Төр оролцсон банк түмэнд хүртээлгүй болдог аж

Автор | Zindaa.mn
2022 оны 02 сарын 12

Юуны өмнө төр оролцсон банк түмэн олонд хүртээлгүй болдог гэдгийг Хөгжлийн банкны 10 гаруй жилийн үйл ажиллагаа нотлон харууллаа. Тус банкны дампуурсан үйл ажиллагаа, чанаргүй зээлдэгчдийг 10 гаруй жилийн дараа гэнэт зарлаж байгаа нь санаандгүй хэрэг биш л болов уу. Энэ удаад тухайн асуудлыг хойш тавьж, өдгөө банк тойрон өрнөж байгаа дуулианыг аваад үзье. 

Хөгжлийн банкны чанаргүй зээлдэгчдийг олон нийтэд зарласан цагаас хойш гарч байгаа тодорхой үр дүн гэвэл зүгээр л амны зугаа болж байгаа төдий. Одоохондоо улстөржих дуртай нөхдийн хараал ерөөлөөс цааш үл хэтэрнэ.

МАН-ыг дэмжигчид АН-ын шошготой зээл авсан нөхдийн зургийг тавьж байгаад зээлээ төлөхийг шаардаж байгаа бол АН-ыг дэмжигчид МАН-ын шошготой нөхдийн зургийг тавьж байгаад харааж зүхэх замаар өрнөж байна. Үнэн хэрэгтээ МАН, АН-гүй л зээл авчихсан юм билээ.

Зээл авах яахав, гагцхүү зээлээ төлсөн, огт төлөөгүй, төлөөд явж байгаа нь хэд юм бол доо гэдгийг харах ухаан сөхөө ч алга.

Хамгийн аюултай нь манай сэтгүүлчдийн хүрээнд хараал зүхэл урсгаж, өөрсдийгөө цахим орчинд тодруулах гэсэн мундгууд бий боллоо. Уг нь бид чинь аливаа зүйлийн учрыг тунгаан, уншигч олноо хүргэх үүрэг хүлээсэн хүмүүс юм сан.

Улс оронд өрнөх томоохон төсөл хөтөлбөр, бүтээн байгуулалтыг санхүүжүүлэх зорилго дор байгуулагдсан Хөгжлийн банкнаас зээл авсан чанаргүй зээлдэгчдийг нийтэд зарлаж, хуулийн дагуу шүүхэд шилжүүлэн шалгаж байгаа нь сайн хэрэг. Харин иргэд олон нийт наад цаад учрыг ололгүй хараан зүхэж байгаа нь буруу. Нөгөө талаар улс төр бизнесийн бүлэглэлийн зүгээс хэргээр турхирч байгаа хандлага ч ажиглагдах болов.

Зарим хувь улстөрч өрсөлдөгчөө замаасаа зайлуулах, өшөө хорсол тайлах ч хэрэгсэл болгож байгаа нь анзаарагдана. Нэр бүхий сэтгүүлчид зохион байгуулалттай гэмээр дайрч байгаагаас харахад тэдний цаана ямар нэгэн хөдөлгөх хүчин зүйлс байна. Тус банкнаас зээл авсан олон аж ахуйн нэгж байгааг бултаар нь чанаргүй зээлдэгчээр зарлах, хэнийг, юуг хамаагүй өөрсдийн өнцгөөр цуурах нь утгаа алдлаа. Албан ёсоор мэдэгдээд байгаагаар бол нийт 26 аж ахуйн нэгжийн 841 тэрбум төгрөгийн өрийг шүүхэд шилжүүлсэн бол цаана нь 1.6 их  наяд төгрөгийн чанаргүй зээл байгааг л мэдээлсэн.

Тухайлбал, чанаргүй зээлдэгчдийн жагсаалтад байхгүй хэрнээ хамгийн ихээр цоллуулж, хараалгаж байгаа үндэсний хэмжээний хоёр группийн бодит мэдээллийг дурдъя.

Өнөөдрийн байдлаар УИХ-ын гишүүн асан Ц.Гарамжавын “Мон полимет”, Б.Нямтайширын “МАК” групп нь Хөгжлийн банкнаас зарласан чанаргүй зээлдэгчдийн нэрс дотор байхгүйгээс гадна тэд зээлээ зориулалтын дагуу зарцуулж, хүнд хэцүү цаг үед үйл ажиллагаа тасалдуулалгүй зээлээ төлөөд явж байгааг эх сурвалж, баримтаас харахад тодорхой байна лээ.

