Сүн улсын Хүйтэн уулын бичиг | 93 дугаар бүлэг

Автор | Zindaa.mn
2022 оны 02 сарын 23

Хятадын дөрвөн их сонгодог зохиолын нэгэн болох "Хүйтэн уулын бичиг" хэмээх 100 бүлэг зохиолыг Дундад эртний үеийн Хятадын алдарт бичгийн хүн Ши Най Ань түүхэн үйл явдалд тулгуурлан туурвижээ.

Зохиолын үйл явдал Хятадын Умард Сүн улсын үед өрнөх агаад адал явдал, зовлон зүдгүүр туулсан 108 баатар эр Ляньшань ууланд хувь заягаар учран цугларч, гадаадын дайсан ба дотоодын урвасан хулгай, зальхай ноёдын эсрэг тэмцэж буйг уран яруугаар харуулсан юм.

Зохиолын уг нэр "Усан хөвөөний шастир" бөгөөд монголчууд эртнээс "Хүйтэн уулын бичиг" хэмээн нэрийдсээр ирсэн билээ. Энэхүү сонгодог зохиолыг Монгол Улс дахь БНХАУ-ын Элчин сайдын яамны зөвшөөрөлтэйгөөр уншигч танд хүргэж байна.
 

  • Зохиогч: Ши Най Ань
  • Хөрвүүлэгч: Д.Уртнаст
  • Редактор: В.Уянга, Сьү-Шаа

ЛИ КҮЙ ЗҮҮДЭЭР ТЯНЬ ТИ ЛИН-Г ТҮЙВЭЭСЭН СҮН ЖЯН ЦЭРЭГ ЖАНЖНЫГ ХОЁР ЗАМ ХУВААСАН

Өгүүлэх нь Ню Вэнь Жүн Гайжоу фү-ийн автагдсаныг үзээд арга буюу хотноос гарч Юй Юй Линь, Го Синь, Шэн Бэнь, Сан Син нарыг авч бие хамгаалуулан буруултал түв хэмээн Ли Күй, Лү Жишэнь хоёул цэрэг дагуулан эчих замыг тосов. Ли Күй өндөр дуугаар зандарч: - Ли Күй миний бие Сүн Жян фэн-ий зарлигаар таны мэтийн дарагдсан адгуусыг хүлээж удсан болой хэмээгээд саран сүхийг эргүүлэн урагш дэвхэрч Гуо Шэн, Сан Ин хоёулыг цавчиж унагасанд, Ню Вэнь Жүн цөс хэмхэртэл айж гар хөдөлж завдахын урьд Лү Жишэнь шийдэм өргөн занчсанаа Ню Вэнь Жүн-ий гавал тэргүүн хэмх эчиж газар тонгорцоглон унав. Дагаж эчсэн хоёр зуугаад цэргийн ард бүрнээ алагдсанд, Юй Юй Линь, Шэн Бэнь хоёул арай хэмээн амь мултарч буруулан эчихүйеэ Лү Жишэнь: - Тэр хоёулын нохойн амийг түр үлдээж чимээ хүргэлгэсүгэй хэмээгээд Ню Вэнь Жүн, Го Синь, Сан Ин гурвуулын тэргүүнийг тас цавчин хүлэг морь, хуяг дуулгыг нь аваад цэргийн гавъяа мэдүүлэхээр хотын хаалгыг чиглэн эчив.

Түүнээс Сүн Жян цэрэг морийг авч Гайжоу хотод ороод их галыг унтраа, зуун овогтонд үсэн төдий халдаж болохгүй хэмээн цааз зарласанд олон жанжин нар бас өмнөш ирж өөр өөрийн гавъяаг мэдүүлэв. Сүн Жян захиа уламжлан хулгайн алагдсан жанжны тэргүүнийг хотын дөрвөн хаалганд өлгүүлж цээрлэл үзүүлээд тэнгэр гэгээрсэн хойно цэргийн ардаар зар тунхаг наалгаж зуун овогтныг тохруулаад цацар майхан цогцлуулж цэрэг морийг Гайжоу хотод буулгаж гурван замын цэрэг жанжныг шагнаад Ши Сю, Ши Чянь, Се Жэнь, Се Бао дөрвөн жанжны гавъяаг илэрхийлэн тэмдэглүүлж нэгэнтээгүүр эзэн төрд Гайжоу фү-г олов. Яаман сангийн аливаа алт мөнгө эд эрдэнэсийн зүйлийн жин балгаснаа хүргүүлэв хэмээн айлтгал довтолгон, нөгөөтээгүүр бас хуудаст бичиг үйлдэн Су Тайюй-д бариулав. Тэр үед түв хэмээн өвлийн сүүл сарын эцэс болсон тул Сүн Жян цэргийн үйлийг шийтгэсээр санамсаргүй гурав дөрвөн өдөр болжээ. Нэгэн өдөр хүмүүн ирж Жан Чин-ий шарх илаарь болж Ань Даочуань-ий хамт урагш зарлигийг хүлээж баймуй хэмээн мэдүүлсэнд Сүн Жяних л баярлан: - Сайн болов, дэд маргаадрын өдөр түв хэмээн их Сүн улсын Сюань Хэ-ийн тавдугаар оны цагаан сарын шинийн нэгний өлзийт өдөр болох тул олон жанжин нар нэгэн доор цуглаж найрлаваас зохимуй хэмээв.

