Д.Цолмон: Энэ спортод дурласан учраас нэг ч хором шантарч байгаагүй

2022 оны 03 сарын 01

Монголын 15 спортын холбооны нэгдсэн Улсын аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн сарын 08-17-ны өдрүүдэд болсон билээ. Энэ үеэр Тэргэнцэртэй сэлмийн холбоо анхдугаар Улсын аварга шалгаруулах тэмцээнээ 16-ны өдөр зохион байгуулсан юм. Тус тэмцээнээс туялзуур сэлмийн эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд тэргүүн байр эзэлсэн Д.Цолмонтой ярилцлаа.


-Юуны өмнө эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд тэргүүн байр эзэлсэнд тань баяр хүргэе. Анх энэ спортод хэрхэн хөл тавьж байсан талаараа хуваалцахгүй юу?

-Баярлалаа. Тэргэнцэртэй сэлмийн холбоог 2018 онд байгуулсан гэдэг. Туялзуур сэлэм, энэ холбооны талаар н.Тунгалагтуяа гэх найзаасаа сонссон. Найз маань ч бас тэргэнцэртэй л дээ. Сэлмийн спортоор хичээллэж үзэх саналыг надад найз маань тавьж байлаа. Би ч эхэндээ тоогоогүй ээ. Спортоор хичээллэх эсвэл бусад зүйлсэд сатаарахгүйгээр зөвхөн амьдралаа бодоод л явъя хэмээн шийдсэн байв. Найз маань хичээнгүйлэн гуйж, удаа дараа туялзуур сэлмийн клубт явах санал тавьсан учраас нэг удаа яваад үзье хэмээн шийдсэн. Ганцхан удаа сэлмээр хичээллээд л энэ спортод дурлаж байлаа.

-Тэгэхээр энэ спортод хөл тавиад хэд дэх жилтэйгээ золгож байгаа гэсэн үг үү?

-Туялзуур сэлмээр 2019 онд хичээллэж эхэлсэн. Холбоог байгуулагдсаны гишүүн болсон гэсэн үг л дээ. Тэгэхээр энэ спортоор дөрөв дэх жилдээ хичээллэж байна. Өндөрхаан туялзуур сэлмийн клубийн тамирчин гэж явдаг.

-Долоо хоногт хэдэн удаа хичээллэдэг вэ. Ивээн тэтгэгчээ олсон уу?

-Бэлтгэлээ 10-р хороололд байрлах клубийн зааландаа хийдэг. Клуб маань байгуулагдсанаас хойш энэ зааландаа л бэлтгэлээ хийсээр өнөөдрийг хүрсэн. Одоогоор долоо хоногт хоёр удаагийн бэлтгэл хийж байгаа. Олон улсын цомын төлөөх тэмцээний бэлтгэл эхэлбэл гурван өдөр бэлтгэл хийх байх. Цаашлаад дөрвөн өдөр ч бэлтгэл хийж мэднэ. Одоогоор ивээн тэтгэгч олоогүй. Мөн ямар дэмжлэг, тусламж байгаа талаар мэдэхгүй байна. Олон улсын тэмцээнд оролцмоор байгаа ч санхүүгийн хувьд хүндрэл учирсан.

-Туялзуур сэлмээр хичээллэхээр шийдэхэд гэр бүлийн тань зүгээс хэрхэн хүлээж авч байв?

-Гэр бүл маань намайг ямар нэгэн зүйл хийхэд цааргалдаггүй. Хүссэн зүйлээ хийхийг минь дэмждэг. Өөрийгөө зовоож, дургүй зүйлээ хүчилж хийх шаардлагагүй учраас хийхийг хүссэн зүйлсийг минь ихээхэн дэмждэг дээ.

-Спорт гэдэг хувь хүнээс маш их зүйлийг шаардаж байдаг. Магадгүй тэр хэрээр тамирчдад шантрах үеүд тохиолддог байх. Таны хувьд шантрах үе байсан уу?

-Би энэ спортоор хичээллээд шантарч байсан удаа байхгүй. Учир нь энэ спортоор хичээллээд өөрөө өөртөө илүү их дурлаж эхэлсэн. Хийж буй дасгал хөдөлгөөн, бэлтгэл бүр маань “амттай” байдаг. Өөрөө өөрийгөө хайрлахаас гадна, энэ спортод дурласан учраас нэг ч хором шантарч байсан удаагүй. Ингэж хэлэхээр хүмүүс гайхаж мэднэ. Гэвч өөртөө бардаж, биеэ тоосондоо ингэж хэлээгүй гэдгийг залруулах хэрэгтэй болов уу. Ямарваа нэгэн хүн спортоор хичээллээд тухайн спортоос гадна өөрийгөө их хайрладаг юм билээ.

-Тамирчны сэтгэл зүйгээ хэрхэн бэлддэг вэ?

-Сэтгэл зүйн хэт их хөөрлөөр өрсөлдөгчтэйгээ тулалдвал буруу алхам хийх магадлал өндөр байдаг. Ийм асуудал гаргахгүйн тулд өмнөх өдөр нь өөрийнхөө бие, оюун ухаанаа төвлөрүүлж, бэлддэг. Тэмцээнд орохоосоо өмнө өрсөлдөгчтэйгээ хэрхэн тулалдах аргаа их бодно. Харин тэмцээний үеэр оноо алдвал тайван байхыг илүүд үздэг. Оноо алдангуутаа дайрч, давшлаад байж болохгүй шүү дээ. Мөн оноо авсан гээд сэтгэлийн хөөрөлд автаад байж болохгүй. Тэр их хөөрлөөс өөрийгөө их дардаг.

