ОЛОН ӨНГӨ: Цуглуулагч

2022 оны 02 сарын 19

Би цуглуулгатай. Их олныг цуглуулсан. Байгаадаа ханахгүй дахиад ч цуглуулахыг хүсдэг. Заримдаа багтахгүй байх вий хэмээн санаа зовно. Гэсэн ч цуглуулсаар л байдаг. Цуглуулгатай гэхийг минь сонсоод хэн нэгэн үргэлж харахыг хүснэ.

Гэвч энэ боломжгүй зүйл. Хэнд ч харуулах боломжгүй, хэн ч харж чадахгүй. Хүрэх ч боломжгүй. Мэдрэхийг хүссэн ч чадахгүй. Би дурсамж цуглуулдаг.

Дэндүү олныг. Жаргалтай, гунигтай, ууртай, хөгжилтэй гээд л. Гэвч дурсамж таатай зүйл биш. Инээмсэглэн хөгжилтэй дурсамжаа санах ч хоромхон зуурт нүдэнд нулимс цийлэгнэх нь бий. Хооллохоо мартаад бодолхийлэх үе ч байна. Тархийг минь дүүргэх тэр бүхий л бодлууд эцэстээ оршихуйг минь хөнөөж байдаг. Гэвч би дурсамжгүйгээр амьдрах боломжгүй. Дурсамжинд ороогдож, түүнд умбасаар. Бодит орчноос тасрах үе ч бий. Хүн төрөлхтөн оюун ухаант учраас дурсамжаа ямар үед хэрхэн санаж чаддаг нь олзуурхмаар.

Эгээтэй л санаа бодлоо удирдаж чаддаггүйсан бол энэ ертөнцөд гишгэх газар ч олдохгүй байх биз. Сайнтай, муутай ч дурсамж гэдэг зүйл миний нэг хэсэг. Амьдралын эхлэлээс төгсгөл хүртэл цуглуулсаар л. Эцэстээ би цуглуулагч болсон. Гэхдээ ганцаараа биш.

Н.АНУЖИН

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top