэн эмгэнэлийг бүхэлдээ халаглан уншиж, ажлын хариуцлага алдсан хүмүүсийг сошиалаар ганц хоёр хоног зүхсэнээс өөрөөр бид хүүхдүүдийнхээ төлөө зөв алхам хийж байгаа бил үү. Цаашид аль аль шатандаа хариуцлагатай байж явахгүй бол энэ мэт харамсалтайгаар амиа алдсан хүүхдийн тоо нэмэгдсээр байх нь.

Нэг талаасаа эцэг, эхчүүдийн хариуцлагагүй байдал нөлөөлж байгаа боловч нөгөө талд нь барилгын компани, СӨХ, үйл ажиллагаа явуулж буй газруудын хариуцлагагүй байдалтай шууд холбоотой явж ирлээ.

Нэг үгээр хэлбэл томчуудын хариуцлагагүй байдлаас болж цаашид хэчнээн зүрх зогсохыг таах аргагүй. Хэзээнээс бид хариуцлагатай болж эхлэх вэ. Хүүхдийн сургууль, цэцэрлэгийн хашаанаас хумсалж барилга, байшин барина. Хүүхдийн гэх тодотголтой ганц паркийн газраас хүртэл эрх мэдэл, мөнгөтэй хүмүүс нь хумсална.

Хүүхдийн тоглох талбайгаас эхлээд наад захын зайлшгүй мөрдөх стандартаа чанд мөрдүүлдэг болмоор байна.

Эцэг, эхчүүд нь хүүхдүүдээ малдаа явуулснаас болж цасан шуурганд төөрсөн хүүхэд осгож нас барсан. Аав, ээж нь гурван хүүхдээ гэртээ цоожилж гарснаас болж пар нь задарч ус алдан түлэгдэж амь насаа алдсан, байрныхаа гадаа тоглож байсан хүүхэд авто машинд мөргүүлж байрныхаа гадаа амьсгал хураасан, машинынх нь ард тоглож байсан хүүхдээ анзааралгүй ухарснаас болж амийг нь егүүтгэсэн гэх мэтчилэн эцэг, эхчүүдтэй холбоотой хараа хяналт сулаас болж энэ хорвоогоос буцсан мянга мянган зүрхний өмнөөс хариуцлага нэхэх цаг болчихсон шүү дээ.

Хүүхэд, гэр бүл, залуучуудын газар үүнд хэрхэн анхаарал хандуулдаг вэ. Амиа алдсан бяцхан зүрхнүүдийн араас хөөцөлдөж байв уу гэвэл бас л эмгэнэлтэй дүр зураг үзэгдэх нь дамжиггүй.

Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн баруун урд хэсэгт байрлах “Хан талст” компанийн эзэмшил талбайд 11-15 насны дөрвөн хүүхэд тогтоол усанд живж харамсалтайгаар амь насаа алдсан хэрэг 2020 оны тавдугаар сард гарч байсан. Тэр үед шуугиад өнгөрсөн ч хариуцлага алдсан хүмүүст ямар шийтгэл оноосон бэ гэдэг нь тэгсхийгээд дарагдаад өнгөрсөн.

Сүхбаатар дүүргийн долоодугаар хороонд байрлалтай “Эко шинэс” эмийн сангийн ойр орчимд тоглож байсан есөн настай хүү 2018 оны зургаадугаар сарын 25-ны өдөр эмийн сангийн хаалганы бариулаас барин тогонд цохиулж амиа алдаж байсныг бид мартаагүй.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн есдүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 79 дүгээр сургуулийн хөлбөмбөгийн талбайн хөндлөвч төмөр 11 настай хүүгийн дээрээс унаж амь насаа алдсан хэрэг тэгсхийгээд мөн л замхарсан.  Хамгийн сүүлийн жишээ “Хан талст” хотхоны лифтний хаалга цөмөрч бяцхан хүүхэд амиа алдсан явдлаас харж болно.

Энэ мэт хүүхдийн амь насаа алдсан явдлыг тооцоод баршгүй. Цаашид хэчнээн хүүхдийнхээ амиар хариуцлага, шударга ёсыг тогтоох юм бол. Монгол Улс орон хүүхдийн эрхийг хамгаалах хуультай, НҮБ-аас баталсан Хүүхдийн эрхийн конвенцийг хэрэгжүүлэх ёстой орнуудын нэг.

