Өөрийнхөө сонирхол, хоббид хөтлөгдөн олон жил уран бүтээлээ туурвиж, цөөнгүй хэдэн ном нийтлүүлсэн Монголын хараагүйчүүдийн үндэсний холбооны /МХҮХ/ ахмад гишүүн Жамъяншаравын Батнов гуайтай номынх нь тухай ярилцлаа.
-Юуны өмнө та өөрийгөө манай уншигчдад танилцуулахгүй юу?
-Намайг Ж.Батнов гэдэг. Өвөрхангай аймгийн Баян-Өндөр суманд төрсөн. Хөдөө малчны хотонд бага насаа өнгөрөөсөн. Өөрийн болгоомжгүй үйлдлээс болж нүдэндээ буруу эм дусааж хараагаа алдсан нь их харамсалтай зүйл болсон. Би залуу байхаасаа ном уран зохиолд их дуртай байж билээ. Би шүлэг зохиох, нийтлэл бичих их дуртай байсан. 1980-аад оноос эхлэн Монголын радио, намын “Үнэн” сонинд өөрийнхөө бичсэн нийтлэлүүдийг гаргадаг байсан.
-Та ямар төрлийн нийтлэл гаргадаг байсан бэ?
-Тухайн үеийн нийтлэл маань хараагүй хүмүүсийн ололт амжилтын тухай, өөрийн хөдөлмөрөөр амжилттай яваа хүмүүсийнхээ талаар бичдэг байсан. Бас МҮОНРТ-ээс өдөр тутам авсан мэдээллийнхээ дагуу радио, нэвтрүүлгийн чанар чансаатай холбоотой нийтлэлүүдийг гаргаж байсан. Тухайлбал, МХҮХ, Монголын хараагүй хүмүүсийн хөдөлмөрийн сургалтын үйлдвэр зэрэг хараагүй хүмүүсийн харьяалалтай байгууллагуудын ойн баярт зориулсан ном товхимол зэргийг редакторлаж байсан.
-МХҮХ-нд хэдэн оноос эхэлж ажиллаж байв?
-Анх 1975 онд Хараагүй мүмүүсийн хөдөлмөр сургалтын үйлдвэрт нормчиноор ажиллаж байсан. 1978 онд МХҮХ байгуулагдах үед анхдугаар их хуралд урилгаар оролцож явсан. 1997-2001 он хүртэл хараагүйчүүдийн нийгэмлэгийн тэргүүнээр ажиллаж байв. Одоо нийгэмлэгийн хүндэт гишүүн хэвээр байгаа.
-Та өнгөрсөн хугацаанд нийт хичнээн ном зохиол, нийтлэл гаргасан бэ?
-Өнгөрсөн хугацаанд яруу найргийн гурав, нийтлэлийн зургаан ном тус тус хэвлүүлж нийтэлсэн.
-Та хамгийн сүүлд ямар ном гаргасан бэ?
-Миний хамгийн сүүлд гаргасан ном энэ оны эхээр “Сэтгэлийн толь” хэмээх тууж бичсэн. Номын минь гол агуулга нь хүн өөрийгөө хайрлан хамгаалах, өөрийн болгоомжгүй үйлдлээс болж бүү хохироосой гэж хүссэн. Энэ санаагаа тууждаа багтаахыг хичээсэн.
-Та номоо өөрөө шивдэг үү. Ном уншиж, хөгжиж, мэдлэгээ тэлэхэд баррель үсэгтэй ном хэр эрэлттэй байдаг вэ?
-Эхлээд шүлэг зохиолоо өөрөө бэлдээд дараа нь хүнээр шивүүлдэг. Утга зохиолын ном унших дуртай болохоор бүх номыг баррель үсгээр хөрвүүлбэл маш их баярлах болно.
-Таны номыг энгийн хүмүүс унших боломжтой юу?
-Унших боломжтой. Миний эргэн тойронд утга зохиолд хайртай хүмүүс олон бий. Бид хэдий харах мэлмийгээ алдсан ч сэтгэлийн мэлмий минь гэгээн тунгалаг байдаг хүмүүс.
-Нийгэмд хараагүй хүмүүст хэр ээлтэй байна вэ?
-Гудамж талбай, орох гарах орц гарц бидэнд тийм ч хүртээмжтэй биш байдаг. Хотын төвөөр дуут гэрлэн дохио байрлуулсан нь маш зөв зүйтэй шийдэл болсонд талархаж байгаа. Нэг үеэ бодвол албан байгууллагууд хараагүй хүмүүстээ ээлтэй, товгор, налуу замтай болж байгаа нь сайн хэрэг.
-Та хойч үеийн залууст хандан юу гэж захимаар байдаг вэ?
- Зарим залуус өдрөөс өдөрт буруу зам руугаа орж байгаа нь маш их сонсогдох болсон. Энд ч тийм хэрэг гарлаа, тэнд ч ийм хэрэг гарлаа гэсэн мэдээллийг байнга сонсох болсон нь их харамсалтай санагддаг. Залуучууд маань эртний өв соёлоо сайн судалж, түүхээ сайн мэддэг болоосой гэж их хүсэх юм даа. Бас ном сайн уншдаг байх хэрэгтэй. Хараагүй бид ч ном уншаад, нийгмийн мэдээллээс хоцрохгүй яваад байна шүү дээ. Ном уншдаггүй "харанхуй" сэтгэлтэй хүмүүс их болж байгаад эмзэглэдэг. Сайныг дагавал сарны гэрэл гэдэг эртний сайхан уламжлалт үг ч бий. Тийм учраас ирээдүй болсон залуус минь муу бүхнээс хол байгаасай л гэж хүсэж байна даа.
С.СҮХБАТ
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 0 )