О.Батбаяр: Коронавирус нутагшмал хэлбэр рүү шилжиж байна

2022 оны 02 сарын 18

ЭМЯ-наас коронавирус халдварын цаг үеийн ээлжит мэдээллийг өглөө. Энэ үеэр Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяр халдвар дэлхийн улс орнуудад ямар тархалттай байгааг мэдээллээ.

/2022.02.18/


ДЭЛХИЙ ДАХИНД ХАЛДВАРЫН ТОО 20 ОРЧИМ ХУВИАР БУУРЛАА

О.Батбаяр "Өнгөрсөн долоо хоногт дэлхийн улс орнуудад 16 сая орчим тохиолдлын тоо бүртгэгдсэн нь өмнөх долоо хоногтой харьцуулахад 20 орчим хувиар буурсан байна. Өсөлттэй гарсан бүс нутагт Номхон далайн баруун бүс нутаг буюу манай улсын харьяалагддаг бүс нутагт 19 орчим хувиар өнгөрсөн долоо хоногт өссөн байна. Энэ бүс нутгийн өсөлтөд Япон болон Өмнөд Солонгост бүртгэгдэж байгаа тохиолдлын тоо нэмэгдсэнтэй холбоотой өсөлт нэмэгдсэн.

Япон улсад өдөрт ойролцоогоор 90 мянга орчим тохиолдол бүртгэгдэж байна. Тус улс нийтдээ хүн амын 10 хувьр орчмыг бүүстер тунд хамруулсан байгаа. Бүүстер тунгийн хамргадалт муу байгаа нь Япон улсын хувьд тохиолдлын тоо өндөр байхад нөлөөлж байна.

Гэсэн хэдий ч Япон улс хоёр жил орчим хил дээр тавьсан хоригоо бууруулж байна. Гэхдээ сөрөг тестийг шаардаж байгаа. 

БНХАУ-ын өмнөд бүст тохиолдлын тоо нэмэгдэж байна. Тухайлбал Хонгконгт 10 мянга орчим хүн эмнэлэгт хэвтэхээр хүлээгдэж байна. Үүнтэй холбоотойгоор өдөрт бүртгэгдэх тохиолдлын тоог 28 мянгад хүрэх эрсдэлтэй байна гэдгийг Хонконгийн эрүүл мэндийн байгууллагуудаас мэдэгдсэн байна.

Недарланд, Франц, Австри, Швейцар зэрэг улсуудад гуравдугаар сарын эхнээс хил дээрх бүх хорио цээрийг цуцалж байна. 

ЦАР ТАХЛААС ЭНДЕМИК БУЮУ НУТАГШМАЛ ХЭЛБЭР РҮҮ ШИЛЖИЖ БАЙНА

Ер нь дэлхийн улс орнууд хорио цээрийг цуцалж, хилээ нээлттэй болгож байгаа нэг шалтгаан бол цар тахлаас эндемик буюу нутагшмал хэлбэр рүү шилжиж байна гэсэн үндэслэл байгаа юм. 

Цар тахлын үед тохиолдлын тоо, нас баралт өндөр, давалгаа огцом өсөлттэй байдаг бол эндемикийн үед халдвар байсаар байх ч нас баралт харьцангуй бага, мөн тохиолдлын тоо огцом өсөлтгүй байдаг. Тийм учраас нутагшмал хэлбэр рүү шилжиж нас баралт томуугийн хэмжээнд хүрч буурсан байдал нь улс орнуудыг хилээ нээх нөхцөл байдлыг бүрдүүлж байгаа. 

Манай улсын хувьд хэдийгээр халдварын тоо тодорхой хэмжээнд байгаа ч нас баралтын хэмжээ дельта хувилбартай харьцуулахад 10 дахин буурсан. Эмнэлгийн ачаалал буурсан, сүргийн дархлаа хангалттай тогтсон нөхцөл байдал нь хилээ нээх, хорио цээрийг цуцлах нөхцөл байдлыг бүрдүүлсэн.

Иргэдэд нэг анхааруулах зүйл нь омикроны халдварын дараа халдвар авсан иргэд вакцин нэмэлтээр хийлгээгүй тохиолдолд дахиж халдвар авах эрсдэл байгаа. АНУ зэрэг улсад хийсэн судалгаагаар энэ нь нотлогдож байгаа. Монголд ч нэгдүгээр сард халдвар авсан иргэд омикроны үед дахиж халдвар авсан тохиолдлууд бүртгэгдэж байна. Тийм учраас бид халдвар авсан иргэдийг 21 хоногийн дараагаар нэмэлт вакцинд хамрагдахыг уриалж байна" гэв.

ШУУД ҮЗЭХ

 

 

Top