Хятадын дөрвөн их сонгодог зохиолын нэгэн болох "Хүйтэн уулын бичиг" хэмээх 100 бүлэг зохиолыг Дундад эртний үеийн Хятадын алдарт бичгийн хүн Ши Най Ань түүхэн үйл явдалд тулгуурлан туурвижээ.
Зохиолын үйл явдал Хятадын Умард Сүн улсын үед өрнөх агаад адал явдал, зовлон зүдгүүр туулсан 108 баатар эр Ляньшань ууланд хувь заягаар учран цугларч, гадаадын дайсан ба дотоодын урвасан хулгай, зальхай ноёдын эсрэг тэмцэж буйг уран яруугаар харуулсан юм.
Зохиолын уг нэр "Усан хөвөөний шастир" бөгөөд монголчууд эртнээс "Хүйтэн уулын бичиг" хэмээн нэрийдсээр ирсэн билээ. Энэхүү сонгодог зохиолыг Монгол Улс дахь БНХАУ-ын Элчин сайдын яамны зөвшөөрөлтэйгөөр уншигч танд хүргэж байна.
АМЬД ЛИ ГУАН ЗЭВ ХАРВАЖ ЦЭРГИЙН СҮРИЙГ МАНДУУЛСАН ОЮУТ ОДОН АРГА СҮВЭГЧИЛЖ ГАЙЖОУ ХОТЫГ БАЙЛДСАН
Өгүүлэх нь Сүн Жян цэргийг дайчлан таван анги хуваан мордож Гайжоу хотыг байлдахаар ирсэнд Гайжоу хотын туршуулч ард нягт мэдээг туршиж сонсоод нисэх мэт ирж мэдүүлэв. Хотыг сахисан жанжин Ню Вэнь Жүн болбоос угт хулгай дээрэм хийж байсан хүмүүн, мөрөн тэнгисээс уулгалан тоносон алт мөнгө эд эрдэнэсийн зүйлээр Тянь Ху-г туслан сүлбээ авч хамт урваад Сүн улсын жоу жюнь-ий газрыг давчлан эзэлсэн тул цэргийн журганы эрхэлсэн сайд шүми-ийн тушаалд дэвшүүлсэн ажгуу.Энэ хүмүүний зэвсгийн эрдэм зэргээс хэтэрхий, гурван үзүүр хоёр ирт дам илдийг хэрэглэмүй.Төдийд догшин сүрт дөрвөн жанжныг авч Гайжоу хотыг сахиж асан бөлгөө.Ямар дөрвөн баатар болов хэмээвээс:
Эрслэний сүрт жанжин Фан Чюн
Өтгийн сүрт жанжин Ань Ши Рүн
Ирвэсийн сүрт жанжин Чу Хэн
Баавгайн сүрт жанжин Юй Юй Линь
Энэ дөрвөн сүрт жанжны гар доор бас тус бүр дөрвөн жанжин бүгд арван зургаан хүмүүн байх аж:
Ян Дуань, Го Синь, Су Жи, Жан Сян
Фан Шүнь, Шэнь Ань, Лу Юань, Ван Жи
Ши Жин, Чинь Шэн, Мо Жэнь, Шэн Фэнь
Хэ Рэнь, Цао Хүн, Ши Сюнь, Сан Ин
Түүнээс Ню Жэньжүн-ий бие олон жанжны хамт гурван түмэн цэргийг авч Гайжоу хотыг бэхлэн сахихуйяа орчмын өдөр Линчуань, Гао Пин-г алдав хэмээн сонсоод нэгэнтээгүүр албан цэргийг угтан байлдахаар бэлтгэж, нэгэнтээгүүр Вэй Шэн, Жинь Нин хоёр хотноо яаралт бичиг илгээн өмөглөх цэрэг гуйв. Мөн өдөр бачим мэдээг сонсмогц тэргүүлсэн жанжин Фан Чюн, дэд жанжин Ян Дуань, Го Синь, Су Жи, Жан Сян-д таван мянган цэрэг өгч хотоос гарч дайсныг угт хэмээгээд Фан Чюн-ий зүг өгүүлрүүн: - Жанжин та хичээн болгоомжлогтун.Миний бие чиний хойноос цэрэг дайчлан туслахаар эчсүгэй хэмээвээс Фан Чюн өгүүлрүүн: - Эрхин шүми үүний тул зовох хэрэггүй. Хоёр хотыг дайсан алдсан нь түүний зусар аргад орсноос болсон болой.Харин хүч мөхөстсөнөөс болсон бус, өчүүхэн хүмүүн энэ өдөр хэдэн хүмүүнийг алахгүй болбоос амалдаж эгэхгүй хэмээв.
