Эрх баригчид шилээ хазуулаад буй дүн өвлөөр XXX Их хурлаа зохион байгуулж, үзэл баримтлалаа өөрчлөн, шинэчлэл хийж байгаагаа орон даяар тунхагласан. Энэ тунхаглалын цуурай намдаагүй бөгөөд өдгөө ч зах хязгаар нутагт бүрэн ойлголтоороо хүрээгүй гэхэд болно. Зуугаад жил мөрдөгдөж, цус маханд шингэсэн үзэл баримтлал тийм ч амар “баяртай” гээд яваад өгөхгүй л дээ. Шууд хөдөлгөгч гол хүчээс эхлэн солих шаардлага гарна. Түүнээс бус цонх шилийг нь арчиж зүлгээд, дугуйг нь сольж, өнгө будаг нялаад бүтчих зүйл биш.
Энэ утгаар нь авч үзвэл зарим талаараа МАН 50, 100 жилийн өмнөх байдал хэвээрээ ч байж болох юм. Гэхдээ үзэл баримтлалаа шинэчлэх зориг шулуудсан нь сайн хэрэг. Аливаа асуудлыг ярьж, тунхаглаж байж урагшаа явдаг учраас найдлага бий.
Ах намынхан XXX Их хурлынхаа үеэр авлига, албан тушаалын хэрэгт холбогдсон гишүүнээ бүх шатны сонгуульд нэр дэвшүүлэхгүй. Мөн төрийн өндөр албан тушаалд байхдаа авлигын хэрэгт холбогдож яллагдагчаар татагдсан тохиолдолд намын гишүүнээс түдгэлзүүлэх шийдвэр гарсан. Хэрэв авлига, албан тушаалын хэрэгт холбогдсон нь шүүхээр тогтоогдвол намын гишүүнээс хасахаар болж дүрэмдээ өөрчлөлт оруулсан зэрэг өөрчлөлтөө зарлаж байв.
Тэгвэл өнгөрөгч баасан гаригт МАН-ын Хяналтын ерөнхий хороо хуралдаж зарим гишүүндээ хариуцлага тооцохоор болсон тухай сүржин мэдээлэл хийсэн ч даржин шийдвэр гаргажээ. Өдгөө МАН-ын Хяналтын ерөнхий хорооноос гаргасан шийдвэр нь агуулгагүй хэлбэр гэмээр харагдана.
Тухайлбал, гэмт хэрэг өдүүлсэн нь тогтоогдож, ял эдлээд гарсан УИХ-ын гишүүн асан Г.Солтан болон УИХ-ын гишүүн асан Д.Дамба-Очир, Д.Хаянхярваа, Б.Ундармаа, Б.Батзориг нарыг намын гишүүнээс хассан тухай юм. Эдгээр таван гишүүн нь нэгэнт улс төрийн карьерынхаа жолоо цулбуурыг аль эрт эвхэж, шүүхээс ямар нэгэн хэлбэрээр ял хүлээсэн хүмүүс. Өөрөөр хэлбэл, цаашид намд ямар нэг нөлөөлөлгүй болсон гэсэн үг. Г.Солтанд ямар ч албан тушаал алга, Д.Дамба-Очирт МАН-ын батлахаас өөр албан ёсны баримт бичиг ч алга. Тэд бол МАН-д хийдгээ хийж, хашдаг албаа хашиж, өдгөө тэтгэврийнхээ насанд иржээ. Аль болох амар жимэр байдлыг эрэлхийлсэн хүмүүс шүү дээ. Ямар ханаж цаддаггүй Н.Энхбаяр байгаа биш.
Үнэн хэрэгтээ МАН-ын бүлэг 33, 32-оор хуваагдан “дайтаж” байхад Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн зээлийн асуудлыг өрсөлдөгчид босгож ирсэн нь тухайн тулаанд өнгөлөгчдийн ажиллагаанд саад болж байсан юм. Ямар нэгэн байдлаар арга хэмжээ авахгүй бол нийгэмд муухай харагдахаас гадна дараа дараагийн карьерт нөлөөлөх зүйл байв.
Сангаас зээл авсан дуулиан нийгэм даяар асаж байхад галыг нь цурманд хийх шаардлага тухайн үеийн удирдлагуудад байлгүй яахав. Улмаар дээрх хэдэн нөхдөд арга хэмжээ авсан болов. Хүнс, хөдөө аж ахуйн сайдаар ажиллаж байсан Б.Батзоригийг сайдын суудлаас буулгаж, шүүхээс торгуулийн ял оноох замаар явсан. Мөн Зам, тээврийн хөгжлийн сайдаар ажиллаж байсан Я.Содбаатарыг сайдын суудлаас нь буулгах, Б.Ундармаад ял оноох зэргээр аль болох сангийн зээлийн шуугианыг тарамдуулах оролдлого хийсэн нь талаар болсонгүй. Тэдэндээ дүрмийн дагуу УИХ-д нэр дэвших эрхийн мандат өгсөнгүй. Сэлэнгийн Н.Оюундарь гээд цөөн нөхөд мандатгүй үлдсэн. Гэтэл хариуцлага тооцож, сайдын суудлаас бууж байсан нөхөр өнөөдөр Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын алба хашиж байна. Н.Учралаас эхлээд олон гишүүн сангийн зээлд гар дүрсэн ч мандатаа авч, улмаар УИХ-д сууж байна. Тэр ч бүү хэл шинээр байгуулсан цахим яам толгойлохоор ил далд төлөвлөгөө зохиож сууна.
