Зэсийн үнэ үргэлжлэн өссөөр, тавдугаар сард нийлүүлэх фьючерс ханш тонн нь 10.373 ам. доллар болж өсөөд байна. Зэсээс гадна хөнгөн цагаан тонн нь 3590 ам.долларт хүрч дээд амжилт тогтоосон бол никелийн үнэ тонн нь 25 мянган ам.доллар давж, 11 жилийн хугацаан дахь дээд хэмжээнд хүрчээ. Украинд өрнөж буй үйл явдлын нөлөө, Хятадын эдийн засаг удааширна гэсэн болгоомжлолоос үүдэлтэйгээр дэлхийн зах зээл дэх металлын ханш өссөөр байгаа юм.
Дэлхийн зэсийн үйлдвэрлэлийн дөрөвний нэгээс илүү хувийг бүрдүүлдэг Чили улс 2011 оноос хойш анх удаа буюу өнгөрсөн нэгдүгээр сард үйлдвэрлэлээ бууруулсан. Өнгөрсөн хоёрдугаар сард LME, “Shanghai Futures Exchange” болон Нью-Йорк дахь “Comex”-ын эзэмшиж буй зэсийн нөөц ердөө 200 мянган тонн болтлоо буурч, дэлхийн гурав хоногийн хэрэглээг хангах хэмжээнд ч хүрэхгүй байсан юм.
Дэлхийн хамгийн том гурван чингэлэг тээвэрлэгч компани Орос руу тээвэрлэлтээ зогсоосны дараа ING хөрөнгө оруулалтын банк "Геополитикийн эрсдэлүүд нийлүүлэлтийн тасалдал болж хувирсаар байна" гэж мэдэгджээ. Тээврийн асуудлаас болж Оросын металлын урсгал улам бүр хязгаарлагдаж эхлэх шинж тэмдэг илэрч байгааг ING онцолжээ.
Зэсээс гадна дэлхийн никелийн нөөц 2019 оноос хойших хамгийн доод түвшинд хүрчээ. Блүүмбергийн мэдээлснээр Европт нийлүүлэлт мөн маш бага аж. "Их хэмжээний хөнгөн цагаан, зэс Оросын Санкт-Петербург хотоос Европын Роттердам, Влиссинген боомтууд руу тогтмол урсаж байгаа ч ОХУ, Украины байдал хурцдаж, далайн тээврийн зах зээл дэх эмх замбараагүй байдал хүрээгээ тэлвэл нийлүүлэлт тасрах аюулд орж магадгүй байгаа юм.
Эрчим хүчний нүүрсний үнэ 46 хувиар өсөж, тонн нь 446 ам.доллар боллоо
Зэс, хөнгөнцагаанаас гадна Ази дахь хамгийн том зах зээл болох эрчим хүчний нүүрсний үнэ 46 хувиар өсөж дээд амжилт тогтоогоод байна. Австралийн Ньюкасл боомт дээрх импортлоход бэлэн болсон өндөр чанарын эрчим хүчний нүүрсний фьючерс үнэ лхагва гарагт тонн нь 446 ам.доллар болж, нэг өдрийн дотор 140.55 ам.доллароор өсөж, 2008 оноос хойших хамгийн өндөр үзүүлэлтэд тооцогдож буй талаар “ICE Futures Europe”-оос мэдээлжээ. Нүүрснээс гадна нефтийн үнэ нэг баррель нь 110 ам. доллароос дээш болж өсөөд байна.
Дэлхийн түүхий эдийн экспортын 17 гаруй хувийг бүрдүүлдэг ОХУ-ын нийлүүлэлттэй холбоотой асуудал түүхий эдийн ханшийг тогтворгүйжүүлээд байгаа юм.
Харин шинжээчид Украин, Оросын харилцаанаас гадна Монгол, Хятад дахь Ковидтой холбоотой ажиллах хүчний хомсдол, Австралийн уул уурхайн бүс нутгийг хамарсан үер, Индонез нэгдүгээр сард нүүрсний экспортоо хориглосон зэрэг нь нүүрсний ханшид нөлөөлж буйг онцолжээ.
Харин Сидней дэх “Shaw & Partners Ltd”-ийн шинжээч Питер О'Коннор "Европын геополитикийн асуудал хурцдаж байгаа нь түүхий эдийн зах зээлд нөлөөллөө" гэж бичжээ. Баасан гарагт нүүрс тонн нь 220.95 ам.долларт хүрч хаагдсанаас хойш Ньюкасл дахь фьючерс үнэ хоёр дахин өссөн бөгөөд лхагва гарагт дээд амжилт тогтоогоод буй.
Сэтгэгдэл ( 0 )