Гэрийн тэжээвэр амьтдын даатгалыг манай улсад анх удаа санаачилсан. Үүнтэй холбоотойгоор манай улсад анх удаа тэжээвэр амьтнаа даатгуулсан иргэн Н.Ронинтой гэрийн тэжээвэр амьтад, спей заслага болон тэднийг даатгуулах талаар ярилцлаа.
-Манай улсад гэрийн тэжээвэр амьтнаа даатгуулсан анхны хүн нь та болсон. Яагаад тэжээвэр амьтны даатгалыг санаачилж, муураа даатгуулах болов. Энэ талаар ярилцаж, яриагаа эхлүүлцгээе?
-Муур маань гурван жилийн өмнө өвдсөн. Амьтны эмчид үзүүлэхэд тэжээвэр амьтдад тохиолдох дэлүү томрох, бөөрний дутагдал гэх мэт түгээмэл өвчний нэгээр өвдсөн талаар хэлсэн юм. Тухайн үед “унтуулах” шаардлагатай гэж хэлсэн ч эдгээхийн тулд бүхий л боломж бололцоог эрж хайж байлаа. Ажил маань ч зогссон учраас санхүүгийн хувьд багагүй бэрхшээлтэй нүүр тулсан үе л дээ. Гэрийн тэжээвэр амьтдын группт хандив гуйх боломж байсан ч тийм үйлдэл хийхийг хүсээгүй. Яаж ийгээл тэнхрүүлье гэж бодсон учраас амьтны эмчтэйгээ сайн зөвлөлдөж, шаардлагатай бүхий л арга хэмжээг авснаар муур маань эдгэсэн.
Энэ явдлын дараа гэрийн тэжээвэр амьтнаа даатгуулах боломж, бололцооны талаар бодож эхэлсэн юм. Муурын элс, оймс гэх мэт бүхий л бодож явсан зүйлсээ хийх явцдаа тэжээвэр амьтны даатгалыг судлаад "Бодь даатгал"-д санал тавьж байлаа. Тус байгууллагаас өөрсдийн судалгааг хийсний үндсэн дээр Санхүүгийн зохицуулах хорооноос зөвшөөрөл авч, албан ёсны зөвшөөрөлтэй даатгалын бүтээгдэхүүн болгосон талаар хариу мэдээлэл өгсөн юм. Улмаар тэжээвэр амьтан маань энэхүү бүтээгдэхүүний анхны даатгуулагч болсон. Өөрт тулгарсан хүндрэлээс үүдэлтэйгээр даатгалын санааг бодож явсны эцэст ажил хэрэг болгож чадлаа.
-Энэ даатгалын бүтээгдэхүүнүүд нь хэчнээн төрөл байх вэ?
-Тэжээвэр амьтны даатгалыг хүмүүст таниулах ажил дөнгөж эхэлж байна. Санхүүгийн зохицуулах хорооноос зөвшөөрөл өгөөд удаагүй байгаа учраас хууль, журмын дагуух үндсэн шаардлагат ажлыг илүү боловсронгуй болгож байгаа. Даатгалын бүтээгдэхүүнүүд нь гэнэтийн ослын, эрүүл мэндийн, эзний хариуцлагын хэмээн заасан. Эдгээр бүтээгдэхүүнээр баталгаажих юм.
-Амьтны даатгалын талаарх мэдээлэл гарахад хүмүүс эерэг болон сөргөөр хүлээж авч байсан шүү дээ. Тэжээвэр амьтдыг даатгуулах гол шалтгааных нь талаар тайлбарлаж өгөхгүй юү?
-Давуу тал, гол ач холбогдол нь төлөвлөгдөөгүй санхүүгийн бэрхшээлээс хамгаалдаг юм. Муур маань өвдөх үед санхүүгийн хямралд байсан болохоор хүн бүр нэн шаардлагатай үед хэрэглэх мөнгөний хуримтлалтай байх шаардлагатайг ойлгосон. Гэхдээ тэжээвэр амьтнаа даатгуулсан цагт мөнгөний боломжгүй үед даатгалаараа асуудлыг шийдэх боломжтой болох юм. Жишээлбэл, эзний хариуцлагын даатгалтай бол тэжээвэр амьтан нь бусад руу халдсан үед ашиглах, гэнэтийн байдлаар өвдвөл эрүүл мэндийн даатгалаар шийдэх гэх мэт.
