2018 оны онцлох бичвэрийн төрөлд чөлөөт нийтлэлч Рэчэл Каидий Гансе “Чарльстоны алуурчин Дыланн Рүүф” хөрөг нийтлэлээрээ Пулитцерийн шагналын эзэн болсон билээ. Нийтлэлийг хөрвүүлэн хүргэж байна.
Өмнөд Каролин мужийн Чарльстон хотын гэгээн “Emanuel AME” сүмд өнгөт арьст пастор болон найман итгэгчийн аминд хүрсэн 21 настай цагаан арьст хүүгээс шүүх хурлын үеэр “Чи яг хэн бэ”, “Ямар хүн ийм аймшигт зүйл хийдэг байна аа”, “Чамд юу тохиолдсон юм бэ. Дыланн” гэх асуултыг олон удаа асууж байлаа.
Тэгвэл эдгээр асуултын хариултыг эрэлхийлж чөлөөт бичигч, зохиолч Речэл Каидий Гансе бүх цагийн үеийн хамгийн харгис алуурчинд тооцогдох болсон залуухан хүүгийн гэр бүл, найз нөхөд, хамаатан садан, багш, харилцаатай байдаг хүмүүс болон хохирогчдын гэр бүлийнхэнтэй уулзаж, олон сарыг зөвхөн дээр дурдсан асуултын хариултыг олоход зарцуулжээ.
Дыланн сүм рүү орохынхоо өмнө 300 мл-ийн савалгаатай “Smirnoff Ice” архийг бараг л дуустал уужээ. Тухайн үед түүний толгойд сүм рүү ороод зүгээр л тэднийг буудчихна гэхээс өөр бодол ороогүй байна. Сүмд 12 хүн залбирал үйлдэж байсан бөгөөд тэрбээр сүмд орсон даруйдаа “Glock” загварын калибр гар буугаа гаргаж ирэн нүдээ тас аниад л шууд гал нээж эхэлсэн гэдэг. Харин нүдээ нээх үед сүмд байсан бүх хүн газар тэрийн унасан байжээ.
ХАМГИЙН ХЭЦҮҮ СОРИЛТ
Аймшигт хэрэг 2015 оны зургаан сард гарсан бөгөөд хамгийн сүүлчийн шүүх хурал арванхоёрдугаар сард нь болсон юм. Шүүх хуралд хохирогчдын гэр бүл болон аймшигт аллагаас амьд үлдсэн хүмүүс ирсэн байх бөгөөд үсээ хусуулсан туранхай Дыланн яг л залуухан хувраг шиг харагдаж байв. Одоо түүнд дахин ноосон цамц, савхин хүрэм, кет өмсөх боломж хэзээ ч олдохгүй. Бууны суманд өртсөн ч амьд үлдсэн хүмүүсийн нэг нь Фелика Сандерс. Тэрбээр болсон үйл явдлыг гэрчлэхээр иржээ.
Тэр өнөөг хүртэл залбирал үйлдэхдээ нүдээ аньж чадахгүй хэвээр байгаа талаараа болон эргэн тойронд байсан хүмүүс хэрхэн амь тавьж буйг мөн цус харж чадахгүй болсноо хуваалцаад Дыланн руу хуруугаараа зааж, “Тэр бол амьд чөтгөр” гэж байв. Хэрэг гарснаас хойш 573 хоног өнгөрч, энэ хооронд олон удаа шүүх хурал болсон ч Дыланн нэг ч удаа өөрийнхөө бурууг хүлээн зөвшөөрсөнгүй. Ядаж тэр хохирогчдын гэр бүлийнхнээс ч уучлалт гуйсангүй. Тэр хохирогчдын гэр бүл болон өөрийн гэр бүлийнхнийхээ өмнө зогсоод өөртөө итгэлтэйгээр “Би үүнийг хийх ёстойгоо мэдэрсэн. Ийм юм хийсэн дээ ч харамсахгүй байна” гэж хэлж байв.
Шүүх танхимд байсан хүмүүс дундаас хамгийн хүндхэн байдалтай байгаа нь Дыланны ээж байлаа. Шүүх хурлын үеэр би туранхай, жижигхэн биетэй тэр эмэгтэйн ард сууж байсан юм. Шүүх хурлын турш түүний өвдөг, гар нь чичирч, амандаа зогсоо зайгүй уучлаарай гэдэг үгийг шивнэх төдий хэлж байв. Удалгүй тэр ухаан алдаж, шүүх танхимд дахь эмх цэгцтэй байдал хэсэгхэн хугацаанд алдагдаж, хүн бүр ухаан алдсан эмэгтэйд анхаарал хандуулж байхад Дыланн төрсөн ээжийгээ бус өөр танихгүй хэн нэгнийг харж буй царайлж байлаа. Удалгүй бүх зүйл хэвийн байдалдаа орж, гэрчүүд нэг нэгээрээ индэр рүү гарч мэдүүлэг өгч эхлэв.
