Улсын Их Хурлын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо өнөөдөр (2022.01.29) хуралдлаа.
Хуралдааны эхэнд Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Засгийн газар, Улсын онцгой комисс болон мэргэжлийн байгууллагуудаас “Ковид-19” цар тахлын онцгой нөхцөл байдалтай холбогдуулан гаргасан зөвлөмж, шийдвэрийг баримтлан Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасан цахим хуралдааны дэгийн дагуу байнгын хорооны хуралдаанд гишүүд танхим болон цахим хэлбэрээр оролцож байгааг Байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэн танилцуулав.
Хуралдаанаар Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон бусад дагалдах хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явууллаа.
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1-д “Төсвийн болон бусад Байнгын хороо, Төсвийн зарлагын хяналтын дэд хороо эрхлэх асуудлынхаа хүрээнд, нам, эвслийн бүлэг төсвийн төслийг хэлэлцэнэ” гэж, 70.2-т “Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн төсвийн төслийн танилцуулгыг, Монгол Улсын Ерөнхий аудитор төсвийн төслийн талаарх аудитын дүгнэлтийг Байнгын болон дэд хороо, нам, эвслийн бүлгийн хуралдаанд танилцуулна” гэж, мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.2-т “Засгийн газраас санаачилсан хуулийн төслийн танилцуулгыг Ерөнхий сайд, эсхүл тухайн асуудлыг эрхэлсэн Засгийн газрын гишүүн, тухайн Засгийн газрын гишүүн түр эзгүй байгаа бол түүнийг орлож байгаа Засгийн газрын гишүүн хийнэ “ гэж, 33.4-т “Энэ хуулийн 33.1, 33.2, 33.3-т заасан этгээд хуулийн төслийн хэлэлцүүлгийн бүх үе шатанд оролцох үүрэгтэй” гэж тус тус заасны дагуу хуулийн төслийн танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан хийв.
Монгол Улсын Засгийн газраас Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон бусад дагалдах хуулийн төслүүдийг 2022 оны нэгдүгээр сарын 28-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн.
Коронавируст халдварт цар тахлын нөлөөгөөр дэлхий нийт сүүлийн хоёр жилийн хугацаанд эрүүл мэнд, нийгэм, эдийн засгийн хүндхэн сорилтуудтай нүүр тулж байна. Манай улсын хувьд ч эдийн засгийн хүндхэн нөхцөл байдлыг туулж байгаа хэдий ч Монгол Улсын Засгийн газар санхүү, төсвийн бүхий л боломжит нөөцөө дайчилж иргэдийнхээ эрүүл мэнд, орлогыг хамгаалах, аж ахуйн нэгжүүдээ дэмжих, эдийн засгаа сэргээх нийт 6.9 их наяд төгрөгтэй тэнцэх хэмжээний арга хэмжээг цогцоор нь авч хэрэгжүүллээ.
Монгол Улсын Ерөнхийлөгчөөс ахмад настны тэтгэврийг нэмэгдүүлэхэд чиглэсэн тодорхой шийдлийг дотоод нөөц бололцоогоо дайчлан яаралтай боловсруулж, үе шаттай авч хэрэгжүүлэн ажиллахыг Монгол Улсын Засгийн газарт чиглэл болгосонтой холбогдуулан Төсвийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.4-д заасны дагуу төсвийн тодотголын төслийг боловсрууллаа.
Тэтгэвэр нэмэгдүүлэхдээ нэгдсэн төсвийн нийт алдагдлын хэмжээг өөрчлөхгүйгээр төсвийн ерөнхийлөн захирагч нарын төсөв хооронд зохицуулалт хийх замаар улсын төсвийн зарлагыг бууруулах, мөн дүнгээр нийгмийн даатгалын тэтгэврийн сангийн төсвийг нэмэгдүүлэх замаар шийдвэрлэхээр төлөвлөсөн гэдгийг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан танилцуулгадаа дурдав.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал, Ц.Туваан, Ж.Бат-Эрдэнэ, Б.Чойжилсүрэн нар төсвийн тодотголын эх үүсвэрийг хэрхэн шийдсэн, ойрын гурван жилд нийгмийн даатгалын санд үүсэх ачааллыг тооцсон эсэх, төсвийн ерөнхийлөн захирагч нарын төсөв хооронд хийсэн зохицуулалтаас үүдэн ирэх жилд гарах эдийн засгийн эрсдэлийн талаар асууж тодрууллаа.
Төсвийн тодотголын тухай хуулийн төсөлд тусгаснаар нийт 637 тэрбум төгрөгийн тэтгэврийн нэмэгдлийн төсвийн зохицуулалтыг хийнэ. Үүнээс өнгөрсөн оны нийгмийн даатгалын давсан орлого 326 тэрбум төгрөгтэй дүйцэхүйц төсвийн зохицуулалт дотор төсвийн хөрөнгө оруулалтаас 123 төслийн 260 тэрбум төгрөг, 50 орчим тэрбум төгрөгийн урсгал зардал, 30 орчим тэрбум төгрөгийн гадаад зээл, тусламжийн зохицуулалтыг тус тус хийж байна. Тодотголд 2022 онд бүрэн ашиглалтад орох бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын аливаа үйл ажиллагааг зогсоогоогүй. Зөвхөн “Богд Зонхова” цогцолбор төслийг хассан гэдгийг Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбат хэллээ.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр, эрчим хүч, зам тээврийн салбарын 2022 оны улсын төсвийн хөрөнгө оруулалтын зарим зардлыг ирэх жилийн төсөвт шилжүүлэхээр тооцсон байна. Үүнийг дагаад энэ онд хийгдэх байсан ажлын хэмжээ буурна гэдгийг салбарын сайдууд тайлбарлалаа. Түүнчлэн Зам, тээврийн хөгжлийн сайдын мэдээлснээр зарим гүүрийн ажлын хөрөнгө оруулалтад өөрчлөлт гарч байгаа учраас ирэх жил арматурын үнэ өсвөл алдагдал гарах эрсдэл үүсэж болзошгүйг хариултаа дурдсан юм.
Байнгын хорооны гишүүдийн зүгээс салбарын сайдууд хөрөнгө оруулалтын асуудлуудаа нарийвчлан тооцож, бүтээн байгуулалтын өртөг зардал нэмэгдэх эрсдэл байгааг анхаарч ажиллахыг санууллаа. Мөн ирэх жилүүдэд орлого нэмэгдүүлэх, аж ахуйн нэгжүүдээ дэмжихэд Засгийн газар онцгой анхаарах ёстойг хэллээ.
Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон бусад дагалдах хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулсан талаарх байнгын хорооны санал, дүгнэлтийг Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтлоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Сэтгэгдэл ( 0 )