БНХАУ цахилгаан эрчим хүчний хэрэгцээгээ хангахын тулд нүүрсхүчлийн хийн ялгаруулалтыг бууруулах төлөвлөгөөгөө хойш тавиад байгаа билээ. Тус улс өнгөрсөн жил урьд урьдны жилүүдийнхээсэ илүү их нүүрс олборлосон. Хэдийгээр БНХАУ дотоодын нүүрсний олборлолтоо нэмэгдүүлж, эрчим хүчний салбарт үүсээд байсан асуудлаа бүрэн шийдсэн ч эдийн засгаа сэргээхийн тулд илүү их чулуужсан түлш хэрэгтэй болно гэсэн хүлээлтээс үүдэн он гарснаас хойш нүүрсний үнэ дахин өсөж байна.
Хятадын Үндэсний статистикийн газраас энэ долоо хоногийн эхээр нийтэлсэн тоо баримтад дурдсанаар, нүүрсний олборлолт өнгөрсөн онд 4.07 тэрбум тоннд хүрч, 2020 оныхоос 4.7 хувиар өссөн байна. Өнгөрсөн онд БНХАУ-ын нүүрсний импорт мөн өсөж, 2013 оноос хойших хамгийн өндөр түвшинд хүрчээ.
Тус улс дэлхийн хамгийн том нүүрс үйлдвэрлэгч болоод хэрэглэгч орон юм. Хэдий тийм боловч сүүлийн жилүүдэд агаарын бохирдлоо бууруулахын олон төрлийн шуурхай арга хэмжээ авсаар байсан билээ. 2020 оны есдүгээр сард БНХАУ-ын дарга Ши Жиньпин тус улсыг 2060 он гэхэд нүүрстөрөгчгүй улс болно хэмээн зарлаж, Бээжин 2021 оны эхний хагаст үүнийг бодит ажил болгохын тулд эрс алхам хийж, олон зуун нүүрсний уурхайгаа хаасан. Гэхдээ шинжээчдийн таамаглаж буйгаар энэ том амбийц нь Хятадын эдийн засаг сэргэж эхлэх үед бодитоор хэрэгжих магадлал бага аж.
Тухайлбал, өнгөрсөн жил БНХАУ-ын нүүрсний нийлүүлэлт огцом буурахад тус улс эрчим хүчний хямралд орсон. Үйлдвэрүүд мөн үйлдвэрлэлээ танахаас өөр аргагүйд хүрч, нийлүүлэлтийн сүлжээ тасалдсан. Хямралыг намжаахын тулд Бээжин өнгөрсөн намар уурхайнуудадаа нүүрсний олборлолтоо нэмэгдүүлэх тушаал өгсөн. Арванхоёрдугаар сар гэхэд олборлолт өмнөх оныхоос долоон хувиар өсөж, бүх цаг үеийн дээд хэмжээ буюу 385 сая тоннд хүрсэн нь сүүлийн үеийн статистикаас харагдаж байгаа юм. Ши Жиньпин ч гэсэн нүүрсхүчлийн хийн ялгаруулалтын тал дээр баримталж буй бодлогодоо өөрчлөлт оруулсан нь Хятадын удирдагчид тулгарч буй бэрхшээлийг ойлгож байгааг харуулж байгаа юм.
Ши Жиньпин Дэлхийн эдийн засгийн форум дээр хэлсэн үгэндээ "Нүүрстөрөгчийг нэг л өдөр бууруулах боломжгүй. Хятад улс тууштай, тогтвортой алхмуудыг хийснээр уламжлалт эрчим хүчийг орлуулах замаар сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлнэ" гэж мэдэгдсэн.
Улс орнуудын цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж, халаалтаа шийдэхэд голчлон ашигладаг эрчим хүчний нүүрсний үнэ сүүлийн өдрүүдэд өссөөр байна. Жэнжоугийн түүхий эдийн бирж дээр эрчим хүчний нүүрсний фьючерс үнэ 775 юань буюу 122 ам.доллар болсон байна. Хятадын эрчим хүчний хэрэглээ 2022 онд ч эрчимтэй өсөхөөр байгаа тухай тус улсын Үндэсний хөгжил, шинэчлэлийн хорооны тэргүүн Ли Юнчин өнгөрсөн мягмар гарагт Бээжинд болсон хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдэв.
Хятадын хөрөнгө оруулалтын томоохон банк болох Гуотай Жунан Секьюритизийн шинжээчид нэгдүгээр сард нүүрсний үнэ өссөнийг Индонез нүүрсний экспортоо зогсоосонтой холбон тайлбарлаж байв. Гэхдээ Хятад эдийн засгийн өсөлтөө тогтворжуулах шаардлагатай энэ үед нүүрс энэ төлөвлөгөөнд чухал ач холбогдолтой тул энэ онд нүүрсний эрэлт өндөр хэвээр байх болно гэж Гуотай Жунаний шинжээчид мягмар гарагт гаргасан судалгааны тайландаа мөн онцолжээ. Хятадын бодлого боловсруулагчид 2022 онд тогтвортой байдлыг хангах нь нэн тэргүүний зорилт гэдгийг тодорхой хэлж, өсөлтийг дэмжих идэвхтэй арга хэмжээ авахаа амласан.
Энэ долоо хоногийн эхээр Хятад улсын ДНБ 2021 онд 8.1 хувиар өссөн нь Засгийн газрын зорилтоос давсан гэж мэдээлсэн. Хятадын эрх баригч Коммунист намын удирдагчид 2022 онд эдийн засгийн өсөлтийг дэмжихийн тулд дэд бүтцэд оруулах хөрөнгө оруулалтыг нэн тэргүүнд тавина гэж өнгөрсөн сард мэдэгдсэн, учир нь ийм төслүүд нь ажлын байр нэмэгдүүлэх боломжтой юм. Гэхдээ ийм ажил нь чулуужсан түлшнээс ихээхэн хамааралтай байдаг.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 0 )