-Туялзуур сэлмээр хичээллэхэд хувь хүнээс ямар ур чадварууд шаарддаг бол. Хувцас хэрэглэлийн талаар товчхон танилцуулвал?

-Энэхүү спорт нь хурд, хүч, оюуны самбаа, нүдний хурд зэргийг ихээхэн шаардана. Тамирчны хувцас хэрэглэлд маск, цээжний хамгаалалт, пүүз, тусгаарлагч хантааз, хүрэм, дотор хантааз, кабель, бээлий, оймс, өмд болон сэлэм зэрэг багтдаг.

-Тулгуур тогтолцооны бэрхшээлтэй хүмүүс олон нийтийн харилцаанд орохоос өөрийгөө тусгаарладаг юм шиг ээ. Нэг талаас нийгэм дэх бүтээн байгуулалт нь тэднийг зорчиход төвөг удаж байна. Таны хувьд бэлтгэлээ хийхээр бэлтгэлийн зааландаа ирэх үе шат хэр хүндрэлтэй байдаг вэ?

-Хүн хүсвэл юуг ч хийж чадах юм шиг санагддаг. Тулгуур тогтолцооны бэрхшээлтэй гэлтгүй ер нь ямар ч төрлийн бэрхшээлтэй хүмүүс бий. Хүн л юм чинь юуг ч хийж чадна. Миний хувьд өөрийгөө хөгжлийн бэрхшээлтэй хэмээн боддоггүй. Би бусдаас ялгаагүй хүн. Бусадтай адил мөрөөдөж, хүсдэг. Мэдээжийн хэрэг гадуур явахад шат, замын чулуун хашлага, унаа гэх мэт асуудал бий. Эдгээр зүйлс нийгмийн харилцаанд орох эхэн үед тулгардаг. Өмнө нь ээж, эгч минь намайг үргэлжид түрж явдаг байсан. Гэртээ орох үед тэд их ядарсан харагддаг.

Би ядраагүй атлаа тэр дүр зургийг хараад сэтгэлээрээ ядардаг байсан. Сэтгэл санаагаар унахтай адилтгаж болохгүй. Гэр бүлийнхнийхээ ядарсан байдлыг хараад би бие даах хэрэгтэй юм байна гэж бодож эхэлсэн. Эмэгтэй хүн гэрээс ганцаараа гарах гэвэл гэр бүл маань дургүйцдэг байлаа. Тэр үед “Намайг хүн ирж авна” хэмээн гэр бүлдээ худлаа хэлж гардаг байсан. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн Түгээмэл төвд анх очдог байлаа. Тэр төв рүү очихын тулд худлаа хэлдэг байсан хэрэг л дээ. Тэгж явсны эцэст ээж минь намайг ганцаараа явахыг зөвшөөрдөг болсон. Айх айдас нь багассантай холбоотой болов уу. Ингэж л нийгэмд өөрийн оролцоотой болж эхэлсэн.

Өөрөө тэр бүхнийг туулаад, өөрөөрөө асуудлыг давах нь хамгийн зөв зүйл байлаа. Замын хажуугийн чулуун хашлагын хэсэгт тулж очвол явган зорчигчдоос “Уучлаарай, надад туслаад өгөөч” хэмээн хэлэхэд тэрхүү саадыг давах боломжтой болдог. Мөн автобусаар их явна. Энэ мэт олон зүйлийг хийсэн учраас одоо надад бэлтгэлийн зааландаа ирэхэд ямарваа нэгэн бэрхшээл хэмээн нэрлэх зүйл байхгүй. Магадгүй тэр үедээ хэцүү байсныг үгүйсгэхгүй. Гэвч тэдгээр үйлдлүүдийн дараа би ямарваа нэгэн зүйлийг бэрхшээл хэмээн хүлээж авахаа больсон.

-Тамирчны хувьд эсвэл энэхүү спортоор хичээллэж буй хүмүүсийн хувьд тулгардаг асуудал нь юу байна вэ?

-Би бэрхшээл, асуудлын талаар төдийлөн яриад байдаггүй. Миний зүгээс тамирчны бэрхшээл хэмээн нэрлээд байх зүйл байхгүй ээ. Харин бусад тамирчин, уг спортоор хичээллэдэг хүмүүсийн хувьд унааны зардал, тээврийн хэрэгслээр зорчих, бэлтгэлийн бааз гэх мэт асуудлууд тулгардаг. Мөн олон улсын тэмцээнд оролцох хөрөнгө, санхүү, төсвийн орлого байхгүй. Улсаас зөвхөн шигшээ багийн төлбөрийг гаргадаг. Манай спортын төрөлд одоохондоо улсаас дэмжлэг байхгүй. Гэхдээ олон амжилт гаргасны дараа улсаас биднийг дэмждэг болно гэдэгт итгэлтэй байна. Тэгэхээр улсаас хамаарахгүйгээр биднийг дэмжих ивээн тэтгэгч л дутмаг хэмээн харж байна даа. Шинэхэн тамирчин болохоор одоохондоо эдгээрийг л хэлмээр байна.

-Уг спортоор хичээллэснээр ямар эерэг өөрчлөлтүүд гарах вэ?

-Олон хүн энэ спортоор хичээллэвэл эерэг үр дүнг ихээхэн харна. Тухайлбал, биеийн хөдөлгөөн сайжирна, сэтгэл зүй засарна, олон хүнтэй харьцах боломжтой. Олон хүнтэй харьцсанаар нийгмийн харилцаанд орж эхэлнэ. Тиймээс олон хүн хичээллээсэй хэмээн хүсэж байна.

Н.АНУ

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top