Тэгвэл “МАК Цемент” компани нь 2014 онд Хөгжлийн банкнаас тухайн үеийн ханшаар 135 тэрбум төгрөгтэй тэнцэх зээлийг 183.3 тэрбум төгрөгийн үнэлгээтэй хөрөнгө барьцаалан зээлжээ. Үүнээс өнөөдрийн байдлаар 45.9 сая ам.доллар буюу 130.8 тэрбум төгрөг (үндсэн зээлд 17.2 сая ам.доллар буюу 49 тэрбум төгрөг, хүүгийн төлбөрт 28.7 сая ам.доллар буюу 81.8 тэрбум төгрөг) төлсөн учраас  энэхүү зээл нь чанаргүй зээлийн ангилалд ороогүй байна.

Харин Засгийн Газрын 2014 оны 218 тоот тогтоолоор “МАК цемент” компанид зээлийг төгрөгөөр олгохоор тусгасан байдаг бөгөөд энэхүү тогтоолыг Хөгжлийн банк хэрэгжүүлээгүй. Тухайн үед Хөгжлийн банк нь Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлэхийн тулд Монгол банктай хамтран СВОП хэлцэл хийх байдлаар валютын ханшийн төсөөллийг гарган, эрсдэлийг тооцоолж, “МАК цемент” компанид зээлийг төгрөгөөр олгох байсан ч валютаар олгожээ. Хэрэв “МАК цемент” компани нь Хөгжлийн банкны зээлийг төгрөгөөр авсан бол Хөгжлийн банкны зээлийн эргэн төлөлтийг хугацаанаас нь төлөх бүрэн боломжтой байсан.

Тодотговол, Хөгжлийн банк зээлийн 84 хувийг ам.доллароор олгосон нь тухайн үеийн 2.029 төгрөгтэй тэнцэх нэг ам.долларын ханш өнөөдөр 2,850 төгрөг болсноор ханшийн зөрүүний алдагдалд 45.6 тэрбум төгрөгийг зээлийн төлбөр нэмж төлөхөөр болж, өнөөдрийг хүртэл зээлээ хуваарийн дагуу төлөөд явж байгааг албаны эх сурвалж хэлж байна.

Нөгөө талаар тус компани нь Хөгжлийн банкнаас зээл авч, цементын үйлдвэр байгуулснаар БНХАУ-аас 382 тэрбум төгрөгийн импортын цементийн мөнгөн урсгалыг зогсоож, 600 гаруй шууд ажлын байр бий болгосон. Мөн Монгол Улсын төсөвт жилдээ 65.7 тэрбум төгрөгийн татвар хураамж төлдөг байна. Үүнээс гадна 250 гаруй жижиг дунд үйлдвэр эрхлэгчдээс 60 тэрбум төгрөгийн худалдан авалт хийдэг төдийгүй зээлээ төлөн ажиллаж байгааг хэргээр улстөржүүлэх замаар шуугиж байгаагийн цаана ямар шалтгаан байна.

“МАК” компани нь барилга, орон сууцны өртөгт шууд нөлөөлөх цементийн үнийг тогтвортой барьж, ард түмэн, нийгэмийн өмнө хүлээсэн хариуцлагаа хүлээн ажилласан. Дотоодын зах зээл дээр цементийн борлуулалтаа төгрөгөөр хийж зээлийн эргэн төлөлт ам.доллароор төлөгдөж байгаа нь ханшийн бодит алдагдалд орох, үйлдвэр ашиггүй ажиллах нөхцөлийг бий болгожээ.

Мөн Хөгжлийн банкнаас чанаргүй зээлдэгчдийг зарлахаас өмнө цоллуулж байсан нэг хүн бол Ц.Гарамжав. Тэрбээр 2014 онд Хөгжлийн банкнаас 126,6 тэрбум төгрөг авч, “Монцемент” цогц үйлдвэрийн төсөлд оруулжээ. Үүний дагуу 2015 онд Дорноговь аймгийн Өргөн сумын нутаг нэг цагт 1,850 тонн килинкер үйлдвэрлэх цемент болон клинкерийн шугам байгуулсан, энэ нь жилдээ нэг сая тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэр байгуулсан. Иймээс “Мон полимет” нь цементын үйлдвэрийн төсөлд оруулсан 126,6 тэрбум төгрөгөө графикын дагуу төлөөд өдгөө 118 тэрбум төгрөгийг төлчихсөн төдийгүй ханшийн зөрүүнээс үүссэн алдагдал 27 тэрбум төгрөгийг төлсөн байна. Цар тахлын улмаас хил гааль хаалттай үед энэ хоёр цементний үйлдвэр л барилгын салбарыг тэтгэж байв. Хүнд хэцүү үед олон зуун хүнийг ажлын байраар ханган ажиллаж байна.

