БАЙР СУУРЬ: "Хөгжлийн банк"-ыг шалгах эрхгүй АЖЛЫН ХЭСЭГ

Б.Эрхэс | Zindaa.mn
2022 оны 02 сарын 23

УИХ-ын даргын захирамжаар "Хөгжлийн банк"-нд хяналт, шалгалт хийх үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулсан. Тэгвэл уг Ажлын хэсгээс өнөөдөр /2022.02.23/ мэдээлэл хийв. 


АЖЛЫН ХЭСГИЙН ДАРГА, УИХ-ЫН ГИШҮҮН Б.БАТТӨМӨР: УИХ-аас "Хөгжлийн банк"-ыг шалгах Ажлын хэсгийг байгуулсан. Цагаан сарын баяр тохиосон тул Ажлын хэсэг энэ сарын 8-наас ажлаа эхэлсэн. Урьдчилсан дүгнэлтүүдийг гаргаж байна. Цаашид шалгах маш их ажил байна. Шалгалтын явцад 800 гаруй хуудас материал цуглаад байна. Нийт "Хөгжлийн банк"-наас олгосон зээлийн эх үүсвэрийн 68.9 хувь нь буюу 1.8 их наяд төгрөг нь Засгийн газрын баталгаагүй байна. Монгол Улс 2023 оны дөрөвдүгээр сард БНХАУ-ын Хөгжлийн Банкны 63 тэрбум төгрөг, аравдугаар сард бондын 1.6 их наяд ам.долларын мөнгийг төлнө. Мөн 2023 оны арванхоёрдугаар сард Японы Хөгжлийн банкны "Самурай" бондын эргэн төлөлтийг хийнэ. Ингэхэд урд нь олгосон зээл хүрэлцэхгүй. Засгийн газрын нуруун дээр их хэмжээний ачаалал ирэх төлөвтэй байна. Өнөөдрийн байдлаар "Хөгжлийн банк"-ны Эрсдэлийн санд 585 тэрбум төгрөг байсныг 1.3 их наяд төгрөг болгож нэмэгдүүлсэн. Нийт зээлээс 3.2 их наяд төгрөгийн зээл чанаргүй болоод байна. Нийт зээлийн 1.2 их наяд төгрөгийн зээл нь чанартай байна. Харин 28 зээл чанаргүй, 15 зээлд анхаарлаа хандуулах шаардлагатай байна. Нийт зээлдэгчийн 20 аж ахуйн нэгж зээлээ зориулалтын бусаар ашигласан нь тогтоогдож байна.

АЖЛЫН ХЭСГИЙН ГИШҮҮН, УИХ-ЫН ГИШҮҮН Б.БАТ-ЭРДЭНЭ: Нийт 73 зээлтэй холбоотой асуудлыг л шалгаж, ярьж байна. Цаг хугацаа ч шаардлагатай байна. Бид Ажлын хэсэг дээрээ ярьсан. Арилжааны банкууд зургаан шаардлага тавьж байхад "Хөгжлийн банк" гуравхан шаардлага тавьдаг. Энэ бол хариуцлагын асуудал юм. Өнгөрсөн хугацаанд "Хөгжлийн банк"-нд 10 удаа шалгалт хийсэн байдаг юм билээ. "Хөгжлийн банк"-ныхан зээлдэгч нарынхаа амаар ажлаа хийдэг байсан. Зээлдэгч тус бүрээр нь очиж нягталж шалгах ёстой. Тэгэхгүй бол өмнөх шалгалтын дүн дээр нь үндэслээд дүнгээ гаргаж болохгүй. 

АЖЛЫН ХЭСГИЙН ГИШҮҮН, УИХ-ЫН ГИШҮҮН Ц.ДАВААСҮРЭН: Зээлийг зориулалтын дагуу зарцуулсан эсэхийг л анхаарах ёстой. Авсан зээлээрээ арилжааны банкныхаа зээлийг төлчихсөн хүн ч байна. Мөн зориулалтын бусаар зарцуулсан нөхөд ч байна. Энэ бүгдийг газар дээр нь очиж шалгахгүй бол болохгүй. Тиймээс цаг хугацаа шаардаад байгаа шүү. Байшин барилга барьчихсан гэж байгаа боловч тэнд барилгын араг яс байх жишээтэй. Тэр бүгдийг шалгах шаардлагатай, хугацаа орно. Энд хөнгөн хандаж болохгүй.

АЖЛЫН ХЭСГИЙН ГИШҮҮН, УИХ-ЫН ГИШҮҮН Б.ПҮРЭВДОРЖ: Би "Хөгжлийн банк"-ны зээлийг 2011-2017 он хүртэлх зээл, 2017 оноос хойших зээл гэж хоёр хувааж үзэж байна. 2017 он хүртэл 1625 аж ахуйн нэгжид арилжааны банкуудаар дамжуулан, 348 аж ахуйн нэгжид "Хөгжлийн банк" өөрөө зээл олгосон. "Хөгжлийн банк" нэг хэсэгтээ ард түмэн, аж ахуйн нэгжийн банк байж байгаад 2017 оны хуулийн өөрчлөлтөөр дарга нарын банк болсон. Хоёрдугаарт, манай Ажлын хэсэг араа шүдгүй ажиллаж байгаа. Учир нь, бид Ажлын хэсгээрээ дамжуулж шалгалт хийе гэхээр бүх бичиг баримтыг хууль, хяналтын байгууллага аваад явчихсан, захирал дарга нарыг нь дуудаж шалган мөрдөх эрх байхгүй. Тиймээс Ажлын хэсгээс тодорхой санал гаргаж байна. Хянан шалгах түр хороо байгуулах нь зөв. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top