Монголын улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, доктор Б.Галаарид Азийн орнуудаас ялгарах монгол он цаг тоолол байдгийг түүхч, профессор Н.Нагаанбуу агсныг дурсан, санууллаа.
/2022.02.13/
Тэрээр "Монгол он цаг тоолол гэж бий шүү, уг нь. Мин улсын хаан Хун у-гийн зарлигаар 1382 онд бүтээсэн “Нангиад харь орчуулгын үгс” буюу Hua-Yi Yi-Yu (華夷譯語) хэмээх 4 цуврал толийн тэргүүн дэвтэр болгож Huo Yuanjie (火源潔) 1382 онд бичиж, 1389 онд барласан Нанхиад, монгол хоёр хэлний тольд хавсаргасан 12 ширхэг монгол баримтын нэг нь монгол тооллын саруудын нэршил дараалал юм. Энэ толийг Мин улс төрийн албандаа ашиглаж, хавсаргасан монгол тооллыг хятад тоололтой харгуулдаг байжээ. Тэнд монгол тооллын жилийн тэргүүн сарыг Хувь сар гээд Хужир, Өөлжин, Хөхүй, Улар, Ужир, Гуран, Буга, Хуц, Хөлөвтөр, идлэг, Хөхлөр, сүүлийн 12 дахь сарыг Хөхлөр сар гэжээ. Хамгийн сонирхолтой нь 13 дахь сар буюу нуумал сар гэж байсан нь энд тэмдэглэгдсэн. Энэ нь жилийн сар бүрийг 30 хоногтойгоор тооцохоор тунаж үлддэг жирийн жилийн 5, өндөр жилийн 6 хоног юм. Үүнийг нуумал сар, битүүн, илүү сар гэхчлэн нэрлэдэг. Нарны тоололтой зарим орнуудад 13 дахь сар ч гэдэг. Тэгэхээр монгол он цаг тоолол Европ тооллын 9 дүгээр сарын 22-ноос жилийн эхээ авдаг, ямар ч алдаа зөрүү гардаггүй, маш энгийн тоолол байсан ажгуу.
Н.Нагаанбуу агсан энэ талаар 2005 онд “Монгол он цаг тоолол”, 2008 онд “Анх Энх Мөнхийн амин зурхай” ном бичин хэвлүүлж (2010 онд дахин хэвлэгдсэн), амьд сэрүүндээ олон ярилцлага өгсөн. Манай эрдэмтэн судлаачид түүний эдгээр бүтээлийг эшлэх нь бүү хэл нэрийг нь ч дурддаггүй. Түүнийх худал юм уу гэхээр хэн ч мэтгэлцэж няцаадаггүй. Зүгээр л тийм хүн байгаагүй, тийм бүтээл байхгүй мэт хэлээ хаздаг. Амьд сэрүүнд нь шавь нь хэмээн дагаж хуйларч явсан олон хүн бас чимээгүй байцгаана. Үнэнийг хамгаалж, олонхийн эсрэг сөрөн зогсох хэцүү болохоор тэр биз.
Багш гэж сүйд болж үзээгүй ч номоор саданссан нэгний хувьд би хааяа хааяа сануулан дуугардаг. Энэ чиглэлээр дагнасан дориун судлаач гарч иртэл сануулж л сууя. Үнэнийг тодлоё гэснээс биш өнөөдөр үүнийг сэргээж дагаж мөрдье гээгүйг эрхмүүд минь бролгоогоорой" хэмээжээ.
Сэтгэгдэл ( 0 )