Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улсын нисэхийн удирдах байгууллагуудын хооронд ээлжит Агаарын харилцааны хэлэлцээ Улаанбаатар хотноо зохион байгуулагдлаа.
Арга хэмжээнд Монгол Улсын талаас Зам, тээврийн яамны Иргэний нисэхийн бодлого зохицуулалтын хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч З.Туяа, БНСУ-ын талаас Газар, дэд бүтэц, тээврийн яамны Олон улсын агаарын тээврийн хэлтсийн дарга Ча Санхүн тэргүүтэй төлөөлөгчид оролцлоо.
Хэлэлцээний үеэр жуулчид, бизнес эрхлэгчдийн дунд Монгол Улс аялал болон бизнесийн боломж эрэлхийлэн очих алдартай цэг болж, БНСУ-аас Монгол Улс руу зорчих зорчигчийн урсгал нэмэгдэж буйг Солонгосын талын төлөөлөгчид онцлов. Иймд өсөн нэмэгдэж буй эрэлт хэрэгцээ, хоёр улсын иргэдийн зорчих сонирхлыг хангах, агаарын холболтыг өргөжүүлэх хүрээнд хоёр улсын агаарын тээвэрлэгчдэд олгосон долоо хоногийн тээвэрлэлтийн багтаамжийг нэмэгдүүлэх, орон нутгийн цэгүүдийг холбох зэрэг олон асуудлыг хэлэлцэв.
Энэ удаагийн хэлэлцээний үр дүнд дараах зохицуулалтыг тохиролцож, Харилцан ойлголцлын санамж бичгийг байгууллаа. Үүнд:
Улаанбаатар-Инчеон-Улаанбаатар чиглэлд Монголын агаарын тээвэрлэгчид өвлийн улиралд 18 хүртэлх нислэгийн давтамжтай 3850 хүртэлх суудлын багтаамжтай, зуны улиралд 30 хүртэлх нислэгийн давтамжтай 6500 хүртэлх суудлын багтаамжтай болж, тээвэрлэлтийн багтаамж нэмэгдлээ.
БНСУ-ын агаарын тээвэрлэгчид өвлийн улиралд 14 хүртэлх нислэгийн давтамжтай 3850 хүртэлх суудлын багтаамжтай, зуны улиралд 24 хүртэлх нислэгийн давтамжтай 6500 хүртэлх суудлын багтаамжтай тээвэрлэлтийн эрхтэй байхаар тохиролцлоо.
Монгол Улсын орон нутгийн цэгүүд болон БНСУ-ын орон нутгийн цэгүүдийн хооронд агаарын холболт үүсгэх, нисэн очих цэгийн тоог нэмэгдүүлэх зорилгоор хоёр улсын томилогдсон агаарын тээвэрлэгчид БНСУ-ын орон нутгийн цэгүүдээс Монгол Улсын дурын цэг рүү, мөн Монгол Улсын орон нутгийн цэгүүдээс БНСУ-ын дурын цэг рүү долоо хоногт 35 хүртэлх давтамжтай нислэг үйлдэх боломжтой боллоо.
Бусан цэгийг БНСУ-ын орон нутгийн цэгээр тооцдог болохоор тохиролцов. Ингэснээр Улаанбаатар-Бусан-Улаанбаатар чиглэлийн тээвэрлэлтийн багтаамж нэмэгдэв.
Хэлэлцээрийн үр дүнд Монгол Улс, БНСУ хооронд зорчигчийн урсгалын оргил үе буюу зуны улиралд эрс нэмэгдэж буй эрэлт хэрэгцээг хангах зорилгоор зуны улирлын тээвэрлэлтийн багтаамжийг нэмэгдүүлж, бүсчилсэн хөгжлийн бодлогын хүрээнд орон нутгийн нисэх онгоцны буудлуудыг зөвхөн Инчеон бус БНСУ-ын дурын цэгтэй холбов.
Тээвэрлэлтийн багтаамж нэмэгдэж, нисэн очих цэгийн тоо өссөнөөр хоёр улсын хоорондын аялал жуулчлал, эдийн засгийн түншлэл, хамтын ажиллагаанд том ахиц гарах юм.

Сэтгэгдэл ( 0 )