300 жилийн өмнө бичсэн “ЧИНГИС” жүжгийг монгол хэлнээ орчууллаа

Автор | Zindaa.mn
2022 оны 03 сарын 02

Чингис хааны тухай домог, уран бүтээл тоймгүй олон билээ. Чингис хааны тухай дэлхий дахинаа 600 гаруй ном бичигдсэн байдаг гэсэн судалгаа бий. Үүний нэг тод жишээ нь 1769 онд Английн эзэнт гүрний Лондон хотноо Друри-лэйн дэх Вангийн театрт “Чингис” эмгэнэлт жүжиг үзэгчдийн хүртээл болж байжээ. Шотланд зохиолч, офицер Александер Доү ертөнцийг байлдан дагуулагчийн тухай жүжиг бичсэн нь 300 жилийн өмнө тайзнаа тоглогдсон нь гайхалтай. Александер Доүгийн “Чингис” жүжгийн зохиолын сонгодог хэлбэр буюу туйлт драмын бүтцээр бичсэн байна. Тэгвэл энэхүү номыг хэл шинжлэлийн ухааны доктор М.Саруул-Эрдэнэ монгол хэлээр орчуулан уншигчдын гарт хүргэхэд бэлэн болоод байна.

 

“ЧИНГИС” ЖҮЖИГ НЬ СУИС-ИЙН СУРГАЛТАНД ЧУХАЛ ХЭРЭГЛЭГДЭХҮҮН БОЛНО

 

Тус номыг М.Саруул-Эрдэнэ СУИС-ийн Театр урлагийн сургуулийн багш, хамт олонд гардуулсан юм. СУИС-ийн захирал Э.Сонинтогос “Шинийг эрэлхийлж, сургалтын хөтөлбөрт оруулж болмоор сайхан бүтээл орчуулсанд талархаж байна. Манай багш, оюутнууд сонирхон уншиж цаашид театрын тайзнаа тоглох байх гэж найдаж байна. М.Саруул-Эрдэнэ доктор бол АНУ-ын Конгрессийн Номын санг хариуцан ажилладаг. Ахисан түвшний номын сангийн мэдлэг мэдээлийг М.Саруул-Эрдэнэ доктороос СУИС-ийн менежментийн багийнхан суралцах хэрэгтэй. Бид тантай хамтарч, дэмжиж ажиллахдаа баяртай байх болно” гэлээ.

Тэгвэл судлаач, доктор М.Саруул-Эрдэнэ “Нэрийн баталгаажсан бүртгэл гэдэг ямар чухлыг Конгрессын номын санд ажиллаж байхдаа мэдэрсэн. Хайлтын системээс Чингис хааны тухай ном хайж байтал 1769 онд Александер Доүгийн бичсэн “Чингис” эмгэнэлт жүжиг байгааг олж хараад ихэд олзуурхсан. Тус номыг үзэхийн тулд Англид зорьж очсон. XVIII зууны үеийн англи үг хэллэгийг таних ойлгохоос гадна, нэг бэрхшээлтэй зүйл нь шүлэглэж бичсэн зохиол учраас шүлэглэн буулгах, ингэхдээ үг утгыг нь хадгалахыг хичээсэн. Орчуулахдаа Англи хэлтний утга зохиолыг судалдаг Конгрессын Номын санч нартайгаа зөвлөлдөж байсан. Чингис хааны хүү Ван хааны охинд дурлах эмгэнэлт жүжгийн уг үндэс нь өнөө Сэнгүмд Зүчийн охиныг өгье гэдэг ч байж болох. Юутай ч ийм жүжиг тавьж байсан нь сонирхол татсан” хэмээлээ.

СУИС-ийн Театрын урлагийн сургуулийн захирал, хэл шинжлэлийн ухааны доктор, дэд профессор Д.Даваасүрэн “Манай сургууль тайз дэлгэцийн зохиолын анги гэж бий. Зохиолын дүр, уран сайхны харьцаа зэргийг гүнзгийрүүлж судалдаг. Энэ ном сургалтын хэрэглэгдэхүүнд өндөр үүрэгтэй чухал бүтээл байна. Гадаадын сонгодог жүжгийг гадаад хэлээр нь тоглуулж, гадаад сургалт тал дээр анхаарч ажиллана. Аж үйлдвэрийн IV хувьсгал эрчимжиж байгаа энэ үед хүн төрөлхтний түүхийн оюуны үнэт бүтээлийг эх орондоо авчирсанд манай сургуулийн зочин профессор М.Саруул-Эрдэнэ багшдаа баяр хүргэе” гэлээ. М.Саруул-Эрдэнэ нь АНУ-д 20 жил ажиллаж амьдрахдаа Монгол соёлын төвийг үүсгэн байгуулсан гавьяатай. Т

