“Бид байгаль хамгаалагчид” үндэсний чуулганыг өнөөдөр /2022.03.03/ Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, “Монголын байгаль хамгаалагчдын холбоо” ТББ, “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох” төсөл, “Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газар” зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулж байна.
Чуулганд аймгуудын БОАЖГ бүрээс дөрвөн байгаль хамгаалагч, тусгай хамгаалалттай газруудын 120 гаруй байгаль хамгаалагч төлөөлөгчөөр оролцох ба эдгээр байгууллагуудын удирдлагууд, Ерөнхийлөгчийн тамгын газар, ЗГХЭГ, БОАЖЯ, ХНХЯ, Улсын мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Экологийн цагдаагийн газар, Цэнгэг ус байгаль хамгаалах төв, ТББ-ууд, Хэвлэл мэдээллийн төлөөлөл зэрэг нийтдээ 250-300 хүн оролцож байна.
Монгол Улсын хэмжээнд улсын тусгай хамгаалалттай газрын сүлжээнд болон орон нутгийн байгаль орчин, аялал жуулчлалын газрын харъяанд 1000 гаруй байгаль хамгаалагч ажиллаж Байгаль орчны салбарын 30 орчим хуулийн хэрэгжилтийг хангаж ажилладаг. Үүнээс улсын тусгай хамгаалалттай сүлжээнд орон тооны болон гэрээт 470 гаруй байгаль хамгаалагч ажилладаг бөгөөд эдгээрийн 67 орчим хувь нь дээд боловсролтой байдаг аж.
Байгаль хамгаалагчдын зэрэг дэв, цалин хангамж, нийгмийн хамгаалалын зэрэг олон асуудлуудыг эргэн харах, судлах, шийдвэрлэх шаардлагатай болсон байна. Эдгээр асуудлыг шийдвэрлэхдээ зөвхөн байгаль хамгаалагчийг хувь хүн талаас нь бус “Байгаль орчны салбарын нэгж” хэмээн харж, цогцоор шийдвэрлэх шаардлагатай байгаа юм. Өөрөөр хэлбэл байгаль хамгаалагчдын ажлын нөхцлийг үүрэгтэй нь холбон шинээр тодорхойлох шаардлага гарч буй. Байгаль хамгаалагчид эзгүй хээр ганц гэрээрээ ч байрших нь бий тул гэр бүлийн нийгмийн асуудалд анхаарах, орлогыг нь нэмэгдүүлэх, амь нас, эрүүл мэндийг нь ч хамгаалах асуудал хөндөгдөнө.
Судалгаагаар нийт байгаль хамгаалагчдын 30 гаруй хувь буюу 3 байгаль хамгаалагч тутмын нэг нь халдлагад өртсөн гэсэн дүн байдаг. Байгаль хамгаалагчдын эрхийг хамгаалах, хөгжүүлэх асуудал нь байгаль орчин, аялал жуулчлал, хөдөлмөр нийгмийн хамгаалал, боловсрол, соёлын зэрэг төрийн захиргааны төв байгууллагуудын хамтын ажиллагааны үр дүнд шийдвэрлэх боломжтой цогц асуудал юм. Иймээс Байгаль хамгаалагчдын холбоо зэрэг байгууллагуудаас гаргасан санаачлагуудыг БОАЖ-ын сайд дэмжиж “Байгаль хамгаалагчдын хөгжлийн хөтөлбөр”-ийг боловсруулах ажлын хэсэг байгуулан, улмаар талуудын оролцоотой хэлэлцүүлэг хийхээр шийдвэр гаргасан байдаг.
Чуулганы үеэр байгаль хамгаалагчид өөрсдийн ажлын онцлогууд, тулгамдаж буй бэрхшээлүүд, шаталсан сургалтын хөтөлбөр зэрэг асуудлуудыг хэлэлцэж, холбогдох байгууллагуудын төлөөллүүдэд саналаа уламжлан зарим сургалтуудад хамрагдах юм.
Сэтгэгдэл ( 0 )