Төдийд олон жанжин бие хуяглан мориндоо мордож цэрэг аван зүүн хаалгаар алан гарч ирсэнд Сүн улсын өмнөд анги угтан авч цэрэг тэгшлэн жагсаал засаж харанга цохин хэнгэрэг дэлдэхүйеэ умар этгээдийн жагсаалын хиур дэлгэмэгц Фан Чюн морь тавин гарч ирснээ жигүүрийн дөрвөн жанжин зүүн баруун этгээдэд багларан дагалцжээ, Фан Чюн тэргүүндээ үүл эвхэрсэн дуулга дарж, биедээ луун хайрст хуяг хэдэрч, түүний гадуур ногоон хэмэрлэг дээл өмсөж, бэлхүүсэндээ арслан тоглосон бүс даруулж, хөлдөө арьсан гутал өшиглөж, сүүжиндээ нум сум зүүж, шарга морь унан, ган жад бариад өндөр дуугаар: - Өмхий шалбаагийн өшөөт хулгай ямар аймшиггүй хулжин арга үүсгэн миний хотыг авмуй! хэмээхэд Сүн улсын жагсаалаас Сүнь Ли зандан өгүүлрүүн: - Сөргүүг өмөглөх урвасан хулгай эдүгээ тэнгэрийн цэрэг ирсэн тул тонилох цаг чинь хүрч ирэв! хэмээгээд морь ташуурдан Фан Чюн-ий зүг байлдан орж агт морийг зөрөлдүүлэн атган зэвсгийг хямралдуулж гучин удаа болохуйяа Фан Чюн тамир сулран хүч дарагдахуйяа дайсны цэргийн жагсаал дахь Жан Сян байдал бусыг үзээд нум юугаа гаргаж зэв онилоод морь довтолгон урагш эчиж сүрхийтэл харвасанд Сүнь Ли зэв ирэхийг олж үзээд морин жолоогоо нэгэнт дугтарсанд түв хэмээн морины нүд оногдож хөл өргөн дээш цовхрохуйяа Сүнь Ли үсрэн бууж жад эргүүлэн явганаар байлдав.Суманд оногдож цочин үргэсэн морь нь умарш арав хорин алхам гүймэгц хөсөр өнхрөн унав. Жан Сян бээр Сүнь Ли-ийн ажирсангүйг үзээд морь хийсгэн илд далайж өмөглөхөөр ирсэнд Чинь Мин тосон авч байлдав. Сүнь Ли жагсаалдаа эгж морь солин унасугай хэмээвч Фан Чюн жад сунган зүүн барууныг зай тавихгүй жадлан хаших тул бие мултарч чадахгүй цуглаж атал өмнөх жагсаалын мэргэн харваач Хуа Рүн хэдийн олж үзээд цээж дэлбэртэл хилэгнэж: - Хулгайн жанжин ямар аюулгүй нууц зэв харвамуй.Миний хувилгаан зэвийн амтыг үзтүгэй! хэмээгээд зэв онилон дүүртэл татаад сүрхийтэл харвасанд Фан Чюн-ий нүүр оногдож мориноос тонгорцоглон унасанд Сүнь Ли гүйн эчиж жадлан алаад жагсаал зүгээ буцав. Түүнээс Жан Сян илд эргүүлэн Чинь Мин лүгээ байлдахуйяа Чинь Мин-ийн хэрэглэх аргат шийдэм түүний гал магнайгаас алахгүй тул Жан Сян арай хэмээн шийдмийг халхлан бие зайлж атал Фан Чюн мориноос тонгорцоглон унахуйяа дотор бальдан,зүрх түгшиж хэдийн тосож дийлэхгүй болсонд ар жагсаалын Го Синь морь ташуурдан жад мушгиж Жан Сян-г өмөглөхөөр ирэхүйеэ Чинь Мин эмээхгүйгээр хоёр жанжин лугаа хүчлэн байлдаж гурван хүлэг гурвалжнаар тоглож тоос мандуулан алалдан үүсгэхүйеэ Хуа Рүн бас нэгэн зэв сугалан авч онилоод саран мэт дүгрэглэн татаж сүрхийтэл харваж: - Зэв үз! хэмээн хашхирсанд хурц зэв солир мэт нисэж хэдийн Жан Сян-ий ар нуруугаар шувтлан гарсанд мориноос тонгорцоглон унав. Го Синь Жан Сян-ий зэвд оногдсоныг үзээд хоосныг жадлан жагсаалын зүг буруулан эчихүйеэ Чинь Мин морь тавин нэхэв.Энэ үед Сүнь Ли морь солин жагсаалаас гарч ирээд Хуа Рүн, Суо Чаолугаа цэрэг даллан дарж байлдсанд дайсны цэрэг их л самуурч, Ян Дуань, Го Синь, Су Жи халхалж ялгуухгүй болж яаран хойш ухартал гэнэт хойд этгээдээс хашхирах дуу мандсанаа лавлан үзвээс Ню Вэнь Жүн бээр Фан Чюн-г эндүүзэй хэмээн Ань Ши Рүн, Юй Юй Линь-д тус тус таван мянган цэрэг өгч хоёр замаар хавчин байлдуулсан ажгуу. Төдийд Хуан Рүн зэргийн дөрвөн жанжин яаран цэрэг хуваан дайсныг угтан байлдахуйяа Ян Дуань, Го Синь, Су Жи цэргээ эгүүлэн байлдсанд Хуа Рүн нар гурван этгээдээс хавчин байлдахыг халхлан чадахгүй болж урагш хойш шаламгайлан шувталсан боловч дайсны цэрэгт хүмүүнд бүслэгдэв. Хараахан цухалдаж атал зүүн этгээдээс хашхирах дуу тэнгэр тулж, дайсны цэрэг гэнэт самуурав. Үзвээс Дүн Пин зэргийн долоон жанжин зүүнээ орж, Хуан Синь зэргийн долоон жанжин баруунаа болж хоёр замын цэрэг морь нэгэн зэргээр даран цохисонд дайсны цэрэг их л дарагдаж алагдсан хүмүүнийг тоолбоос барахгүй. Ань Ши Рүн, Юй Юй Линь нар яаран цэрэг хураан хотноо орж хаалга юугаа дарав. Сүн улсын цэрэг морь хотын ойр нэхэн ирсэнд үхэр буугаар харваж өнхрүүл мод тавих тул сая цэрэг татан хойш ухрав.