Хүүхдийн эрхийн тухай хуулийн “5.2.Хүүхэд эрүүл өсч бойжих, аюулгүй орчинд амьдрах, аливаа хүчирхийллээс ангид байх эрхтэй” гэж заасан ч хуулийн уг заалт амьдралд огтхон ч хэрэгжихгүй явж ирсэн. Тус хуулийн “7.1.Хүүхэд гэмт хэрэг, зөрчил, хүчирхийлэл, бие махбодийн шийтгэл, сэтгэл санааны дарамт, үл хайхрах байдал болон мөлжлөгийн аливаа хэлбэрээс нийгмийн бүх орчинд хамгаалагдах эрхтэй” гэсэн заалтыг мэддэг хүн тун цөөн байх юм. Хуулийн хэрэгжилтийг хангуулахаар хэн шахаж шаардаж байна вэ.

“Үр минь үлдэх хорвоод зөв л явахсан” гэж  цэцэрхэх дуртай манайхан одоо л үр чинь үлдэнэ гэдгийг санаж үйлдлээ зөв болгож, хүүхдийн төлөө дуу хоолойгоо нэгтгэмээр байна. Үхсэний хохь болоод үлддэг ийм зэрлэг нийгмээс татгалзъя. Төрийн бодлого чиглэл, иргэн, аж ахуйн нэгжүүдийн зөв хандлага одоо л хэрэгтэй байна шүү дээ. Улаанбаатарынхаа орц болгонд шахам караоке, паб ажиллуулдаг хэрнээ Хүүхдийн урлан бүтээх төв, Хүүхдийн ордноос өөр хүүхдэд чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг газар байхгүй болсон.

Үхэл хагацлын араас ард түмнээрээ шахаж шаардуулж байж дуртай, дургүй гарч ирж мэдэгдэл хийдэг Их хурлын эрхэм гишүүд одоо л ажлаа хий. Хүүхдэд ээлтэй байх эрх зүйн орчныг бүрдүүл л дээ. Хүүхэд хамгааллын наад захын энгийн стандарт шаардлагуудаа бий болгож мөрдүүл.  Улсын хэмжээнд жилд 138 мянган хүн бэртэж гэмтэн, амь насаа алддагийн 30 хувь нь хүүхэд байдаг гэсэн тоон мэдээллийг харсан байх.

Хүүхдэд ээлгүй Монгол Улс хэзээ хүүхдэд ээлтэй болох вэ. Хүүхдэд ээлтэй байна гэдэг нь зөвхөн цэцэрлэг, сургуулийн тоогоор хэмжигдэх ёсгүй. Гэр бүлээс эхлээд сурч байгаа цэцэрлэг, сургууль, үзүүлж байгаа эмнэлэг, тоглож байгаа талбай гээд хүүхдийн цагаа өнгөрүүлдэг бүх орчин эрүүл, аюулгүй байх ёстой. Хүүхдэд хүрч байгаа үйлчилгээ бүр нь чанартай, тэгш хүртээмжтэй байх ёстой. Үүний тулд төр бодлого шийдвэр гаргахдаа хүүхдийн хэрэгцээ шаардлагыг нэн тэргүүнд харгалзан авч үздэг, тэдний дуу хоолойг сонсдог, хүүхдийн сайн сайхан руу чиглэсэн төсөвлөлт, хөрөнгө оруулалт хийхээс эхэлнэ. Үүнийг хүүхдэд ээлтэй засаглал гэнэ.

Э.ТЭНҮҮН

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 
 

 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Chuka(73.37.19.86) 2022 оны 01 сарын 30

Hulgaich luivarchin avilgachin aluurchin MANANgiin novshnuudiig ustgaj buh hurungiig ni huraasan tsagt mongold jaahan gerel tusah baih. Gehedee ene hezee ch butehgui. Ter novshnuudiin neg ni tanii aav eej ah duu nariin neg baigaa tul.

0  |  0
Chuka(73.37.19.86) 2022 оны 01 сарын 30

Hulgaich luivarchin avilgachin aluurchin MANANgiin novshnuudiig ustgaj buh hurungiig ni huraasan tsagt mongold jaahan gerel tusah baih. Gehedee ene hezee ch butehgui. Ter novshnuudiin neg ni tanii aav eej ah duu nariin neg baigaa tul.

0  |  0
Chuka(73.37.19.86) 2022 оны 01 сарын 30

Hulgaich luivarchin avilgachin aluurchin MANANgiin novshnuudiig ustgaj buh hurungiig ni huraasan tsagt mongold jaahan gerel tusah baih. Gehedee ene hezee ch butehgui. Ter novshnuudiin neg ni tanii aav eej ah duu nariin neg baigaa tul.

0  |  0
зочин (192.82.67.127) 2022 оны 01 сарын 30

Монгол улсыг харлуулах гээд ч гэх шиг. Уншаад юу ч ойлгохгүй байж бас сэтгэгдэл шүү юм бичих санаатай. Хүний эрх л юм даа.

0  |  1
хх(103.229.123.112) 2022 оны 01 сарын 30

Монгол улсыг харлуулах гээд үзчих юмаа

2  |  3
Top