Гэрчүүд уйлж, хашгирч, залбирч, хараал хэлж хүнээс гарч болох бүхий л үзэн ядалт, дургүйцлийг илэрхийлж байсан гэхэд үнэнээс хол зөрөхгүй болов уу. Зарим нь түүнийг чөтгөрийн талд ажилладаг ч гэж хэлж байлаа. Харин энэ бүх эсэргүүцэл, үзэн ядалтын хариу болгож Дыланн нэг ч үг дуугарсангүй, ямар ч хариу үйлдэл үзүүлсэнгүй. Яг л юу ч мэдрэхгүй байгаа мэт зогссоор. Би Чарльстон хотод яагаад есөн хүн амиа алдсан шалтгааныг л олох гэж ирсэн.
Шүүх хурал дууссаны дараа миний анхаарлыг хамгийн их татаж байсан зүйл бол Дыланны чимээгүй байдал болон “Би үүнийг хийх ёстойгоо мэдэрсэн учраас л хийсэн юм” гэдэг үг хоёр байв. Учир нь шүүх хурал болсон ч хэн ч авахыг хүссэн хариултаа авч чадсангүй шүү дээ. Тэр хэний ч асуултад хариулж, ямар нэгэн зүйл тайлбарлаагүй, хамаатан садан, найз нөхөд хохирогчдын гэр бүлд ч юм хэлсэнгүй. Тэр үл ойлгогдох хэвээр үлдсэн. Шүүх хурал болсноос долоо хоногийн дараа би “Хэрвээ Дыланн юу ч хэлэхгүй бол би хүмүүсийн мэдэхийг хүсч буй тэр хариултыг олно” гэж хатуу шийдсэн юм. Тиймээс Дыланныг өсч, торнисон болон амьдарч байсан газрууд руу хамгийн түрүүнд хөдөллөө.
ААВ
Дыланн Колумбид өсч торнисон. Харин Чарльстон бол Колумбиас огт өөр. Тус хот цагаан арьстнуудын эзлэн түрэмгийлэл, тэдний цаг үе болоод өнгөт арьстнуудын боолчлолыг харуулсан хөшөө дурсгал, барилга байгууламжаар баялаг хот. Дыланны аав нь өнөөг хүртэл Колумбид амьдарч буй. Хотын захын дүүрэгт гудамжны буланд байх Бэннет Рүфийн байшин, энэ гудамжны төгсгөлд энэ байшингаас өөр юу ч байхгүй мэт сэтгэгдэл төрүүлэм.
Гудамжны гэрэлтүүлгийн олонх нь ажиллахаа байж, үлдсэн хэд нь бүдэгхэн сүүмгэр харагдах ч үүргээ хангалттай гүйцэтгэх мэт гэрэлтэнэ. Гудамжин дахь байшингууд дундаас арай ялгарч харагдаж байгаа нь Дыланны аавынх байлаа. Хэдийгээр гаднаас нь харахад хуучирсан ч нэлээн сайн барьсан байшин байв. Хаалганых нь гадаа зогсоод би юуны төлөө, яах гэж энд зогсож байгаагаа дахин нэг эргэцүүлж бодов. Тэгээд гүнзгий гэгч нь амьсгаа аваад хаалгыг нь тогшлоо. Азаар Дыланны аав хашир ч сайхан сэтгэлтэй хүн аж. Би түүнтэй хэсэг ярилцаж, байгаад ирсэн зорилгынхоо талаар хэлж түүнийг юу хэлэхийг хэсэг хүлээлээ. Харин тэр “Би яг юу болсныг сайн мэдэхгүй байна. Ямартай ч би хүүгээ ингэж өсгөөгүй” гэж юунд ч эргэлзсэн шинжгүй хариулав. Би түүнээс хариулт авчих санаатай дахин хэд хэдэн асуулт асуусан ч тэр юу ч ярихыг хүссэнгүй.
