516 мянган удаагийн нислэгээр 25.7 сая зорчигч тээвэрлэж чадсан "МИАТ" ТӨХК-ийн 70 жилийн ТҮҮХ

Ж.Сондор | Zindaa.mn
2 цагийн өмнө

 

70 жилийн тэртээ Монголын хөх тэнгэрт дээд зэрэглэлийн долоон онгоц, нэг По-2 онгоцтойгоор дотоодын иргэний агаарын тээврийн үйлчилгээ үзүүлж эхэлсэн тэр цагаас МИАТ түүхээ эхлүүлсэн. Тэд 70 жилийн түүхэндээ 516 мянган удаагийн нислэгээр 25.7 сая зорчигч тээвэрлэж чадсан юм.

Ингээд “МИАТ” ТӨХК-ийн түүхт 70 жилийн ойн баярын арга хэмжээ, тайлангийн хурал ёслол төгөлдөр боллоо.

Хурлыг нээж, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан үг хэлэхдээ “Сүхбаатарын одон”-т “МИАТ” ТӨХК үүсэн байгуулагдсаны 70 жилийн ойн баярын халуун мэндийг өргөн дэвшүүлээд “МИАТ” компани өнөөдөр үндэсний агаарын тээврийн салбарын манлайлагч болон хөгжиж,  Монгол Улсын тусгаар тогтнол, эдийн засгийн хөгжил, олон улсын хамтын ажиллагаа, ард иргэдийн ая тухтай зорчих нөхцөлийг бүрдүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсаар ирснийг онцлон тэмдэглэлээ.

Мөн тэрбээр ““МИАТ” компанийн түүхт 70 жилийн ой бол Монгол Улсын иргэний нисэхийн салбарын хөгжил дэвшил, инженерийн сэтгэлгээ, хүний нөөцийн чадавх, олон улсын стандартыг нутагшуулсан бүтээн байгуулалтын түүх юм. “МИАТ” компани өнгөрсөн хугацаанд 25.7 сая зорчигчийг аюулгүй найдвартай тээвэрлэн, дэлхийг 14.7 мянга гаруй удаа тойрохтой дүйцэх тэнгэрийн замыг туулсан бахархам амжилтыг бүтээжээ. Өнөөдөр “МИАТ” компани нисэх онгоцны парк шинэчлэл, шинэ чиглэлүүдийг нээх, үйлчилгээний чанарыг олон улсын түвшинд хүргэх, аюулгүй ажиллагааны тогтолцоогоо тасралтгүй сайжруулах зэрэг олон том зорилтыг дэвшүүлэн амжилттай ажиллаж байна.

Монгол Улсын Засгийн газар болон ЗТЯ-наас агаарын тээврийн либералчлалыг эрчимжүүлэх, “Чингис хаан” олон улсын нисэх буудлыг бүс нутгийн зангилаа нисэх буудал болгон хөгжүүлэх, агаарын тээврийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, аялал жуулчлал болон худалдааг дэмжих бодлогыг тууштай хэрэгжүүлж байна.

Энэ бодлогын хэрэгжилтэд үндэсний агаарын тээвэрлэгч “МИАТ” компанийн үүрэг оролцоо, манлайлал онцгой чухал хэвээр байх болно гэдэгт итгэл төгс байна” хэмээлээ.

Баярын хурлын төгсгөлд Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга М.Баярмагнай үг хэллээ. Тэрбээр “Дэлхийн агаарын тээврийн салбар илүү хурдацтай өөрчлөгдөж байгаа энэ үед “МИАТ” ТӨХК нь дижитал шилжилт, ухаалаг технологийг нэвтрүүлэх, байгаль орчинд ээлтэй, тогтвортой нисэхийн бодлогыг хэрэгжүүлэх, олон улсын шилдэг туршлагыг нутагшуулах, үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг тасралтгүй дээшлүүлэх замаар бүс нутагтаа төдийгүй дэлхийн зах зээлд өрсөлдөх чадвараа улам нэмэгдүүлнэ гэдэгт итгэлтэй байна.

Зам, тээврийн яамны зүгээс үндэсний агаарын тээвэрлэгчээ бодлогоор дэмжих, агаарын харилцааг өргөжүүлэх, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, агаарын тээврийн дэд бүтцийг сайжруулахад үргэлжлүүлэн онцгой анхаарч ажиллах болно. “МИАТ” ТӨХК-ийн хөгжил дэвшил улам бүр өсөн бэхжиж, үндэсний агаарын тээвэрлэгчийн нэр хүнд дэлхийд өндөрт мандах болтугай” хэмээн ерөөв.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top