Боловсрол, шинжлэх ухааны яамнаас сурагчдын хичээлийн хоцрогдлын үнэлгээний талаар мэдээллийг хүргэлээ.
БШУ-ны сайд Л.Энх-Амгалан "Халдварын нөхцөл байдлын улмаас 5/9 зарчмыг баримтлан хичээллэсэн нь үр дүнтэй байсан. Энэ хичээлийн жилийн нэгдүгээр улиралд нийт 365 сургууль хосолсон байдлаар, 469 сургууль танхимаар, 8 сургууль цахимаар хичээллэжээ.
Цахим хичээлийн чанар, хүртээмж муу байлаа. Хүүхэд авах ёстой мэдлэгийнхээ 60-70 хувийг танхимаар авдаг. Гэтэл цар тахлын улмаас хичээлийн агуулгын 60-70 хувийг зайнаас олгосон.
Сурагчдын хичээлийн хоцрогдлыг халдварын өмнөх ба дараах гэж ангилж болно. Энэ бүгдийг нөхөхийн тулд 100 хувь танхимаар хичээллэх хэрэгтэй гэж эцэг эхчүүд үзэж байна. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд 2000 гаруй хүүхдийн сургууль завсардах эрсдэл үүссэн. Энэ нь 2018, 2019 онтой харьцуулахад 60 хувиар өссөн үзүүлэлт юм.
Сурагчдад үнэлгээ хийхэд хоёрдугаар ангийн таван хүүхэд тутмын гурав нь уншиж, хоёр хүүхдийн нэг нь тоо бодож чадахгүй байна. Үүнээс харахад, хоёр хүүхдийн нэг нь хоцрогдолтой байна гэсэн үг. Хоёр, гуравдугаар ангийнхан сургууль дээрээ очиж үзээгүй, багшаа хараагүй үе бий болсон. Тэд уншиж чадаж байгаа ч юу уншиж байгаагаа ойлгохгүй, тоо бодож чадаж байгаа ч утга нь юуг илэрхийлж байгааг мэдэхгүй байна. Ер нь л бүх анги дээр сурагчдын мэдлэг, чадвар маш их хоцорсон. Нийт сурагчид танхимаар авах ёстой мэдлэг, чадварынхаа 50 хувийг л эзэмшсэн байгаа. Судалгааны үр дүнд англи хэл, математик, хүн ба байгаль, физик, түүх, монгол хэл зэрэг хичээл хамгийн их хоцрогдолтой байна" гэлээ.
Сэтгэгдэл ( 0 )