-Тэжээвэр амьтан нь “унтсан” үед даатгалаас их хэмжээний мөнгө авах арга хэмээн хардах хүмүүс байна. Ер нь тэжээвэр амьтан нь “унтсан” үед тэрхүү даатгалын мөнгө хайчих вэ?
-Мэдээлэл гарсны дараа олон ч хүн хардсан. Даатгалтай тэжээвэр амьтан “унтсан” үед их хэмжээний мөнгийг даатгалаас авна хэмээн ойлгож байгаа нь өрөөсгөл юм. Энэ бол эрсдэлээс хамгаалах зүйл. Даатгалын бүтээгдэхүүний үнэ, тарифыг тухайн даатгалын компаниас гаргадаг. Даатгалын төрөлдөө юу гэж зааснаас хамаарч төлбөр мөнгийг нь өгнө. Муураараа жишээ авч тайлбарлая. Өндөр настай муур учраас байгалийн жамаараа нэг өдөр үхэх байх. Тэр үед даатгалаас хэдэн төгрөг гаргах талаар нь надтай ярилцана.
Орчин үед тэжээвэр амьтдыг чандарладаг болсон юм билээ. Тэгэхээр тийм зардалд зориулна гэсэн үг. Мөн хандивлах, золбин эсвэл хагалгаа шаардлагатай амьтдын эрүүл мэндэд зарцуулах гэх мэт тухайн даатгалын бүтээгдэхүүнийг авах үед гэрээнд хэрхэн тусгаснаар шийдэх боломжтой. Тэжээвэр амьтадтай хүмүүсийн хувьд даатгалаас их хэмжээний мөнгө авахыг оролдох хүн төдийлөн олдохгүй болов уу.
-Таны муурны талаар ярилцъя. Нэр нь Вася муу глг юм билээ. Муур хэрнээ гөлөг хэмээн нэрлэсэн нь ямар учиртай вэ?
-Манайд ирэх үедээ нялх байсан л даа. Муурын нэрийг анх орос хүн өгсөн. Вася гэдэг нэртэй. Манай гэрт нялхаараа ирсэн болохоор хаа таарсан газраа шээдэг байсан юм. Тэр цаг үед зориулалтын элсний талаар мэддэггүй байлаа. Тиймээс байгалийн буюу барилгын шар элс тавьдаг байсан юм. Элс нь бохирдохоор хувцас, хивс, тэр бүү хэл ном, компьютер руу хүртэл шээдэг байлаа. Цухалдсандаа гөлөг минь хэмээн уурладаг байсан л даа. Сүүлдээ тэр үгээ хурдан хэлэхдээ ө үсгийг нь гээж глг хэмээн хэлдэг болсон нь өхөөрдсөн нэр болж хувирсан. Эцэст нь, энэ гурван үг нийлээд Вася муу глг гэх нэртэй болсон доо. Муур хэрнээ гөлөг хэмээн дуудахаар хүмүүст их тэнэг санагдах байх. Зориудаар содон байдлыг нь бодож ийнхүү нэрлэсэн. Ийн нэрлүүлээд 17 жил өнгөрсөн байна.
-Муурын хувьд 17 жил амьдарна гэхээр хүний настай дүйцүүлвэл хэдэн настай гэсэн үг вэ?
-Муурын насыг хүний настай дүйцүүлсэн график мэдээлэл бий. Гадна орчинд амьдардаг муур, дотор орчинд амьдардаг муурын насны тоолол нь харилцан адилгүй. Вася муу глгийн хувьд дотор орчинд амьдардаг муур. Тэр графикаар тооцвол 84, 85 настай хүнтэй адил хэмээн үзэж болно.
-Вася муу глг цахим орчинд алдартай муур. Алдартай болсон шалтгаан нь юу вэ?
-Эхэндээ муурынхаа хөгтэй явдлуудыг цахим орчинд бичдэг байсан. Улмаар Вася бичиж байгаа мэтээр төлөөлүүлж бичих болсон юм. Муур маань их марзан царайтай, хүнийх шиг нүдтэй. Тиймээс Васяг ярьж буй мэтээр төлөөлүүлж бичих болсон нь тэжээвэр амьтадтай хүмүүст таалагдсан юм билээ. Түүний ачаар алдартай болсон гэж боддог доо.
