Ж.Баттогтох: Монгол Улс төвийг сахих хэрэгтэй

Автор | Zindaa.mn
2022 оны 03 сарын 01

Сүүлийн өдрүүдэд Орос, Украины асуудал дэлхий нийтийн анхаарлын төвд байна. Тиймээс энэ удаагийн “Өглөөний зочин” хоймортоо МУИС-ийн Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургуулийн ОУХТ-ийн эрхлэгч, судлаач Ж.Баттогтохыг урьж ярилцлаа.


-ОХУ, Украинд зэвсэгт халдлага хийсэн нь дэлхий нийтийн анхаарлын төвд байна. Чухам яагаад энэхүү халдлага болох нөхцөл бүрдчихсэн юм бэ?

-Яг ийм нөхцөл байдал бий болоход шалтгаан хэрэгтэй. Дэлхий нийтээрээ үүнийг хоёр өнцгөөс тайлбарлаж байна.

Нэгдүгээрт: Украин тусгаар тогтносон улс учраас өөрсдөө ямар замаар хөгжихөө толгой мэдэн шийдэх эрхтэй. Олон улсын эрх зүйд улсын бүрэн эрхийн зарчим гэж байдаг. Энэ зарчмын дагуу Украин улс нь Европын холбоо, НАТО-д гишүүнээр элсэх бүрэн эрх нь байгаа. Дээр нь ЗХУ задарсны дараа нутаг дэвсгэрт нь байсан 15 улс шинээр тусгаар улс болоод энэхүү олон улсын эрх зүйн зарчмаар хөгжиж ирсэн.

Тэгэхдээ Беларусь, Казахстан, Азербайжан зэрэг улсууд  Оростой бүх талаараа зөвшилцөж олон улсын харилцаанд хамтын шийдвэр гаргаж ирсэн бол Украинд найман жилийн өмнө хувьсгал гарч засгийн эрхэнд радикалууд гарч ирснээр тэнд Оросын нөлөөгөө алдаж эхэлсэн. Энэ хувьсгалын үр дүн болон өнөөдрийг хүртэлх Украины гадаад бодлогыг Оросын талаас хүлээн зөвшөөрч чаддаггүй. Яагаад гэхээр неонацистууд хувьсгалыг эхлүүлсэн гэж Оросын тал үздэг юм.

Хоёрдугаарт: Донецк, Луганск зэрэг мужууд шинээр тогтсон Украины Засгийн газрыг хүлээн зөвшөөрөхгүй салан тусгаарлах бодлого явуулсан. Өнгөрсөн найман жилийн туршид иргэний дайн боллоо.

Гуравдугаарт: Америк болон барууны улсууд өмнө нь улсыг дотроос нь хагалан бутаргаж, эмх замбараагүй байдал үүсгээд өөрсдийнхөө эрх ашиг, хүслийг бий болгосон гэж Орсын талыг баримтлагчид үздэг.Хоёр туйлт олон улсын харилцаа өмнө нь болсон хүйтэн дайнаар дуусаагүй ба улс орнуудын хооронд мөнхийн зөрчил мөргөлдөөн тасраагүй нь сүүлийн олон улсад өрнөж байгаа зөрчил мөргөлдөөнөөс харагдаж байна. Энэ нь Сири, Ливи зэрэг улсуудаас харагдаж байна. АНУ 2004 онд Ирак руу цөмийн зэвсэгтэй гээд дайрч орсон. Мөн маш олон удаа их гүрнүүд цэргийн үйл ажиллагаа том бага улсууд дээр явуулсан байдаг нь олон улсын эрх зүйн хэм хэмжээг  их гүрнүүд өөрсдөө зөрчдөг жишгийг тогтоож ирлээ гэж үзэж болно.

Олон улсын аюулгүй байдлын эрх зүйн хэм хэмжээ болон олон улсын эрх зүйн бүх нийтээр  дагаж мөрддөг зарчмуудыг энэ удаа Украины хямрал дээр зөрчигдсөнийг та бүхэн олж харлаа. ОХУ өнгөрсөн найман жилийн туршид Украинд болсон иргэний дайныг буруушаан, орос гаралтай ард иргэдээ хоморголох устгах ажиллагаа явуулж байна гэж үзсэн.  Мөн ОХУ-ын баруун хаянд НАТО-ийн шинэ гишүүн яавч байж болохгүй тул  Америк болон Барууны орнуудаас Оросын аюулгүй байдалд баталгаа өгүүлэх тухай удаа дараа нэхэж байсан.