Удсангүй Сүн Жяних цэргийг авч ирээд хотоос таван газрын алсад хүрээ байгуулан буусан хойно, Сяо Ран-г цацарт дуудаж Хуа Рүн-д тэргүүн гавъяа тэмдэглүүлснээ, гэнэт жавар хөдөлж тоос мандаад баруун зүгээс зүүнш өнгөрөхүйеэ туг хиур сажлан дайвалзахад Ү Юн өгүүлрүүн: - Их салхийг ашиглан энэ шөнө хулгайн цэрэг эрхгүй хүрээг дарахаар ирэх тул түргэн бэлтгэвээс зохимуй хэмээвээс Сүн Жян өгүүлрүүн: - Энэ удаагийн их салхийг энгийн үед адилтгаваас болохгүй! хэмээгээд Оу Пин, Дэн Фэй, Янь Шүнь, Ма Линь-д гурван мянган цэрэг өгч хүрээний зүүн этгээдэд бүгүүлж, Ван Ин, Чэнь Да, Ян Чүнь, Ли Жүн-д гурван мянган цэрэг өгч хүрээний баруун этгээдэд бүгүүлж Лү Жишэнь, Ү Сүн, Ли Күй, Бао Сюй, Сян Чүн, Ли Гүнь-д таван зуун цэрэг өгч хүрээний дунд бүгүүлээд буун дууг сонсмогц зэргээр гарч байлд хэмээн зарласан хойно Ү Юн лүгээ зулын гэрэлд сууж цэргийн үйлийг шүүмжлэв.
Жич өгүүлэх нь Ню Вэнь Жүн жанжин цэргээ бүртгэн үзвээс хоёр жанжин хэдэн мянган цэрэг хохирсон тул сэтгэл бухимдан дотор эвхэрч, мөн даруй олон жанжин лугаа зөвлөхүйеэ Ань Ши Рүн арга өргөн өгүүлрүүн: - Эзэн юаньшуай сэтгэлээ сул тавь. Сүн Жян нар дараагаар хэдэн удаа дийлсэн тул цөс бүдүүрэн омог бадраад бэлтгэл хийхийг умартсан буй за. Үүнхүү Ши Рүн миний бие нэгэн салаа цэрэг аван түүний хүрээг дарваас эрхгүй бүрнээ дийлж энэ өдрийн өшөөг хариулж болмуй хэмээвээс Ню шүми өгүүлрүүн: - Жанжин эчвээс би өөрийн биеэр цэрэг дагуулан тусалсугай. Юй, Чү хоёр жанжин хоцорч хотыг сахигтун хэмээсэнд Ань Ши Рүн ихэд баярлаж: - Гэгээн гүн өөрийн биеэр дийлбээс Сүн Жян-г магад барьж чадмуй хэмээн зөвлөн тогтоод шөнийн хоёр жин болсон хойно Ань Ши Рүн харъяа жанжин Шэнь Ань, Лу Юань, Ван Жи, Ши Жин лүгээ таван мянган цэрэг салган хүмүүн бүрд хөнгөн хуяг өмсүүлж, хүлэг морины хонхыг авуулж хотноос зэв үмхэн сэмээр мордож Сүн улсын хүрээний өмнө ирээд нэгэнт хашхирч хүрээнээ даран орвоос цайзын хаалга нээгдэж дэн зул дуалан гэрэлтэх тул Ань Ши Рүн аргад унасныг мэдээд яаран цэрэг татан эгсүгэй хэмээтэл гэнэт буу дуугармагц зүүнээс Янь Шүнь зэргийн дөрвөн жанжин, баруунаас Ван Ин зэргийн дөрвөн жанжин хоёр этгээдээс алан ирэхүйеэ хүрээнээ бүгсэн Ли Күй зэргийн зургаан жанжин бамбай барьсан явган цэргийг даллан нүдгүй дайран ирсэнд дайсны цэрэг их л дарагдаж дөрвөн зүгт сарнин дутааснаа Шэнь Ань зайлж завдсангүй Ү Сүн-ий илдэнд цавчигдаж, Ван Жи бас Ван Ин-д алагдав. Ань Ши Рүн, Ли Юань, Ши Жин нар Сүн улсын цэрэгт хаагдаж хараахан цухалдаж атал Ню Вэнь Жүн жигүүрийн жанжин Цао Хүн, Ши Сюнь лүгээ цэрэг аван өмөглөхөөр ирээд нэгэн зэрэг зууралдан байлдаад тус тус цэрэг хурааж эгэв.
