Т.Хонгорзул: Хатуу ширүүн бус, халуун дулаан уур амьсгалтай гэр бүлд  хүүхэд сэтгэлийн тэнхээтэй болж өсдөг

2022 оны 03 сарын 05

Хотын хүн ам олширч, төвлөрөл нэмэгдэх тусам хүн бүр өөрсдийгөө стресст өртлөө хэмээн оношлох болсон. Иймээс Клиник сэтгэл судлаач Т.Хонгорзултай стресс, түүний үр дагавар болон хэрхэн урьдчилан сэргийлэх талаар ярилцлаа.


-Стресс гэж юу. Стрессийг энгийнээр товчхон тайлбарлавал?            

-Стресс гэдэг нь сэтгэл зүйн болон бие физиологийн үйл ажиллагаанд ямар нэгэн байдлаар аюул нүүрлэхэд тэрхүү аюулаас зайлах, зугтах, амьд гарахын тулд үзүүлж буй сэтгэцийн хариу үйлдэл юм. Тухайлбал, би зам хөндлөн гарч байна гэж бодъё. Хэрэв машин ирж байвал түр зогсоод хүлээж байгаа нь өөрийгөө аюулаас аварч байна гэсэн үг. Үүнтэй адил сэтгэл зүйн хувьд аюултай, хэцүү нөхцөл байдал үүсэхэд бид түүнээс зугтаж, өөрийгөө хамгаалах механизмыг  бий болгодог.

Стресс  дотроо дөрвөн төрөл бөгөөд энгийн хэлбэр нь өдөр тутмын таагүй явдлаас үүсэж тодорхой хугацааны дараа хэвийн байдалдаа ордог. Хоёр дахь хэлбэрийн буюу архаг стресс нь бидний бие махбодь болон сэтгэлийн хүчийг  бардаг. Өдөр тутмын стресс тайлагдахгүй явсаар архагшиж, дараагийн шатандаа шилждэг. Дараагийнх нь осол гэмтлээс үүдсэн стресс болно. Харин өөр нэг хэлбэр нь гамшиг, аюултай нөхцөл байдлаас үүсдэг.

-Стресст өртсөнөө хэрхэн мэдэх вэ?

-Зүрх дэлсэх, гар хөлрөх,  цухалдах  шинж тэмдэг илэрч болно. Айдас болон сандралтай тайван бус байвал мөн стресст өртөж буйн  дохио. Мөнгө санхүү, эрүүл мэнд гэх мэт асуудлаас аль нь илүү стресстүүлж байгааг олж мэдэх нь чухал. Тухайлбал  хүн бүр цар тахлаас үүдэн ирээдүйдээ санаа зовниж, стресстэж байна. Тэгэхээр ямар төрлийн хүчин зүйлс стресстүүлж буйг олж мэдэх хэрэгтэй.

-Хэрхэн стрессээ хянаж, өөрийгөө тайван байлгах вэ?

-Хүн бүр өөр өөрийн онцлогтой учраас тохирох арга харилцан адилгүй байдаг. Нэгдүгээрт, хүн унтахаасаа өмнө өдрийн үйл явдлаа эргэцүүлэн, бясалгах цаг өөртөө гаргах хэрэгтэй. Өнөөдрийн сэтгэл санаа ямар байв, юу  болов, үүнтэй холбоотой  миний сэтгэл санаа баяр эсвэл гунигийн алийг нь мэдэрч байна гэдгээ эргэцүүлэх хэрэгтэй. Төрж буй мэдрэмжээ тухай бүрд нь илэрхийлэх нь чухал. Өөрийгөө анзаарахгүй явсаар стресс нь хуримтлагддаг. Хоёрдугаарт, тархиа амрааж байх хэрэгтэй.

Өдөрт дор хаяж найман цаг унтаж бүтэн нойроо авч сураарай. Гуравдугаарт, хооллолтондоо анхаарч нүүрс ус ихээр агуулсан хүнснээс аль болох татгалзах нь зүйтэй. Нүүрс ус ихээр агуулсан хүнс нь донтуулж,  сэтгэл санаагаар унагах талтай. Тиймээс аль болох ногоон өнгийн хүнсний ногоо, жимс хэрэглэхийг эрмэлзэх хэрэгтэй. Дөрөвдүгээрт,  өдөрт багадаа 15-20 минут дасгал хөдөлгөөн хийх нь бидний бие, сэтгэл санааг тайвшруулахаас гадна сайн унтаж амрах нөхцлийг бий болгодог.

-Стресс хүндэрч сэтгэл гутрал болохоос хэрхэн сэргийлэх вэ. Энэ хоёрын ялгаа нь юу юм бол?

-Стрессийг тайлахгүй хуримтлуулсаар цааш хүндэрвэл сэтгэл гутрах эмгэг болох аюултай. Дараах  шинж тэмдэг хоёр долоо хоногоос илүү үргэлжилсэн бол ямар нэг байдлаар сэтгэл гутралд өртсөн байх магадлалтай юм. Тиймээс сэтгэл зүйч эсвэл сэтгэцийн эмчид хандах хэрэгтэй. Жишээлбэл, нойргүйдэх, өмнө нь хийх дуртай байсан зүйлдээ дургүй болох, хүмүүстэй уулзах хүсэлгүй болох, олон нийтээс зайлсхийх гэх мэт шинж тэмдэг илэрнэ.