Мөн Украинтай байгуулсан Минскийн хэлэлцээрээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг найман жилийн турш Украинаас шаардсан  боловч Украин уг гэрээг биелүүлээгүй.  Тиймээс ОХУ-ын хувьд өнгөрсөн найман жилийн хувьд энэ асуудлаа яаж шийдэх вэ гэдгээ өнөөдөр хүч хэрэглэх, хүчээр заналхийлэх зарчмаар зөрчлөө.  Гэхдээ дайн болох магадлал ер нь өндөр байсан. Ер нь энэ асуудлыг хоёр талаас нь тайлбарлах нь зөв болчихоод байгаа юм. Хүйтэн дайны дараах байдал, улс гүрнүүд зэвсэглэлээр хөөцөлдөх, бусад улсуудад өөрийн эрх нөлөөг бий болгох гэсэн бодлого л яваад байна.   

-Украины Ерөнхийлөгч НАТО-д элсэх хүсэлтээ өгснөөс үүдэж ийм асуудал боллоо гэсэн яриа байна?

-Тэгж ойлгож болохгүй. НАТО-д Украиныг элсүүлэх арай эрт байна гэж үзээд байгаа шүү дээ. Украины хувьд НАТО-д элсэх сонирхол байгаа. Гэхдээ бусад улсууд нь элсэх цаг нь болоогүй гэж үзэж байгаа юм. Мөн ОХУ НАТО болон барууныхнаас баталгаа өгөөч гэдгийг удаа дараа шаардсан. Харамсалтай нь үүнд нь олигтой хариу өгөөгүй. Украин бол жижиг улс, дээрээс нь ОХУ-ын хөрш учраас барууныхан аль нэг улсын аюулгүй байдлыг асуудалд оруулан өөрийн улсын аюулгүй байдлаа хангаж болохгүй. Энэ үүднээс ОХУ НАТО-г өргөжүүлэхгүй байх байр суурьтай ямагт байж ирсэн. Гэхдээ  Украиныг НАТО-д элсэх болоогүй гэдэг шийдвэр өмнө нь ч гарчихсан байсан.

-Украиныг дараагийн Сири болох нь гэж яриад байна. Ер нь Украин улсын ирээдүй хэрхэх бол?

-Энэ тал дээр хоёр зам байж болно. Нэгдүгээрт, олон улсын эрх зүйн маргааныг энх тайвны замаар шийдвэрлэх зарчмаар шийдвэрлэх ёстой. Дипломат яриа хэлэлцээрийн аргаар  маш хурдан, эв зүйгээр шийдвэрлэх ёстой байдаг. Маргааныг гол нь эв зүйгээр шийдэх ёстой гэсэн олон улсын эрх зүйн үндсэн 10 зарчим бий. Харин хоёр тал яриа хэлэлцээрийн аргаар шийдэж чадахгүй бол гуравдагч тал зуучлалаар оролцох хэрэгтэй байдаг. Беларусь улс хүртэл хоёр талыг асуудлаа шийдэхэд нь зуучлагч улс болъё гээд саналаа тавьчихсан байна лээ. Тэгэхээр Монгол Улс ч гэсэн маргааныг эв зүйгээр шийдвэрлэхэд бидний зүгээс санал тавьж болно.

Энэ бол НҮБ-ын гишүүдийн үүрэг юм.  Мөн олон улсад хүлээсэн үүргээ биелүүлж байгаагийн нэг хэлбэр мөн. Тиймээс дипломат шугамаар яриа хэлэлцээрийн аргаар шийдэх л ёстой. Ингэж чадаагүй тохиолодолд Олон улсын шүүх гэж байдаг. Харин энэ бол хаа, хаанаа нэлээд хэмжээний хохирол учирсны дараа гарах шийдвэр учраас энэ хүртэл яавч хямралыг даамжруулж, дайныг  сонгох хэрэггүй. Хоёрдугаарт, дараачийн Сирия болох магадлал тун өндөр байна.

