“Өглөөний сонин”-ы энэ удаагийн зочноор Монголын нягтлан бодох бүртгэлийн хүрээлэнгийн тэргүүн, Монгол Улсын гавьяат эдийн засагч, доктор, профессор Лувсан-Очирын Дондогийг урилаа. Түүнтэй манай улсын их, дээд сургуульд мэргэжилтэн бэлтгэх явц, чанарын талаар ярилцсан юм.
-Дээд боловсролын байгууллагын сургалт, төгсөж байгаа мэргэжилтний мэдлэг чадварын талаар хийсэн судалгааны тань талаар ярилцаж, яриагаа эхлүүлье?
-Өнгөрсөн онд нягтлан бодогч мэргэжилтэн бэлтгэж байгаа их, дээд сургуулиудын сургалтын хөтөлбөрийн байдал, төгсөгч мэргэжилтний мэдлэг, ур чадварын байдалд судалгаа хийсэн. Судалгааны үр дүнг нь зөвлөмж байдлаар Сангийн болон Боловсрол, шинжлэх ухааны яам, дээд боловсролын байгууллагуудад хүргүүлээд байгаа. Судалгаагаар их тааруу үр дүн гарсан. Судалгааг Сангийн яамны Нягтлан бодох бүртгэлийн бодлогын газрын дэмжлэгтэйгээр олон эрдэмтдээс бүрдсэн судалгааны баг гүйцэтгэсэн.
-Судалгааны зорилго, ач холбогдол нь юу вэ?
-Судалгааны зорилго нь нягтлан бодогч мэргэжилтний чадавхыг бэхжүүлэх асуудал буюу нягтлан бодогч мэргэжилтэн бэлтгэхээс эхлээд мэргэжлийн тасралтгүй хөгжил, мэргэшүүлэх асуудлыг судалсан юм. Нягтлан бодогч мэргэжилтэн бэлтгэдэг Монголын их, дээд сургуулийн сургалтын хөтөлбөрийг Дэлхийн тэргүүлэх их сургуулийн сургалтын хөтөлбөртэй харьцуулалт хийсэн. Мөн Дэлхийн нягтлан бодогчдын холбооноос гаргасан Нягтлан бодогч мэргэжилтний боловсролын олон улсын стандартыг Монгол Улсын нягтлан бодогч мэргэжилтэн бэлтгэж байгаа их, дээд сургуулиудын сургалтын хөтөлбөрт тусгасан байдал, шинээр төгссөн мэргэжилтнүүд ажлын байр, зах зээлийн хэрэгцээ шаардлагыг хангаж байгаа эсэхийг судалсан.
Энэ үндсэнд цаашид нягтлан бодогчийн мэдлэг, ур чадвар ёс зүй, хандлагын талаар тавих шаардлага, энэ шаардлагыг хангасан мэргэжилтэн бэлтгэх сургалтын хөтөлбөрийг хэрхэн боловсруулж хэрэглэх, хөгжүүлэх талаар их, дээд сургуулиудад зориулсан зөвлөмж гаргана. Уг зөвлөмжийг хэрэгжүүлэхэд төрийн захиргааны төв байгууллагаас хийж гүйцэтгэвэл зохих ажлын талаар санал боловсруулахад энэ судалгааны ажил чиглэгдсэн.
-Судалгаандаа Монголын болон гадаадын хэчнээн сургуулийг хамруулсан бэ?
-Манай улсад нягтлан бодогч бэлтгэдэг 32 их сургууль байдаг. Үүнээс хамгийн олон оюутантай 10 их сургуулийг сонгосон. Сургалтын хөтөлбөрийг нь Дэлхийн тэргүүлэх 500 их сургуулийн дотроос сонгогдсон 10 их сургуулийн сургалтын хөтөлбөртэй зэрэгцүүлж судаллаа. Тэдгээр их сургуулийг сонгоход их нарийн шалгууртай хандсан. Тэр бүхнийг яривал цаг их орох биз ээ.
-Монголын их сургуулиудын сургалт гадаадын тэргүүлэх их сургуулиудын сургалтын хооронд харьцуулахад ямар дутагдал байсан бэ?
-Нягтлан бодогч мэргэжилтэн бэлтгэж байгаа шилдэг, тэргүүний сайн сургууль байгааг бид үгүйсгээгүй. Харин цаашдын хөгжлийн чиг хандлагын үүднээс энэ ярилцлагад дутагдалтай талыг нь онцлон өгүүлэх болно. Сүүлийн арав гаруй жилд дэлхий дахинаа сургалтын арга барил их өөрчлөгджээ. Үүнийг манай ихэнх их сургууль хүлээн авч чадаагүй байгаа нь гол дутагдал болж байна.