Дэд маргаадрын өдөр тэнгэр гэгээрэхүйеэ олон жанжин цөм төрийн дээл ёсны малгай өмсжээ. Сүн Жян олныг удирдан эзэн төрийн дээл ёсны малгайг тайлж улаан магнаг хэмэрлэг дээл сольж өмсөөд дээл малгайг тэгшлэн ах Сүн Жян-ын амрыг эрж ёслон золгов. Сүн Жян нүд өргөн үзэхүл их бага нийт ерэн хоёр жанжин байх бөгөөд шинэ дагасан Гэн Гүн бас олны сүрэгт дагалцах тул алсхийн баярлаж их хурим тавин найр үүсгэхүйеэ олон жанжин бас дэс дараагаар хундага өргөн Сүн Гүн Мин-ийн насан хутгийг бэлгэдэж лагшин тунгалгийг ерөөв. Дарсан хундага хэдэн зэрэг тойрсонд Сүн Жян олны зүг ийн өгүүлрүүн: - Олон жанжны хүчлэн зүтгэснээр эзэн төр нэгэнт гурван хотоо эгүүлэн авав. Энэ өдрийн өлзийт цагт олон хүмүүн нэгэн доор цуглаж найрлан уулцах нь үнэхээр олдохуйяа бэрх завшаан болой. Ганц Гүн Сүньшэн, Хү Яньжуо, Гуань Шэн жич усан цэргийн Ли Жюнь зэргийн найман жанжин ба Линжоу-г сахих Цай Жинь, Ли Ин, Гао Пин-г хамгаалах Ши Жинь, Мү Хүн зэрэг арван таван жанжин биеийн шадар байхгүй тул элэг зүрх эмгэнэн зовних бөлгөө хэмээгээд хуягийн түрүүчүүдийг дуудан тус тус хүндэд шагнан захиа уламжилж таны биес хоёр зуун цэргийн ардыг дагуулж амтат дарс үхэр хонины махыг дамнаж Вэйжоу, Линжоу, Гао Пин-г сахисан цэрэг жанжинд тус тус хүргэн өгч, шинэ жилийн амрыг эрж ирэгтүн хэмээв. Удсангүй харуулын ард дотогш ирж, гурван газрыг сахисан жанжин бас хүмүүн зарж баяр мэдүүлэхээр илгээсэн бөгөөд өөрийн бие хүнд тушаалд байхуй тул урагш ирж амрыг эрэн чадахгүй хэмээн хэлүүлэв хэмээхүйеэ Сүн Жяних л баярлан: - Энэхүү чимээг сонссон нь үнэхээр нүүр учирсан мэт болов хэмээгээд ирсэн элчид шагнаж олон жанжны хамт найрлан уулцсаар их л согтсон хойно сая тархав.

Жич өдөр Сүн Жян олон жанжныг авч хотын гадна гарч хаврын уурт тохиолдуулан зорчин хэсэхээр болов. Үзвээс тэр өдрийн дөрөвдүгээр мөчид чив хэмээн хаврын уур орох бөгөөд урагш шөнө бас умар салхи үлээж, баруун үүл бүрхэн, лавс цас хаялсаар газар дэлхийг цагаан мөнгөөр хучсан мэт цайруулжээ. Их цасны орсон байдлыг үзвээс:

Бүлэг бүлэг удан унгарил, бөөм бөөм галуун өд. Цагаан дэглий агаарын мандалд сүрэглэн нисэж, чандган цахлай мөрний дээгүүр бүлэглэн дэвдэрмүй. Ордон хүрээлэнд нисэн ирэхүйеэ угалзан салхи хоромхон зуур дэгдэн босож, зэр зэвсэг дээр тусахуйяа, жихүүн гэрэл гялс гялс нарны гэрлийг дармуй. Мянган уул хас хуяг хэдрэн, мөрний хөвөөн дэх түлээчин эрийн эчих зам хаагдмуй. Түмэн өрх мөнгөн дуулга дарж, тоолшгүй бичгийн хүмүүн гайхалтай уянгыг бүтээмүй. Энэ өнөр элбэг оныг сайн хэмээвч, энх бэлгэ нь хаана баймуй? Хязгаар боомтод зэр зэвсэг үлэмж тул, хаялах цас бага орвоос зохином бөлгөө.