Тиймээс тухайн улсын удирдагчид энгийн ард иргэдээ бодох хэрэгтэй. Дайнд ялагч гэж байдаггүйг бодох ёстой. Түүхээр нь аваад үзсэн ч гэсэн орос, украин славян гаралтай, хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан  ба мөнхийн хөрш улсууд тул ахан дүүсийн барилдлагатай  хүмүүс хоорондоо дайтах нь утгагүй юм. Тиймээс аль болохоор энэ мөргөлдөөнийг зогсоох хэрэгтэй. Би хувьдаа ОХУ-ын Ерөнхийлөгчийг Сири шиг асуудлыг хүндрүүлнэ гэж бодохгүй байна. Тийм болохоор Украины асуудал удахгүй нааштайгаар шийдвэрлэгдэнэ байх гэж бодож байна.

-Украины Ерөнхийлөгч асуудлыг хэлэлцээрийн замаар шийдье гэсэн ч ОХУ дайралтаа үргэлжүүлээд байна. Тиймээс нөгөө тал нь яриа хэлэлцээрийн ширээнд суух бодолгүй байгаа юм биш биз дээ гэсэн тал байна?

-Үгүй. Украины Ерөнхийлөгч ОХУ-ын ард түмэнд хандаж үг хэлэхдээ бид төвийг сахисан улс болж болох юм гэсэн ба  яриа хэлэлцээр оростой хийх боломжтой гэж мэдэгдсэн боловч өнөөдрийн байдлаар уулзалт болооогүй байна. ОХУ Беларусь улсад  яриа хэлэлцээр хийе гэсэн боловч Украины тал өөр улсад болон энэхүү дайнд газар нутгаа ашиглуулахгүй улсад уулзалтаа хийх санал гаргаж товлосон газраа ирээгүй болно. Мөн Украины талыг дэмжигч улсуудын зүгээс  одоохондоо хэлэлцээрийн ширээний ард суух дэмий гэж хэлсэн байж магадгүй. Тиймээс таамаглах хэцүү болчихоод байна.

-Яриа хэлэлцээрийн замаар шийдэж чадахгүй бол бусад улс татагдан ороод дэлхий нийтийг хамарсан дайн болох вий гэсэн болгоомжлол байна?

-Олон улсын Бүх нийтийн аюулгүй байдал алдагдах магадлал энэ хоёр улсын хоорондын дайнты нөхцөл байдлаас  шалтгаалж байна. Украинд АНУ болон Европын холбооны улсууд зэр зэвсэг, санхүүгийн тусламж үзүүлж байгаа ба цаашид ч үзүүлэх ч байх. Анх л Украинд найман жилийн өмнөх  иргэний дайн болоход энэ мэт тусламжаа үзүүлж байсан. Хэрвээ дэлхийн бусад орнууд татагдан орвол цөмийн зэвсгийн асуудал босож ирнэ.

-ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээ авна гэж байна. Гэвч байгалийн хий болон бусад асуудлыг бодоход хэн нь хэндээ хориг тавьж байгаа нь сонирхолтой болохгүй юу?

-Улсууд хориг арга хэмжээ авснаар өнөө, маргаашдаа мэдэгдэхгүй байдаг байсан бол энэ удаа хориг арга хэмжээгээ нийлээн ширүүн авч эхлээд байна.  Энэ нь ОХУ-ын  улсын эдийн засгийг нэлээд ганхуулах байх. АНУ болон барууныхан зэр зэвсгээр энэ асуудалд хандах нь ашиггүй, харин хориг арга хэмжээ авбал нэлээд сайн шийтгэл болно гэж үзээд байгаа. ОХУ-д энэ нь нэлээд хүнд тусхаар байна. ОХУ-ын Ерөнхийлөгч мэдэгдэл гаргахдаа бэлэн байна гэдгээ мэдэгдсэн ч үнийн хомсдол үүсэх нөхцөл байдал бий болж л таарна. Гэхдээ үүнийгээ дагаад ч тухайн улс орнууд нэлээд хор хохирол амсана, хориг  тавьж байгаа улсууд ч өөрсдөө хохирол амсана.