эрбээр Индианагийн их сургуульд зочин судлаачаар таван жил ажиллаж байгаад Төрийн департаментийн гадаад харилцааны дээд сургуульд 10-аад жил багшилж байжээ. 2009 оноос хойш өдгөө хүртэл АНУ-ийн Конгрессын Номын санд номын сангийн мэргэжилтнээр ажиллаж байна. М.Саруул-Эрдэнэ нь Францын эрдэмтэн Пети дела Круагийн 1720 онд бичсэн “Аугаа их Чингис хааны түүх” хэмээх түүхийн бүтээл, эмэгтэй зохиолч Анна дэ ла Рош-Гильений 1691 онд бичсэн “Чингис нэр нэгэн Татаарын түүх” хэмээх романыг орчуулж байсан туршлагадаа дулдуйдан энэхүү бүтээлийг орчуулахаар зоригложээ.

 

ЧИНГИС ХААНЫГ ТУЛГУУР ДҮР БОЛГОСНООРОО ОНЦЛОГТОЙ

 

Александер Доү перс хэл сурснаар Тарик Могулистаны түүхээс сэдэвлэж жүжгээ бичсэн гэдэг.  “Чингис” жүжиг нь хоёр бүлэгтэй, бодит дүрүүдтэй. Чингис хааны эсрэг хунтайжаар толгойлуулсан хуйвалдагч, босогчдын ялалт, эзэн хаан хуйвалдагчдын цэргийг дарсан ч, угсаа залгах хунтайжаа алдаж буй эмгэнэлт төгсгөлийн тухай өгүүлдэг. Уг жүжгийн гол дүр нь Чингис хаан биш юм. Драмын онолч Лаёш Эгридийн дэвшүүлсэн “тулгуур дүр” гэсэн санаа бий.

Хэдий гол дүр биш ч жүжгийн үйл явдал, учир шалтгааны гинжин холбоонд чухал үүрэг бүхий, гол баатруудын сэтгэл зүйн үйлдлүүдийг өдөөгч тулгуур дүр юм. Жүжигт Чингис хааны ууган хүүг Төмөр, хунтайжтай нийлж бослого өдөөж буй эрэлхэг жанжныг Хубилай хэмээн нэрийджээ. Зохиолч монгол угсаатны дотроос өрнө дахинд хамгийн алдартай болох Марко Полог ивээгч Хубилай, домогт байлдан дагуулагч Доголон Төмөр нарын нэрээр жүжгийн чухал дүрүүдийг нэрлэхээр шийдсэн бололтой.

Мөн “Чингис” жүжгийн тулгуур дүр нь ялагдаж, сүйрч буй Ван ханы гүнж Есүйжин юм. Хунтайж Төмөр чухам Есүйжин гүнжид л дурласны улмаас эцэгтээ шийтгүүлж, жүжгийн гол хуйвалдааныг үүтгэгч Жамуха ч түүнд сэтгэл алдарсан байдаг. Есүйжин гүнж эрэлхэг зоригт Төмөр хунтайжийг чин сэтгэлээсээ өрөвдөн хайрлах хэдий ч, гал голомтыг нь үнсээр хийсгэсэн Чингис хааны хүү гэдэгтэй үл эвлэрч чадна. Жүжгийн төгсгөлд Ван хаан алагдаж, Төмөр хунтайж Жамухын илдэнд хөнөөгдсөний дараа Есүйжин гүнж Чингис хааны өмнө амиа егүүтгэнэ.

Монголын Хайду ноёны охин эрэлхэг Хотулун гүнжийн тухай домог түүх шиг яриаг Марко Поло өрнө дахинд тарааснаас хойш түүний тухай бүтээл олон төрж байсан гэдэг. Эдгээрээс хамгийн алдартай нь Италийн зохиолч Карло Гоццигийн “Турандот” жүжиг юм. Үүн лүгээ адил өрнийн тайзнаа туйлт драмын аргаар эмгэнэлт жүжиг ийнхүү тавьж байжээ.