Жич өдөр Ню Вэнь Жүн цэрэг морийг бүртгэн үзвээс бас нэгэн мянга илүү хүмүүн хохирч, Шэнь Ань, Ван Жи хоёр жанжин гэнэдэж Ши Сюнь хүнд шархдаж арайхан амьсгах тул нэнд дотор битүүрэн зовниж атал гэнэт харуулын ард гүйн ирж Вэй Шэн жоу-оос зарлиг уламжлах элч ирэв хэмээн мэдүүлсэнд Ню Вэнь Жүн яаран морь унаж хойд хаалгыг нээж элчийг угтан оруулж зарлигийн бичгийг дуудуулбаас: - Орчмын өдөр одыг шинжих яамнаас шөнийн огторгуйг байцаахул Тян Ган од Жянь-ий газар халдах тул хот балгасыг батад бэхлэх хэрэгтэй. Хэрхэвч осолдож болохгүй хэмээсэн ажгуу. Ню Вэнь Жүн Сүн улсын хаан төрөөс Сүн Жян нарт цэрэг өгч байлдахаар илгээгээд хоёр хотыг дараагаар эвдсэн жич Сүн улсын цэрэг лүгээ өчигдөр зууралдан байлдаж, их бага таван жанжин хохирсон тул эртхэн өмөглөх цэрэг илгээвээс сая хотыг баталж чадмуй хэмээсэнд элч өгүүлрүүн: - Миний бие Вэй Шэн жоу-оос мордох үед ийн чимээг хараахан сонссонгүй бөлгөө. Замын зуур сая Сүн улсын эзэн төр энд цэрэг илгээв хэмээн сонсов хэмээсэнд Ню Вэнь Жүн ширээ засан хүндэд дайлж тал засаж бэлэг барьсан хойно үхэр буу өнхрүүл мод, хатуу нум холховч зэв, галт сум, үнст зэвсэг зэргийг базааж хот цайзыг бэхлэн өмгөлөх цэрэг ирэхийг хүлээн суусныг түр өгүүлэхгүй.
Жич өгүүлэх нь Янь Шүнь, Ван Ин зэргийн олон жанжин хүрээ дарахаар ирсэн хулгайн цэргийг алан сарниулж цайздаа эгсэн хойно жич маргаадар Сүн Жян цааз зарлан үүлэн шат зэргийг сэлбүүлж хотыг байлдахаар бэлтгүүлж, Линь Чүн, Со Чао, Сюань Зан, Хао Сывэнь-д нэгэн түмэн цэрэг өгч зүүн хаалгыг байлд. Сюй Нин, Чинь Мин, Хань Тао, Пэн Чи-д нэгэн түмэн цэрэг өгч өмнө хаалгыг байлд. Дүн Пин, Ян Хи, Шань Тингүй, Вэй Дингуо-д нэгэн түмэн цэрэг өгч баруун хаалгыг байлд хэмээв. Гаднаас өмөглөх цэрэг ирвээс хот доторх цэрэг морь шувтлан гарсан цагт дайсны цэрэгт хавчигдах болуузай хэмээн хойд хаалгыг хоосон тавиад, Ши Жинь, Жү Түн, Мү Хүн, Ма Линь-д таван мянган цэрэг өгч хотын зүүн хойнох довцгийн доор бүгүүлэв. Хуан Синь, Сүнь Ли, Оу Пэн, Дэн Фэй-д таван мянган цэрэг өгч хотын баруун хойнох зузаан шугуйд бүгүүлж, хулгай хэрвээ өмөглөх цэрэг илгээвээс хоёр этгээдээс хавчин байлд. Хуа Рүн, Ван
Ин, Жан Чин, Сүнь Синь, Ли Ли-д нэгэн мянган цэрэг өгч нааш цааш дөрвөн хаалгыг тойрон чимээ авагтун. Ли Күй, Бао Сюй, Сян Чүн, Ли Гүнь, Лю Тан, Лэй Хэн-г гурван зуун явган цэрэг Хуа Рүн нарыг туслан байлд хэмээв. Олон жанжин зарлигийг хүлээн тус тус гарч эчсэн хойно, Сүн Жян бээр Лү Жюнь И, Ү Юн зэргийн их бага жанжин нарыг авч хотоос зүүнш нэгэн газрын алс хүрээ байгуулан буугаад Ли Юнь, Тан Лун-д захиа буулган үүлэн шат нисэх тагт үйлдэн эл хүрээнээ хүргэж өгөгтүн хэмээв.
Түүнээс Линь Чүн зэргийн дөрвөн жанжин хотын зүүнээ үүлэн шат нисэх тагт босгож хотын хайсанд ойртуулаад бушуу шаламгай цэргийн ардыг дээш авируулан хайсан дээр гаргаж доороос хашхиралдан сүр нэмсүгэй хэмээсэнд хот дотроос галт зэв царцаахай мэт харвах тул дээш авирсан хуяг цэрэг бие зайлах газар үгүй болж, нисэх тагтанд гал золгож агшин зуур хүрхийтэл нурсанд тав зургаан хүмүүн үхэж арваад хүмүүн шархдав. Хотын баруун ба өмнөх албан цэрэг ч галт зэв галт бууд оногдон нэлээд хүмүүн хохиров. Энэ мэтээр зургаа долоон өдөр байлдсан боловч хотыг эвдэж чадсангүй.
