Хөдөөгийн буйдхан сумын төвд Цагаан сар тэмдэглэх сайхан. Ахас ихэсээ хүндлэх, айлчин золгуут хийх ёсон тэнд л бүрэн бүтэн байдаг билээ. Хамгийн хүндтэй, хамгийн сайхан зочид бол тухайн буйдхан сумын жаалууд. Сумын төвийнхөн эхнээсээ босож, аавууд мөр гаргаж, ээжүүд цайгаа чанахтай бараг л уралдаад орж ирнэ дээ. Эхлээд ганц нэгээрээ орж ирэх бол үдээс өмнөхөн гэхэд л арав, тавуулаа болоод авна.
Нас, насаараа ялгарч ийнхүү нэгэн бүлэг болох бөгөөд өмнө нь орчихсон айлынхаа гадаа бусдыгаа хүлээн зарим нь зогсож байгаад л цаашаа дөрөө харшуулна. Эдгээр хүндтэй зочид гэрт орж ирэнгүүтээ баруун орон дээр сурмаг гэгч суух нь хэдэн болжмор утасны шон дээр суугаад наранд ээх шиг санагдана. Ялгаатай нь гэвэл тэдний нүд сэргэлэн, яриа хурц.
Айлын эзэнтэй сар шинийн мэнд мэдэж, эзэгтэйн асуусан асуултад товхийтэл хариулахаа тэд мэднэ. Арай томхонууд нь өөрийн гэсэн хөөрөг гаргаж тамхилах нь ч бий. Орох айл олон, оносон бие ганц учраас ундаа, бараашигхан ууж, цагаалга амсаад л айлын эзэгтэйг дагуулан харах нь тэд явах болсныг илтгэнэ.
Бүгд бэлгээ авч, сэтгэл ханасан жаалууд сар шинэдээ сайхан шинэлэхийг ерөөгөөд орж ирсэн шигээ годхийн гарна. Хашааны буланд тойрч зогсоод хэнийх ямар бэлэг өгснийг ярилцан, заримыг нь тэр дор нь өөр хоорондоо панзалж орхиод ороогүй айлуудаа нэг бүртгэж аваад дуу шуутайхан цааш одно. Хамгийн хүндтэй зочидыг харж зогсоход дээлээ хөөргөж бүслээд айл, айл дамжин сарлагтай чихэр, сармай дээлт өвөртөлж явсан бага нас минь тэдний дунд гүйж яваа нь харагдах шиг...
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 0 )