Энд хичээл сургалтаас хойш татах ямар нэг зорилго агуулсангүй. Гагцхүү зарим эрдэмтэн мэргэд болон эцэг эхчүүдийн дунд байгаа нэгэн зовнилыг хүргэх гэсэн хэрэг. Өнгөрөгч мягмар гаригийн байдлаар Монгол Улсын хэмжээнд сүүлийн 24 цагт "Ковид-19" халдварын 1100 шинэ тохиолдол батлагдаж, архаг суурь өвчтэй, ковид хавсарсан 41-ээс дээш насны дөрвөн хүн нас барсан мэдээллийг салбар яамнаас өглөө.
Цар тахлын нөхцөл байдал ийм байгаа үед оюутнууд цахим хэлбэрээр хичээлээ эхлүүлээд байгаа бол ерөнхий боловсролын сургуулийн сурагчид ирэх долоо хоногийн даваа гаригаас цахим хэлбэрээр хичээллэж, хоёрдугаар сарын 28-аас бүрэн танхимд шилжихээр зэхээд байгаа гэдгийг албаны эх сурвалж хэлсэн. Үүнтэй холбоотой эрдэмтэн мэргэд, эцэг эхчүүд, албаны хүмүүсийн дунд маргаан бий болоод буй.
Ямартай ч Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан хоёрдугаар сарын 14-нөөс ерөнхий боловсролын сургуулийн хичээлийг танхим болон цахим хэлбэрээр хослуулан явуулах шийдвэрийг нэгэнт гаргасан. Ингэхдээ хичээлийн эхний долоо хоногийн хугацаанд эрдэмтдийн судалгааг харж байгаад халдварын тохиолдол эрс багассан байвал хоёр дахь долоо хоногийн цахимаар орох хичээлийг танхимын хэлбэрт шилжүүлэх урьдчилсан төлөвлөгөөг хийж гаргасан гэдгээ дуулгасан. Танхимын сургалтад яарахаас өөр аргагүй нөхцөл байдал үүсэн нь үнэн.
Харин Эрдэмтдийн зөвлөлөөс нэгдүгээр сард хийсэн урьдчилсан прогнозоор омикрон хувилбарын оргил үе нэгдүгээр сарын сүүл, хоёрдугаар сарын эхээр тохиох магадлал ажиглагдаж байгаа тул хичээл сургуулийн үйл ажиллагааг хоёрдугаар сарын 7-нд нээх нь эрсдэлтэй гэж үзэж, хичээл, сургалтын үйл ажиллагааг цахимаар эхлүүлж, долоо хоногоор хойшлуулах зөвлөмжийг өгчээ. Тиймээс хоёрдугаар сарын 14-нд сурагчдын хичээлийг эхлүүлэх албан шийдвэртэй санал нэгдээд байгаа аж. Гэхдээ эрдэмтдийн баг бол нөхцөл байдлыг харна гэдгээ дуулгасан байна лээ.
Тэгэхээр эрдэмтдийн санаа бодол, дэлхий нийтийн чиг хандлагыг харж байж хичээл сургалтыг танхимаар оруулах эсэхээ эцэслэн шийдэхгүй бол эрсдэл өндөр байна хэмээн эцэг эхчүүд санаа зовниж байна. Арга ч үгүй. Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг танхимын сургалтад шилжүүлсэн цагт нэг ангид, цаашлаад нэг сургуульд цар тахлын халдвар дэгдвэл маш том эрсдэл хүлээнэ гэдгийг онцолж байгаа юм.
Ёстой л хуурай өвсөнд тавьсан түймэр шиг дэгдэхээр байгааг ч эрдэмтэд хэлээд байгаа. Нэгэнт нөхцөл байдал хүнд байхад заавал танхимын сургалтад шилжүүлэх гэж яарахын хэрэг юу байна. Нэгэнт л хатуу хөл хорио, цахим хэлбэрээр хичээллээд хоёр жилийн нүүр үзсэн хүүхдүүд хэсэг хугацаанд байдлыг харахад болохгүй зүйл алга гэх мэтээр тайлбарлаж байгаа юм.
Сурагчдын сурлагын хувьд үнэхээр хүнд байгааг бол хаа хаанаа ойлгож байгаа. Цар тахал хөл хорио, цахим хэлбэрийн хичээл гээд сурагчдын хичээлийн хоцрогдол асар их байгааг багш нар ч дуулгаж байгаа. Албаны эх сурвалжаас харахад цахимаар сурагчдын 60-70 хувь нь хамрагдсан бөгөөд хичээлийн хоцрогдол маш их болжээ.
Боловсрол шинжлэх ухааны яамнаас хоцрогдлыг нөхөх төлөвлөгөө гаргаад байгаа аж. Албан судалгаанаас харахад цахим хэлбэрт хичээллэх үеэр хүүхдүүдийн 23 хувь нь техник технологи, дэд бүтцийн асуудлаас хичээлээсээ хоцорсон байна. Үүнээс гадна бага ангийн хүүхдүүд унших нь бүү хэл үсгээ мартсан тохиолдол байгааг ч багш нар хэлж байв. Хоцрогдлыг нөхөхийн тулд 100 хувь танхимын хичээлд шилжүүлэхийн зэрэгцээ эцэг, эхийн оролцоог нэмж гурван талт хамтын ажиллагааг сайжруулах нь чухал гэж үзсэн байна.