Нэгдүгээрт, Дэлхийн нягтлан бодогчдын холбоо (IFAC) гэж бий. Энэ байгууллага Нягтлан бодогчдын боловсролын олон улсын стандартыг батлан гаргасан. Гэтэл уг стандартыг дотоодын их сургуулиудын сургалтын хөтөлбөрт тусгаагүй байна. Хоёрдугаарт, боловсролын системд гарч байгаа нэг өөрчлөлт бол оюутан юу мэдэж байгаагаар бус харин юу хийж чадаж байгаагаар нь буюу чадамжийг нь үнэлж дүгнэдэг болжээ. Гэтэл манай их сургуулиуд нөгөө л хуучин тогтолцоонд хэрэглэж байсан заасан хичээлийг ойлгож буй эсэхээр нь дүгнэсэн хэвээр байна. Хэрэв нягтлан бодогч мэргэжилтний ажлын байранд хийдэг ажлыг оюутнаар хийлгэж сургадаг болвол ажлын байранд шинэ ажилтан авахад заавал гурван жилийн туршлагатай гэж зарлах шаардлагагүй болох учиртай юм.
Гуравдугаарт, орчин үед ажил олгогчид шинэ мэргэжилтний хандлагыг их анхаардаг болсон. Дээд боловсролын байгууллага зөвхөн мэргэжилтэн бэлтгэх бус харин төлөвшсөн ёс зүйтэй мэргэжилтэй хүн бэлтгэх тухай асуудал юм. Дөрөвдүгээрт, одоогийн манай их сургуулиудад багш төвтэй сургалт үргэлжилсээр байна. Гэтэл дэлхий дахин оюутан төвтэй сургалтад шилжээд удсан. Масс үйлдвэрлэлийн үед бүх оюутан нягтлан бодох бүртгэлийн хичээл үздэг учраас тодорхой салбарт очоод гологдоод байдаг. Оюутан өөрийн сонирхсон чиглэлээр гүнзгийрч суралцвал тэр чиглэлээр ажиллахад бэлэн байх учиртай.
-Гадаадын зарим их сургуулиуд бакалаврын ангидаа гурван мэргэжлийг эзэмших боломж олгодог юм билээ?
-Дэлхийн тэргүүлэх сургуулиуд сургалтын зорилго, агуулгыг шинээр тодорхойлох боллоо. Тухайлбал, Дэлхийн тэргүүлэх 500 их сургуулийн эхний 14-д эрэмбэлэгддэг мөн Азийн их сургуулиудын тэргүүнд нь жагсдаг Хятадын Чинг Хуа их сургуулийн Эдийн засгийн сургууль сургалтын хөтөлбөрийн агуулгыг тодорхойлохдоо баклаврын сургалтаар нэгэн зэрэг гурван мэргэжилтэй болгох нь бий. Үүнд, нягтлан бодох бүртгэлийн дээд зэргийн судлаач дадлагажсан мэргэжилтэн, эдийн засаг санхүүгийн мэргэжилтэн, мэдээллийн удирдлага, системийн мэргэжилтэн гэх мэт.
Үүнээс үзэхэд гадаад орнуудын их сургуулийн сургалтын хөтөлбөрийн багтаамж нь Монгол улсын их, дээд сургуулиудын сургалтын хөтөлбөртэй харьцуулахад үлэмж өргөн баялаг байна. Английн Кентийн их сургуулийн нягтлан бодлох бүртгэлийн баклаврын сургалтын хөтөлбөрт мэргэжлийн түгээмэл 11 хичээлээс гадна Стратегийн менежмент, Санхүүгийн эксел, Фьючерс ба опционы зах зээл, Тогтмол орлогын зах зээл ба хэрэглүүр, Үйлчилгээний менежмент, Байгууллагын хөгжил, Энтерпренер, Байгууллага дахь олон талт байдал, Байгууллага дахь бүтээлч сэтгэлгээ ба инновац, Орчин үеийн ажлын байрны сэтгэл судлал, Үйл ажиллагааны менежмент, Ажилд орох чадвар зэрэг хичээлүүд ордог байна.
Ийм өргөн мэдлэг эзэмшиж байж нягтлан бодох бүртгэлийн дээд зэргийн мэргэжилтэн, судлаач болох боломж бүрддэг юм байна. Манай их сургуулиудын үүнээс үлгэр жишээ аваасай билээ. Мөн үүний зэрэгцээ бидний судалгаагаар нэг сонин зүйл гарсан. Бид ажил олгогч 57 хүнээс судалгаа авсан юм. Тэд ажилтан сонгон шалгаруулахад чухалд тооцдог шалгуураар багаар ажиллах, харилцааны ур чадвар болон мэргэжлийн ёс зүйг чухалчилсан байсан. Энэ бол бүх шатны сургуулиудын сургалтын хөтөлбөрт заавал харгалзах ёстой асуудал мөн.
