Өнгөрсөн оны хоёрдугаар хагасаас хойш тасралтгүй өссөөр байгаа инфляцын эрчим буурахгүй байгаатай холбогдуулан Монголбанкны Мөнгөний бодлогын хороо өнгөрсөн сард /2022.01.28/ ээлжит бусаар хуралдаж, Бодлогын хүүг өсгөж, 6.5%-д хүргэх шийдвэр гаргасан билээ. Монголбанкны зүгээс цаашид эдийн засгийн сэргэлтийн өрнөлтэй уялдуулан инфляцыг тогтворжуулахад чиглэсэн мөнгөний бодлогын арга хэмжээг шат дараатай авч хэрэгжүүлэх болно гэдгээ мэдэгдсэн.
Тэгвэл Үндэсний статистикийн хорооны сүүлийн мэдээллээр, инфляц 2022 оны 1 дүгээр сард улсын хэмжээнд өмнөх оны мөн үеэс 14.6 хувь, өмнөх сараас 2 хувиар өсжээ.
14.6 хувийн өсөлт гэдэг бол сүүлийн 11 жилийн хугацаан дахь түүхэн өндөр түвшин болж байна. Тодотгоход, инфляцын түвшин:
ХЭРЭГЛЭЭНИЙ БАРАА, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ҮНИЙН ИНДЕКС (өмнөх оны мөн үеэс), хувь, сараар
Харин энэ оны 1 дүгээр сард ийнхүү жилийн өмнөхөөс 12.2 нэгж хувиар нэмэгдэн, 14.6 хувийн өсөлттэй гарлаа. Үнийн өсөлт ийм өндөр хувьтай гарахад:
Харин өмнөх сараас 2 хувиар өсөхөд хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 3.4 хувь, согтууруулах ундаа, тамхины бүлгийн үнэ дүнгээрээ 1 хувь, хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ дүнгээрээ 2.9 хувь, орон сууц, ус, цахилгаан, хийн болон бусад түлшний бүлгийн үнэ дүнгээрээ 1.9 хувь эм тариа, эмнэлгийн үйлчилгээний бүлгийн үнэ дүнгээрээ 3.3 хувь, тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.
ҮСХ Хэрэглээний бараа, үйлчилгээний сагсанд нийт 373 нэр төрлийн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ, Улаанбаатар хотын хэмжээнд 344 нэр төрлийн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний үнийг судалдаг.
Нийт 373 нэр төрлийн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний 200 нь импортын бараа, бүтээгдэхүүн байгаа бөгөөд энэ нь нийт жингийн 45.5 хувийг эзэлж байна.
Тэгвэл инфляц 14.6 хувь гарсны 47.3 хувь нь импортын барааны үнийн өсөлтөөс шалтгаалжээ.
Эхэнд хэлсэнчлэн, Мөнгөний бодлогын хороо ээлжит бусаар хуралдаж, Бодлогын хүүг өсгөж, 6.5%-д хүргэх шийдвэр гаргахдаа, инфляц сүүлийн саруудад тооцож байснаас давж өсөж, инфляцын хүлээлт эрчимжих эрсдэл үүсэж байгаа нь мөнгөний бодлогын төлөвийг өөрчлөх нөхцөлийг бүрдүүлсэн гэж тайлбарласан.
Уг шийдвэртэй холбогдуулан Төв банкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн хэлэхдээ “Инфляцын төсөөлөл нэмэгдсэн нь энэ удаагийн төсөөллийн гол өөрчлөлт болж байна. Өмнөх онтой харьцуулахад бизнесийн хязгаарлалт суларч дотоод эрэлт бага зэрэг нэмэгдсэний зэрэгцээ нийлүүлэлтийн хүчин зүйлсийн инфляц дах сөрөг нөлөө нэмэгдлээ. Тухайлбал:
Эдгээр хүчин зүйлсийн нөлөөгөөр инфляц 2021 оны 12 дугаар сарын байдлаар улсын хэмжээнд 13.4 хувь, Улаанбаатар хотод 14.8 хувьд хүрч, өмнөх төсөөллөөс давж гарлаа. Иймд эдийн засгийн сэргэлтийг хадгалах, инфляцыг тогтворжуулахын тулд нийлүүлэлтийн шинжтэй дээрх хүчин зүйлсийг шийдвэрлэх шаардлагатай. Хилийн нөхцөл байдал нь инфляцын төдийгүй бизнесийн идэвхжилд чухал нөлөөлөх хүчин зүйл болж байна. Энэ удаагийн төсөөлөлд боомтын хязгаарлалт 1 дүгээр улиралд жигдэрнэ гэж үзлээ. Төв банкны зүгээс Мөнгөний бодлогын тохируулгыг хийж, инфляцыг тогтворжуулах арга хэмжээ авах хэдий ч, инфляцыг өдөөх гадаад хүчин зүйлсийн эрсдэл өндөр байгааг тэмдэглэх нь зүйтэй. Богино хугацаанд инфляц нийлүүлэлтийн шалтгаанаар нэмэгдэх гадаад болон дотоод орчны эрсдэл өндөр байгаа хэдий ч, 2022 оны сүүлээс үнийн өсөлт тогтворжиж, инфляц Төв банкны зорилтын дээд хязгаарын орчимд хүрч буурах суурь төсөөлөлтэй байна” гэсэн юм.
