"72 цагийн виз аялал жуулчлалыг хөгжүүлэхэд хөшүүрэг болно"

2022 оны 02 сарын 22

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ, Соёлын сайд Ч.Номин, Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин нар өчигдөр (2022.02.21) гадаад улсуудаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдууд болон олон улсын байгууллагуудын суурин төлөөлөгчидтэй “OPEN UP MONGOLIA” уулзалт зохион байгууллаа. 

Уулзалтаар Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлсэн цар тахлын үеийн эдийн засгийг эрчимжүүлэх, Шинэ сэргэлтийн бодлогыг Монголын аялал жуулчлалын салбартай уялдуулж буй байдал, Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас 2022 онд аялал жуулчлалын салбарт дэвшүүлж буй зорилт, үйл ажиллагааны чиглэлээ танилцуулан, хамтын ажиллагааны талаар санал солилцсон юм.

Энэ үеэр Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнийн арга хэмжээг нээж хэлсэн үгийг хүргэе.


Тэрээр "Эрхэм хүндэт элчин сайд нар, олон улсын байгууллагын суурин төлөөлөгчид та бүхэнд энэ үдшийн мэнд дэвшүүлье.

2022 оны хоёрдугаар сарын 14-ний өдрийн Засгийн газрын ээлжит бус хуралдаанаас Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ манай улс гадаадын жуулчдад хилээ бүрэн нээж байгаагаа албан ёсоор мэдэгдсэн. Засгийн газрын энэхүү шийдвэрийг шуурхай, үр дүнтэй хэрэгжүүлэхтэй холбогдуулан аялал жуулчлалын салбарын цаашдын хамтын ажиллагааны талаар мэдээлэл хуваалцахаар та бүхнийг өнөөдөр урьсан юм. Бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн та бүхэндээ чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Дэлхий нийтийг хамарсан Ковид-19 цар тахлын улмаас аялал жуулчлалын салбар хамгийн их эдийн засгийн хохирол амссан салбар болоод байна. Сүүлийн 2 жилийн хугацаанд манай оронд ирдэг гадаадын жуулчдын тоо 2019 онтой харьцуулахад 93 хувиар буурсан байна. Хөгжиж буй орнуудын аялал жуулчлалын салбарын хохирол амссан байдлын талаар Дэлхий аялал жуулчлалын байгууллагын гаргасан судалгаагаар манай орны аялал жуулчлалын салбар 5 дугаар байрт оржээ.

Уул уурхайгаас ихээхэн хамааралтай эдийн засагтай манай орны хувьд экспортын бусад салбарыг дэмжих, эдийн засгаа солонгоруулах шаардлага туйлын чухал юм. Тиймээс эдийн засгийн хүнд цохилтод ороод буй аялал жуулчлалын салбараа хурдан хугацаанд сэргээх талаар хүчин чармайлт гарган аялал жуулчлалыг сэргээх стратегийг боловсруулж байна.

Цар тахалтай нүүр тулсан өнгөрсөн 2 жилийн хугацаанд хилээ нээж  жуулчин хүлээн авах бэлтгэл ажлыг үе шаттай ханган ажилласан. Аялал жуулчлалын салбарын өрсөлдөх чадварын индексээр хойгуур байранд ордог визний асуудлыг хялбаршуулах өөрчлөх зорилгоор Засгийн газраас тусгайлсан журам батлан гаргалаа. Ингэснээр 36 орны жуулчдад цахим виз олгож эхэлсэн бөгөөд Гадаад харилцааны яамтай хамтран цахим виз олгох улс орнуудын тоог шат дараалалтай нэмэгдүүлэх асуудлаар хамтран ажиллаж байна.

Түүнчлэн хил орчмын жуулчдад зориулсан 72 цагийн виз олгож эхэлсэн нь хөрш орнуудтай харилцах, хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд томоохон хөшүүрэг болох юм.  Агаарын тээврийг либералчлах асуудалд Засгийн газрын зүгээс ихээхэн анхаарал тавьж ажиллаж байна. Аялал жуулчлалын салбарт нислэгийн хуваарь тодорхой байх асуудал чухал байдаг. Энэ асуудлыг зохицуулах чиг үүрэг бүхий “Агаарын тээвэр-Аялал жуулчлалын зөвлөл”-ийг Зам, тээврийн хөгжлийн яам, Иргэний нисэхийн ерөнхий газартай хамтран байгуулж ажиллаж байна.

Миний бие Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар томилогдоод 1 сарын хугацаа өнгөрч байна. Энэ хугацаанд аялал жуулчлалын салбарын хөгжлийн чиг хандлага, боломж, нөөц бололцоог тодорхойлох чиглэлээр талуудын уулзалтыг хэд хэдэн удаа зохион байгуулж нээлттэй хэлэлцлээ. Та бүхэнтэй өнөөдөр уулзаж аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцож тодорхой үр дүн гарна гэдэгт итгэж байна.

Бидний зүгээс гадаадын жуулчдыг хүлээн авах талаар шинэчилсэн цогц мэдээллийг агуулсан гарын авлагыг бэлтгэн та бүхэнд хүргэхээр ажиллаж байна. Өөрийн орны аялал жуулчлалын асуудал хариуцсан яамд, холбогдох талуудад бидний мэдээллийг хүргэж бидэнтэй хамтран ажиллахыг та бүхнээс хичээнгүйлэн хүсье.

Өнгөрсөн долоо хоногт хоёр хөрш орныхоо элчин сайд нартай уулзаж хил орчмын аялал жуулчлалыг эрчимжүүлэх, Ханх–Мондын боомтын үйл ажиллагааг сайжруулах зэрэг олон асуудлаар санал солилцсон. Өнөөдрийн энэхүү арга хэмжээний үр дүнд Та бүхэнтэй тодорхой асуудлаар санал солилцон бодит зарим ажлуудыг эхлүүлнэ гэдэгт итгэлтэй байна.

Дэлхий нийтээрээ шинэ нөхцөлд шинэ гараанаас хөдөлж эхэлж байгаа аялал жуулчлалын салбарын боломж, давуу талаа ашиглан энэ онд дэлхийн улс орнуудын Аялал жуулчлалын сайд нарын уулзалтыг Монголд зохион байгуулахаар төлөвлөж буйг дуулгахад таатай байна.

Та бүхэн бидний зүгээс дэвшүүлж буй энэхүү санал санаачилгыг дэмжиж хамтран ажиллахыг хүсч байна.  Улс орнуудын Аялал жуулчлалын сайд нар манай оронд нэг дор хуран цугларснаар өнгөрсөн 2 жилийн хугацаанд аялал жуулчлалын салбарт бий болоод буй нөхцөл байдлыг бодитоор үнэлж дүгнэн, гарц шийдлээ хамтран тодорхойлох боломж бий болох ач холбогдолтой гэж үзэж байна.

Та бүхэнтэй энэ болон бусад олон асуудлаар хамтран үр дүнтэй ажиллахад бидний зүгээс бүхий л хүчин чармайлт гаргаж ажиллах болно.   Анхаарал тавьсан та бүхэнд баярлалаа." гэсэн юм.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top