-Тэгэхээр манай боловсролын систем их хоцрогдсон гэсэн үг байх нь ээ?
-Манай улсын дээд боловсролын сургалтын байгууллагуудын үйл ажиллагаа олон улсын түвшнөөс хэдэн арван жилээр хоцрогдсон байна. Тийм ч учраас Олон улсын өрсөлдөх чадварын судалгаагаар манай ажиллах хүчний ур чадвар Дэлхийн 140 орноос 116-д эрэмбэлэгддэг судалгаа бий.
Энэ бүхнээс дүгнэж үзвэл манай их, дээд сургуулиуд нягтлан бодогч мэргэжилтнийг олон улсын стандартын дагуу бэлтгэдэггүй гэсэн үг. Өөрөөр хэлбэл, тэд нягтлан бодогч мэргэжилтэн бэлтгэдэг биш, харин нягтлан бодох бүртгэлийн техник чадамжийг хагас дутуу эзэмшсэн, мэргэжлийн ур чадвар, ёс зүй, хандлагын чадвар мааруухан, хатуухан хэлбэл, мэргэжлийн чиг баримжаа авсан хүмүүсийг бэлтгэдэг байна. Төгссөн мэргэжилтнийг ажил олгогчид ажлын байранд сургаж дадлагажуулах гэж үлэмж хөдөлмөр зарцуулдаг.
Ийм учраас дадлагатай мэргэжилтэн ажилд авахаар зарладаг ажээ. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Хөдөлмөрийн зах зээлийн жил бүрийн судалгаагаар дээд боловсрол шаардах мэргэжлүүд дотроос нягтлан бодогч мэргэжил хамгийн их эрэлттэй. Гэвч дотоодын бүх их, дээд сургуулийн нэг бүтэн жилийн төгсөлттэй тэнцэх тооны нягтлан бодогч мэргэжилтэн ажилгүй байгаа ажээ.
Мөн Хөдөлмөр, халамж, үйлчилгээний ерөнхий газрын мэдээгээр 2019 онд ажил олгогчийн санаачилгаар 324 нягтлан бодогч ажлаас халагдсан нь дээд боловсролтой мэргэжилтнүүдийн дотроос хамгийн их нь байв. Энэ бол манай их, дээд сургуулиудын гологдол бүтээгдэхүүн юм. Иймээс л мэргэжилтэн бэлтгэх үйл ажиллагааг эрс шинэчилж өөрчлөх шаардлагатай байна.
-Дээд боловсролын хоцрогдлын шалтгааныг юунаас болсон гэж харж байна вэ?
-Судалгааны явцад 10 их сургуулийн сургалтын хөтөлбөрт шинжилгээ хийсэн. Мөн нягтлан бодох бүртгэлийн мэргэжлийн 74 багштай ярилцлага хийх, асуулга авах зэргээр судалгаа авсан юм. Нягтлан бодогч мэргэжилтэн бэлтгэдэг 40 шахам сургуулийн багш, удирдлагыг оролцуулсан семинарыг гурван удаа хийсэн. Энэ судалгааны явцад их, дээд сургуулийн багш нар манай улсын сургалтын хоцрогдол, оюутан төвтэй сургалтын тухай, үр дүнд суурилсан сургалт буюу оюутны чадамжийг үнэлэх гэх мэт салбарын өмнө тулгамдаж байгаа зорилтын талаар нэлээд зэгсэн мэдлэгтэй болох нь харагдсан л даа. Гэтэл үр дүнд буюу чадамжид суурилсан сургалтад шилжихгүй байгаагийн цаад шалтгаан нь их, дээд сургуулиудын удирдлагууд энэ асуудалд хойрго хандаж буйд оршиж байна.
-Та сургалтын хөтөлбөрийн талаар ярьж байна. Гэтэл хөтөлбөрийн магадлан итгэмжлэл гэж сонсогддог. Энэ талаар тодруулбал?