Төв банкны тухайд энэ оны сүүлээр инфляцын эрчим буурна гэсэн ийм төсөөлөлтэй байгаагийн нөгөө талд үнийн бодит өсөлт иргэдийн амьжиргаанд шууд нөлөөлсөн өдрүүд үргэлжилсээр байна.
Түүнчлэн Мөнгөний бодлогын шийдвэр эдийн засагт, инфляцад хэрхэн нөлөөлдөг юм бол гэсэн асуулт хариулт нэхэж байдаг. Эдийн засагчдын зүгээс ч өөр өөрсдийн байр суурийг илэрхийлдэг. Тухайлбал, эдийн засагч Д.Ган-Очирын байр суурийг эшлэхэд:
“Мөнгөний бодлого нь эдийн засаг дахь хүүнүүдэд суурь үзүүлэлт болдог хэдий ч, хадгаламж, зээлийн хүү нь зөвхөн мөнгөний бодлогоор тодорхойлогддоггүй. Хадгаламж, зээлийн хүүнд санхүүгийн зах зээлийн нөхцөл байдал, өрсөлдөөний өөрчлөлт, зээлтэй холбоотой эрсдэл зэрэг бусад хүчин зүйлс нөлөөлдөг. Иймд бодлогын хүү болон бусад хүүнүүд хоорондын зөрүү нь цаг хугацааны туршид өөрчлөгдөж байдаг.
Ерөнхийдөө хүү өндөр байх нь эрэлт, инфляцыг бууруулдаг.
Хүү өсөх нь хэрэглээг өдөөх замаар нийт эрэлтийг нэмэгдүүлдэг. Харин бүтээгдэхүүн, үйлчилгээний нийлүүлэлтэд өөрчлөлт гарах (нэмэгдэх) хүртэл тодорхой хугацаа шаардлагатай. Учир нь, нэмэлт бүтээгдэхүүн, үйлчилгээ үйлдвэрлэхийн тулд илүү олон ажилчин, тоног төхөөрөмж, дэд бүтэц шаардлагатай. Иймд нийт эрэлт эхэндээ нийт нийлүүлэлтээсээ их байх нь үнэ өсөх дарамтыг бий болгодог. Аж ахуйн нэгжүүд эрэлт нэмэгдсэнтэй холбогдуулан үнээ илүү хурдацтай өсгөх тул инфляцыг өсгөхөд хүргэдэг.
Айл өрх, аж ахуйн нэгжүүд зан үйлээ өөрчлөхөд цаг хугацаа шаардагддаг тул мөнгөний бодлогын өөрчлөлт нь эдийн засгийн идэвхжил, инфляцад хугацаатай хоцрогдолтойгоор нөлөөлдөг. Зарим тооцоогоор мөнгөний бодлогын өөрчлөлтийн хамгийн хүчтэй нөлөө гарах хүртэл 1 орчим жилийн хугацаа шаардагддаг.
Энэ нь мөнгөний бодлого эхний 11 сардаа нөлөөгүй эсвэл 13 дахь сараас нөлөөгүй болох тухай ойлголт биш. Мөнгөний бодлогын хэрэгслийн өөрчлөлт гарсан даруйдаа нөлөөлж эхлэн, түүний дараах саруудад нөлөө нь нэмэгдсээр хамгийн хүчтэй нөлөө нь 12 дахь сар дээрээ гараад 13 сараас эхлэн нөлөө нь алгуур сулрах хэдий ч нөлөөлсөн хэвээр байх тухай ойлголт юм”
Гэхдээ эдийн засгийн бүтэц нь цаг хугацааны явцад өөрчлөгддөг, эдийн засгийн нөхцөл байдал хувьсдаг тул мөнгөний бодлогын эдийн засгийн идэвхжил, инфляцад үзүүлэх нөлөөллийн тооцоотой холбоотой тодорхой бус байдал өндөр байдаг. Иймд мөнгөний бодлогын нийт нөлөө, эдийн засагт нөлөөлөх цаг хугацааны хоцрогдол нь цаг хугацааны турш өөрчлөгдөж байдаг.
Мөнгөний бодлогын шилжилтэд инфляцын хүлээлт бас чухал нөлөөтэй. Жишээ нь, хэрэв ажилтнууд инфляц өснө гэж хүлээж байгаа бол бодит орлогоо тогтвортой хадгалахын тулд цалинг нэмэгдүүлэхийг хүсч болно. Цалингийн өсөлт өндөр байх нь инфляц өсөхөд нөлөөлнө.
Инфляцын зорилтот түвшинг зарласнаар Төв банк инфляцын хүлээлтийг “аргамжих” боломжтой гэж үздэг. Инфляцын зорилтыг зарласнаар эдийн засгийн тодорхой бус байдал тодорхой түвшинд буурч, өрх, аж ахуйн нэгжүүд хуримтлал, хөрөнгө оруулалтын талаар шийдвэр гаргахдаа илүү итгэлтэй байхад туслах юм” гэхчлэн байр сууриа илэрхийлсэн байгаа юм.
Сэтгэгдэл ( 0 )