Түүнээс Сүн Жян хотыг эвдэж чадахгүйг үзээд Лү Жюнь И, Ү Юн лүгээ өмнөд хаалганы ойр ирж, цэргийг шаардан хотыг байлдуулж атал Хуа Рүн зэргийн таван жанжин хурдан морьтныг дагуулан баруун зүгээс туршихаар ирэв. Төдийд Юй Юй Линь дэд жанжин Ян Дуань, Го Синь лүгээ хаалганы асар дээр сууж цэргийн ардыг захиран хотын хаалгыг сахиж байсан аж. Ян Дуань бээр Хуа Рүн-ий асраас ойртож ирснийг үзээд: - Урьд өдөр энэ хүмүүн дараагаар манай хоёр жанжныг харваж алав. Энэ өдөр түүний өшөөг хариулсугай хэмээгээд нум юугаа шүүрэн авч зэв сугалан онилоод Хуа Рүн-ий зүрхэн эхийг зааж харван илгээсэнд Хуа Рүн нумын хөвчин дууг сонсмогц эмээлийн бүүрэгнээ хойш суухуйяа харвасан зэв чив хэмээн нисэн ирсэн тул гарын аяар шүүрэн авч амандаа зуугаад барьсан жадыг бүүрэгнээ хавчуулж баруун гараар мөн тэр зэвийг авч зүүн гараар нумыг барьж саран мэт дүгрэглэн татаад сүрхийтэл харваж илгээсэнд Ян Дуань- ий багалзуур оногдож араараа саван унасанд Хуа Рүн их дуугаар хашхиран өгүүлрүүн: - Хулгана мэт өчүүхэн ард аймшиггүй хулгай зэв харваваас нэгд нэгээр эрлэгийн оронд залсугай! хэмээгээд баруун гараар зэв авч дахин харвасугай хэмээтэл хотын асар дээр үймэлдэн хашхиралдах дуу мандаж арван хэдэн цэргийн ард зэргээр дорогш гүйлцэн буухуйяа Юй Юй Линь, Го Синь тэсгэлгүй эмээж царайн өнгө шороо мэт болж зайлж завдахгүй цухалдсанаа Хуа Рүн жихүүнээр инээж: - Мэргэн харваач жанжин намайг эдүгээ таньсан буй за! хэмээсэнд Сүн Жян, Лү Жюнь И дуу алдан шагшив. Ү Юн өгүүлрүүн: - Бид эдүгээ Хуа жанжин лугаа хамт эчиж хотын байдлыг үзсүгэй хэмээхэд Хуа Рүн нар Сүн Жян, Лү Жюнь И, Ү Юн-г багларан дагаж хотыг тойрон нэгэн зэрэг үзэв.
Сүн Жян, Лү Жюнь И, Ү Юн хүрээнээ эгсэн хойно, Ү Юн Линчуань хотын дагасан жанжин Гэн Гүн-г дуудаж Гайжоу хотын орох гарах замыг асууваас
Гэн Гүн өгүүлрүүн: - Ню Вэнь Жүн хотын дундах хуучин яамыг юаньшуай-н ордон болгож засав. Хотын хойд захад хэдэн сүм баймуй. Бус хоосон газар нь цөм өвсөн хүрээлэн мөн болой хэмээсэнд Ү Юн даруй Сүн Жян лугаа зөвлөж Ши Чянь, Ши Сю-г цацарт дуудан ацраад: - Ийм тийм аргаар үйлдэж, Хуа Рүн-ийн цэрэгтэй эчиж, жанжны цаазыг сэмээр уламжилж тохиолыг үзэн гар хөдөлтүгэй хэмээн сургасан хойно Лин Жэнь, Се Жэнь, Се Бао-г хоёр зуун цэрэг дагуулан, аянгын дуут их бага тэмдэг бууг авч ийм тийм аргаар үйлд хэмээв. Лү Жишэнь, Ү Сүн-г хэнгэрэг дэлдэгч гурван зуун хүмүүнийг дагуулж, Лю Тан, Ян Сюнь, Юй Баосы, Дуань Жинжү-г тус бүр хоёр зуун хүмүүнийг дагуулж гал бамбар бэлтгэн авч зүүн баруун өмнө умар дөрвөн зүгт мордож захисан ёсоор арга улируул хэмээв. Бас Дай Зүн-г дуудаж зүүн баруун өмнө гурван хүрээнээ эчиж цааз зарлигийг сэмээр уламжилж хот дотор гал мандваас хүчээ хамтатган хотыг довтлогтун хэмээсэнд олон жанжин захиаг хүлээн гарч эчив.
