Нидерландад ХДХВ-ийн илүү аюултай хувилбар илрэв

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 02 сарын 06

Оксфордын Их сургуулийн эрдэмтэд Нидерландад хүний дархлал хомсдлын вирусийн хүний эрүүл мэндэд илүү аюултай, илүү халдвартай хувилбараар халдварласан 17 тохиолдол илрүүлжээ.

ХДХВ нь хүний дархлааны тогтолцооны эсийг (CD4) устгадаг. Үүний дүнд хүний дархлааны хамгаалалт аажмаар суларч, эрт орой хэзээ нэгэн цагт халдвар авсан өвчтөн аливаа өвчин үүсгэгчээс хамгаалалтгүй болдог байна. Ингэснээр өвчтөний бие организмд аюултай мөөгөнцөр, вирус, нян ямар ч саадгүй үржиж, өвчин ДОХ болдог байна. Шаардлагатай эмчилгээ хийхгүй бол дархлааны хамгаалалт 6-7 жилийн дараа үгүй болдог аж. ХДХВ-ийн “VB” гэх шинэ хувилбар нь ердөө 2-3 жилийн дотор хүний дархлааны хамгаалалтыг үгүй хийдэг байна. Үүний шалтгаан нь өвчтөний цусан дахь вирусний хэмжээ буюу вирусний ачаалал маш өндөр байгаатай холбоотой гэж эрдэмтэд онцолжээ. VB хувилбарын халдвар авсан өвчтөнүүдийн цусан дахь вирусийн хэмжээ 3-5 дахин их байдаг байна.

“Science” сэтгүүлд нийтэлсэн судалгаанаас үзвэл ийм хувилбар тээгч 17 хүнийг илрүүлжээ. Эдгээрээс 15 нь Нидерланд, Швейцар, Бельгийн тус бүр нэг иргэн байна. Вирусний генийн дарааллыг судлахад олон тооны мутац илэрчээ. Ингэхдээ ХДХВ-ийн эсрэг эм, бэлдмэлүүд шинэ хувилбарт үйлчилж байгаа гэнэ.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээллээр, дэлхий дахинд ХДХВ-ийн батлагдсан оноштой 38 сая хүн байдаг хэдий ч албан бус тоо үүнээс их гэж үздэг байна. Энэ вирусний улмаас нийт 27-48 сая хүн хорвоог орхижээ.

 

Top