Эрүүл мэндийн сайд С.Энхболд энэ онд иргэдийг эрүүл мэндийн урьдчилсан үзлэгт хамруулахаар 60.8 тэрбум төгрөг төсөвлөсөн гэв. Иргэд өвдөхөөсөө өмнө эрүүл мэнддээ анхаарч бүх төрлийн шинжилгээ хийлгэж, үзлэгт хамрагдах нь өвдсөний дараа эмчлэхээсээ бага өртөгтэй. Гэвч жилийн жилд төсөв мөнгө суутгасан гэдэг боловч ачир дээрээ иргэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хангалттай сайн авч чаддаггүй.
Улсын эмнэлгийн лаборатори цус, шээс, мазокны шинжилгээний ерөнхий хариу л гарна уу гэхээс хувийн лаборатори шиг нарийн шинжилгээ хийдэггүй. Тийм болохоор оношоо зөв тогтоохын тулд өндөр өртөгтэй хувийн лабораторид шинжилгээ өгөх шаардлага тулгардаг. Энэхүү шинжилгээ нь дор хаяж 300-500 мянган төгрөг болно. Сарын хэдхэн төгрөгийн тэтгэвэр авдаг хөгшчүүлд эм тан авах ч мөнгө үлдэхгүй шахуу.
Ард урд хормойгоо нөхөж байж арай гэж шинжилгээ хийлгээд эмч дээр хариугаа уншуулах гээд дүүргийн эмнэлэгт бариад ороод очихоор уртаас урт дараалалд уурлаж бухимдсан эмч нар угтана. Бараг “Чи цоо эрүүл юм байна. 100 насална” гээд гаргах. Тэгэнгүүт хувийн эмнэлэг рүү харайлгаад очихоор өнөө маргаашгүй үхэх гэж байгаа мэт л онош хэлнэ.
Тэнгэр, газар шиг онош дунд төөрөлдсөн иргэд бухимдаж, уймарцгаана. Үнэхээр л 60, 70 тэрбум төгрөгөөр урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулах гэж байгаа бол эхлээд эмнэлгийнхээ үйлчилгээ, эмч нарынхаа харилцаа хандлагыг өөрчлөх хэрэгтэй. Мөн цахим цахим гээд байгаагийн цаад мөн чанар нь иргэддээ хүрч чадаж байна уу гэдгээ бодит байдал дээр очоод нэг харцгаачих.
Эцэст нь хэлэхэд улсын эмнэлгүүдийн оношилгоо, шинжилгээний аппарат, тоног төхөөрөмжийг бүрэн шинэчлээд хамаг халаасаа хоосолж хувийн лаборатори руу харайлгадаг байдлыг халах хэрэгтэй. Мянга мөнгө төсөвлөөд үйлчлүүлэгчид сэтгэл ханамжгүй, өвчин хуучаасаа салж чадахгүй яваад байвал ямар хэрэг байх вэ.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 0 )