Үлэг гүрвэлийн ясанд халдварын ул мөр илэрчээ

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 02 сарын 11

АНУ-ын палеонтологичид залуу үлэг гүрвэлийн чулуужсан нугасанд хүнд хэлбэрийн амьсгалын замын халдварын ул мөр илрүүлсэн тухай Охайогийн их сургууль мэдээлжээ. Халдвар нь тэрхүү үлэг гүрвэлийн үхлийн шалтгаан байсан байж болзошгүй гэж эрдэмтэд таамаглаж байна.

Үлэг гүрвэлийн араг ясыг нарийвчлан судалснаар амьсгалын замын халдварт өвчний хувьслын түүх болон үлэг гүрвэлүүдийн дунд тархаж байсан түгээмэл өвчний талаарх ойлголтыг нэмэгдүүлнэ гэж судалгааны багийн гишүүн Кэри Вудрафф ярьжээ.

Эрдэмтэд орчин цагт хүн, амьтны өвчилдөг янз бүрийн өвчинд Мезозойн үеийн үлэг гүрвэлүүд ч мөн нэрвэгддэг байсныг гэрчлэх олон тооны баримт илрүүлж байжээ. Тухайлбал, махчин аллозавр, өвсөн тэжээлт гадрозавр үлэг гүрвэлийн чулуужсан ясанд артритын ул мөр, далайн мозазавр зэрэг үлэг гүрвэлийн ясанд хавдрын ул мөр илрүүлж байжээ.

Монтана мужид явуулсан малтлагын үеэр урт хүзүүтэй үлэг гүрвэлийн чулуужсан нугасны гурван хэсгийг илрүүлжээ. Бүх хэсгийн гадаргуу дээр өвөрмөц цэврүүтэй ижил ургацаг ургасан байжээ. Энэ нь амьсгалын замын өвчний улмаас үүссэн байж магадгүй гэж судлаачид үзэж байна. Ийм төрлийн шинж тэмдэг нян болон мөөгөнцөрт халдварын улмаас үхсэн шувуудын ясанд илрэх нь түгээмэл байдаг байна.

150 сая жилийн өмнө амьдарч байсан залуу үлэг гүрвэлийн үхлийн шалтгаан нь энэ өвчинтэй холбоотой байсан гэдгийг эрдэмтэд баттай хэлж чадахгүй байгаа ч халдварт өвчин энэ амьтны амьдрах чадварыг огцом бууруулсан гэдэгт итгэлтэй байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(202.9.46.17) 2022 оны 02 сарын 11

150 жилийн өмнө үлэг гүрвэл амьдруулаад байгаарай

1  |  0
Top