Ө.Батжаргал: Ковидын үед хүний биеийн өвчнөөс илүү амьдралын хэв маяг их өөрчлөгдсөн

2022 оны 03 сарын 09

Ковидын үед эрүүл мэндийн салбарт төдийгүй нийгмийн амьдралд хүнд тусч, хэв маягт их өөрчлөлт орсон тухай хүний их эмч, клиникийн профеесор Ө.Батжаргалтай ярилцлаа.


   

-Дэлхий нийтийг хамарсан цар тахал Ковид болон Омикрон гэсэн шинэ хувилбараар давалгаалаад дуусах тийшээ хандлаа. Үүнд таны байр суурийг сонсъё?

-Ковид яах аргагүй шинэ төрлийн вирусын халдвар байсан. Хятадын Ухань хотоос гарсан энэ вирусээс  дэлхий даяараа айсан. Гудамжинд явж байсан хүн шууд газар дээрээ ухаан алддаг, таталт өгдөг зэрэг таагүй мэдээ мэдээллүүд, сурталчилгаа цахим хэрэгслээр гарч хүмүүсийг айдаст автуулсан.

2021 оны арваннэгдүгээр сарын 26-ны өдөр ДЭМБ цар тахлын Омикрон гэх шинэ төрлийн хувилбарыг зарлаад байна. Шинэ төрлийн мутацилагдсан Омикрон вирусийг судалж байгаа. Өмнөд Африкийн эмч мэргэжилтнүүд уг хувилбар делта хувилбарыг бодвол шинж тэмдэг зөөлөн байдлаар илэрдэг, агаар дуслын замаар хурдацтай тархдаг ба энгийн ханиад шиг хуурай ханиалгах, халуурах,шөнийн цагаар хөлрөх болон бие янгинаж өвдөх шинж тэмдэг илэрдэг гэх анхан шатны судалгааг гаргасан байсан. Одоо ажиглаад байхад хүнд хэлбэрийн ханиад шиг үргэжилдэг болж.

-Тэгэхээр, хэрэв хүнд хэлбэрийн ханиад болж үргэлжлэх байсан юм бол үүнийг эрт тооцоолоод хэлчих эмч мэргэжилтэн, эрдэмтэн, судлаачид  байгаагүй юм уу?

-Ковидын халдвар Монгол улсад  орж ирснээс хойш ажиглахад шууд ухаан алдаж унах, эсвэл 24 цагийн дотор гэнэт  уналт, таталтын  хам шинж өгч нас барсан тохиолдол илрээгүй. УОК, ЭМЯ, НОК нь  эмч, эмнэлгийн ажилтнуудтайгаа хамтарч ажилласны үр дүнд нас баралтын тоог энэ 2 жилийн  хугацаанд 2000 орчимд барьж чадсан нь гайхалтай үр дүн.

Гэхдээ шинэ юм болгонд бэрхшээл бий. Хэдийгээр шинэ вирустэй нүүр тулсан ч гэсэн өмнө нь манай эрүүл мэндийн салбар 2000 оноос хойш 4-5 төрлийн тахал хэлбэрийн вирустэй тэмцэж нас баралт багатайгаар даван туулж байсан туршлагатай. Тухайлбал 2002 онд дэлхий нийтийг хамарсан SARS, түүний дараа  гар, хөл, амны  халдварт өвчин, гахайн /H1N1/ болон шувуун/H5N1/ томууны гэх мэт ковидтэй ижил агаар дуслын замаар халдварладаг эдгээр вирусны өвчинтэй  эмнэлгийн салбарынхан маань нүүр тулан ажиллаж байлаа. Тэр үед бид өмнөх үеийнхний болон туршлагатай эмч, мэргэжилтнүүдийнхээ үгийг сонсож  удирдамжаа маш тодорхой боловсруулж иргэдийг оношлох, тусгаарлах, эмчлэх, урьдчилан сэргийлэх тактик мөрдөж ажиллаж байсантай холбоотой. Ковидын үеийн халдвар, хамгаалал тархвар зүйгээр ханиадны хэлбэртэй  агаар дуслын замаар халдварлаж байна. Тиймээс хоорондын зай барь, маск зүү гэх мэтээр урьдчилан сэргийлэх ажлыг сайн хийсэн.

-Ковид тусаад эдгэсэн хүмүүс  нэг л ядруу, сульдаад байна гээд байгаа. Дараа нь зайлшгүй нөхөн сэргээх, уламжлалт эмчилгээ хийхийг зөвлөж байна л даа. Энэ талаар?

-Би хүүхдийн эмч мэргэжилтэй. Хүүхдийн сэргээн засах чиглэлээр илүү мэргэшсэн. Өвчний өмнө болон дараа хэрхэн сэргээн засах талаар зөвлөдөг. Үндэсний уламжлалт хоол хүнсээ түлхүү хэрэглээч гэж зөвлөдөг. Уламжлалт хоол хүнс гэж хүний генд танигдсан хоол хүнсийг хэлдэг. Цагаан идээ, таван хошуу малын мах, дайвар бүтээгдэхүүнийг хэрэглэдэг ард түмэн гэнэт кимчи, халуун ногоотой төрөл бүрийн хоол хүнс хэрэглээд ирхээр бидний генд танигдсан уу, тэгэхээр уламжлалт халуун хоол цайгаа зохистой хэмжээгээр хэрэглэхэд дархлаа бүрэн сэргээгдэнэ гэж ойлгож болно.