Төдийд хувилгаан бичээч Сяо Ран олон жанжин нарын зүг ийн өгүүлрүүн: - Цас лавсад бас угаас нэр байх бөлгөө. Нэгэн өнцөгтэйг нь балт зөгий, хоёр өнцөгтэйг нь халуун өд хэмээмүй. Гурван өнцөгтэйг нь гурвалжин цэцэгт, дөрвөн өнцөгтэйг нь дөрвөлжин талт хэмээмүй. Таван өнцөг гарсныг нь мэй цэцэг, зургаан өнцөгтэйг нь зургаан гэсэрт хэмээмүй. Билгийн уур царцан хөдөлбөөс цас болох бөгөөд цасны цэцэг зургаан өнцөг гарах нь чив хэмээн билгийн тоонд нийлжээ. Хаврын уур орвоос цасны цэцэг олонхдоо таван өнцөг гарч мэй цэцгийн хэлбэртэй болмуй. Зургаан өнцөг гарах нь бага болох бөлгөө. Энэ өдөр хэдий хаврын уур орсон боловч хараахан бас өвөл хаврын хооронд тул цасны цэцэг эрхгүй тав зургаан өнцөг гарсан буй за хэмээхүйеэ Юэ Хэ түүний ийн шүүмжлэхийг сонсоод саравчийн доор эчиж дээлний ханцуйг сунгаж цасан лавсыг тосон аваад үзвээс үнэхээр зургаан өнцөгтэй бөгөөд нэгэн салаа нь хөрөөний шүд мэт сая цухуйжээ. Зарим нь бас таван өнцөг гарчээ. Юэ Хэ алга ташин: - Үнэхээр тийм аж! хэмээн бархирсанд олон хүмүүн цөм үзэхээр ирэв. Төдийд Ли Күй бас олны дунд шахалдан орж үзэхүйеэ түүний хамраар гарсан хүч ихтэй халуун уурт цасан лавс агшин зуур хайлжээ. Үүнийг үзээд олон хүмүүн их л инээлцсэнд Сүн Жян сонсоод: - Олон ах дүү юуны учир ийн инээлцмүй? хэмээн асууснаа олон хүмүүн хариу өчрүүн: - Бид цасны лавсыг сонирхож атал хар хуй хамрынхаа халуун уураар үлээж хайлуулав хэмээвээс Сүн Жян бас инээсээр: - Би нэгэнт захиа уламжлан хаврыг мэдээлэх хүрээлэн И Чүнь фү-д хуримын ширээ засуулав. Олон ах дүү хамт эчиж сэтгэл хангатал найрлан зоогдсугай хэмээв.

Угт хотын зүүн хаалган доор хаврыг мэдээлэх хүрээлэн И Чүн фү хэмээх нэгэн газар байх бөгөөд хүрээлэнд бас Юй Сян Тин хэмээх танхим байх бөлгөө. Юй Сян Тин танхимын өмнө нарс майлс намаа холбон ургажээ. Тэр өдөр олон жанжин Юй Сян Тин танхимд гарч хундага савх зөрөлдүүлэн найрлан уулцаж өгүүлэн шүүмжилсээр удсангүй өдрийн нар баруунш ташиж дэн зул асаах цаг болов. Сүн Жян дарс ууж их л халамшин урагш өдрийн зовлонд тохиолдсон ба олон жанжны авран авсан үйлийг үг гаргаж ийн өгүүлрүүн: - Сүн Жян миний бие угт Юнь Чэн сянь-ий нэгэн өчүүхэн түшмэл бөлгөө. Миний бие их ялд унаснаа олон жанжин түмэн зэв мянган сумны доогуур шургалан үхэж амьдрахыг унтахын төдий бодолгүй амь биеийг цөлж өчүүхэн хүмүүнийг авран гаргав. Хэрвээ дүү Дай Зүн- ийн хамт Жянжоу хотод цаазаар аваачигдсан бөгөөс энэ үед хэдийн хилс чөтгөр болсон буй за. Эдүгээ завшаанаар эзэн төрийн сайд болж улс гэрийн төлөө хүчийг өргөж явмуй. Өнгөрсөн үйлийг бодвоос үнэхээр зүүд зэрэглээ мэт хэмээн нэгэн зэрэг хэлж санамсаргүй нулимс унагасанд Дай Зүн, Хуа Рүн зэргийн хэдэн хүмүүн бас зовлонд унаснаа эргэцүүлэн анаж тэсгэлгүй нулимс унагав.