Жич өгүүлэх нь: Ню Вэнь Жүн өдөр шөнийн хувьд өмөглөх цэрэг ирэхийг хүлээвч огт чимээ сураг үгүй тул тэсгэлгүй бухимдан зовж цэргийн ардыг гаргаж мод чулуу зөөлгөж хот цайзаа бэхэлж атал бүрий тасарч харанхуй болсноо хойд хаалганы гадна гэнэт хашхирах дуу мандаж хэнгэрэг бүрээ зэргээр дуурсан үүсгэхэд Ню Вэнь Жүн хойд хаалганд довтлон хүрч хайсан дээр гарч үзвээс хүмүүн хашхиралдах ба хэнгэрэг нүржигнэх дуу огт үгүй болоод аль зүгийн цэрэг морь болохыг мэдэхгүй хараахан гайхаж атал хотын өмнөөс бас хашхирах дуу мандаж харанга хэнгэрэг түрчигнэсэнд Юй Юй Линь-ээр хойд хаалгыг сахиулж өөрийн биеэр морь тавин өмнө хаалганаа хүрч үзвээс хүмүүний дуу ба хэнгэргийн дуу хэдийн тасарсан аж. Ню Вэнь Жүн нүд чилтэл бараа харваас Сүн улсын өмнөд хүрээнээ жингийн хэнгэрэг нүр нүр хэмээн дуугарахаас бус чимээ анир огт үгүй бөгөөд галын гэрэл ч харагдахгүй тул яаралгүй дорогш бууж юаньшуай-н ордноо эгж байцаасугай хэмээтэл зүүн хаалганы гадна бас буун дуу хүнгэрсэж хотын баруунаа хашхирах дуу мандаж харанга хэнгэрэг түрчигнэхүйеэ Ню Вэнь Жүн зүүнш баруунш морь довтолгон тэнгэр гэгээртэл зогссонгүй. Жич маргаадар Сүн улсын цэрэг бас хотыг байлдаж шөнө болсон хойно сая цэрэг эгэв. Мөн шөнийн дэд жингийн үед бас хэнгэрэг нүржигнэх хүмүүн бархилдах дуу гарсанд Ню Вэнь Жүн өгүүлрүүн: - Эдгээр амьтан сэжиглүүлэх цэрэг гарган түйвээж байх тул түүнийг ойшоох хэрэггүй. Ганц хот цайзаа бэхлэн сахиваас тэр биднийг хэрхэж чадмуй хэмээн өгүүлж дуустал гэнэт хүмүүн ирж зүүн хаалганд галын гэрэл тэнгэр тулж, гал бамбарыг тоолбоос барахгүй, нисэх тагш үүлэн шат хотын хайсанд шахаж ирэв хэмээн мэдүүлсэнд, Ню Вэнь Жүн яаран зүүн хаалганд довтлон хүрч Чу Хэн, Ши Жин, Чинь Шэн нарын хамт цэргийн ардыг шаардан галт сум харван үхэр чулуу өнхрүүлж атал гэнэт галт буу дүнгэнэн дуугарч уул хадыг долгисуулан хотын асрыг чичрүүлсэнд хот доторх цэрэг иргэн цөс хэмхэртэл эмээн цочив. Энэ мэтээр бүтэн хоёр шөнө үймүүлж, гэгээрсэн хойно дахин ирж хотыг байлдах тул цэргийн ард нүд дарах чөлөө олсонгүй. Ню Вэнь Жүн бас эргэн тойрон цагдан яваад нэгэн мөч ч хэмээн амсхийсэнгүй. Гэнэт үзвээс баруун хойд этгээдээс туг хиур мяралзан нарыг халхалж зүүн өмнөш ирэхүйеэ Сүн улсын арван хэдэн туршуулч морьтон нисэх мэт довтлон их хүрээнээ эгсэнд, Ню Вэнь Жүн өмөглөх цэрэг ирэв хэмээн Юй Юй Лин-г хотоос гарч угтан авагтун хэмээв.
Баруун хойноос ирсэн тэр нэгэн салаа цэрэг морь болбоос өөр хүмүүний цэрэг бус Жинь Нин-г сахисан жанжин Тянь Ху-ын дүү гуравдугаар ван Тянь Бяо Гайжоу-ын цэрэг гуйсан бичгийг олоод харъяа жанжин Фэн Сян Ван Юань-д хоёр түмэн цэрэг өгч өмөглөхөөр илгээсэн ажгуу. Түүнээс Фэн Сян Ван Юань цэрэг аван Ян Чэн хотыг өнгөрөөд Гайжоу зүг мордож арваад газрын ойр хүрч ирсэнд гэнэт буу дуугарч зүүн баруун хоёр этгээдийн өндөр давааны зузаан шугуйгаас хоёр багийн цэрэг морь нисэх мэт довтолж ирэв. Үзвээс Ши Жинь, Жү Түн, Мү Хүн, Ма Лань, Хуан Синь, Сүнь Ли, Оу Пэн, Дэн Фэй зэргийн найман жанжин шилдэг цэрэг нэг түмэн хүмүүнийг авч хоёр талаас даран ирэв. Жинь Нин-ий цэрэг хэдий хоёр түм хэмээвч алсаас ирж алжаан зүдсэн тул арваад өдөр бүгэн хүлээж тамир хүчийг тэжээсэн чийрэг цэргийн даран цохихыг хариуцаж чадахгүй болж их л дарагдан харанга хэнгэрэг, туг хиур, зэр зэвсэг, хуяг дуулга, морь унаа юугаа тоолшгүй арвин гээж, хуяг цэргийн их хагас нь хохирсонд Фэн Сян, Ван Юань арай хэмээн амь мултраад үлдэж тоссон жанжин цэргээ дагуулан Жинь Нин-дээ эгснийг түр өгүүлэхгүй.
Жич өгүүлэх нь Ню Вэнь Жүн хоёр багийн цэрэг морь өмөглөх цэргийг тосон байлдахыг үзээд яаран Юй Юй Линь-д цэрэг өгч хойд хаалгаар гарч угттугай хэмээсэнд хойд хаалгыг байлдах цэрэг үгүй тул Юй Юй Линь захиаг хүлээн цэрэг салгаж хаалга нээн унууль гүүрийг өнгөртөл Хуа Рүн нэгэн салаа морьт цэргийг дагуулан баруунтайгаас довтлон ирсэнд дайсны цэрэг: - Мэргэн харваач жанжин хүрч ирэв! хэмээн дуу алдан бархиралдаж, мэнд санд хойш эргэн хотдоо чихэлдэн орсноор Юй Юй Линь анхан өдөр өмнө хаалганд цөс хэмхэртэл айсан тул аймшиггүй байлдсангүй мөн хотдоо буруулан оров. Хуа Рүн нар давхин ирж хориод хүмүүнийг алаад дахин нэхсэнгүй хотод тавин оруулсанд хотын хаалгыг таг дарж гарахгүй болов.
