Хаврын хичээлийн улирал хаяанд ирсэн энэ өдрүүдэд ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн сурагчид хамгийн завгүй хүмүүс гэлтэй. Төгсөх шалгалт, мэргэжил сонголт, хаана суралцах, хэрхэн хичээлээ бэлдэх зэрэг тоймгүй олон асуудлууд тэдэнд тулгардаг.
“Улсаа хөгжүүлэхэд өөрийн хувь нэмрийг оруулахыг хүсдэг. Улс төрөөс үүдэлтэй бухимдал, стресс нийгэмд нэмэгдэж байна. Биднийг суралцаж, насанд хүрсний дараа энэ асуудал багассан байгаасай гэж хүсдэг дээ” хэмээн хэвлүүхэн агаад тайван, бодолхийлэн хэлэх хүүг З.Ууганбаяр гэдэг. Тэрбээр 17 настай төгсөх ангийн сурагч юм. Хэзээ мөдгүй насанд хүрэх хэдий ч наснаасаа эрт том хүн болсон мэт санагдах нь хачирхалтай хийгээд сонирхолтой.
Мэргэжлээ хэдийн сонгосноос гадна, хаана, хэрхэн, яаж суралцах бүхий л төлөвлөгөөгөө гаргасан байв. Тэрбээр IT чиглэлээр мэргэших хүсэлтэй. Энэхүү мэргэжлийг сонгох болсон гурван шалтгаантай ажээ. Эрэлт, цалин болон хувь хүний сонирхол нь түүнийг энэ чиглэлээр мэргэжил эзэмшиж, мэргэших хүслийг нь төрүүлсэн байна. Тэрбээр хичээлээс гадуур Монфүжи академид суралцдаг аж. Цахимаар хичээлээ хийхээс гадна энэхүү академид суралцах нь түүний хувьд томоохон давуу тал болжээ.
Тэрбээр “Монфүжи сургуулийн талаарх мэдээлэлтэй танилцахад миний сонирхож байсан IT чиглэлээр хичээл заадгийг мэдсэн. Мөн Япон улсад уг мэргэжлээр суралцах боломж байгаа нь илүү их таалагдсан. Мэргэжлээ сонгохдоо өөрийн сонирхолдоо тулгуурлаж, судалгаа их хийсэн юм. Тэр дундаа хэлний бэлтгэл, мэргэжлийн суурь хөтөлбөр болон гадаадад сурах боломжийн талаар судалсан. Улмаар энэ сургуульд гурвууланг нь эзэмших боломжийг бүрдүүлж өгсөн нь хамгийн том давуу тал гэж харж байна.
Мэргэжлийн хичээлүүдээ өнгөрсөн оны арванхоёрдугаар сараас үзэж эхэлсэн. Практик туршлага болон ерөнхий онолыг хослуулан сурч буй нь ихээхэн сонирхолтой. Төгсөх ангийн сурагч болохоор ачаалал их авч байгаа. Цахимаар хичээлээ хийж, хажуугаар нь Монфүжи сургуульдаа ирж хичээллэдэг. Хэдийгээр ачаалалтай байгаа хэдий ч мэргэжилтэйгээ холбоотой хичээлүүд үздэг болохоор сонирхолтой байдаг юм” хэмээв.
17 НАСТНУУДЫН МӨРӨӨДЛӨӨР ДҮҮРСЭН ГАЗАР
Танихгүй 17 настай хүүтэй ийн ярилцсан яриа Монфүжи академийг зориход хүргэсэн юм. Тус академийн үүдний хэсгээр алхахад сургалтын өрөө бүрийг харах боломжтой байв. Учир нь үүдний хэсэгт шалнаас тааз хүртлээ шилэн хана байх бөгөөд дотор нь суралцагчдын хичээлээ хийж буй нь төвөггүйхэн харагдаж байлаа. Нийт дөрвөн сургалтын танхимтай аж. Зэрэгцэн байрлах дөрвөн өрөө хоорондоо ханаар тусгаарлагджээ. Тус дөрвөн танхимд график дизайн, IT, архитектор, үнэт эдлэл болон дархан зэрэг дөрвөн төрлийн хичээлийг заадаг байна.