-Монголын анхны бизнес муур гэх нэршлийг хүртэл авч чадсан юм билээ. Бизнес муур болсон түүхээс нь хуваалцвал?
-Хүмүүст амьтныг хайрлах тал дээр цахим орчинд бичвэрүүд оруулдаг болсны дараа муурын элс, оймс зэргийг гаргасан. Васягийн зардлыг өөрөөр нь олуулахын тулд ажил хийлгэж байгаа юм. Өөрийнхөө нэрийн бүтээгдэхүүнээс өөрт нь хэрэгтэй хоол, эмчилгээ гэх мэт зардлаа гаргадаг ажилчин муур болсон гэсэн үг л дээ. Сард 300 орчим мянган төгрөгийг муурандаа зарцуулдаг. Тиймээс л Вася өөрөө өөрийн зардлаа цахим орчинд алдаршсан нэрээрээ олж байна даа. Орлогоос нь надад нэг ч төгрөг илүү гардаггүй. Гаргах ч үгүй. Васягийн олсон мөнгө Васяд л зарцуулагддаг.
-Муурын элсээ Вася муу глг гэж нэрлэсэн байсан. Хэрэглэгчдийн зүгээс хэр шүүмжлэлтэй хандсан бэ?
-Хүмүүс монгол нэр өгөхгүй дээ, муурыг гөлөг хэмээн дуудлаа гэх мэтээр төрөл бүрийн шүүмж хэлдэг байсан. Миний хувьд нэрний онцлог, содон байдал нь брэнд үүсэхэд нөлөөлсөн гэж боддог. Муурын элсийг нэрлэх олон төрлийн сонголт байсан. Гэвч Вася муу глг гэх нэр нь цахим орчинд тэжээвэр амьтадтай хүмүүсийн дунд алдартай нэр учраас үүнийг ашигласан нь илүү оновчтой сонголт байсан юм.
-Тэжээвэр амьтан, тэр дундаа муур тэжээхэд юуг анхаарах шаардлагатай вэ?
-Нэн тэргүүнд гэр бүлийн гишүүдийн зөвшөөрөл хэрэгтэй. Мөн тэднийг харшлын сорилд хамруулах шаардлагатай. Ямар нэгэн байдлаар муурын үс, шүлсэнд мэдрэг байвал тэдгээр асуудлыг даван байж муур тэжээж чадах эсэхийг сайтар зөвлөлдөх хэрэгтэй юм. Сэтгэл хөөрлөөр муур авч тэжээж болохгүй. Чихмэл тоглоом биш шүү дээ. Харшлын сорил өгөөд харшилтай байвал тэжээх шаардлагагүй гэж зөвлөдөг. Мөн санхүүгийн асуудал байна. Мууранд зориулсан зардлыг сар бүр гаргах чадамжтай байх шаардлагатай. Хүүхдүүд ихэвчлэн муур тэжээдэг. Тэгэхээр асран хамгаалагчид нь муурын асуудлыг давхар хариуцах хэрэг гардаг юм.
-Гэр бүлээрээ зөвлөлдөөд муур тэжээхээр болсон гэж бодъё. Энэ үед юуг бэлдэх хэрэгтэй юм бол?
-Энэ үед муурын ариун цэврийн өрөө буюу элсийг зайлшгүй бэлдсэн байх шаардлагатай. Элс нь зориулалтынх байвал маш сайн. Хүн болон амьтны эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, харшил хөдөлгөхгүй байх ёстой. Муурын шээс нь их хурц үнэртэй, үнэр нь барагтай бол арилдаггүй. Муур элсэн дээрээ шээсэн үед бөөгнөрчихдөг юм. Түүнийг нь уутанд боогоод хаячихдаг. Хоёрдугаарт, тогтмол цэвэр ус уух ёстой. Сүү өгч болохгүй. Мууранд өгч болох сүү нь ямааны сүү байдаг. Гэвч нялх үед нь л өгдөг юм. Үнээний сүү тохиромжгүй. Мөн дэлгүүрт зардаг хуурай, зориулалтын хоолыг өгөх хэрэгтэй. Эцэст нь эзний хайр халамж. Эдгээр дөрвөн зүйлийг зайлшгүй бэлдэх хэрэгтэй гэж зөвлөмөөр байна.
-Тэжээвэр амьтдад спей заслага хийлгээгүй явдал гудамжинд золбин амьтад нэмэгдэх бас нэгэн шалтгаан гэж харж байна л даа?
