ОУОХ-ны албан ёсны төлөөлөгч Марк Адамс хэвлэлийн бага хурал дээр ОХУ-ын тамирчин Камила Валиевагийн талаар мэдээллээ.
Тэрээр “Спортын арбитрын шүүхээс ямар ч шийдвэр гаргасан ОУОХ хүлээн зөвшөөрнө. Гэхдээ Валиеваг олимпоос хасах боллоо гээд тэр допинг хэрэглэсэн гэсэн үг биш. Олимпод оролцохыг зөвшөөрлөө гээд тэр допинг хэрэглээгүй гэсэн үг биш. Үнэндээ, маш төвөгтэй нөхцөл байдал үүсээд байгаа. Бид Үндэсний олимпын хороодтой зөвлөж, багийн тэмцээний шагнал гардуулах ёслолыг хэрхэн шийдвэрлэхээ ярилцаж байна. Элдэв цуурхал яриа гаргахгүй байхыг хүсэж байна” хэмээн мэдэгдэл хийсэн байна.
Камила Валиева энэ жилийн Европ, ОХУ-ын аварга. Дэлхийн рекордыг богино үзүүлбэрт (90,45 оноо), чөлөөтөд (185,29), нийлбэр дүнд (272,71) эзэмшиж байгаа.
Олимпын эмэгтэй богино үзүүлбэр маргааш эхэлнэ.
Сануулахад, Спортын арбитрийн шүүхээс допингийн хэрэгт холбогдоод байгаа ОХУ-ын тамирчин Камила Валиевагийн асуудлыг өчигдөр (2022.02.13) хэлэлцсэн. Нийт долоон цаг үргэлжилсэн хурлын дараа шууд шийдвэр гараагүй юм.
Үүссэн асуудлыг сануулахад, Бээжин олимпын уран гулгалтын багийн төрлийн уралдаанд ОХУ-ын баг түрүүлсэн. Гэвч тэмцээний дараа шагнал гардуулах ёслол болоогүй. Шалтгаан нь Оросын багийн нэг гишүүнээс допинг илэрсэн явдал байлаа. Энэ тамирчин бол эмэгтэй ганцаарчилсан төрлийн Камила Валиева. Камилагийн өнгөрсөн 12 дугаар сард ОХУ-ын аварга шалгаруулах тэмцээн дээр өгсөн сорьцоос хориотой бодис илэрчээ. Энэ хариуг аваад Оросын допингийн эсрэг агентлаг энэ сарын 8-нд түүний тэмцээнд орох эрхийг хассан. Гэхдээ маргааш нь буюу 9-нд сэргээсэн байна.
Оросын допингийн эсрэг агентлагийн энэ шийдвэрийг ОУОХ, Олон улсын тэшүүрийн холбоо эсэргүүцэж, Спортын арбитрын шүүхэд хандсан юм. Хуралд Валиева видеогоор холбогдож, байцаалт өгсөн байна.
Спортын арбитрын шүүхийн Ерөнхий нарийн бичгийн дарга Матье Риб өнөөдөр үдэд эцсийн шийдвэр гаргана гэж сэтгүүлчдэд мэдэгдээд байгаа билээ.
Сэтгэгдэл ( 0 )