Гунигтай харцаар намайг удаан гэгч ширтээд зүгээр л явахыг хүсэв. Уг хэрэг гарснаас хойш тэднийхээс хүүгийнх нь хэргийн талаар асуулт асуух гэсэн хүн тасрахаа байжээ. Энэ бүхний эцэст тэр аварга том хоёр “Rottweilers” нохойгоо сул тавьчихдаг болсон аж. Эцэст нь би ч гэсэн бусдын адил гудамжинд бараг л хөөгдөж гарч ирэв.
ДЫЛАННЫ БОЛОВСРОЛ
Миний дараачийн зогсоол Дыланны ангийн найз нөхөд болон багш нар нь байлаа. Дыланны ангид өдөр бүр хичээл ордог нэг багш надтай ярилцахыг зөвшөөрсөн юм. Түүний хэлж буйгаар Дыланн огтхон ч анхаарал татахаар хүүхэд байгаагүй ажээ. Эргээд түүний талаар санахад онцлоод хэлэх ч ганц зүйл байхгүй байна гэдгээ багш надад учирлаад биедээ байнга гар ариутгагч авч явдаг, гарын ариун цэвэртээ маш их анхаарал хандуулдаг байснаас гадна үдийн хоолонд бараг ороод байдаггүй байсан гэдгээс өөр зүйл ярьсангүй.
Уг хэрэг явдлын дараа Дыланны найз гэх нэрийдлээр олон оюутан хэвлэлд ярилцлага өгсөн байна. Тэдний дунд өнгөт арьстай хүмүүс ч багтжээ. Харин амьдрал дээр Дыланн өнгөт арьст хүмүүстэй тийм ч найрсаг харилцаатай байгаагүй аж. Калеб Браун бол Дыланны хамгийн сайн бас хамгийн олон жил найзалсан найз нь. Хэдийгээр Дыланн өнгөт арьстнуудтай бараг харьцдаггүй байсан ч Калебын өнгөт арьстан байсан нь тэдний нөхөрлөлд огтхон ч нөлөөлөөгүй байна.
Гэхдээ бага байхдаа нэг бус удаа түүний арьс яагаад бор өнгөтэй байгаа талаар асууж байжээ. Калеб “Дыланн жирийн америк хүүхдүүдийн нэгэн адил байсан. Сайн сурлагатай, нийгмийн идэвхтэй биш ч хичээлээ таслахгүй явдаг жирийн л хүүхэд. Харин том болох тусмаа бидний үзэл бодол зөрчилдөж эхлэх болсон” гэж ярьж байв. Дыланн Калебаас гадна өөр хоёр ч хүүхэдтэй нэлээн дотно нөхөрлөдөг байжээ.
Дыланн болон Калеб нарын сурч байсан ахлах сургуулийн захирлыг Тед Ватчер гэдэг. Би бага ч гэсэн мэдээлэл олох үүднээс түүнтэй ч гэсэн мөн уулзсан юм. Тэрбээр уг хэргийн талаар анх радиогоос сонсон бөгөөд сонссон даруйдаа миний мэдэх Дыланн биш байгаадаа гэх бодол төрсөн тухайгаа дурдаж байлаа. Түүнчлэн тэрбээр “Шилжилтийн насандаа хүүхдүүд маш их өөрчлөгддөг. Өөрчлөлт нь нүдэн дээр л ажиглагддаг. Дыланны хувьд арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзэл хүчтэй илэрч байсан нь харагддаг байсан.
Үүнд нийгмийн нөлөө ч бас байсан байх. Тэр олон нийтийн ажилд оролцдоггүй, маш чимээгүй, даруухан хүүхэд байсан. Ерөнхийдөө Дыланныг ойлгохын тулд “The Hidden Injuries of Class” номыг унших хэрэгтэй” гэж ярьж байв. Түүний үзэж буйгаар Дыланн тэнэг, сэтгэцийн өөрчлөлттэй нэгэн бус зүгээр л арьс өнгөөр ялгаварлах үзэлтэн, өнгөт арьстнуудыг өөрөөсөө дорд үзэх үзэлтэй нэгэн байжээ.
Мөн тэрбээр Дональд Трамп Ерөнхийлөгчөөр сонгогдсоноос хойш нийгэмд зөвхөн арьс өнгөөр ч бус шашин шүтлэгээр ялгаварлан гадуурхах, үл итгэх, хэт эмзэг үзэл газар авсан хэмээгээд иймэрхүү ялгаварлан гадуурхах үзэл цагаан арьст дундаж давхаргынхны дунд хүрээгээ тэлсээр байгаа тухай өөрийн үзэл бодлоо хуваалцлаа. Би явахынхаа өмнө түүний хийж буй судалгааны ажил болон бичсэн номных нь талаар ярилцаж, түүний номын санг сонирхов. Номын санд өнгөт арьст голдуу хүүхдүүд болон хоёр, гуравхан цагаан арьст хүүхэд багшийн хамтаар нэлээн дотно зогссон зураг байх бөгөөд улаан хүрэм, шаргал үстэй Дыланн бусдаасаа жаахан зайтай зогсжээ.