-Эм муурын ороо зургаадугаар сараас эхэлдэг. Нэг жилд гурван удаа ороо нь ордог юм. Эм муур найман савтай. Найман савтай гэдэг нь найман эр муурын төлийг тээх боломжтой гэсэн үг. Эр муур нэг жилд 370 зулзгыг нийлүүлэх боломжтой гэсэн судалгаа байдаг. Тэгэхээр спей буюу заслага нь дор хаяж 370 зулзагыг гудамжинд гарахаас сэргийлнэ. Хариуцлагагүй эздийн балгаар олон муур, нохой, гөлөг хөлдөж, осгож, зовж, тарчилж үхэж байна. Гудамжинд золбин амьтад нэмэгдсэн нь ч үүнтэй холбоотой. Эм муур их төрөх тусам өвдөх нь амархан байдаг. Эдгээр байдлаас урьдчилан сэргийлэх хамгийн оновчтой арга бол спей заслага юм. Улсын төсвөөс хоёр тэрбум төгрөгийг нохой муурын устгалд зарцуулдаг юм билээ. Энэ бол их мөнгө. Энэхүү мөнгөн дүнг багасгахын тулд тэжээвэр амьтдын эзэн нь ганцхан удаа спей хийлгэхэд хангалттай. Үргүй зардал, олон амьтдын үхлээс сэргийлэх хамгийн энэрэнгүй арга учраас сайн хамрагддаг байгаасай гэж хүсдэг.
-Улаанбаатар хотод тэжээвэр амьтадтай хүмүүс нэг үеэ бодвол спей заслагад идэвхтэй хамрагдах болсон. Гэвч цаана нь орон нутагт буй тэжээвэр амьтад үлдээд байна. Жил бүр орон нутагт эсвэл нэг сумын төвд буудуулснаас үүдэж бэртсэн, цусаа гоожуулан явах нохой, муур харагддаг. Орон нутагт буй тэжээвэр амьтдыг спей заслагад хамруулах нөөц боломж хомс мэт?
-Тийм шүү. Спей заслагыг нийслэлд л хийдэг. Мал, амьтны эмнэлэг хотод л төвлөрөөд байна шүү дээ. Гэтэл алслагдсан, орон нутагт байгаа иргэд тэжээвэр амьтдадаа заслага хийлгэхийг хүсэхэд жижиг амьтны хагалгааны нөөц, боломж, туршлага байдаггүй. Орон даяар спей заслага хийдэг болвол орон нутагт ч золбин амьтан байхгүй болно. Хэрвээ аймаг бүрд жижиг амьтны хагалгаа хийх боломжгүй гэж үзэж байгаа бол 21 аймгийг тойроод зөөврийн заслага хийх ажлыг эхлүүлбэл оновчтой гэж бодож байгаа. Нохой, муур устгалын үеэр ихэвчлэн буу ашигладаг. Сүүлийн үед сумны үнэ нэмэгдсэн. Сумаа гамнах зорилгоор амьтдыг буруу аргаар хөнөөх, газар савах, хүрздэх гэх мэт хэрцгий аргыг их ашиглаж байна. Энэ мэт хэрцгий балмад үйлдлийг үргэлжлүүлэхгүй байх, золбин амьтдыг нэмэхгүйн тулд л спей заслага хийх шаардлагатай хэмээн тэжээвэр амьтдын групп, төрийн бус байгууллагууд олон нийтэд ярьж, зөвлөсөөр байдаг юм.
-Муур, нохой гэх мэт тэжээвэр амьтдыг бэлэглэх, зарах тохиолдлууд бий. Үүнд та ямар байр суурьтай байдаг вэ?