-Энэ зүйлүүд манай улсад ямар нөлөө үзүүлэх вэ?

-Даяаршлын нэг муу тал нь энэ шүү дээ. Улс орон бүгдээрээ хоорондоо хэлхээ холбоотой болчихсон. Манай улс ОХУ болон Украинтай аль алинтай эдийн засгийн хамтын ажилгааг нэлээн өргөн салбарт хэрэгжүүлдэг.   Наад зах нь л шатахууны  болон бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт Монголын ард түмэнд нөлөөлнө.

-Украин улс байгалийн хий, газрын доорх элементээрээ дэлхийд тэргүүлдэг учраас дэлхийн томоохон улсууд өөрсдийн бодлогоо хэрэгжүүлж байна гэх юм?

-Олон улсын харилцааны асуудал, геополитик, стратеги л энд явж байгаа. Улс орнууд мөнхийн эрх ашгаа бодно. Эрх ашгаа бодоод ОХУ-д хориг арга хэмжээ авахгүй гэдгээ эхнээсээ зарим улс орнууд хэлчихсэн. Энэ дунд төвийг сахисан улсууд ч бий. Харин зарим нэг улсууд үүнийг ашиглах нь тодорхой. Япон улс одоо ОХУ-д хориг арга  хэмжээ авч байна. Уг нь энэ бол Япон улсад ашиггүй байж мэднэ. Яагаад гэхээр нааштай явж байсан Курилийн арлуудын асуудал үүнээс болоод дахиад өчнөөн  жилээр хойшлох болон. 

-Орос, Украины асуудлаар хрхэн шийдэгдэхээс хамаараад дэлхийн ирээдүй хамаарна гэж олйгох уу?

-Олон улсын харилцаанд маш олон тоглогчид байгаа. Энэ тоглогчид ямар ч маргааныг эв зүйгээр шийдвэрлэх, газар нутгийн бүрэн байдлыг хүндэтгэх гэсэн зарчмыг барьдаг юм. Гэсэн ч  Орос, Украины асуудал энэ бүхнийг зөрчөөд, ОХУ-ыг буруутгадаг тал гарч ирнэ. Тийм болохоор цаашдаа олон улсын энэ хэм хэмжээг зөрчих явдал ихээр гарч байгаа болохоор энэ тал дээр асуудлыг хандуулах хэрэгтэй. Эдгээрийг зөрчиж байгаа нь дандаа нь их гүрнүүд байгаа. Тийм ч болохоор эдгээр улсууд олон улсын харилцаанд оролцохдоо олон улсын эрх зүйг зөрчиж байна.

1990-ээд оны эхээр социалист систем задарч, коммунист онолын чиг баримжаа бүхий эрх баригчид улс төрийн үзэл суртлаа алдсан нь янз бүрийн улс орнуудын хоёр талын болоод олон талын харилцаанд эргэлт гарах шалтгаан болсон билээ. Олон улсын харилцаа өнгөрсөн зууны сүүлийн хагасын хоёр туйлт үеийнхээс эрс өөрчлөгдөж, хөгжлийн шинэ том төвүүд бий болж, олон улсын харилцаанд тэдгээрийн үзүүлэх нөлөө өсөх хандлагатай байна.

Олон улсын эрх зүйн зохицуулалт нь олон улсын харилцааны шинэ хүрээ, салбарт тархаж, өмнө нь үндэсний эрх зүйн зохицуулалтын хүрээнд багтдаг байсан хүний эрх, эдийн засгийн зарим салбар төдийгүй  мэдээлэл, шашин зэрэг асуудлыг хамрах болсон.