Хоорондоо ярилцан мэдээлэл хуваалцах, зурж буй зургандаа анхаарлаа төвлөрүүлсэн, япон хэлний шинэ үгсээ амандаа байн байн давтах хүүхдүүд танхим бүрд сууж байлаа. Энэхүү академид Япон болон Франц улсын профессорууд байхаас гадна монгол багш нар нь япон, англи хэлийг мэргэжлийн түвшинд эзэмшсэн аж. Багш нь байхгүй ч хүүхдүүд суралцсаар байгаа нь бие даах чадвараа хөгжүүлж буй бололтой байв. Анхаарлаа төвлөрүүлэн, зургаа ихэд чамбай зурж буй хүүтэй цөөн хором ярилцсан юм. Түүнийг Н.Ууганбаяр гэдэг ба 17 настай аж.
Тэрбээр “Би бага байхын зурах дуртай хүүхэд байсан. Япон улсын анимег ч их үздэг. Бага байхаас хийсэн энэ хоёр дадал маань сонирхол болсон. Улмаар манга зурж, анимейшн бүтээдэг хүн болох мөрөөдөлтэй болсон юм. Гар урлалын мэргэжлээр коллеж төгссөний дараа Монфүжи академид манга зураач болох мөрөөдлөө биелүүлэхээр суралцаж байна” гэлээ. Энэ газрыг 17 настнуудаар дүүрсэн хэмээн хэлэхэд хилсдэхгүй. IT чиглэлээр суралцаж буй хүүхдүүд компьютерын лабораторид сууж буй нь харагдав. Эгнүүлэн тавьсан компьютерын урд суух суралцагчид дунд хэрсүү агаад яриа бор хүү бусдыгаа ихэд хөгжөөн суугаа ажиглагдлаа.
Нүд нь гэрэлтэж, хааяа бусдыгаа инээлгэн, компьютероо байн байн ширтэх хүү өөрөөс нь яриа авахыг хүссэн хүсэлтэд маань ичингүйрэн зөвшөөрөв. Түүнийг Х.Болдбат гэдэг аж. Ирээдүйд өөрийн гэсэн бизнестэй болохыг хүсдэг ажээ. Хараат бус, бие даасан, эрх чөлөөтэй, өөрийн туршлагаа бусадтай хуваалцахуйц амьдарч, суралцах нь түүний мөрөөдөл байлаа. Тэрбээр IT чиглэлийн мэргэжлийг сонгох болсон хамгийн том шалтгаанаа хувь хүний сонирхол хэмээн тодорхойлон хэлсэн юм.
Амьдралын нөхцөл байдал ч энэ мэргэжлийг сонгох хоёр дахь шалтгаан нь болсон аж. Тэрбээр “Нийгмийг ажиглаж, судлахад IT чиглэлээр ажиллаж, энэ салбарыг хөгжүүлж буй хүмүүс бусад салбарын ажилтнуудаас илүү орлого олдог, тогтвортой амьдралтай гэж харсан. Манай нийгэм гэлтгүй дэлхий даяар хамгийн хурдацтай хөгжиж буй салбар болохоор ихээхэн сонирхол татсан юм. Би өөрийнхөө сонирхлыг тодорхойлсон болохоор цаашдаа хаана, хэрхэн суралцах талаар судалгааг их хийсэн. Тэр үедээ Монфүжи сургуулийн мэдээллийг фейсбүүкээс анх харж байлаа. Сургуулийн талаарх мэдээллийг уншиж, нухацтай танилцсан. Энэ сургуулийн зорилго, сургалтын чиг миний мөрөөдөлтэй огтлолцож байсан тул суралцахаар шийдсэн юм” хэмээн түс тас хэлэх нь сонгосон мэргэжилдээ ихэд дуртай байгаагийн илрэл байв.
П.ЭНХМАА: СУРАЛЦАГЧДАД ҮСГЭН ДҮН ТАВИХААС ИЛҮҮТЭЙ ХУВЬ ХҮНИЙ ЧАДАМЖИД СУУРИЛСАН ХИЧЭЭЛИЙГ ЗААДАГ
Монфүжи академийг байгуулах болсон шалтгаан, зорилго болон үйл ажиллагааны талаар МУСТА, Урлагийн боловсрол, соёл, дүрслэх урлагийн түүх судлаач, Монфүжи академийн тэргүүн П.Энхмаатай ярилцлаа.