Тус судалгаагаар, цар тахлын үед 40-өөс доош насны эцэг эхчүүд хүүхэдтэйгээ маш сайн ажиллаж, харин 40-өөс дээш насныхан хүүхэдтэйгээ хангалтгүй ажилласан, энэ хугацаанд 2000 хүүхэд сургууль завсардсан гэх мэт судалгааг гарган, танхимын сургалтад шилжихийг яаравчилж байгаа юм. Үүнийг буруутгах аргагүй. Монгол Улсын ирээдүй болсон хүүхэд багачуудаа сургах их үйлсийг зангидаж яваа салбар яаманд ч бурууг өгөх аргагүй. Гагцхүү аюулт өвчний нөхцөл байдлыг бодитоор дүгнэж, шийдвэр тушаалаа гаргаарай гэдгийг эцэг эхчүүд захиж байгаа юм.
Өнгөрөгч 2021 оны хичээлийн шинэ жил эхлэхэд салбар яамнаас танхим, цахим хосолсон хөтөлбөрийг анх эхлүүлсэн нь үр дүнтэй байсан бөгөөд 5:9-ийн зарчмаар хичээллэх үед 69 цэцэрлэг, 332 сургуульд халдвар илэрсэн ч халдварын тохиолдол маш бага, голомтолсон халдвар тархаагүй гэдгийг дуулгалаа. Зарим эцэг эхчүүд энэхүү хосолсон хөтөлбөр маш амжилттай байсан учраас заавал 100 хувь танхимд шилжүүлэх гэж яараад яахав гэдгийг л хэлээд байгаа юм.
Цар тахал анх дэгдэж байсан үеийн нэгэн судалгааг аваад үзье. Цар тахал анх илэрсэн Ухань, Шанхай хотод Хятад, Америк, Италийн судлаачид хамтран судалгаа хийжээ. Судалгааны дүнгээр 14 хүртэлх насны хүүхдүүдийн сургуулийн орчинд үүсэх харилцааг бүрэн зогсоох буюу хөл хорио тогтоосноор нэг өдөрт илрэх шинэ тохиолдлын тоо 42 орчим хувиар буурч байгааг батлаад, сурагчдын улирлын амралтын үеэр шинээр илрэх тохиолдлын тоо 64 хувиар бага байсан тухай тооцоо хийжээ. Уг судалгааны дүгнэлтэд “Сургууль хаах арга хэмжээ нь цар тахлын халдварын тархалтаас бүрэн урьдчилан сэргийлэхгүй ч өвчний динамик өсөлтийг сааруулахад мэдэгдэхүйц нөлөөлнө” гэсэн дүгнэлтийг гаргаж байв. Өнөөдөр цар тахлын шинэ хувилбар хурдацтай тархаж байгаа энэ үед анхаарах ёстой зүйлийн нэг яах аргагүй мөн.
Энэ мэтээс үүдэж, зарим эрдэмтэд, эцэг эхчүүд ядахад цахим танхим хосолсон хувилбар байж болдоггүй юм уу. Эрсдэл бага гарахаас гадна цаашид дээд боловсролын байгууллагууд танхимын болон онлайн хосолсон сургалтын хэлбэрт шилжих нь хөгжлийн нэг шийдэл болохоор харагдаж байгаа учраас ерөнхий боловсролын сургуулиа ч цар тахал намдах хүртэл дээрх хувилбарыг сонгох хэрэгтэйг онцолсон байв. Нөгөө талаар цар тахал нь амьдрах чадвар сайтай, тэсвэртэй тул устаж үгүй болох эсэх нь тодорхойгүй, томуугийн вирус шиг цаашид бидний амьдралд оршин байсаар байх магадлал өндөр байгааг дэлхийн эрдэмтэд дуулгасаар байна.
Дэлхийн хэмжээнд улс орон бүр л боловсролыг удирдахад чиглэсэн өөр өөрийн шинэлэг стратегийг хэлэлцэж байгаа аж. Зарим нь тодорхой шийдэлд хүрчихсэн яваа гэнэ. Харин Монгол Улс 2021-2022 оны хичээлийн жилд боловсролын байгууллагын үйл ажиллагааг хэрхэн зохион байгуулах талаар бусад орнуудын хэрэгжүүлж буй зарчим, шаардлагыг судалж, тодорхой шийдэл гаргах хэрэгцээ үүсч байгааг мэргэжлийн болон бодлогын хүрээнд анхаарч ажиллах нь чухал гэдгийг ч хэлж байна.
С.БАЯР
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 4 )
26-наас танхимаар гэдгээрээ орох байсан юм биш үү?. Эрсдлээс сэргийлж харзнаачээ!. Эхний 2 долоо хоногт хүлээзнэхэд яагаад болохгүй гэж.
Oruulmaarguu bnaa huuhed hicheeldee yavaad halvar avsan ahiad avchihvii dee geed aij bn
Төгсөх анги оюутнаа оруулж бусдыг нь оруулж болохгүй ээ, 10-р ангийн хүүхэд маань 2 дахь удаагаа ковид тусаад бж бна.үнэхээр дархлааг нь муутгадаг муухай өвчин юмаа.
Оюутнууд том ангиудаа оруулаад бага ангиа харзнах байсым даа