Улс орнуудын хөгжлийн хурд, төвшин улам бүр ялгаатай болж, буурай, эмзэг эдийн засагтай улсуудад ядуурал буурахгүй, бүс нутгийн мөргөлдөөн хямрал багасахгүй, зарим улс, бүс нутагт цөмийн зэвсэгтэй болох оролдлого үргэлжилж, хурцадмал байдал даамжирсаар байгаа төдийгүй уур амьсгалын өөрчлөлт, байгаль орчны доройтол хийгээд олон улсын терроризм, хүний болоод хар тамхины наймаа, гоц халдварт өвчний тархалт зэрэг аюул занал нэмэгдсээр байна. Энэ бүхэн нь олон улсын эрх зүй нь илүү үр дүнтэй зохицуулалт, түүний зарим институцуудад шинэ хандлага, уур амьсгал оруулахыг зүй ёсоор шаардаж байгаа нь өнөөдрийн энэ дайнаар харууллаа. .

1995 онд Нью-Йорк хотноо чуулсан олон улсын эрх зүйн дэлхийн анхны бага хурал олон улсын эрх зүйн ач холбогдол ба утга агуулгыг “Олон улсын эрх зүй бол олон улсын харилцааны хэл мөн” хэмээн тодорхойлсон билээ. Тэрхүү хэлд амжилттай суралцах нь Монгол Улсын энхийг эрхэмлэсэн, нээлттэй, бие даасан, олон тулгуурт гадаад бодлогыг хэрэгжүүлэхэд ач тустай нь дамжиггүй.

Олон улсын эрх зүйн онцлог нь зөвхөн улс орнуудын хоорондын харилцааг зохицуулдагт оршино. Улс орны үндэсний эрх зүйн систем нь төрийн засаглалын бүтцийн янз бүрийн байгууллага, тэдгээрийн хоорондын болон тухайн улсын хуулийн үйлчлэл дор байдаг хувь хүн ба хуулийн этгээдийн хоорондын харилцааг зохицуулдаг. Харин олон улсын эрх зүй нь зөвхөн улсуудын хоорондын харилцаанд үйлчилдэг болно.

Нийгмийн хөгжлийн явцад дээрх хууль дүрэм өөрчлөгдөх болсон (Жишээ нь: НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн шийдвэрээр шийтгэл ногдуулах хэлбэрээр). Олон улсын эрх зүйг олон улсын харилцаанд оролцож буй улс орон бүр дагаж мөрдөх ёстой гэсэн байр суурийг иш үндэс болгон улс орон олон улсын эрх зүйг сайн дурын үндсэн дээр сахин мөрддөг.

Олон улсын эрх зүй нь зөвшилцлийн шинжтэй. Улс орны үндэсний эрх зүйн системд төрийн байгууллагууд нь эрх зүйн субъектийн үйл ажиллагааг зохицуулсан хэм хэмжээг бий болгох чиг үүрэгтэй байдаг бол олон улсын эрх зүйн системд улсуудын үйл ажиллагааг зохицуулсан зүйл заалтууд нь олон улсын харилцааны субъектийн өөрсдийн сайн дурын зөвшилцлийн үр дүнд үүсдэг.

Олон улсын эрх зүй нь санаанаасаа зохиосон хийсвэр зүйл биш, бүх асуудлыг шийддэг арга хэрэгсэл ч биш, харин олон улсын харилцааг зохицуулах дэг журмыг төгөлдөржүүлэх, боловсронгуй болгох зорилго бүхий зохион байгуулалтын арга хэмжээ юм. Мөн олон улсын эрх зүй нь эрх зүйн бусад системтэй нягт холбоотой байдаг ба нэг улсын эрх зүйн системийн бүтээгдэхүүн бус харин орчин үеийн дэлхий ертөнцийг бүрдүүлж байгаа 210 гаруй улс орны хамтын бүтээл юм.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(202.131.232.117) 2022 оны 03 сарын 02

Za tuviig saxix ni xamaaguo deer yalantuya ter Shanxain xolboond orj xerxevch bolxgui yavaandaa xuchrxegjeed irvel tsumiin zevsegtei bolchixod gemgui l yum baina

0  |  0
Зочин (192.82.69.198) 2022 оны 03 сарын 02

Монгол орныг төвийг сахисан улс болгох нь зүйтэй гэж хэлээгүй байна шүү дээ. Яагаад тийм гарчиг өгсөн юм бэ

0  |  0
Top