-Тэжээвэр амьтдыг нэгэндээ бэлэглэх нь байж боломгүй үйлдэл мэт санагддаг. Амьтан тэжээх нь тухайн хүний цэвэр хүсэл сонирхлын зүйл. Тиймээс хайр сэтгэлээ илчлэх үүднээс бэлэглэж байгаа нь хөөрхөн хэдий ч амьтны хувь заяа баталгаагүй болж байгаа гэсэн үг. Харин үржүүлэгчдийн хувьд сонирхсон ажлаа хийж буй явдал нь тухайн хүний эрх гэж боддог. Гэвч мөнгө, ашиг харж замбараагүй үржүүлэх нь нийгэмд сөрөг үр дүнг бий болгоно. Жишээ нь, амьтдыг нялх байхад зарахаар ямар үүлдэр гэдэг нь мэдэгддэггүй. Амьтны үүлдрийн талаарх удмын бичгээр баталгаажуулж авах ёстой байдаг. Гэлээ ч үүлдрийн бус, ихэвчлэн холимог амьтдыг гар дээрээс авсан тохиолдол нэмэгдсэн. Удмын бичиггүй амьтан томрохоороо эрлийз төрх нь гарч ирдэг. Цэвэр үүлдэр биш учраас хүмүүс тэжээж байгаад гудамжинд хаях нь ихэссэн. Энэ мэт үйлдлүүд гаарсан учраас хариуцлагагүй үржүүлэг хүнд шатанд очсон гэж боддог.
-Олон амьтдад спей заслага хийсэн ч үржүүлэгчдээс улбаалж гудамжинд хаягдах амьтад нэмэгдэж буй бас нэг шалтгаан гэж ойлголоо. Ер нь тэжээвэр амьтдын төлөө ямар зохицуулалт хийх нь хамгийн оновчтой хувилбар гэж харж байна?
-Замбараагүй үржүүлгийг цэгцлэх боломжтой зүйл бол Тэжээвэр амьтны тухай хууль юм. Манай улсад тэжээвэр амьтадтай өрх ихэссэн учраас Тэжээвэр амьтны тухай хуулийг зайлшгүй авч үзэх шаардлагатай гэж боддог. Нөгөө талаас сүүлийн хагас жилд мууртай холбоотой хоёр ч том хэрэг гарлаа. Тэжээвэр амьтныг байгалийн нэг хэсэг, амьд бодгаль гэдэг утгаар нь хүмүүс харах хэрэгтэй. Тэгж чадаагүй учраас өнөөх хоёр том хэрэг гарсны дараа тэжээвэр амьтнаа хөөж гаргах тохиолдол нэмэгдсэн.
Амьд амьтан тэжээхийн тулд хүнээс дутахааргүй хайрлаж өсгөх шаардлага тулгардаг. Саяхан нэг алдартан муураа хананд савлаа хэмээн олон нийтийн сүлжээнд бичсэн байсан. Энэ бол хүчирхийлэл. Амьтад ч бас амьдрах эрхтэй. Олон нийтэд ийм байдлаар буруу ташаа мэдээллийг түгээхгүй байх хэрэгтэй гэж боддог. Тэжээвэр амьтан айлд байвал хүүхэд хөдөлгөөний дутагдлаас сэргийлдэг юм. Мөн хайрлах эрдэм, хувийн ариун цэвэр сахих, арчилгаа, харицлага гэх мэт зүйлсэд суралцдаг. Эдгээр бүх зүйлс нь хувь хүмүүсээс шалтгаалах үйлдлүүд. Энэ мэт олон гарц гаргалгааг хэлж болно. Тиймээс ямар зохицуулалт хийх шаардлагатай талаар дурдаач гэвэл амьтдыг хайрлах ухамсартай болгох нь нэн тэргүүнд хийх ёстой зүйл гэж хэлмээр байна.
Н.АНУЖИН
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 2 )
Энэ бол миний ахиц дэвшлийн гэрчлэл юм. Би интернэтээс нэгэн эрийн мэдүүлгийг олж мэдсэн бөгөөд тэрээр өөрийн эмнэлэгт байгаа өвчтөнийг 460,000 ам.доллараар аврахын тулд эмч Раж Дэвашид (NARAYANAHEALTHCARE.IN@GMAIL.COM ) нэг бөөрөө худалдсан гэж мэдүүлсэн тул би шийдсэн.\nЭмч Раж Девашистай холбоо барина уу, тэд миний нэг бөөрийг худалдаж авах сонирхолтой байгаа эсэхийг мэдэж байгаа бөгөөд аз болоход тэр эмнэлэгтээ бөөр худалдаж авахад үргэлж хэрэгтэй байдаг бөгөөд аль болох олон худалдан авахад бэлэн байгаа тул бид тохиролцсон бөгөөд өнөөдөр би байна. Олон жил ядуу зүдүү амьдарсны эцэст би нэ
saihan medee bn. mongolchuud muuriig hairladag boloosoi