Төдийд Ши Сю, Ши Чянь хоёул дайсны цэргийн ёсоор хувцаслаж хот дотор шурган ороод үймэлдэн шуугилдах завшаанд нарийн гудамжинд гүйн ороод цаад үзүүрт гарваас “орон газрын савдгийн сүм” хэмээх илэрхийлэл өлгөсөн нэгэн хийд харагдав. Ши Чянь, Ши Сю урагш алхан сүмд орвоос нэгэн бумба зүүн хаяанаа галд хөлчөөж суумуй. Тэр бумба гаднаас хоёр цэрэг орж ирснийг үзээд ийн асууруун: - Ноён минь гаднах чимээ ямар болов? хэмээвээс цэргийн хүмүүн өчрүүн: - Бид өнөөх Юй жанжны захиагаар байлдахаар гараад тэр мэргэн харваач жанжинд учирсан тул Юй жанжин эмээж түүн лүгээ зөрөлдсөнгүй. Бид мэндэн сандан хойш буруулж үймээн түйвээний дундуур энд хүрч ирэв хэмээгээд өврөө тэмтрэн бага сага зайр мөнгө гаргаж бумбад өгөөд: - Бие жихүүцэж даарах тул хадгалж байх дарснаас чинь хэдэн аяга авч уусугай хэмээвээс бумба инээж хариу өчрүүн: - Ноён минь, энэ хэдэн өдөр дайн байлдааны үйл бачим болсон тул бурханд өргөх хүж зул ч хүрэлцэхгүй болов. Хаанаас архи дарсыг олж уумуй? хэмээгээд зайр мөнгийг Ши Чянь-д эгүүлэн өгөхөд Ши Сю түүний гарыг түлхэж: - Үүнийг чи түр хураан авагтун. Бид өдөр дараалан хот сахиж зүдрээд өдөр болтол нүд дараагүй тул энэ шөнө энд хонож маргаадар өглөө салж эчсүгэй хэмээхэд бумба гараа сажиж өгүүлрүүн: - Хоёр ноён битгий муу санагтун. Ню жанжны цааз хатуу, удахгүй байцаахаар ирмүй. Би хэрвээ та хоёулыг авч хоновоос хэн алинд ч яршиг болмуй хэмээхүйеэ, Ши Чянь өгүүлрүүн: - Ийн бөгөөс жич мэдсүгэй хэмээсэнд Ши Сю бомбын хажууд сууж галд хөлчөөн дулаацаж атал Ши Чянь эргэн тойрныг үзвээс хүмүүн үгүй тул Ши Сю-ийн зүг нүд имнэсэнд Ши Сю сэмээр охор илдээ гаргав. Тэр бомбыг хувин тэврэн суух чөлөөнд Ши Сю арын хойноос илд далайн тэргүүнийг нь тас цавчаад сүмийн үүдийг таг дарав. Тэр үе чив хэмээн тахиа цаг болжээ. Ши Чянь бурхан гүнгарвааний араар тойрон орвоос хойд этгээдэд нэгэн үүд байх бөгөөд түүний гадна нэгэн бяцхан тооно баймуй. Саравчны доор хэдэн овоо өвс овоолжээ. Ши Чянь, Ши Сю өвсийг тэврэн дотогш оруулж бомбын хүүрийг дараад сүмийн үүдийг нээж хойд гэрийн тооноор мөлхөн гэрийн орой дээр гарав. Хоёул удтал хэвтсэн хойно тэргүүн өргөн дээш харваас огторгуйд хэдийн хэдэн арван од илэрч гарсан тул Ши Чянь, Ши Сю бас баахан удаж дорогш буугаад сүмийн гадна гарч үзвээс нэг ч хүмүүн харагдахгүй тул хэдэн алхам явж эргэн тойрныг бараа харваас ойр орчим хэдий хэдэн айл байвч үүд цонхоо таг түгжээд доор дуугаар гаслан уйлах чимээ бүүр түүр сонстмуй. Ши Чянь урагш алхаж шороон хэрмийг ороон гарваас хэдэн арван овоо өвс хураасан нэгэн их үтрэм харагдсанд Ши Чянь дотроо ийн санаруун: - Энэ өвсөн хашааг юуны учир цэргийн ардаар сахиулахгүй аж?” угт хот доторх жанжин түшмэл ганц хотын гаднах дайсныг сэргийлэхэд яараад өвсөн хашааг байцаан үзэх зав олохгүй болсон тул хашааг сахисан цэргийн ард Сүн улсын цэрэг ирж өмөглөх цэргийг алан сарниулав хэмээн сонсоод хотыг хамгаалж чадахгүй болов хэмээн санаад тус тусдаа амь зулбан бие далдлахаар эчсэн ажгуу. Ши Чянь, Ши Сю бие эргэн сүмд ирж хувингаас гал аваад бомбын хүүрийг бүтээсэн өвсөнд гал тавиад дахин өвсөн хашаанд гүйн эчээд хоёул тус тус долоо найман газар гал тавьсанд удсангүй өвсөн хашаа түймэр мандаж, улаан дөл огторгуй тулаад сүмийн хүрээнд ч гал золгов. Төдийд өвсөн хашааны баруун дахь нэгэн иргэн гал гарч түймэр мандсаныг олж үзээд бамбар барин гарч ирсэнд Ши Чянь гүйн эчиж барьсан бамбарыг нь булаан авсанд Ши Сю өгүүлрүүн: - Бид эчиж Ню юаньшуайд мэдүүлсүгэй хэмээснээ тэр иргэн нүд өргөн үзвээс хоёр цэргийн хүмүүн болох тул айж дуугарсангүй. Ши Чянь гал бамбарыг барьж амандаа юаньшуайд мэдүүлсүгэй хэмээн бархирсаар Ши Сю лүгээ өмнөш гүйх зуур иргэний гэрийн саравчинд бас гал оруулаад бамбараа нэгэн тийш бялуудаж, дайсны цэргийн тэмдэгт хувцас юугаа тайлж хаяад сэлүүн газрыг эрж нуув.
