МИАТ | Бид Улаанбаатараас Сөүл хот руу нисэх агаарын зайтай дүйцэх хэмжээнд гүйнэ

Ж.Сондор | Zindaa.mn
47 минутын өмнө

 

"МИАТ" ТӨХК нь эрүүл идэвхтэй амьдралын хэв маягийг дэмжин “Улаанбаатар Марафон 2026”-ын ивээн тэтгэгчээр оролцож байна.

70 жилийн ойн хүрээнд гүйлтийн спортыг сонирхогч, оролцогчидтойгоо нэгдэж, эрч хүч, тэсвэр тэвчээр, нэгдмэл зорилгын үнэт чанарыг түгээн дэлгэрүүлэхийг зорин ажиллаж буй тус хамт олон нийтдээ 1240 миль зайд хамтдаа гүйх бөгөөд энэ нь Улаанбаатараас Сөүл хот руу нисэх агаарын зайтай дүйцэх хэмжээ ажээ. 

Энэ талаар "МИАТ" ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Т.Тэлмэнгээс дараах зүйлсийг тодрууллаа. 

 

-Сайн байна уу. Таны хувьд "Улаанбаатар Марафон 2026"-д гэр бүл болон хамт олны хамтаар гүйлээ. Замаа хэрхэн туулав?

-Манай дийлэнх залуус 5, 10, 21км-т гүйж байна. Гэр бүлийнхэнтэйгээ хамт 10км-т гүйлээ. Зам бол чанга байлаа, өгсүүр болон уруу газартай байлаа.

-"Миат" компаниас хэчнээн залуус гүйж байгаа вэ? 

-Энэ жил майнай 70 жилийн ой болж байна. Ойгоо тохиолдуулаад хэд хэдэн арга хэмжээг бид зохион байгуулж байгаа. Үүний нэг нь бид "Улаанбаатар Марафон 2026"-г дэмжин, хамтран ажиллаж байгаа. Энэ хүрээнд хамт олноороо идэвхтэй оролцож байна.

Өнөөдрийн арга хэмжээнд 160 орчим залуус маань 5,10, 21км-т гүйж байна. Өмнө нь бид энэ арга хэмжээнд мөн оролцож байсан. Бидний хувьд дөрөв дэх жилдээ оролцож байна. 

-Та бүхэн хэр хугацаанд бэлтгэл хийсэн бэ? 

-Шууд гараад гүйж болохгүй учраас бид багаараа урьдчилсан бэлтгэл хийсэн. 70 жилийн ойн хүрээнд бид ажилчдынхаа дотор уралдаан, тэмцээн зохион байгуулсан. Тавдугаар сард мөн манай салбарын тэмцээн болсон. Тиймээс манай залуучууд харьцангуй бэлтгэлтэй байлаа. 

-Ерөнхий ивээн тэтгэгчээр оролцож байгаагийн хувьд зохион байгуулалт хэр байна гэж харж байна?

-Энэхүү арга хэмжээ маань олон нийтэд танигдаад, иргэдийн хүсэн хүлээдэг арга хэмжээнүүдийн нэг болчихсон байна. Зохион байгуулалт сайжирч, жил ирэх тусам оролцогчдын тоо мөн нэмэгдэж байна. 

Энэ жилийн хувьд 46 мянган хүн оролцож байгаа гэх тоо гарсан байсан нь өмнөх жилүүдээс хоёр дахин нэмэгдсэн үзүүлэлт хэмээн зохион байгуулагчид ярьж байсан. 

Манай компанийн гол үйлчлүүлэгчид залуучууд байдаг учраас тэдэнд хүрч үйлчлэх, мөн мэдээллээ хүргэх боломж гарч байна. Бид жил бүр хамтарч ажилладаг, цаашдаа ч мөн хамтарч ажиллах байх гэж бодож байна.

 

 

-Та бүхний хувьд нийт Улаанбаатараас Сөүл хот хүртэлх зайд гүйх тооцоо гарсан гэж байсан шүү дээ. Энэ талаар? 

-Бид бүхний хувьд өчигдөр нийт оролцож байгаа залуусынхаа гүйж байгаа зайг нийлүүлж тооцож үзсэн. Бид бүхэн Улаанбаатар хотоос БНСУ-ын Сөүл хот хүртэлх зай буюу 1250 миль зайд өнөөдөр гүйнэ гэдгээрээ онцлог арга хэмжээ болж байна. 

-"Миат" компанийн зүгээс 70 жилийнхээ ойн хүрээнд ямар ажлууд хийхээр төлөвлөж байна вэ?

-70 жилийнхээ ойн хүрээнд бид хэд хэдэн ажил хийхээр төлөвлөж байна. Компанийнхаа үйл ажиллагааг сайжруулах ажлын хүрээнд олон төрлийн шинэ санал, санаачилга гаргахаар эрдэм шинжилгээний ажил зарлачихсан явж байна. Долоодугаар сард зохион байгуулагдах энэхүү хуралд дотоод болон гадаадын олон судлаачдыг оролцуулах төлөвлөгөөтэй байгаа. Мөн ажиллагсдадаа зориулсан арга хэмжээнүүдийг зохион байгуулж байгаа. 

Маргааш Монгол Улсын Ерөнхийлөгч иргэний нисэхийн салбарын ажилчид болон "Миат" компанийн ажиллагсдыг хүлээн авч уулзах гэж байна. Бид хийж хэрэгжүүлсэн ажлуудаа танилцуулж, мөн тодорхой хэмжээний шагнал урамшуулал хүртээх байх. 

 

 

-Энэ жилийн хувьд гадаад дахь нөхцөл байдлаас шалтгаалан тийзний үнэ нэмэгдэх хандлагатай байна. Энэ талаар? 

-Ойрх Дорнодод үүссэн нөхцөл байдлаас шалтгаалан агаарын хөлгийн түлшний үнэ нэлээн өссөн байна. Бидний хувьд өмнө гаргадаг байсан зардал одоо хоёр дахин өссөн байна. 

Түлш бол бидний хувьд хамгийн их зардал шаарддаг зүйл байгаа. Тиймээс тийзний үнэ бага зэрэг өсөж байна. Чиглэлээсээ шалтгаалаад 8-12 хувийн өсөлттэй байна. Үнийг огцом өсгөхөд хүндрэлтэй. Манай салбарт хямд тарифтай гаднын агаарын тээврийн компаниуд орж ирдэг. Үнээрээ өрсөлдөхөд бид өрсөлдөх чадвараа алдах гээд байдаг. Тиймээс бид нислэгээс гадна бусад төрлийн үйл ажиллагаагаа өргөжүүлж, түүнээсээ зардлаа нөхөх байдлаар ажиллаж байна. Компанийн хувьд сорилттой жил тохиож байна. 

-Шинэ төрлийн үйлчилгээ нэвтрүүлж байгаа юу? 

-Энэ жилийн хувьд бид онлайн борлуулат дээрээ түлхүү ажиллаж байна. Манай вэбсайт саяхан шинэчлэгдсэн. Тиймээс онлайн борлуулалт хийх бүрэн боломжтой болсон. 

Мөн "BlueSky" гээд лояалти хөтөлбөр байгаа. Үүнийгээ есдүгээр сар гэхэд шинэчлэх бодолтой байна. Үүнийгээ дагаад харилцагчийн үйлчилгээ сайжирна, бүртгэл сайжирнэ. Дээр нь нэмээд борлуулалт нэмэгдэх, харилцагчдад олон төрлийн бүтээгдэхүүн үйлчилгээ авах бололцоо нээгдэж байгаа. 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top