-Одоо  ковидын дараа иргэдийн эрүүл мэнд хэрхэн өөрчлөгдсөн бэ?

-Германы эрдэмтэн 2023 он гэхэд ковидыг дуусна хэмээн мэдэгдэж байна. Одоо ковидыг томуу, ханиадны хэлбэрт шилжлээ, хүндрэл нь гайгүй гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага мэдээллээ. Ковидын дараах хүндрэл гэж иргэд их ярих боллоо. Ядрах, суурь өвчин хуучийг хөдөлгөж байна гэх мэт.

Биеийн өвчнөөс илүү амьдралын хэв маягт их өөрчлөлт орсон байна. Тухайлбал одоо шөнийн 21 цаг гэхэд хүүхдээ унтуулдаг, 22 цаг гэхэд унтаж амардаг гэр бүл эрс цөөрсөн байна. Хэдэн цагт амардаг вэ гэхээр 00 цагаас 01 цагийн хооронд унтдаг, гар утас, телевизийн хамааралтай гэр бүлүүд ихсэж байна.  Энэ нь цаашид хараа муудсан, зүрх судас, хоол боловсруулах эрхтэн тогтолцооны өвчлөл ихсэхэд хүргэж байна. Ковидын хүндрэлээс хамгийн сайн  хамгаалдаг зүйл бол хүний өөрийн дархлаа байдаг. Дархлааг сэргээдэг хамгийн сайн арга бол зөв хоололт, зөв амралт, зөв хөдөлгөөн, агаар, салхинд гарах их чухал. 

-Ирээдүйд ямар нэгэн цар тахал гарвал тахлын үеийн төлөвлөгөө, удирдамж шинэчлэлийн талаар манай улс хэр бэлтгэгдсэн бэ?

-Эрүүл мэндийн салбар цаг үеэ дагаж хөгжиж байх ёстой. Сайн туршлага гэдэг бол ямар ч нөхцөл байдлын эрсдлийг бууруулж байдаг бэлэн удирдамж юм л даа. Шинэ болон шинээр сэргээгдэж байгаа ямарч халдварт өвчний үед эрүүл мэндийн шатлал бүрийн эмнэлгүүд эрэмбэлэн ангилалт, эмчилгээний удирдамжаа мөрддөг, гамшгаас хамгаалах төлөвлөгөөний дагуу мэргэжлийн албадууд ажилладаг. Мөн хэд, хэдэн лабораторитой байх гэх зэргээр бэлтгэлтэй байх хэрэгтэй гэдгийг харуулж байна. Гэхдээ шинэ зүйлд алдаа, оноо байдаг. Алдаж болно гагцхүү өмнөх туршлагаа л сайн ашиглах нь зүйтэй.

-Тэр үед нь эмч нар яагаад дугараагүй юм бэ?

-Аливаа шийдвэр, гүйцэтгэл нь тодорхой  байх тусам эмч, ажилчид ядрах нь бага улмаар иргэд эргэлзээ дунд төөрөлддөггүй. Шийдвэр хурдан өөрчлөгдөх тусам иргэдийн асуух зүйл, эргэлзээ ихсэж байсан. Тарваган тахал болон бусад онц ноцтой халдварт өвчний голомтод мөрддөг удирдамжаа шинэчлээд, хасахыг нь хасаад нэмэхийг нь нэмээд явах боломжтой гэж харсан. Урд хөрш Хятадад 2002 онд гарсан SARS-аас хойш 17 жилийн хугацаанд шинэ болон шинээр сэргэсэн халдварт өвчний үед ажиллах бэлэн төлөвлөгөө туршлагатай болсон байж. Тэд 14 хоногийн  дотор 1000 ортой эмнэлэг нээх чадвартай болж, хэрэглэх эм, тан, вакцинаа ямар хурдан бэлэн болгосныг бид харлаа. ОХУ вакцинаа хэрхэн амжилттай гаргасан гээд хоёр хөршөөсөө газар дээр нь очоод туршлага судлах бүрэн боломж байсан.  

-Цар тахлын үед энэ удаа уламжлатын эм танг өргөн хэрэглэсэн нь үр дүнтэй байсан уу?

-УОК-оос салбар хоорондын уялдааг зохицуулж, арга зүйгээр сайн хангаж чадсан.  ЭМС-ын 2021 оны А/140 тоот тушаалд  Коронавируст халдвар (Ковид-19)-ын үед оношилгоо, эмчилгээний түр заавар шинэчлэн батлах тухай /Коронавируст халдвар (Ковид-19)-ын оношилгоо, эмчилгээний түр заавар/ уламжлалт анагаах ухааны эмийг хавсран хэрэглэж болно гэсэн заалт оруулсан нь анх удаагаа гоц халдварт өвчний үеийн эмчилгээний удирдамжинд уламжлалтын эм, тан орсон сайн хэрэг болсон. Тэгэхээр эхлээд уламжлалт арга, туршлагаа барьж улмаар шинжлэх ухааны шинэ ололттой хослуулж байж бид дэлхий нийтийг айлгах шинэ, шинэ вируст өвчний давалгааг эрсдэл багатай даван туулж чадна.

-Ярилцсан танд баярлалаа.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.161.77) 2022 оны 03 сарын 10

С.Эрдэний бөгс болсон луйварчинд ковид хамаагүй байх шүү.

0  |  1
Top