Ингэхээр МАН-ын Хяналтын ерөнхий хорооноос гаргасан шийдвэр бол ердөө л урьд өмнө карьергүй болгож орхисон нөхдөд дахин арга хэмжээ авч, намаас гаргасан шийдвэр танилцууллаа. Үнэн хэрэгтээ тэдэнд МАН-д байх эсэх нь бүү хэл МАН байх эсэх нь ч сонин биш болчихсон хүмүүс. Хариуцлага адил тэгш байх ёстой. Үнэхээр МАН үзэл баримтлалаа шинэчлээд хариуцлагын тогтолцоогоо чангатгаад мөрдөж байгаагаа харуулах гэсэн бол парламент дотроос, Засгийн газар дотроос эхлүүлэх байв. Ерөнхийлөгчийн харьяанд ч өндөр дээд алба хашиж байгаа нөхөд цөөнгүй байна.
Гэтэл МАН өндөр карьерт байгаа нөхдийнхөө тухай огт хөндсөнгүй. Тэднээс баахан зайлсхийж, арга ядсан шийдвэр гаргаснаа нийтэд мэдээлэв. Энэ байдал цааш удаан үргэлжилбэл унаж байгаагаа дэвсэлдэг тийм л харгислал харагдана уу гэхээс шинэчлэл, хариуцлага гэж хаана ч хэзээ ч харагдахгүй. МАН-ын XXX Их хурлаас баталсан дүрэмд зохицихгүй хүмүүс өнөөдрийн намын аппарат, УИХ, Засгийн газрын түвшинд олноор ажиллаж байгаа.
Яахав, нэгэнт гараа өргөж сөгдсөн нөхдийг дахин зарлаад орхих нь утгагүй учраас хэдэн нөхдөөс тайлбар хүргүүлэхийг шаардсанаа бас мэдэгдсэн. Тодотговол, бусдад давуу эрх олгож, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй асуудалд нэр холбогдоод буй С.Бямбацогт, Г.Амартүвшин, Х.Ганхуяг, Х.Дамдинням, Н.Билэгт, А.Сүхбат, Ш.Лхамсүрэн, Ш.Үнэнбат тэргүүтэй найман хүнээс тайлбар ирүүлэхийг шаардан үүрэг өгчээ.
МАН төрийн эрхэнд үнэмлэхүй олонхиар 2016 оноос хойш ажиллаж байна. Үүнээс өмнө ч олонхиор аагилж байсан нам. Зөвхөн сүүлийн жилүүдэд гэхэд Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан, концесс, тендер, банк “дээрэмдсэн” гээд олон асуудал боссон ч тодорхой эздэд хариуцлага тооцохгүй иржээ.
Тайлбарын хувьд намын дотоод нөхцөлд ямар ч тайлбар өгөөд, түүнийг яаж ч танилцуулж болох байх. Түүнээс бус Хөгжлийн банкны захирлаар ажиллаж байсан Г.Амартүвшин УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, Г.Дамдинням нарт зээл олгосон нь үнэн. Хэн ч зээл авч болно. Гэхдээ энэхүү зээл нь хууль дүрмийн дагуу яваагүй гэх баримтууд бий.
Улсын хэмжээнд хэрэгжүүлэх томоохон төсөл хөтөлбөрийг санхүүжүүлэх зорилготой Хөгжлийн банкнаас зээл авсан Г.Дамдинням, Х.Ганхуяг нарыг бүтээн байгуулалт хийж, үйлдвэрлэл барьж байгууллаа гэж лав дуулсангүй. Тийм баримт ч алга, сураг ч алга. Мэдэж байгаагаар бол энэ хоёр эрхмийн зээл лав зориулалтын бусаар гарч, зориулалтын бусаар зарцуулагдсан нь ойлгомжтой.
Мөн өндөр дээд албан тушаал хашиж байгаад авлига албан тушаалын хэргээр ял авсан хүмүүс ч бий. Энэ мэт тодорхой асуудлаа шийдээд явах болохоос бус үеэ өнгөрөөсөн хэдэн ахмадуудыг намаас хөөлөө гээд хариуцлага тооцсон болчихгүй. Мөн үеэр УИХ-ын гишүүн Ц.Анандбазар намаас түдгэлзсэн учраас асуудлыг нь хэлэлцээгүйг хэлж байсан. Энэ мэт нь авлига албан тушаалын хэрэг биш ч гэлээ олон зуун охид бүсгүйчүүдэд хүчирхийлэл үзүүлсэн гэдгийг холбогдогч, хохирогчид нь нээлттэй дэлгэсэн. Намынх нь нэр дээрээс санал авч орж ирчихээд зохисгүй явдал өдүүлсэн нөхдийг ч намаас хөөх байх.
Эцэст нь тэд Хяналтын ерөнхий хороо Хөгжлийн банкны асуудалд анхаарлаа хандуулж байгаа бөгөөд шинэ нөхцөл байдал илэрвэл хариуцлагын түвшинд шийдвэр гаргана гэдгээ мэдэгдэнэ лээ. Үүнээс гадна Н.Энхбаярыг дагаж ирсэн Э.Эрдэнэжамъяан нарын таван хүнийг Бага хурлын гишүүнээс чөлөөлснөө мэдэгдэв. Хяналтын ерөнхий хорооноос гаргасан шийдвэрийг харахад бүхэлдээ агуулга байхгүй, хэлбэр эсгэсэн төдий зүйл байна.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 0 )