-Монфүжи академийн талаар товчхон танилцуулахгүй юу?
-Монфүжи компани нь 2011 оноос гадаад, дотоод худалдаа, үзэсгэлэн зохион байгуулах бизнес консалтинг үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Үүний зэрэгцээ оюутнуудыг зуны цалинтай дадлагаас гадна бусад улс оронд суралцахад шаардлагатай хууль зүйн бичиг баримтыг бүрдүүлэх ажлыг ч хийсээр ирсэн юм. Үйл ажиллагаагаа эхлүүлснээс 10 жилийн дараа академи болон хөгжлөө. Ийнхүү албан ёсоор Монфүжи глобал скилл академи болж үйл ажиллагаагаа явуулж байна.
-Танай академи ямар зорилго тавин ажилладаг вэ?
-Академийн гол зорилго нь хувь хүн өөрийн чадамжийг дотоодод үнэлүүлж, хэлний мэдлэг болон бусад чадвараа сайжруулж, гадаадын их дээд сургуульд дэвшин суралцах бололцоотой боловсон хүчин бэлтгэх юм.
-Нийт хэчнээн сурагч элсүүлэн авах вэ. Элсүүлж авахад ямар нэгэн сонгон шалгаруулалт байгаа юу?
-Нэг элсэлтэд 32 хүүхэд авдаг. Ингээд үзвэл нэг сургалтын ангид найман хүүхэд элсүүлэн авдаг юм. Суралцагчдыг элсүүлэн авахад ямар нэгэн шалгаруулалт байхгүй. Энэ маань академийн нэг онцлог шинж. Бид суралцагчиддаа үсгэн эсвэл тоон дүн тавьдаггүй. Хувь хүний суурь чадамжийг хөгжүүлж, чадамжид суурилсан сургалтыг явуулдаг. Тиймээс элсэгчид маань сурах эрмэлзэлтэй, тэрхүү эрмэлзэлд нь тулгуурлан мэргэжлийн зөвлөгөө өгөх гэх мэт нийгмийн асуудлаас нь эхэлж зааж сургадаг юм. Нийгмийн анги давхраажлын асуудал бидэнд хамаагүй. Тиймээс суралцахыг хүссэн хэн бүхнийг элсүүлнэ гэж ойлгож болно.
-Насны хязгаар зааж өгсөн болов уу?
-Юун түрүүнд ерөнхий боловсролын сургуулийг төгссөн байх хэрэгтэй. Дэвшин суралцах учраас насны доод хязгаар нь тэр л дээ. Гэхдээ ерөнхий боловсролын сургуулиа төгсөхөөс өмнө 1-3 жилийн хугацаанд бэлтгэгдэж болно. Насны дээд хязгаар нь 32 настай байх ёстой. Магистар болон докторын зэрэг хамгаалахыг хүссэн хүмүүс хамрагддаг.
-Гадаадын их дээд сургуулиудтай хамтран ажилладаг юм билээ. Энэ талаараа дэлгэрүүлвэл?
-Төгсөгчид маань Япон, Франц, Энэтхэг, Индонез улсад үргэлжлүүлэн суралцах боломжтой. Нийт 20 гаруй гадаадын их сургуультай хамтран ажилладаг. Гадаадын их сургуульд 30-50 хувь болон 100 хувийн тэтгэлэг аван суралцах боломжтой. Мөн Япон улсад ажиллах “Тусгай ур чадвартай ажилтны хөтөлбөр” болон “Үндсэн ажилтны хөтөлбөр”-т тус тус хамрагдах боломжиг бүрдүүлж өгдөг. Манай байгууллагын хууль зүйн дагуу оюутны виз, ажлын виз мэдүүлж илгээдэг юм. Виз гарах магадлыг хувьчилбал 85 хувийн магадлалтай.
-Төлбөрийн талаарх мэдээллээ хуваалцахгүй юу. Сургалтын төлбөрөө төлөх ямар боломжууд байгаа вэ?