Мөн хоолны дуршил багасах эсвэл гэнэт ихсэх, амьдрах хүсэлгүй болох, магадгүй амиа хорлох сэдэл төрөх гэх мэт шинж тэмдэг ч илэрч болох юм. Сэтгэл гутрал эдгэрдэг өвчин учраас цаг хугацаа алдахгүй эмчид хандах хэрэгтэй. Хүмүүс аяндаа зүгээр болно гээд хаячихдаг. Эсвэл бясалгалд явж, шашны зан үйлд оролцох зэргээр сэтгэл санаагаа засах гэж оролддог. Харин эмчлэхдээ  буруу арга хэрэглэвэл улам архагшдаг.

-Сэтгэл зовнил, сэтгэлийн дарамт нь ялгаатай ойлголт уу?

Айдас, түгшүүр хоёр нь угтаа өөр ойлголт юм. Сэтгэлийн дарамт буюу айдас хүнд ямар нэгэн бодит аюул тулгарахад тохиолддог. Харин  түгшүүр нь ийм зүйл болох вий гэсэн болгоомжлол юм. Энэ тохиолдолд бодитой аюул бий болоогүй ч хүний бие сэтгэл хямарч, учирч болзошгүй аюулаас айж сандарч эхэлдэг.

-Стресс эцэг эхээс хүүхдэд удамших тохиолдол бий юү?

-Удамшил тодорхой хэмжээгээр нөлөөлөх боловч гэр бүлийн харилцаа чухал нөлөөтэй. Хүний амьдралын хэцүү цаг мөчид хэрэг болдог сэтгэлийн тэнхээ гэдэг зүйл бага насанд эцэг эхээс авсан эрүүл, зөв дотно харилцаанаас үүсдэг. Харин хүмүүс эсэргээрээ хатуу ширүүн уур амьсгалд өсөж, амьдралд нухлуулж байж сэтгэлийн хаттай болно гэж эндүүрдэг. Хайр нь дотроо хал нь гаднаа хэмээн хандаж, хатуу ширүүн харьцсанаар хүүхэд өөрийг нь  хайрладаггүй юм байна гэх мэдрэмж авч итгэл муутай болдог. Халуун дулаан уур амьсгалд өссөн хүүхдэд сэтгэлийн хат сайн сууж, өөдрөг болдог.

-Томчуудаас илүү хүүхдүүд стресст хүчтэй өртдөг гэдэг нь үнэн үү?

-Үнэн. Ялангуяа 0-1 насны нярай хүүхдүүд юунд зовниж, юунд бухимдаж байгаагаа илэрхийлж чадахгүй, уйлаад байдаг. Энэ үед хүүхэд өөрийн хэрэгцээтэй зүйлсээ хангаж чадахгүй учраас  стресстэх тохиолдол бий. Энэ нь удаан хугацаанд ялгарснаар хүүхдийн биеийг өвчинд өртөмтгий болгодог. Үүнд янз бүрийн үрэвсэл болон зүрхний өвчнүүд багтана. Тиймээс эцэг эхчүүд хүүхдээ сайн тайтгаруулж байх хэрэгтэй.

-Хоёр настны хямрал, өсвөр насны хямрал, идэр насны хямрал гээд олон янзын үзэгдэл  байдаг. Ер нь хүний нас стресстэй хамааралтай юу?

-Нас насанд гарч буй өөрчлөлтөөс болж хүн хямарч болно. Хамгийн гол нь хэрэгцээ шаардлага хангагдахгүй байх нь стресст өртөх шалтгаан болдог.  Хоёр настай хүүхдийн хувьд бие даасан байх гэж хичээдэг ч тэр хэрэгцээгээ өөрөө хангаж чадахгүй, эцэг эхээс хараат байдаг учраас хямардаг. Өсвөр насанд бол өөрийгөө олж чадахгүй байх гэх мэт асуудал бий.

-Хотжилт стресст хэрхэн нөлөөлж байна вэ?

-Машин барихаас эхлээд хүмүүст маш их стресс үүсдэг.  Хэрэв дугуйн зам хүрэлцээтэй бол энэ байдал байхгүй болно. Мөн чимээ шуугиан их байх, агаар салхи дутагдах нь стресстех гол шалтгааны нэг. Биднийг аз жаргалтай болгодог серотонин гэх даавар бий. Тэр нь нарны туяа их байх үед ялгарч байдаг. Агаар салхинд гарч, чимээ шуугианаас холдон байгалийн сайханд байх нь хүнд тайвшрал өгдөг.

М.САРАНЦЭЦЭГ

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(150.129.141.151) 2022 оны 03 сарын 05

Ийм хөөрхөн авгайтай байхад стресстэй байх уу. үгүй юү

0  |  0
Top