Түүнээс дөрөв таван газарт гал мандсаныг үзээд хотын хүмүүн түрхрэн үүсгэв. Ню Вэнь Жүн өвсөн хашаанд гал орсныг олж үзээд яаран цэрэг аван гал унтраахаар эчив. Хотын гаднах цэрэг морь хот дотор гал гарсныг үзээд Ши Чянь, Ши Сю дотоодоос дохио тавихыг мэдэж хүч хамтатгаж хотыг байлдмуй. Сүн Жян, Ү Юн лүгээ Се Жэнь, Се Бао-г дагуулан хотын өмнө эчих зуур Ү Юн өгүүлрүүн: - Би анх өдөр үзвээс тэндэх хэрэм баахан богино мэт хэмээгээд Чинь Мин-г нисэх мэт тагт түлхэн хотын хэрэмд ойртон эчигтүн хэмээгээд Се Жэнь, Се Бао-ын зүг өгүүлрүүн: - Хулгайн цэрэг цөс хэмхэрч байлдах санаа үгүй болов. Танай зэргийн ах дүү нар үхэхвэр чармайн хайсанд гарагтун! хэмээсэнд Се Жэнь илд барин нисэх тагтанд гарч хотын хайсанд мацан гарснаа Се Бао бас дүүлхийлэн авирч гараад хоёул их дуугаар хашхиран илд эргүүлэн цавчихуйяа хайсан дээрх харуулын цэрэг угаас нойр алдан эмээж байсны дээр Се Жэнь, Се Бао-ын догшин сүрийг үзмэгц тэргүүнээ тэврэн хайсан уруу гүйлцэн буув. Жигүүрийн жанжин Чу Хэн тэр хоёул хайсан дээр авиран гарсныг олж үзээд жад мушгин урагш байлдаж арван удаа болсонгүй, Се Бао-д цавчигдаж унахуйяа, Се Жэнь давхин ирж тэргүүнийг нь тас цавчив. Энэ үе Сүн улсын зуу илүү хүмүүн нисэх тагтаар авиран хотын хайсанд гарсан тул Се Жэнь, Се Бао өмнө орон шаламгайлж шат уруу алан буух зуур: - Аймшиггүй хариуцах хүмүүнийг махан жян болтол цавчмуй! хэмээн их дуугаар хашхиралдан Ши Жин, Чинь Шэн нарыг жадлан алж хаалга сахих харуулын цэргийг цавчин унагаж хотын үүдийг булаан эзэлж, унуул гүүрийг буулгасанд Сюй Нин тэргүүлэн олон жанжин цэрэг морийг авч хот дотор ив түлхэн оров. Сюй Нин, Хань Тао цэрэг дайчлан зүүн хаалганы зүг дайран ирсэнд Ань Ши Рүн халхалж чадсангүй Сюй Нин-д жадлагдан үхсэнээ, хотын хаалгыг цайтал нээж Линь Чүн зэргийн олон жанжныг тавьж оруулав. Чинь Мин, Фэн Чи хоёул цэрэг морийг авч баруун хаалгыг байлдан эзэлж Дүн Пин нарыг тавьж оруулав. Мо Жэнь, Хэ Рэнь, Цао Хүн нар самуун цэрэгт алагдав. Хүмүүний хүүр зээл дүүрч улаан цус гудамжинд налайв. Ню Вэнь Жүн дөрвөн хаалга автсаныг үзээд арга буюу мориндоо мордож хотыг гээж Юй Юй Линь лүгээ хэдэн зуун хүмүүнийг авч хойд хаалгаар шувтлан гарч дэмий хоёр газар явсангүй харанхуй газраас хар хуй Ли Күй, тарлан хуушаан Лү Жишэнь хүрч ирж эчих замыг халхлав. Энэ үнэхээр тэнгэрийн торыг нягт дэлгэхүйеэ алхах газар үгүй, газрын өөшийг нийдэм хаяхуйяа мултрах арга үгүй. Эгнэгт Ню Вэнь Жүн, Юй Юй Линь-ий амь нас хааш болохыг мэдсүгэй хэмээвээс түр доорд бүлэгт үзтүгэй.
Сэтгэгдэл ( 0 )