Англи, Австралийн уул уурхайн аварга компани болох Рио Тинтогийн 2021 оны орлогын гол эх үүсвэр нь Хятадын зах зээл байсан талаар тус компанийн сүүлийн үеийн санхүүгийн тайланд дурдсан байна. 2021 онд Хятадаас олсон орлого нь 40 гаруй хувиар өссөн нь дэлхийн хоёр дахь том уул уурхайн компанид түүхэндээ байгаагүй хамгийн их ашиг олох боломж олгожээ.
2021 онд тус компанийн Хятадын зах зээл дэх борлуулалт 36 тэрбум 310 сая ам.долларт хүрч, Рио Тинтогийн нийт борлуулалтын орлогын 57.2 хувийг Хятад бүрдүүлсэн бол АНУ-ын зах зээлээс 12.6 хувийг олжээ.
Тус компанийн АНУ-аас олсон орлого 8.01 тэрбум ам.доллар болсон байна. Өнгөрсөн онд тус компанийн нийт орлого 63.49 тэрбум ам.долларт хүрсэн аж. Харин 2020 онд 44.61 тэрбум ам.доллар байжээ.
Рио Тинтогийн Хятад дахь борлуулалтын орлого өссөн нь худалдан авалтын хэмжээ болон түүхий эдийн үнийн өсөлттэй холбоотой гэж шинжээчид үзэж байна. Рио Тинтогийн орлогын ихэнх хувийг бүрдүүлдэг төмрийн хүдэр болон зэс, хөнгөн цагаан тэргүүтэй түүхий эдийн үнэ өнгөрсөн жил дэлхийн зах зээл дээр огцом өссөн.
Хятадын Эрчим хүчний төвийн захирал Лин Боцян "Хятадын дэд бүтцийн салбар дахь хөрөнгө оруулалт нэмэгдэж, бүтээгдэхүүний захиалга нэмэгдэж байгаа нь төмрийн хүдрийн импорт болон бусад түүхий эдийн эрэлтийн өсөлтөд нөлөөлсөн" хэмээжээ.
Шямэний их сургуулийн эдийн засгийн судалгаанд дурдсанаар, Рио Тинто 2021 онд Хятадад 14 сая тонн төмрийн хүдэр худалдсан нь жилийн дүнгээр 1.54 дахин өссөн байна. Дотоодын худалдан авагчдын захиалга, геополитикийн хурцадмал байдлын үед ч дэлхийн түүхий эдийн аваргуудын хувьд Хятадын зах зээл чухал болохыг харуулж байна гэж шинжээчид дүгнэжээ. "Рио Тинто тэргүүтэй компаниудын хувьд Хятад бол тэдний гол зах зээл. Тэд Хятадын зах зээлийн эрэлт хэрэгцээгүйгээр оршин тогтнохгүй" гэдгийг Лин Боцян тодотгосон байна.
Рио Тинто 2000 онд төмрийн хүдэр, ураны уурхайтай Австралийн “North Limited” компанийг худалдаж авсан. Рио Тинтогийн төмрийн хүдрийн маркетинг хариуцсан дэд ерөнхийлөгч Саймон Фарри тус компани Хятадын төмрийн хүдрийн хэрэгцээг хангахын тулд чадах бүхнээ хийнэ хэмээжээ. Гэвч 2022 онд Рио Тинтогийн Хятадын зах зээл дэх борлуулалт 2021 оны түвшинд хүрэхгүй байх магадлалтай гэж ажиглагчид дүгнэж байна.
Түүнчлэн Орос Украины хямрал даамжирсан тохиолдолд газрын тосны үнэ цаашид ч өсөх бөгөөд цахилгаан автомашины үйлдвэрлэл, сэргээгдэх эрчим хүчний салбарт зэсийн эрэлт тасралтгүй нэмэгдэх прогнозтой байна. Оюу толгой төслийн хөрөнгө оруулагч Рио Тинтогийн хувьд ч энэхүү суперциклийг угтан гүний уурхайг ашиглалтад оруулахаар чармайж, Засгийн газарт зарим буулт хийсэн гэж үзэх үндэстэй билээ. Рио Тинто нь АНУ, Чили, Монгол зэрэг улсад зэсийн ашиглалт явуулж буй уурхайд хувь эзэмшдэг. АНУ-ын Кеннекотт болон Чилийн Эскондида уурхайн хүдрийн агуулгын хэмжээ буурч байгаа бол Оюу толгой төслийн хувьд агуулга ихтэй далд уурхайгаа ашиглалтад оруулах хугацааг 2024 гэж тооцоолж байгаа юм.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 0 )