“Би цагаан сараар хөдөө өвөөгийнх рүү гээ явсан... Шинэ жилээр аав надад шинэ дугуй бэлэглэсэн... Төрсөн өдрөө гэрийнхэнтэйгээ тэмдэглэсэн” гээд л урт хугацааны амралтаар болсон сонирхолтой зүйлээ “ам булаалдан” ярих хүүхдүүдийн яриа хаа сайгүй сонсогдоно. Гурван сарын өмнө болсон үйл явдлаа өчигдөрхөн болсон мэт ярьж буй нь тэд найзууддаа хэлнэ гээд их л хүлээснийг илтгэх шиг.
Урт хугацааны амралтын дараа ангийнхаа бүх хүүхэдтэй уулзаж байгаа энэ өдөр тэдний хувьд яг л “9 сарын 1” шиг байна.
Засгийн газрын хоёрдугаар сарын 9-ний өдрийн хуралдаанаар бүх шатны боловсролын байгууллагын хичээл сургалтыг энэ сарын 14-нөөс эхлэн 100 хувь танхимаар эхлүүлэх шийдвэр гаргасан билээ. Тиймээс хоёр жил гаруй хугацааны дараа анги дүүрэн хүүхэдтэйгээр хичээллэж байгаа сургуулийн нөхцөл байдал болон ангийнхантайгаа уулзсан сурагчдын сэтгэгдлийг сонсохоор Нийслэлийн ерөнхий боловсролын 50-р сургуулийг зорилоо.
Сургуулийн хаалгаар ороход харамсалтай гэмээр нэг зүйл ажиглагдав. Сурагчдын хичээлийн хоцрогдол их байгаа энэ үед багш, сурагчид хичээл сургалтдаа идэвхтэй хамрагдаж байгаа нь сайшаалтай ч халдвар хамгааллын дэглэм баримтлахгүй байв. Сургуулийн коридорт олноороо цугларч, зоогийн газарт гэхэд нэг ширээнд тав, зургаагаар шахалдан суужээ.
Халдвар хамгааллын дэглэм хэрхэн баримталж байгаа талаар бага ангийн багш н.Баярмаагаас тодруулахад "Халдвар авсан болон шинж тэмдэгтэй сурагчийг бүрэн эмчлэгдэх хүртэл хичээл хийхийг шаардахгүй байгаа. "Биеэ эрүүл болсон цагт ирээрэй" гэж зөвлөж байна. Сурагчид минь эрүүл байвал танхимдаа ариутгал хийгээд, хичээлээ ороод байх боломжтой шүү дээ. Халдвар хамгааллын дэглэмээ баримтлахын тулд хүүхэд нэг бүрийн гарыг ариутгаж, анги танхимаа цаг тутамд ариутгаж байгаа. Мөн хоёр цаг тутам маскаа солихыг сурагчдадаа зөвлөж байна" хэмээв.
50-р сургуулийн тухайд хичээл нь хоёр ээлжээр орж байна. Эхний ээлж 08:00-13:30 цагийн хооронд бол дараагийнх нь 13:30-18:45 цагийн хугацаанд хичээллэж байгаа гэнэ. Харин нэг ангид дунджаар 46 хүүхэд суралцаж байна.
Сургалтын үйл ажиллагааг 100 хувь танхимаар явуулж, энгийн үе шиг болсноор багш нарын ачаалал багасжээ.
Энэ талаар сургалтын менежер А.Болдмаа “Багш нарын ачаалал харьцангуй бага болж байгаа. 5/9 зарчмаар хичээллэдэг байхад багш нар нэг ангийн сурагчдыг хоёр хэсэгт хуваагаад, нэг хичээлээ хоёр удаа ордог байсан. Харин бүрэн танхимаар хичээллэхэд нэг сэдвээ нэг удаа заах учир ажлынх нь тал алга болж, ачаалал 50 хувь буурч байна гэсэн үг. Цаашид сурагчдын хичээлийн хоцрогдлыг нөхөх тал дээр анхаарч, хичээлийн хөтөлбөрөө бэлтгэж байна" гэлээ.
Харин сурагчид ойлгоогүй үлдсэн зүйлээ багшаас хүссэн үедээ асууж байгаа нь давуу талтай байгааг хэлж, цаашид байнга танхимаар хичээллэхийг хүсэж буйгаа илэрхийллээ.
Бага ангийн сурагч Х.Энх-Орчлон “Танхимаар хичээл ороод найзуудтайгаа уулзаад сайхан байна. Цахимаар хичээл орохоор мэдэхгүй зүйлээ багшаас асуух гэхээр ичээд, ойлгохгүй хичээлээ тухай бүрд асууж чадахгүй байсан. Одоо бол багшаас очоод асуучих болохоор хичээлээсээ хоцрохгүй амар байна. Гэхдээ халдвар их байгаа учраас найз нартайгаа ойр байж чаддаггүй л дээ. Гараа сайн угааж, маскаа зүүгээд, дандаа сургууль дээрээ ирж суралцмаар байна” хэмээн баяртай гэгч нь ярьж байв.
Б.НАРАНГОО
Сэтгэгдэл ( 0 )