"Ёндоороогүй" гурван настнуудыг Монгол гэрт хичээллүүлж байна

Автор | Zindaa.mn
2022 оны 03 сарын 02

Монгол Улс хүн амын өсөлтөө урьдчилан тооцох, хэтийн тооцооллыг 1963 оноос хойш буюу өнгөрсөн 60 жилийн хугацаанд хийж иржээ. Гэвч ерээд оноос хойш уг судалгаа, тооцооллыг хөгжлийн бодлого, төлөвлөлт, нийгэм, эдийн засгийн асуудлуудаа шийдвэрлэхдээ  оновчтой хэрэглэж, ашиглаж дадаагүй нь, өнөөдөр сургууль, цэцэрлэгийн хүртээмж хангалтгүй байгаагаас тодорхой харагдаж буй юм.

Хэрэв төр засаг хүн амын өсөлтийн төлөвтөө нийцүүлж бодлого хэрэгжүүлдэг байсан бол  сургууль, цэцэрлэгийн хүртээмжийн дутуу гучуу байдал өнөөдөр ингэтлээ ужиграхгүй байх байсан биз. Түүнчлэн төр засгийн зүгээс бодлого шийдвэрийн алдаагаа засаж, залруулахын тулд СУГАЛАА гэдэг шийдэл гаргасан нь нийгмийн эмзэг сэдэв болсныг тодотгоё.

Жил бүрийн хичээлийн элсэлтийн үед эцэг, эхчүүд тухайн жилийн "ёндоо"-гоо цэцэрлэгийн сугалаагаар үздэг болсон гэхэд хэтрүүлсэн болохгүй.

Цар тахлын улмаас энэ хичээлийн жилд хүүхдээ цэцэрлэгт хамруулж чадаагүй байсан 2-3 настай хүүхэдтэй эцэг, эхчүүд энэ улиралд "ёндоо"-гоо үзлээ.

Нийслэлийн хэмжээнд 2-3 настай 35 мянга гаруй хүүхэд байдгаас ердөө 10 мянган азтай аавын хүүхэд сургуулийн өмнөх боловсрол эзэмшихээр болов. 

Цэцэрлэгийн хүртээмж муу байгаагийн нэг жишээ нь Хан-Уул дүүргийн 4-р хороо. Хотын төв болгох гэж буй тус газарт өдрөөс өдөрт оршин суугч нэмэгдэж байгаа ч  төрийн өмчит хоёр л цэцэрлэг бий. Үүний нэг нь 12-р цэцэрлэг. Тус цэцэрлэгийн хувьд 355 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай ч одоогийн байдлаар 600 орчим хүүхэд суралцаж байна. Ийн хоёр дахин ачаалалтай ажиллаж байгаа хэдий ч тус цэцэрлэгийн багш нар "Нэг ч гэсэн хүүхэд нэмж элсүүлж, эцэг эхэд нь хөдөлмөр эрхлэх боломж олгох юмсан" гэсэн сэтгэлийн үндсэн дээр гэр бүлэг байгуулж, 30 хүүхэд хамруулж байгаа аж. 

Тус цэцэрлэгт 2018 онд төрсөн 3 настай 372 хүүхэд хамрагдах ёстойгоос цэцэрлэгийн хүчин чадлын хэмжээндээ тохируулан 47 хүүхэд хамруулжээ. Өөрөөр хэлбэл нийт хамрагдах 3 настнуудыг 12,6 хувь нь л элссэн гэсэн үг. 

12-р цэцэрлэгийн үндсэн барилга нь жижигхэн хоёр давхар байр бий. Энэ барилгад 75 хүүхэд хичээллүүлэх хүчин чадалтай. Харин одоо 130 хүүхэд хичээллэж байна. Хорооны хүн ам нэмэгдэхийн хэрээр ачаалал нь дээд цэгтээ тулсан учир 2019 оноос өргөтгөлийн барилга эхэлж, өнгөрсөн онд ашиглалтад оруулжээ. Тус барилга нь 280 хүүхдийн багтаамжтай ч одоо 450 хүүхэд хичээллэдэг аж.

Энэ талаар 12-р цэцэрлэгийн эрхлэгч Ж.Жавзан "Манай цэцэрлэг энэ хичээлийн жилийг 13 бүлэг 342 хүүхэдтэйгээр эхэлсэн юм. Хичээлийн жилийн дундаас 2,3 настнууд буюу 2018, 2019 онд төрсөн хүүхдүүдийг цэцэрлэгт хамруулах шийдвэр гарсан. Улмаар 2019 оны хүүхдийг цахимаар бүртгэж, санамсаргүй түүврийн аргаар сонгосон. Харин 2018 оны 3 настнуудын тухайд өмнө нь бүртгэлтэй байсан хүүхдээ буцаагаад авсан. Тухайн үед элссэн хүүхдүүдийн шилжилт хөдөлгөөнөөс шалтгаалаад долоон хүүхдэд элсэлтийн тасалбар олгох сугалаа явуулсан. Ингээд 47 хүүхэдтэй нэг бүлэгтэй болсон. 

Эцэг, эхчүүд маань "Хүүхэд харах хүн үнэхээр алга", "Гэртээ хараа хяналтгүй байлгах хэцүү байна, "Хүүхдийн маань сурах эрх нь зөрчигдөж байна" гэх мэт хүүхдийн эрхийг хөндсөн олон шалтгаануудыг хэлж, санал тавьсан учраас бид байгаа нөөц, боломжоо ашиглаад өмнөх таван хичээлийн жилийн туршид ажиллаж байсан гэр бүлгээ нээн ажиллуулахаар шийдсэн юм. Энэхүү гэр бүлэгт 30 хүүхэд хамруулж байгаа.

"Хүүхдээ яах вэ" гэсэн залуухан ээж, аавууд олон ирж байна. Ажил хийж, өөрийгөө хөгжүүлэх ёстой залуучууд хүүхдээ хараад гэртээ сууна гээд бодохоор үнэхээр хэцүү санагддаг юм. Манайхан цэцэрлэг, сургуультай ойрхон байр, орон сууц барьж байна л гэдэг. Яг үнэндээ ойрхон цэцэрлэг байсан ч хүрэлцээ муу болохоор яах ч аргагүй шүү дээ" хэмээн халаглаж байлаа. 

ВИДЕО ХЭЛБЭРЭЭР ҮЗЭХ: 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(103.10.20.57) 2022 оны 03 сарын 02

yondooch geh shig haanahin huja ug yum baigaan yuugejch baigaan

0  |  0
(103.10.20.57) 2022 оны 03 сарын 02

gert surna gej yu bhvde,

0  |  0
Top