-Маш оновчтой асуулт байна. Сургууль бүр мэргэжилтэн бэлтгэх хөтөлбөрийг Боловсрол, шинжлэх ухааны Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлөөр магадлан итгэмжлүүлэх ёстой. Гэтэл нягтлан бодогч мэргэжилтэн бэлтгэдэг 32 сургуулиас одоогийн байдлаар найман сургууль нягтлан бодох бүртгэлийн сургалтын хөтөлбөрийг магадлан итгэмжлүүлсэн байна. Бусад сургуулиудад сургалтын хөтөлбөр байгаа эсэх нь эргэлзээтэй. Хөтөлбөрөө магадлан итгэмжлүүлсэн найман сургуулийн хөтөлбөр манай судалгаанд хамрагдаад сайн үнэлгээ авч чадаагүй. Иймээс магадлан итгэмжлэл нь чадамжид суурилсан, оюутан төвтэй сургалтын хөтөлбөртэй байх гэсэн шаардлагыг тавьж байгаа гэсэн итгэл төрүүлэхгүй байгаа юм.
-Ер нь их, дээд сургуулийн сургалтын хөтөлбөр ямар байх ёстой вэ?
-Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2014 оны А/174 тоот тушаалаар “Бакалаврын хөтөлбөрт тавих нийтлэг шаардлага”-ыг баталсан. Энэ нь Дэлхийн тэргүүлэх их сургуулиудын сургалтын хөтөлбөрийн бүтэцтэй ойролцоо юм билээ. Тэхээр нэг хэсэгтээ мөрдөөд явахад боломжтой. Харин гол асуудал бол хөтөлбөрийн бүтэц бүрийн агуулга ямар байх вэ гэдэгт хамаг учир нь оршино. Дэлхийн нягтлан бодогчдын холбооноос гаргасан Боловсролын олон улсын стандартад нягтлан бодогч мэргэжлийн ажил гүйцэтгэхэд шаардлагатай техник чадамжуудыг нэг бүрчлэн заасан байдаг. Мөн мэргэжилтний мэргэжлийн ур чадварын шаардлагыг нарийн тусгасан байна. Үүнд, төрөл бүрийн эх сурвалжаас мэдээллийг авч үнэлэх, хамгийн сайн үндэслэлтэй дүгнэлт өгөх, ирэх сорилтыг урьдчилан таамаглах, шинэ боломж бий болгох чадвартай байх, өөрийн ажлыг олон улсын болон байгууллагын стандартад нийцэж байгааг хянаж шалгадаг, хүмүүсийг урамшуулах, хөгжүүлэх ажлыг удирдах, бусдад нөлөөлөх, манлайлах чадвартай, техник, технологийн оновчтой шийдвэр гаргах чадвартай байх гэх мэтийг дурдаж болно.
Үүний зэрэгцээ аливаа асуудалд мэргэжлийн үүднээс шинжлэх, үнэлэх, дүгнэлт, шийдвэр гаргахад нэг талыг барьсан өрөөсгөл байдлаар хандахгүй байх, асуудалд хандахдаа ёс зүйн зарчмыг зөрчихөд хүргэх сөрөг нөлөөг үнэлж хариу арга хэмжээ авах чадварыг эзэмшсэн байх, хувь хүн, хамт олон, нийгэм, олон нийтийн эрх ашгийг хүндэтгэх, асуудалд ямагт эерэг хандлагатай байх чадвар эзэмшсэн байх ёстой. Эдгээр мэргэжлийн ур чадварыг сургалтын явцад олгох, үнэлэх асуудал хөтөлбөрт туссан байдаг ажээ.
-Дээд боловсролын системд байгаа энэ хоцрогдлыг арилгахад юу хийх ёстой гэж та бодож байна?
-Үнэн хэрэгтээ олон жилийн хоцрогдлыг даван туулах том зорилт бидний өмнө байна. Сайн зохион байгуулбал дэлхийн түвшинд хүрэх хугацаа ойрхон, харин урсгалаар даган сажилбал улам холдох болно. Бид энэ судалгааны хүрээнд их сургуулиуд болон боловсролын төрийн захиргааны төв байгууллагад хандсан олон зөвлөмж өгсөн.
Тэдгээрийн заримаас нь дурдъя. Нэгдүгээрт, хамгийн эхлээд их сургуулийн удирдлага, багш, ажилтан бүр үр дүнд буюу чадамжид суурилсан, оюутан төвтэй сургалтад шилжих хүсэл эрмэлзэлтэй болсон байх ёстой. Хоёрдугаарт, нягтлан бодогч мэргэжилтэн бэлтгэж байгаа их дээд сургуулиуд сургалтын хөтөлбөрөө бодит амьдралд нийцүүлэн шинэчлэх ёстой. Гуравдугаарт, сургалтын хөтөлбөрт боловсролын олон улсын стандартын агуулгыг маш сайн тусгах, энэ талаар гадаадын сургуулиудын туршлагыг ашиглах, мөн үр дүнд суурилсан буюу чадамжид суурилсан сургалт, оюутан төвтэй сургалтын хэлбэрт хөтөлбөрийг нийцүүлэх нь зүйтэй.