Тэр үед хар хуй Ли Күй илүү хэдэн хундага балгасан тул их л согтон олон хүмүүний өгүүлэн шүүмжлэхийг чагнасаар нүдэн зовхийг өргөн чадахгүй болоод хоёр гараар эрүүг тулан мансуурч унтав. Төдийд Ли Күй зүүдэн ертөнцөд орж дотроо: - Энэ үед гаднах цас бас орох буй за хэмээн бодоод гадагш алхлан гарч үзвээс цас хэдийн зогссон тул их л цочин: - Үзвээс, цас хэдийн арилсан аж! Мэдсэнгүй суусаар дэмий л цагийг өнгөрөөжээ! Хүрээн гадна гарч нэгэн зэрэг тойрсугай хэмээгээд И Чүн фү-ээс гарч хотын хаалгыг шургаж гараад гэнэт их л цочин: - Барав! Саран сүхээ умартав хэмээгээд тэмтэрч үзвээс сүүжинд суйрч асан тул их л баярлан зүүн барууныг ялгахгүй хөлийн аяар дэмий л алхалсаар хэдий хол гарсныг мэдсэнгүй, гэнэт нэгэн их уулын хормойд хүрч ирэв. Ли Күй хараахан түдгэлзэж атал тэргүүндээ нугалааст малгай дарж, биедээ шар өнгөт бомбын дээл хэдэрсэн нэгэн хүмүүн уулан хонхлоос угтан гарч ирээд инээсээр: - Жанжин та зугаацан алхсаар энэ ууланд хүрч ирсэн бус уу? Энэ газар хараахан сэтгэлд чинь таатай буй за хэмээн асуусанд Ли Күй яаран: - Энэ уулын нэрийг юун хэмээмүй? хэмээвээс тэр хүмүүн өгүүлрүүн: - Уулны нэрийг тэнгэрийн уурт Тянь Ти Лин хэмээмүй. Жанжин чамайг зугаацан тойрч буцах үед бид хоёул мөн энэ газар уулзсугай хэмээв. Ли Күй боломж хэмээгээд уулыг даван гарваас замын хажууд нэгэн их хүрээлэн харагдмуй. Чих тавин чагнаваас хүрээлэнгийн дотор их дуу гарах тул Ли Күй их л гайхан урагш ирж үзвээс үзвээс, арваад хүмүүн гартаа шийдэм бялуу атган сав саалийг хэмхчин ширээ сандлыг балбачих бөгөөд нэгэн их эр өндөр дуугаар: - Хөгшин малыг үз! Хурдан хүүхнээ мордуулж надад эхнэр болгон өгвөөс түмэн хэрэг төгсөх бөлгөө. Хэрвээ үсэн төдий зөрчвөөс үлэгдэлгүй бүхнийг алмуй! хэмээн хараамуй. Ли Күй үүнийг сонсоод хүүдэг цээжнээ хилэнгийн га бадарч: - Таны зэргийн муу адгуус ямар учир хүмүүний охиныг булаамуй хэмээн зандарч урагш дэвхрэн ирэхүйеэ олон хүмүүн өгүүлрүүн: - Бид өвгөний охиныг аваачсугай хэмээмүй. Чамд ямар харъяа байх аж! хэмээхүйеэ Ли Күй их л уурлан саран сүхийг суга татан авч нэгэнт цавчсанаа гурван хүмүүний тэргүүн газар бөмбөрөн унав. Олон хүмүүн аяа хэмээн дуу алдаж зүг зүгтээ буруулан эчтэл Ли Күй урагш дэвхрэн нэхэж гүйцээд зүүнийг занчин барууныг цавчсанд олон хүмүүний үхдэл хүүр ийш тийшээ унаж улаан цус газар дүүрэн урсаж ганц нэгэн хүмүүн амь зугтан дутаан гарав. Ли Күй алд алдаар алхлан урагш ирвээс хоёр хаалгыг няц дарсан тул нэгэн өшиглөн нээж дотогш оронд нүд өргөн үзвээс тэргүүний үс цайсан өвгөн эмгэн хоёул дуу тавьж уйлмуй. Хоёр хөгшин хүмүүн орж ирснийг үзээд их л цочин: - Муу болов, ороод ирэв! хэмээхүйеэ Ли Күй их дугаар бархиран өгүүлрүүн: - Би болбоос төв бусыг үзэж чадахгүй хүмүүн бөлгөө. Тэр хэдэн бэртэгчин эрийг би бүрнээ алав. Эс итгэвээс намайг дагаж эчээд өөрийн нүдээр үз! хэмээхүйеэ тэр өвгөн чичрэн дагжсаар Ли Күй-г дагаж ирээд үзсэн хойно Ли Күй-ийн ханцуйгаас татаж: - Хэдий түрэмгий хүмүүнийг алсан боловч албан яам бас амар тавихгүй болов хэмээхүйеэ Ли Күй инээн өгүүлрүүн: - Энэ зөнөсөн өвгөнийг үз! Өвөг эцгээ бас танихгүй болов! Би болбоос Лян Шань уулын хар хуй Ли Күй болой. Эдүгээ ах Сүн Гүн Мин-г дагаж эзэн хааны зарлигийг хүлээн Тянь Ху хулгайг дайлахаар ирэв. Энэ өдөр хот дотор дарс уун