-Сургалтын төлбөрийн хувьд нэг мянган ам.долларын ханштай. Манай байгууллага төлбөрийн чадваргүй хүүхдүүдэд тэтгэлэг, дэмжлэгийн туслалцаа үзүүлэх, зээлээр сургах зэрэг нийгмийн ажлыг давхар хийдэг. Хүүхдүүд төлбөрт санаа зовох зүйлгүйгээр мэдлэгийг зөв суурьтай хүлээн авахад чиглэж энэ мэт боломжуудыг бий болгосон. Манай 32 суралцагчийн 24 суралцагч нь академийн зээлээр сурдаг. Академийн зээл гэдэг нь эцэг эх нь төрийн албан хаагч, амьдралын өртөг бага өрхийн суралцагчдад зориулсан. Нийт төлбөрөө долоо хуваан төлөх боломжтой. Академийн буй өдрөө дадлага, цалинтай ажил хийж хувьдаа ашиглахаас гадна зээлээ төлөх боломжийг нь бүрдүүлэн өгдөг.
ОЛОН УЛСЫН ЖИШИГТ НИЙЦСЭН ХИЧЭЭЛИЙН СУУРЬ ХӨТӨЛБӨРҮҮД
Сурагчидтай ярилцаж, сургуулийн талаарх мэдээллийг авсны дараа хичээлээ заахаар явж буй багштай таарлаа. Тус академийн ахлах багш Б.Баасансүрэн их, дээд сургуульд 20 гаруй жил багшилсан аж. Уран бүтээлчээс гадна багшийн мэргэжлээр олон жил ажилласан тэрбээр дүрслэх урлагийн суурь ойлголтуудыг сурагчиддаа заадаг байна. Суурь боловсролоо заалгасан хүүхдүүд нарийвчлан мэргэшдэг ажээ.
Энэ талаар Б.Баасансүрэн “Суурь ойлголт гэдэг мэдлэгийн хамгийн чухал зүйл. Энэ мэдлэгийг эзэмшсэн сурагчид илүү нарийн мэргэжлүүдээр мэргэших боломжтой. Хичээлийн төлөвлөгөөний хувьд олон улсын жишгийг баримталдаг. Гадаадын гэлтгүй дотоодын их дээд сургуульд сурахад энэ сургуульд сурсан хичээлүүд сайн суурь болж өгдөг юм. Мөн сурагчид бие даан, өөрсдийн онцлогоороо зохиомжит бүтээлээ туурвих боломжтой” хэмээн тайлбарлав.
Түүний хэлсэнчлэн Монфүжи академийн хичээлийн хөтөлбөр гадаад болон дотоодын их дээд сургуулийн суурь хичээлүүдээс бүтсэн байлаа. IT чиглэлээр мэргэших суралцагчдад алгоритмын үндэс, рограмчлалын хэл, тэдгээрийн онцлогууд, пайтон програмчлалын хэл–хялбар бодлогууд хэрхэн бодох дасгалууд, вэб програмчлал, javascript-typescript, Nextjs–React зэрэг хичээлүүдийг заадаг байна. Мөн их дээд сургуулиудын IT хичээлийн хөтөлбөрүүдийн ойлголт, IT компанид ажиллах үйл ажиллагаа, старт-ап компаниудын ажиллах зарчим, IT инженерүүдийн цаашид хөгжих чиглэл, мэргэшил зэргийг дэлгэрүүлэн заадаг аж.
Харин график дизайны сургалт нь хар зураг, өнгө судлал, зургийн суурь зохиомж, лого зохиомж, макет загварчлал, брэндбүүкийн ерөнхий ойлголт, манга, анимейшн болон постер дизайн чиглэлээр төрөлждөг ажээ. Үнэт эдлэл болон дархны хичээлд үнэт ба өнгөт металлуудтай танилцаж, тэдгээрийг нарийвчлан судлахаас гадна дархны тоног төхөөрөмж, тэдгээрийг хэрхэн ашиглах хичээлүүдийг судалдаг байна. Онолоо үзэхийн хажуугаар үнэт эдлэл ч хийдэг аж.
Мөн хувцас дизайны чиглэлээр мэргэших боломтой ажээ. Архитектурын хичээлээр архитектурын зохиомж, эскиз буюу загвар зургийн анхан шатны зураглал хийж сурах, архитектур гоо зүйн мэдлэгтэй болох, барилгын үе шатны тухай ойлголт мэдлэгтэй болох, архитектурын төсөл зэргийг суралцах боломжтой юм байна.
Н.АНУЖИН
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 1 )
Hhaha