ДЫЛАННЫ ГЭР БҮЛ
Дыланн “Миний биеэр Британи болон Герман цус холилдон урсаж, байгаа. Гэхдээ миний цус Америкийг төлөөлж байна” гэж бичжээ. Түүний бичсэн зүйл миний анхаарлыг ихээхэн татсан учир би Колумбийн үндэсний архивт очиж, түүний өвөг дээдсийн талаар судалсан юм. Азаар архивт түүний өвөг дээдсийн талаар хангалттай мэдээлэл байлаа. Дыланны элэнц өвөө Жесси Марион Дээв иргэний дайны үед маш чухал үүрэг гүйцэтгэж байсан бөгөөд 1859 онд Тарси хэмээх эмэгтэйтэй гэрлэж, гурван жилийн дараа холбоотны армид элсчээ.
Хэдийгээр өвөг дээдэс нь олон гавьяа байгуулсан хүмүүс байсан ч миний анхаарлыг татсан ганц зүйл нь Дыланны өвөг дээдсийнхний нь дунд “mulatto” буюу аав нь цагаан арьст, ээж нь өнгөт арьстай хүмүүс олон байжээ. Дыланн өөрийн хөтөлдөг “TheLastRhodesian.com” веб хуудастаа “Цагаан арьст хүн бүр боол зэмшдэг байсан. Олон зууны турш цагаан арьстнууд өнгөт арьст боолчуудын хөдөлмөрөөс ашиг хүртсэн” гэж бичжээ. Түүнчлэн хамгийн сонирхолтой өнгөт арьстай нэгэн охиныг Дыланны өвөг дээдэс Рүф гэх өөрсдийн овгоороо овоглосон байв. Наймхан настай тэр өнгөт арьст охин бусад боолчуудын хийдэг хүнд хүчир ажлыг хийж чадахгүй нь ойлгомжтой. Тэгвэл түүний эцэг эх нь хэн юм бол, яагаад түүнийг өөрсдийн овгоороо нэрлэв гэх зэрэг маш олон асуулт урган гарч ирж байна.
Харин Дыланны эцэг Бэннет Рүф 20 настайдаа 29 настай Амели гэх эмэгтэйтэй анх танилцаж байжээ. Тухайн үед Амели нөхрөөсөө салсан байсан бөгөөд тэд 10 жил хамт амьдраад салсан байна. Маш олон хүүхэд аав ээж нь салсанаас болж, огт өөр хүн болж төлөвшдөг. Тэднийг “салалтын бүтээгдэхүүн” ч гэж нэрлэх нь бий. Гэхдээ Дыланн салалтын бүтээгдэхүүн биш байсан юм. Түүний ээж сүүлийн 2-3 жилийн хугацаанд л гэхэд таван удаа хягаа сольсон байдаг. Энэ бүх хугацаанд Дыланн яг “сүнс” шиг байжээ. Өөрөөр хэлбэл түүний байгаа үгүйг нь ч анзаардаггүй байжээ.
2014, 2015 онд Дыланн Хортон шавьж устгалын газарт цагийн ажил хийдэг байсан бөгөөд хамтран ажиллагсдаасаа зайгаа барьдаг багийнхан нь бүгдээрээ хамт сууж байхад Дыланн ганцаараа суудаг байсан тухай түүнтэй хамт ажиллаж байсан хүмүүс ярьж байв.
Хэрэг гарсны дараа Холбооны мөрдөх товчооны ажилтанд Дыланн өөрийнхөө амьдралыг бараан хар үүлтэй зүйрлэж буйгаа хэлсэн байдаг. Тэрбээр гар утас ашигладаггүй мөн цөөхөн хэдэн найзтай байснаас гадна аймшигт хэрэг үйлдэхийнхээ өмнө олон нийтийн номын санд очиж фэйсбүүк хаяг нээн 88 өнгөт арьст хүнд найзын хүсэлт явуулж, Фэйсбүүкийн найз болсон байна. 88 буюу Eighty-eight гэхэд хоёр “Н” үсэг ордгоос гадна уг үсэг нь цагаан толгойн наймдах үсэг юм. Түүнчлэн хоёр “H” нь "Heil Hitler" гэдэг үгийн товчлол.