суусаар уйтгар хүрч зугаацан тойрсугай хэмээн гарч ирсэн бөлгөө. Хэдэн бэртэгчин эр байтугай, хэдэн мянган хүмүүнийг алавч ямар харъяа байх аж! хэмээсэнд тэр өвгөн сая нулимсыг арчиж: - Ийн бөгөөс асар сайн. Жанжин чамайг дотор өрөөнөө залсугай хэмээв. Ли Күй өвгөнийг дагаж дотогш орвоос ширээн дэр хэдийн архи зуушийг өрөн тавьжээ. Тэр өвгөн Ли Күй-г түшиж дээд суудалд залж суулгасан хойно хундага дүүртэл хэмнэн хоёр гараар Ли Күй-д бариад: - Эрхин жанжин бага охиныг аварсан тул энэ хундагыг тогтоому хэмээхүйеэ Ли Күй дарсыг тосон авч нэг л хөнтөрсөнд өвгөн бас дахин хэмнэж барив. Төдийд Ли Күй өвгөний барьсан дөрөв таван хундага дарсыг хөнтрөн суутал саяын дуу тавьж уйлж асан тэр эмгэн нэгэн бага охиныг дагуулж урагш ирээд алга хамтатган амаа эрсэн хойно: - Эрхин авгай Сүн Гүн Мин-ийн цацрын өмнөх их жанжин болох бөгөөд энэ мэт өршөөл журамтай тул болхи бүдүүлэг хэмээн голохгүй бөгөөс дуртайяа бага хүүхнийг жанжин чамд холбон өгсүгэй хэмээхүйеэ, Ли Күй суусан орноосоо суга үсрэн босож: - Юутай ийн садар самуун боол аж! Би чиний охиныг авсугай хэмээн тэр хэдэн бэртэгчин эрийг алсан буюу? Хурдан бузар амаа хамхиж болхи үг үүсгэхийг зогсогтун! хэмээгээд гүйн босож өмнөш ширээг өшиглөн унагаад гадагш гүйн гарахуйяа түв хэмээн нэгэн их эр илд эргүүлэн их алхмаар нэхэн ирээд өндөр дуугаар зандан өгүүлрүүн: - Хар царайт хулгай, хааш буруулсугай хэмээмүй? юуны учраа миний олон ах дүү нарыг алав? Өвгөний охиныг авах нь чамд ямар харъяа баймуй? хэмээгээд илд бүжиглэн угтан ирэв. Ли Күй их л хилэгнэж саран сүхийг даллан тэр эрийг тосон аваад хойш урагш хорин хэдэн удаа зөрөлдсөнөө тэр эр тулан тэсэхгүй болж зэвсэг эргүүлэн саран сүхийг зайлуулж илдийг чирэн нисэх мэт буруулан эчив. Ли Күй хойноос тавихгүй нэхсээр нэгэн их шугуйд ороод нүд өргөн үзвээс өмнө этгээдэд үлэмж олон ордон харш сөхийн харагдмуй. Тэр их эр буруулан гүйсээр ордны доор хүрээд илдийг гээж олон хүмүүний дунд шургалан хэдийн бараа үгүй болов. Гэнэт харшийн дээрээс их дуу гарч: - Ли Күй чи битгий ийн ёс бусчлагтун. Хурдан ирж хаан эзэнд бараадагтун хэмээхүйеэ Ли Күй гэнэт сэхэсхийж: - Энэ харш Вэнь Дэ харш бус уу. Урагш өдөр ах Сүн Жян маныг дагуулан энд ирж өглөөний бараалалд орсон болой. Энэ хэмээгч эзэн хааны саатах газар болой хэмээн санаж атал харшийн дээрээс бас: - Ли Күй чи хурдан мөргөж ёслогтун!" хэмээх дуу гарсанд Ли Күй яаран саран сүхийг нууж тэргүүн өргөн үзвээс эзэн хаан харшийн дээр залрах бөгөөд олон түшмэл зүүн баруун этгээдэд жигүүр сод мэт зэрэглэн зогсох тул их л гэлмэн эзэн хааны зүг өлмий нугалан төв хичээнгүйгээр гурван зэрэг ёслоод дотроо сэмээр санаруун: - Барав! Дутуу нэгэн удаа мөргөв хэмээтэл тэнгэрийн хөвүүн асууруун: - Сая чи юуны учир тийм олон хүмүүнийг алав? хэмээхүйеэ Ли Күй өвдөг нугалан сөгдөж ийн айлтгаруун: - Муу адгуус хүмүүний охиныг хүчирхэглэн булаасан тул сайд би нэгэн цагийн уураар алжээ хэмээвээс тэнгэрийн хөвүүн өгүүлрүүн: - Ли Күй төв бус явдлыг үзэж чадахгүй, түрэмгий намыг арилган, журам баатар гайхалтай тул ялыг өршөөн хэлтрүүлж харшийг захирах жанжин болгосугай хэмээхүйеэ Ли Күй аюулхай цээжнээ алсхийн баярлаж дотроо: - Угт эзэн хаан энэ мэт гэгээн мэргэн аж! хэмээгээд тэргүүн авахгүй мөргөлхийлэн харшийн доор зогсов.

