-Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Та өөрийгөө танилцуулахгүй юу?

-Намайг Б.Дэлгэрсайхан гэдэг. Би нийслэлийн Аврах ангийн аврагч, нохой хөтлөгч, ахлах ахлагч цолтой. Миний хамтран зүтгэгч аврагч, нохойг “Ченжи” гэдэг.

-Онцгой байдлын байгууллага нохойн албатай болоод цөөнгүй жилийг үдлээ. Нийслэлийн Аврах анги аврах ажиллагаанд албаны нохой ашиглаад хэр удаж байна. Үүрэг гүйцэтгэж байгаа албаны нохдоо танилцуулна уу?

-Нийслэлийн Аврах анги 2019 оны 10 дугаар сараас аврагч нохойг сурган албанд ашиглаж эхэлсэн. Манай Аврах ангид “Ченжи” дуудлагатай герман хоньч, “Бади” дуудлагатай лабрадор үүлдрийн 2 аврагч нохой үүрэг гүйцэтгэж байна.

-Аврах ажиллагаанд ашиглагдаж байгаа нохойнд тавигдах шаардлага юу байдаг вэ?

-Аврах ажиллагаанд ашиглагдаж байгаа албаны нохойны удмын бичиг, угшил болон тухайн нохойны зан араншин буюу инстинктийг хардаг. Аврагч нохой нь сангвиник, флегматик төрлийн сэтгэл зүйн онцлогтой байвал сайн албаны нохой болдог.

-Нохойтойгоо хэдэн удаагийн гамшиг, ослын дуудлагаар ажилласан бэ. Аврах ажиллагаанд оролцсон онцлог түүхийг сонирхуулбал?

-Эрлийн ажиллагаанд нэлээдгүй оролцсон. Манай “Ченжи” дуудлагатай аврагч, нохой хамгийн анх усны осолд өртсөн буцалтгүй нэрвэгдэгчийг олж, уснаас гаргаж аварч байсан. Эрлийн үйл ажиллагаанд аврагч, нохойг ашиглах нь цаг хугацаа хэмнэдэг. Нохойн үнэрлэх чадвар газрын гүний 6 метрт, хүнээс 50 дахин илүү үнэрлэх чадвартай байдаг.

Мөн 2018 онд Ховд аймагт болсон “Говийн Чоно” сургалтын үеэр юм. “Ченжи” дуудлагатай аврагч нохойгоо өглөө эртлэн салхилуулж байтал гэнэт огил харайн гүйсэн. Араас нь очтол өндөр ирмэгтэй хадны доор очин дээш харан хуцаж байсан. Нөхцөл байдлыг үнэлэн хадны оргил руу харахад нэг иргэн үсрэх гээд “амиа хорлох” гэж байсныг нохойныхоо тусламжтайгаар илрүүлж, өндрөөс аврах ажиллагааг шуурхай зохион байгуулсаны үр дүнд тус иргэний амийг аварч байлаа.