Энэ мэт үндэсний үйлдвэрлэгчдээ чухам ямар зорилгоор харлуулж байгааг барин тавин хэлэх арга байхгүй ч улс төрийн гэмээр агуулга цухалзах аж. Дээрх хоёр жишээнээс харахад гурппийн үйл ажиллагааг төр дэмждэггүй юм гэхэд гаргасан тогтоол шийдвэртээ үнэнч зогсож, ханшийн зөрүүгээр боомилохгүй баймаар юм. Зөвхөн энэ хоёр жишээнээс харахад төр оролцсон банк түмэн олонд ямар ч хүртээлгүй зүйл гэдэг нь мэдэгдэнэ. 

Гэтэл тус банкнаас хамгийн өндөр дүнтэй зээлдэгч нь “Эрдэнэт” үйлдвэрийн “49 хувь”-д хөрөнгө оруулсан гэх “Кью Эс Си” компани гэж бий. Тус компани нь 33.4 километр төмөр барих санхүүжилтэд 203.12 тэрбум төгрөгийг 2014 оны арванхоёрдугаар сард авч, өнөөдрийн байдлаар хуримтлагдсан өр 212.4 тэрбум төгрөг 44 сарын хугацаа хэтрэлтийн зөрчилтэй байгааг яагаад дурдахгүй байгаа юм. Мөн “49 хувь”-д хөрөнгө оруулах замаар зээл авсан “Хөтөл” гээд дурдаад байвал зээл аваад тэс хөндлөн, хууль бус зүйлд зарцуулсан зээлдэгчдээ дурдахгүй байгаагийн цаана ямар нэг шалтгаан байж таарна.

Харин Хөгжлийн банкны чанаргүй зээл, үйл ажиллагааг шалгах Ажлын хэсэг байгуулж, ахлагчаар нь УИХ-ын гишүүн Б.Баттөмөр томилогдсон бол С.Чинзориг, Ц.Даваасүрэн, Б.Энхбаяр, Б.Бат-Эрдэнэ, Б.Пүрэвдорж  нарын гишүүд хамтран ажиллахаар болсон байна.

Энэхүү Ажлын хэсэг нь нэн тэргүүнд Хөгжлийн банктай холбоотой зээлийн мэдээллийг цуглуулж, хөндлөнгийн хараат бус аудит оруулах юм байна. Мөн тус банкнаас шүүхэд гаргасан мэдээллийг нэгтгэн судлаад ирэх хаврын чуулган эхэлмэгц УИХ-д танилцуулахаар мэдээлж байсан. Тэгэхээр Ажлын хэсгээс чухам ямар арга хэмжээ авч ажиллахыг харах л үлдлээ. 

Хамгийн ноцтой нь учир мэдэх албаны хүмүүс тэс өөрөөр тайлбарлаж байгаа. Тухайлбал, Эдийн засагч Д. Ангар “Хөгжлийн банкыг Монголын улстөрчид бүлэглэн дээрэмдсэн. Улстөрчид авсан зээлээ төлөхгүй байгаа тул тус банкны санхүүгийн байдал туйлын хүнд байна. Тиймээс Хөгжлийн банк нь 2022 онд төлвөл зохих гадаад бондын төлбөрүүдээ төлж чадахгүй. Тиймээс энэхүү санхүүжилтэд баталгаа гаргасан Засгийн газар нь татвар төлөгчдийн хөрөнгөөр Хөгжлийн банкны гадаад өрийг төлж барагдуулна. Өөр арга байхгүй.

Дээр нь манай улстөрчдийн Хөгжлийн банкийг дээрэмдсэн нь анхнаасаа зохион байгуулалттай бүлэг гэмт хэрэг байсан тул хариуцлагын асуудал ч яригдахгүй болов уу. Хоёр хүн нийлж хулгай хийчихээд нэг нь нөгөөдөө хариуцлага тооцно гэж байх уу” хэмээсэн нь үнэнээс хол зөрөхгүй байр суурь харагдана.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(103.57.92.26) 2022 оны 02 сарын 12

заавал төлүүлэхгүй бол монголын ард түмний хараалд идэгдэж үхнэ биз дээ арилжааны банк яаж ааш гаргадаг болохыг улс даяраа мэднэ дээ

0  |  0
Top