Удсангүй Цай Жин, Түн Гуань, Ян Жянь, Гао Чю зэргийн дөрвөн хүмүүн олны сүргээс гарч өвдөг нугалан сөгдөөд ийн айлтгаруун: - Эдүгээ Сүн Жян цэрэг морийг ерөнхийлөн захирч Тянь Ху-г дайлахаар мордоод өдөр бүр архи уун цэнгэж алгуурлан хойшилж урагшлахгүй тул эзэн хаан ял асууваас зохимуй хэмээв. Ли Күй үүнийг сонсоод хилэнгийн гал хүүдэгт мандан, хөмсөгний хооронд алах нуур дэгдэн, зогсож чадахгүй болоод саран сүхийг эргүүлэн дөрвөн хүмүүнийг цавчин унагаж их дуугаар: - Эзэн хаан зальхай сайдын үгийг битгий сонсогтун. Миний ах Сүн Жян дараа дараагаар гурван хотыг олж эдүгээ Гайжоу фү-д буудаллан цэрэг морийг хөдөлгөсүгэй хэмээж баймуй. Зальхай сайд юунд энэ мэт эзэн хааныг бачлан мэхэлмүй хэмээв. Бичиг цэргийн олон түшмэд төрийн дөрвөн түшмэдийн алагдсаныг үзээд хамтаар гар хөдөлж Ли Күй-г барьсугай хэмээхүйеэ Ли Күй саран сүхийг далайж: - Та нар аймшиггүй надад халдваас мөн дөрвөн хүмүүний мэт болгосугай хэмээхүйеэ олон түшмэл гар хөдөлж чадсангүй. Ли Күй их л инээн: - Сайн болов, сайн болов! Дөрвөн зальхай сайд энэ өдөр сая үйлийн үрээ амссан тул Ли Күй би хурдан эгж ах Сүн Жян-д мэдүүлсүгэй хэмээгээд их алхмаар алхлан ордноос гарч урагш ирвээс өмнө биед нэгэн их уул харагдав. Нарийвчлан үзэхүл, үзвээс саяхан бичгийн хүмүүн лүгээ уулзсан тэр их уул асан ажгуу. Төдийд тэр бичгийн оюутан уулан хонхлоос угтан гарч ирээд инээсээр: - Энэ газар зорчихуйяа жанжин чиний санаанд таатай буй за? хэмээвээс Ли Күй өгүүлрүүн: - Авгай чамд мэдүүлсүгэй. Ли Күй би өнөөх сая дөрвөн зальхай түшмэлийг алав хэмээхүйеэ тэр оюутан инээн өгүүлрүүн: - Үзвээс ийм асан ажгуу! Миний бие угт Фэнь, Чинь- ий газар суух бөгөөд ойрын хэдэн өдөр энэ газар ирж зорчмуй. Жанжин чиний энэ мэт шударга журамтайг үзээд чамд нэгэн чухал үг хэлж өгсүгэй хэмээмүй. Эдүгээ Сүн Жүн Гүн Мин цэрэг үүсгэн Тянь Ху-г дайлах тул миний сургах нууц үгсээр үйлдвээс сая Тянь Ху-г барьж болмуй. Жанжин чи тэмдэглэн аваад ах Сүн Жян-даа уламжлан өгөгтүн хэмээгээд Ли Күй-г дагуулан: - Тянь Ху-ын аймгийг арилган сөнөөсүгэй хэмээхүл, Чюн овогтон лугаа эелдвээс зохимуй хэмээн тав зургаан удаа уншив. Ли Күй бас энэхүү нууц сургаалд эрхгүй өөр ёс баймуй хэмээн бодоод түүнийг дагаж хэд хэдэн удаа уншив. Бичгийн хүмүүн гэнэт өмнөх шугуйг зааж: - Нас ахширсан нэгэн эмгэн шугуйн дунд сууж баймуй хэмээсэнд Ли Күй нүд өргөн нэгэн зэрэг ажиглаад хойш хандан үзвээс тэр бичгийн оюутан хэдийн үзэгдэхгүй болсноо Ли Күй: - Эчих нь юутай ийн төдийхөн аж! Би шугуйд орж ямар хүмүүн болохыг үзсүгэй хэмээгээд урагш алхалж шугуйн захад ирээд үзвээс үнэхээр нэгэн эмгэн сууж баймуй. Ли Күй урагш эчиж нэлээд ойр болсон хойно нүд өргөн үзвээс үзвээс өөр хүмүүн бус, түв хэмээн Ли Күй-ийн эх нүдээ аньж хөх чулуун дээр суух тул Ли Күй гүйж эчээд эх юүгээ тэврэн авч: - Өршөөлт эх минь! Эгнэгт ямар газар зовлон амсаж асан буй? Хөвүүн чинь би чамайг өлөн барсад идэгдэв хэмээн санав. Үзвээс харин энд байсан аж! хэмээхүйеэ эх нь өгүүлрүүн: - Хөвүүн минь, би угаас өлөн барст идэгдсэнгүй бөлгөө хэмээв. Ли Күй гашуудан уйлсаар: - Хөвүүн чиний энэ өдөр илбэгдэн дагаж, эзэн төрийн түшмэл болов. Ах Сүн Гүн Мин их цэргийг авч хот дотор суух тул хөвүүн чинь би эхийг үүрч хотдоо эгсүгэй хэмээн хараахан хэлэлцэж атал гэнэт их дуу мандаж шугуйн дотроос алаг эрээн галзуу барс сүүл шарван ам ангайн архирсаар Ли Күй-ийн зүг самардан ирснээ Ли Күй их л сандарч саран сүхийг шүүрэн аваад галзуу барсын галавыг заан цавчин илгээхүйеэ хүч хэтэрхий их болсон тул хий тонгорцоглон унав. Үзвээс Ли Күй хаврыг мэдээлэх хүрээлэн И Чүнь Фү-ийн танхимын ширээн дээр тонгорцоглон унасан ажгуу.

