“Goldman Sachs Group Inc”-ийн шинжээчид түүхий эдийн зах зээл урьд өмнө хэзээ ч ийм өсөлттэй байхыг харж байгаагүй талаараа ярьжээ.
“Goldman Sachs Group Inc”-ийн Түүхий эдийн судалгаа хариуцсан захирал Жефф Кюрри “Түүхий эдийн зах зээл энэ жил дээд түвшинд хүрсэн. Эрчим хүчний зах зээлд газрын тос, байгалийн хийн эрэлт их байгаа нь нийлүүлэлтийн хурдаас даваад байна. Дэлхийн хэмжээнд металлын нийлүүлэлтийн хомсдолд орж байна. Ялангуяа дэлхий дахин цэвэр эрчим хүч рүү тэмүүлж байгаа энэ үед металлын хэрэглээ нэмэгдэж байгаатай холбоотой юм” гэжээ.
Түүнчлэн тэрбээр “Яг одоо таваарын зах зээлд үүсээд буй эрсдэл өндөр түвшинд хүрээд байна. Шалтгаануудын нэг нь таваарын зах зээлд хэт хомсдол үүсээд байгаатай холбоотой. Түүхий эдүүдийн олборлолтын биет хэмжээ хязгаарлагдмал байгаагаас спот үнэ нь фьючерсээ давж өсөхөд хүрсэн. Өөрөөр хэлбэл, энэхүү зах зээлд ямар нэгэн байдлаар эрэлт болон нийлүүлэлтийн нөлөөтэй доголдолд тун эмзэг. Яг л өнгөрсөн оны эцсээр Европт байгалийн хий, эрчим хүчний хомсдол үүссэн шиг.
Тиймээс газрын тос ч гэсэн Европын байгалийн хий, эрчим хүчтэй тун төстэй нөхцөл байдал руу дөхөөд байна. Өнгөрсөн оны аравдугаар сард бид Европын эрчим хүчний хямралын эрсдэлийг анхааруулж байсан. Одоо асуудал нь хавар нийлүүлэлт өсөх үү эсвэл эрэлт буурах байдлаар нөхцөл байдал зөөлрөх үү гэдэг байна. 2008 онд санхүүгийн хямрал болж байсан. Харин одоогийнх бол түүхий эдийн хямрал. Бүх л түүхий эд хомсодсон. Газрын тос, байгалийн хий, нүүрс, зэс гээд бүгд” хэмээжээ. Цаг агаарын таагүй байдлаас болж ургац буурсан нь үр тарианы үнэ өсөхөд мөн нөлөөлсөн.
“Australia & New Zealand Banking Group Ltd”-ийн ахлах стратегич Даниел Хайнс "Энэ бүхний гол цөм нь эрчим хүчний шилжилт бөгөөд энэ нь ойрын ирээдүйд түүхий эдэд нөлөөлөх болно" гэжээ. Дэлхийн зах зээл дээр экспортын гол нэрийн түүхий эдийн үнийн өөрчлөлт анхаарлын төвд байгаа юм. Хятадын эдийн засгийн хурдацтай өсөлтийн нөлөөгөөр 2000-2010-аад онд уул уурхайн салбарт “бүүм” болсон.
Гэвч Америкийн санхүүгийн хямрал, Евро бүсийн өрийн хямралын улмаас дэлхийн эдийн засгийн өсөлт, түүний дотор Хятадын өсөлт удааширснаар ээлжит суперцикл өндөрлөж, 2020 оныг дуустал дэлхийн зах зээлд түүхий эдийн үнийн уналт үргэлжилсэн юм. Гэвч цар тахлын дараах сэргэлт буюу “U” хэлбэрийн өсөлт дэлхийн зах зээлд ажиглагдаж буй бөгөөд АНУ дэд бүтцийн салбараа шинэчлэх нэг их наяд ам.долларын хөтөлбөр хэрэгжүүлэхээр болсон хийгээд Хятадын эдийн засгийн идэвхжилээс шалтгаалан ирэх 10 жилд түүхий эдийн эрэлт нэмэгдэж, үнэ өсөх таамаг гарчээ. Түүхий эд нийлүүлэгч компаниудын санхүүгийн байдал сайжирч байгааг шинжээчид эш татсан байна.
Тухайлбал, зах зээлийн үнэлгээгээрээ уул уурхайн магнатуудын нэг Гленкор компанийн хувьцааны ханш өнгөрөгч онд даруй 50 хувиар өссөн. Тэгвэл нэг баррель газрын тосны үнэ жилийн өмнө 52 ам.доллароос 85 ам.долларт хүрснээр газрын тос олборлогч компаниудын санхүүгийн үзүүлэлт ч эерэг гарчээ. Орос-Украины хямрал даамжирсан тохиолдолд газрын тосны үнэ цаашид ч өсөх бөгөөд цахилгаан автомашины үйлдвэрлэл, сэргээгдэх эрчим хүчний салбарт зэсийн эрэлт тасралтгүй нэмэгдэх прогнозтой байна. Оюу толгой төслийн хөрөнгө оруулагч Рио Тинтогийн хувьд ч энэхүү суперциклийг угтан гүний уурхайг ашиглалтад оруулахаар чармайж, Засгийн газарт зарим буулт хийсэн гэж үзэх үндэстэй билээ.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 0 )