Украины мөргөлдөөн нь цар тахлаас дөнгөж сэргэж эхэлсэн дэлхийн эдийн засгийг дахин хүнд байдалд оруулахаар байна.
Санхүүгийн зах зээл уналтад орж, нефтийн үнэ өссөнөөр эдийн засагт асар их сөрөг үр дагавар үүсгэж магадгүй гэдгийг холбогдох мэргэжилтнүүд анхааруулсаар байна.
Энэ удаагийн мөргөлдөөнийг Ойрхи Дорнодыг газрын тосны хямралд хүргэсэн 1973 оны Йом Киппурын дайнтай зүйрлэж болох аж. Энэ нь дэлхийн эдийн засгийг үндсээр нь ганхуулсан. Дэлхийн эдийн засаг тэр үеийнхээс хамаагүй том болсон ч сүүлийн хэдэн арван жилд удаашралтай өсөж буй.
Мөн цар тахал сүүлийн хоёр жилийн хугацаанд эдийн засагт хүчтэй цохилт болж, Засгийн газрууд өөрсдийн эдийн засгаа аврахын тулд асар их бэлэн мөнгө зарцуулахаас өөр аргагүй болсон. Эдийн засагт сэргэлтийн зарим шинж тэмдэг илэрч байгаа ч инфляц өсөх эрсдэл хэвээр байгаа бөгөөд их хэмжээний өр үүсэх нөхцөл бүрдэж байгааг эдийн засаг судлаачид анхааруулж байгаа юм. Эдийн засгийн хэтийн төлөв суларч байгаагийн гол шалтгаан болох эрчим хүчний зардлын өсөлт, нийлүүлэлтийн сүлжээний тасалдал нь Украины хямралаас болж улам дордохоор байна. Учир нь, ОХУ бол Европын холбооны байгалийн хий, газрын тосны хамгийн том нийлүүлэгч.
АЖИЛГҮЙДЭЛ ӨСНӨ
Инфляцын өсөлт хэрэглэгчдэд нөлөөлж амьжиргааны өртгийн хямралыг улам хурцатгах болно. Энэ нь цар тахлын сүүлийн хоёр жилийн хугацаанд эдийн засагт мөнгө цутгаж байсан Төв банкуудад хүндрэл учруулж эхэлнэ. Ингэснээр Төв банкуудын олонх нь инфляцыг дарахын тулд зээлийн хүүг үе шаттайгаар өсгөхтэй зэрэгцэн энэхүү дэмжлэгээ аажмаар татаж эхэлнэ. Гэхдээ энэ нь эдийн засгийг улам сулруулахаар байгаа аж.
Инфляцын өсөлт энэ байдлаараа хурдацтай үргэлжилж, Төв банкууд зээлийн хүүгийн огцом өсөлтөд хариу арга хэмжээ авбал эдийн засгийг улам сулруулахаар байгаа аж.
1970-аад оны хямрал АНУ-ын Холбооны нөөцийн банк бодлогын хүүгээ 1978 он хүртэл 10 хувь болтол өсгөсөнтэй холбоотой. Дараа жил нь Их Британид зээлийн хүү 17 хувьд хүрч, эдийн засгийн огцом уналт эхэлсэн. Харин одоо бол 2022 оны дунд үе гэхэд инфляцын дарамт буурна гэж өөдрөг таамаг дэвшүүлж байна. Гэхдээ инфляц өссөнөөр хүмүүс амьдралын өндөр өртөгөө нөхөхийн тулд цалингаа нэмэгдүүлэхийг шаардаж, компаниуд цалингийн өсөлтийг нөхөхийн тулд бүх нийтээрээ үнээ өсгөхөд хүрнэ.Хэрэв компаниуд цалингаа нэмж чадахгүйд хүрвэл ажиллах хүчээ цомхотгож, улмаар ажилгүйдэл нэмэгдэх болно.
ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БУУРНА
Сул дорой эдийн засгийг тогтворжуулахын тулд Төв банкууд санхүүгийн зах зээлд асар их мөнгө нийлүүлж байгаа ч энэхүү дэмжлэгээ зогсооно гэж мэдэгдсэний дараа хувьцааны ханш унаж эхэлсэн бөгөөд Украин халдлагад өртсөнөөс хойш улам бүр доошилсоор байна. Хэрэв стагфляци эргэн ирвэл Төв банкууд дэмжлэгээ бүр ч хурдан бууруулах шаардлагатай болж эдийн засаг удааширч байгаа нь аж ахуйн нэгжүүдийн орлогод нөлөөлж, хувьцааны үнийг улам бууруулна.
Энэ нь эргээд хөрөнгө оруулалт, бизнесийн итгэлийг бууруулж, шинэ ажлын байрыг цөөрүүлж болзошгүй юм. ОХУ-ын Украинд хийсэн дайралт яаж төгсөх нь эргэлзээтэй байгаа ч дэлхий нийт эдийн засгийн ноцтой үр дагаварт бэлэн байх ёстойг судлаачид анхааруулсаар. Европ нь Оросын эрчим хүчний хангамжаас ихээхэн хамааралтай, мөн газарзүйн байрлалаараа дайны шуурганд хамгийн түрүүнд өртөх магадлалтай.
Түүнчлэн АНУ-ын эдийн засгийн хүндрэл нь Байдены засаг захиргааг улам сулруулж, Орос, Хятадын хамтын ажиллагааг бэхжүүлж, тус хоёр улсын цэрэг болон эдийн засгийн нөлөөгөө улам бэхжүүлэх боломж болохоор байгаа аж.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 0 )