Тэр үед Сүн Жян олон ах дүү нарын хамт урагш өдрийн үйлийг хараахан амттай хэлэлцэж байтал Ли Күй анхандаа ширээн дээр дэрлэж өргөлж асан тул санаанд авсангүй бөлгөө. Гэнэт их дуу гарсанд олон хүмүүн нүд өргөн үзвээс Ли Күй зүүдээр ширээг шааж аяга тэвшийг хагалж шөл зууш асган ханцуй хамраа шал норгосон бөгөөд амандаа ганц: - Эх минь, өлөн барс явжээ хэмээн дуудмуй. Ли Күй цочиж сэрээд нүдээ нэгээхэн үзвээс гэрийн дотор дэн зул дуалж, олон хүмүүн тойрон суулцаад архи уух тул их дуугаар: - Эвүү! зүүдэлсэн ажгуу. Нэгэн цагийн зүүд хэмээвч бас сэтгэл гүйцэв хэмээхүйеэ олон хүмүүн инээн асууруун: - Ямар зүүд зүүдэлж энэ мэт таатай баймуй? хэмээвээс Ли Күй зүүдээр өтөлсөн эхэд учирсан ба хараахан хэлэлцэж атал галзуу барсад тохиолдож цочин сэрсэн үйлийг зүй зүйгээр тоочихуйяа олон хүмүүн зэрэг зэргээр урт шүүрс алдав. Ли Күй бас зүүдээр түрэмгий харгисыг дуустал алж, санамсаргүй өмнөх ширээг өшиглөн унагасан үйлийг хэлэхүйеэ Лү Жишэнь, Ү Сүн, Ши Сю нар алга ташин баярлаж: - Сайн болов! хэмээхүйеэ Ли Күй өгүүлрүүн: - Үүнээс илүү таатай үйл хойно нь баймуй хэмээгээд зүүдээр Цай Жин, Түн Гуань, Ян Жянь, Гао Чю зэргийн дөрвөн зальхай түшмэлийг алсан үйлийг тоочин хэлэхүйеэ олон хүмүүн алга ташиж зэргээр: - Сайн болов, сайн болов. Ийм зүүд хэдийгээр зүүд боловч бас тав ханах болой хэмээхүйеэ Сүн Жян өгүүлрүүн: - Олон жанжин дуугаа дарагтун. Зүүдний үйлийг чухал болгох нь юун? хэмээв. Тэр үед Ли Күй зүүдний үйлийг хараахан амтархан хэлж асан тул нударга зангидан ханцуй шамлаж ийн өгүүлрүүн: - Чи бас чухал бус хэмээмүй. Нэгэн насандаа энэ мэт сэтгэлд таатай үйлийг хийсэнгүй бөлгөө. Бас нэгэн гайхалтай хэрэг баймуй. Зүүдэнд нэгэн бичгийн хүмүүн надад "Тянь Ху-ын аймгийг арилган сөнөөсүгэй хэмээхүл, Чюн овогтон лугаа эелдвээс зохимуй" хэмээх нууц үгсийг сургаж, энэ хэмээгч Тянь Ху-г эвдэх нууц сургаал болой. Тэмдэглэн тогтоож ах Сүн Жян-даа уламжлагтун хэмээн захив хэмээхүйеэ Сүн Жян, Ү Юн нар түүний учрыг ухах үгүйд хажууд асан энэ Дао Цюань "Чюн овогтон лугаа эелдвээс зохимуй" хэмээх үгийг сонсоод хараахан тайлан хэлсүгэй хэмээтэл Жн Чин хэдийн нүд имнэж дохио өгсөн тул Ань Даочуань инээмсэглэж үг өчсөнгүй. Ү Юн өгүүлрүүн: - Энэ зүүд маш гайхалтай. Цас арилсан хойно цэрэг орвоос зохимуй хэмээхүйеэ олон хүмүүн тархаж өөр өөрийн суух газартаа эгэв.