Дөрөвдүгээрт, чадамжид суурилсан сургалтын хэв маягийг нэвтрүүлэхийн тулд танхимын дадлагын боломжийг нэмэгдүүлэх, компанийн санхүү бүртгэлийн алба болон бусад төрлийн ажлын байр бүрээр дадлагын дижитал орчныг үүсгэх үүнтэй холбогдуулан хичээлийн байрыг өөрчлөн зохион байгуулах, багш нарыг олон төрөл чиглэлээр мэргэшүүлэх шаардлага гарна. Тавдугаарт, их сургууль бүр багш нарыг давтан бэлтгэх, тэдэнд мэргэжлийн ур чадвараа ашиглах, ёс зүйтэй байх, эерэг хандлагын шаардлагыг эзэмшүүлэх, заах арга зүй, заах ур чадварыг сайжруулахад чиглэсэн хөтөлбөртэй болох нь зүйтэй. Манай төрийн болон хувийн хэвшлийн их, дээд сургуулиуд энэ шаардлагыг хангахгүй мэргэжилтэн бэлтгэж олон түмнийг хохироож байхад тэдгээрийг удирдах, хяналт тавих үүргээ сулруулсан Боловсрол, шинжлэх ухааны яамд шүүмжлэлтэй хандах нь зүйтэй гэж үзэж байна.
-Нягтлан бодогч мэргэжил ирээдүйд устах тухай мэдээллүүд бий. Энэ хэр бодитой вэ?
-Техникийн дэвшлийн нөлөөгөөр юмс өөрчлөгдөж байна. Би 1965 онд нягтлан бодогч болоод Хөдөө аж ахуйн нэгдлийн жилийн санхүүгийн тайлан гаргах гэж бүх ажил гүйлгээг бүртгээд, хамаг тооцооллыг хийж дансанд бичсэний дараа зөвхөн тайлан гаргах гэж нойр хоолгүй 18 хоног сууж байсан. Гэтэл 2000 онд нягтлан бодох бүртгэлийн программ нэвтрүүлсэн компанид санхүүгийн тайланг 18 секундэд гаргаж байлаа. Одоо бол ганц товч дараад л нэг секунд хүрэхгүй хугацаанд тайланг гаргадаг болжээ. Энэ өөрчлөлтийг зарим нь мушгин гуйвуулж ирээдүйд нягтлан бодогчийн мэргэжил хэрэггүй болох мэтээр ярьж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Бизнесийн байгууллага байгаа л бол хөрөнгө, өр, авлага, орлого, зарлага, ашиг алдагдлаа бүртгэн тоолж, тайлан мэдээ гаргаж байх нь зүй ёсны хэрэг юм.
Нягтлан бодох бүртгэлийн энгийн үйлдлийг компьютерын программаар хийдэг болно. Одоо ч хийж байгаа. Харин олон улсын стандартад нийцсэн байгууллагын онцлогийг тусгасан нягтлан бодох бүртгэлийн бодлого боловсруулж хэрэгжүүлэх, өвөрмөц тооцоолол гэх мэт нарийн асуудлыг өндөр мэдлэгтэй нягтлан бодогч хийх нь ойлгомжтой. Ийм ч учраас олон улсын мэргэжлийн байгууллагууд ирээдүйн нягтлан бодогчид бол стратегийн шинжээч байх юм хэмээн тодорхойлж байна. Тэхээр миний үеийн нягтлан бодогчийн ажил одоогийн нягтлан бодогчийн ажлын зөрүү их байгаа биз. Цаг урагшлах тусам хөгжил улам хурдсаж байна.
-Тэгвэл ирээдүйд нягтлан бодогчийн үүрэг илүү өснө гэсэн үг үү?
-Тийм ээ. Нягтлан бодогч бол байгууллагын хөрөнгийн урсгалыг зохицуулж байх үүрэгтэй. Хөрөнгийн урсгал хурдан байх тусам ашиг орлого нэмэгддэг жамтай. Иймээс нягтлан бодогч хөрөнгийн урсгалыг хурдасгах шинжилгээ судалгаа хийж, дараагийн алхмаа тооцоолж байх ёстой юм. Ийнхүү нягтлан бодогчийн үүрэг өөрчлөгдөж, стратегийн шинжээчийн үүрэг гүйцэтгэх тухай гадаадын эрдэмтдийн санааг дэмждэг юм.
Н.АНУЖИН
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 0 )