Эзэнт гүрний хаанчлалын үеийн бүтээлээс “Мөнх тэнгэрийн хүчин дор”, “Хаан түүх”, “Атга нөж” зэрэгт нь түүхэн бие хүний дүр тод тусдаг. Александер Доүгийн бүтээлд Чингис ханы тойрон хүрээлэгчдийн дундах зөрчлөөр байлдан дагуулагчийн дүр төрхийг бий болгосноороо онцлог юм. СУИС-ийн Театрын урлагийн сургуулийн Утга зохиол судлал хөтөлбөрийн багш Я.Баяраа “Александер Доүгийн “Чингис” жүжиг сүр хүчит дүрслэл, манай олонх түүхэн зохиолд ашиглагддаг хэт сүржигнэсэн номчирхол багатай, үйл явдлын цэгийг  олж хатгасан ур дүрслэлтэй ажээ. Тэр бүхнийг англи хэлнээс тэмтэрч буулгана гэдэг орчуулагчийн хувьд амаргүй хэрэг  байсан нь ойлгомжтой. Судлаач, доктор М.Саруул-Эрдэнэ энэхүү жүжгийг орчуулахдаа классицизмын үеийн англи утга зохиолын хэлний онцлогийг хичээнгүйлэн тайлж, жүжгийн дүрийн нэрийн түүхэн дүйцлийг судлан оноож, хамгийн онцлууштай нь монгол туульсын яруу найргийн хэлээр гүн яруу буулгаж чаджээ” гэж дүгнэсэн байна.

 

ДРУРИ-ЛЭЙН ДЭХ ВАНГИЙН ТЕАТР НЬ ЛОНДОНГИЙН ХАМГИЙН ЭРТНИЙ ТЕАТРТ ТООЦОГДДОГ

 

Александер Доү зохиолч нь 1735 оны үед төржээ. Насанд хүрч усан цэрэг болоод Пруссийн хааны усан онгоцон дээр ажиллаж байгаад Аймот хотод худалдаа наймааны хэрэгт суралцсан гэдэг. Тэндээсээ Индонезид хэсэг ажилласныхаа дараа Калькутта хотод Зүүн Энэтхэгийн компанид ажиллав. Тус компани нь цэргийн анги нэгтгэл ажиллуулдаг байсан аж. Александер Доү “Бенгалын явган цэрэг” хэмээх нэгтгэлд 1760 онд элсэн оржээ.

Гурван жилийн дараа дэслэгч, дөрвөн жилийн дараа буюу 1764 онд ахмад цолыг хүртэн дэвшсэн байна. Цэргийн албанаас чөлөө авч, Британид 1768 онд ирээд хоёр ч чухал орчуулгаа хэвлүүлжээ. Перс хэлнээс орчуулсан “Делигийн Инатуллагийн үлгэрүүд”, “Фериштагийн Хиндостаны түүх” гэсэн хоёр орчуулга нь их амжилтанд хүрсэн байна. Хойтон жил нь буюу 1769 онд “Чингис” хэмээх таван үзэгдэлт эмгэнэлт жүжгээ бичсэн нь нь тайзан дээр тоглогдож өндөр амжилтыг түүнд авчирчээ.

Тэгвэл Друри-лэйн гэдэг нь Лондон хотын Ковент гарден дүүрэгт орших дундад зууны үеэс үүдэлтэй эртний гудамж юм. 1500-аад оны үед барристер Роберт Друри тэнд орд шилтгээнээ барьсны улмаас Друри нэрийг авчээ.  Друри-лэйн дэх Вангийн театр нь 1663 оноос хойш өдгөө хүртэл Лондонд ажиллаж буй хамгийн эртний театр ажээ. Хэл шинжлэлийн ухааны доктор М.Саруул-Эрдэнийн орчуулсан “Чингис” эмгэнэлт жүжгийн танилцуулга өнөөдөр 17.00 цагт Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар нийтийн номын санд болох аж.

А.СҮГЛЭГМАА

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(192.82.66.181) 2022 оны 03 сарын 04

Heregtei medeelel baina

0  |  0
Zochin (211.36.139.51) 2022 оны 03 сарын 02

Saihan medee bailaa

0  |  0
Top