Ерөнхийдөө тэрбээр хэрэг хийхээр эртнээс төлөвлөж байсан бөгөөд өнгөт арьстнуудын боолчлолыг харуулсан түүхийн дурсгалт газруудаар аялж, тохиромжтой газрыг судалж байжээ. Тэдгээр газрынх дунд гэгээн “Emanuel AME” –ийн сүм ч багтаж байв.
Тус сүмийг 1822 онд Дани Везей гэх чөлөөлөгдсөн өнгөт арьст хүн үүсгэн байгуулсан бөгөөд 1892 оноос залбирал үйлдэхээр ирсэн хүн бүрт нээлттэй болсон юм. Би хамгийн сүүлд Зул сарын баяр болохоос долоо хоногийн өмнө хуурай цэвэрлэгээнээс хувцсаа аваад буудал руугаа буцах замдаа сүмийн хажуугаар гарсан юм. Гадаа хүйтэн бороо зөөлөн шивэрч, тухайн үед өмссөн байсан хоолойтой ноосон цамц маань бороонд нэлээн норж, нэг л тухгүй мэдрүүлж төрүүлж байв. Харин сүм юу ч болоогүй мэт хүссэн хүн бүрт хаалгаа нээдэг тэр л хэвээрээ харагдаж байлаа.
Тэрхэн зуур толгойд эргэлдэж байсан элдэв бодлыг минь үргээж, сүмийн хаа нэгтэйгээс “Бороонд норчлоо, сүм рүү орооч” гэх дуу сонсогдов. Энэ үг надад шинэ хотод ирээд төрсөн ганцаардмал мэдрэмжийг минь үлдэн хөөж, халуун дулаан мэдрэмж төрүүлсэн юм. Түүнчлэн сүм надад хаалгаа нээсэн шиг Дыланнд ч мөн хаалгаа дэлгэсэн. Гэвч Дыланн тэр хаалгаар орохдоо өөрийнх нь биеэр өнгөт арьстны цус урсаж буй гэдгийг болон өнгөт арьс хүмүүс ямар их саад бэрхшээлийг туулж өдий зэрэг хүрсэн гэдгийг мэдсэнгүй.
Хэдийгээр би Дыланны үйлдсэн хэрийг өшөө авалт, шударга ёс, гэр бүл салалт, хүүхдийн хүмүүжилтэй холбон бичих ёстой байсан ч нөгөө талаас хуучирсан хандлага буюу цагаан арьстнууд өнгөт арьстнуудаас илүү гэх үзэл баримтлал өнөөг хүртэл бидний хандлагад буйг олж мэдлээ. Түүнчлэн цагаан арьстнууд түүхээсээ нүүр буруулахад юу болдгийг ойлголоо. Шүүхийн танхимд байсан хүмүүс дунд ч гэсэн боолчлогдож байсан өнгөт арьстнуудын үр удам байсан гэдэгт би эргэлзэхгүй байна. Өнгөрсөн үед олон зуун өнгөт арьстан маш хүнд замыг туулж, тэднийг устгах гэсэн оролдлого бүрийг давсан. Дыланн хамгийн сүүлийн шүүх хурал дээр “Хүмүүс намайг үзэн ядалтын сэдэлтэйгээр уг хэргийг хийсэн гэж бодож байна. Гэхдээ тэд миний талаар болон жинхэнэ үзэн ядалтын талаар ч мэдэхгүй” гэж хэлсэн. Гэхдээ би Дыланныг мэдэж байгаа учраас түүнийг өнгөт арьстнуудыг үзэн ядагч гэдгийг нь мэдэж байна.
Речэл Каидзи Гансе чөлөөт нийтлэлч, зохиолч Нью-Иорк хот
Эх сурвалж: https://www.gq.com/story/dylann-roof-making-of-an-american-terrorist
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 2 )
хэзээ ч үзэн ядалт дуусахгүй дээ
ene amerikiin buzar ertontsiig dongoj il garch bui zorchil ch dee. tsagaan ulam bvr tsoorch ongot aristan haruud olshirch latenuud mash iheer irj nogoo tsagaan aristanuud niigemdee noloo buurch bgaa ni ilerhii bolood bna.iimees tsagaanuud dund bi deed torolhton booluudiin dund baigaa doromjilol bolod bna gej bodoj bna..