Жич өдөр цас арилсан хойно, Сүн Жян цацарт гарч Лү Жюнь И, Ү Юн нарын хамт цэрэг морийг зүүн баруун хоёр зам хуваах үйлийг зөвлөн тогтоож, зүүн замын цэрэг Ху Гуань боомтыг өнгөрөн, Жао Дэ сянь-ийг авч, Лү Чэн, Юй Шэ-г туулан хулгайн үүрийн хойд этгээдийг сундлан Да Гү сянь-аас Линь сянь-д хүрч цэрэг нийлэн хулгайг арилгамуй. Баруун замын цэрэг Жинь Нин-г аван, Хо Шань-ийг гэтэлж, Фэнь Ян-г авч Же Сю, Пин Яо, Чи сянь-ийг өнгөрч Вэй Шэн-ийн баруун хойдод хүрч, Линь Сянь-ий газар хоёр замын цэргийг нийлүүлж Вэй Шэн-г байлдан Тянь Ху-г баримуй хэмээн бодлого тогтоосон хойно хоёр замын цэрэг жанжинд цааз зарласан нь:

Их Сянь фэн Сүн Жян өөрийн биеэр дөчин долоон жанжныг дагуулмуй. Энэ дөчин долоон жанжин нь:

Цэргийн багш Ү Юн, Линь Чүн, Со Чао, Сюй Нин, Сүнь Ли, Жан Чин, Дай Зүн, Жү Түн, Фань Руй, Ли Күй, Лү Жишэнь, Ү Сүн, Бао Сюй, Сян Чүн, Ли Гүнь, Шань Тингүй, Вэй Дингуо, Ма Линь, Янь Шүнь, Се Жэнь, Се Бао, Сүн Чин, Ван Ин, Ху Саньнян, Сүнь Синь, Гу Да Сао, Лин Жэнь, Тан Лун, Ли Юнь, Лю Тан, Янь Чин, Мэн Кан, Ван Дин Лю, Цай Фү, Цай Чин, Жу Гүй, Пэй Сюань, Сяо Ран, Жян Жин, Юэ Хэ, Жинь Да Жянь, Ань Даочуань, Юй Баосы, Хуан Фү Дуань, Хоу Жянь, Дуань Жинжү, Ши Чянь, Хэбэйн дагасан жанжин Гэн Гүн Дэд Сянь фэн Лү Жюнь И өөрийн биеэр дөчин жанжныг дагуулмуй. Тэр дөчин жанжин нь:

Цэргийн багш Жү Ү, Чинь Мин, Ян Хи, Хуан Синь, Оу Пэн, Дэн Фэй, Лэй Хэн, Люй Фан, Гуо Шэн, Сюань Зан, Хао Сывэнь, Хань Тао, Фэн Чи, Мү Чүнь, Жяо Тин, Жэн Тяньшоу, Ян Сюн, Ши Сю, Зоу Юань, Зоу Рүнь, Ян Чин, Сүнь Эл Нян, Ли Ли, Чэнь Да, Ян Чүнь, Ли Жүн, Күн Мин, Күн Лян, Ян Линь, Жоутун, Ши Юн, Ду Чянь, Сүн Вань, Дин Дэсүнь, Гүн Ван, Тао Зүнван, Цао Жэн, Сюэ Юнь, Жү Фү, Бай Шэн

Түүнээс Сүн Жян цэрэг жанжинд цааз зарласан хойно Лү Жюнь И-ийн зүг зөвлөн өгүүлрүүн: - Эдүгээ зүүн баруун этгээдийг дайлахаар цэрэг жанжныг хоёр зам хуваав. Мэргэн дүү аль замын цэрэг жанжныг дайчилж эчмүй? хэмээвээс Лү Жюнь И өгүүлрүүн: - Эзэн жанжин цэрэг морийг захирах тул ямар аюулгүй газар сонгож ах чиний цэргийн цаазыг үтээрмүй хэмээхүйеэ Сүн Жян өгүүлрүүн: - Тийн бөгөөс тэнгэрийн санаагаар болгосугай. Хоёр замыг шавгад бичиж шавга татаж үзсүгэй хэмээгээд Пэй Сюань-ийг дуудан шавга бичүүлсэн хойно Сүн Жян, Лү Жюнь И хоёул хүж шатаан тэнгэр сахиусанд даатгаад, Сүн Жян нэгэн шавгыг татаж гаргав. Сүн Жян энэ нэгэн шавгыг татсанаар гурван замын цэрэгт хэд хэдэн шалгарсан баатар нэмэгдэж Ү Лүн Шань уулын өмнө гайхалтай увдис илэрмүй. Эгнэгт Сүн Жян чухам ямар шавга татсаныг мэдсүгэй хэмээвээс түр доод бүлэгт үзтүгэй.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top