Гудамжинд ном зарах хүмүүстэй нэлээдгүй таарч байсан биз. Урт цагааны гудамжинд, талбайн баруун талд, Багшийн дээдийн буудал, их сургуулийн гудамжинд гэх мэт. Энэ удаагийн “Өглөөний сонин”-ы Бидний нэг буланд “Их сургуулийн уулзварын номын ах” хэмээн нэрлэгддэг Д.Лувсанжамцтай ярилцсан яриаг хүргэж байна. Тэрбээр их сургуулийн уулзвар болох МУИС-ын II байрны замын эсрэг талд 18 хаврыг үджээ.
-Ном худалдаалаад хэдэн жилийг үдэж байна вэ?
-Би өдгөө 67 настай. Ном худалдаалаад 20 гаруй жил боллоо. Багшийн дээд, Урт цагааны гудамжаар 1996 оноос хойш ном худалдаалж эхэлсэн. Одоо бол МУИС-ын II байрын урд худалдаалдаг. МУИС-ын II байрны урд ном худалдаалдаг болоод 18 жилийг өнгөрөөлөө.
-Яагаад ном худалдаалдаг болсон бэ?
-Би багаасаа ном их уншдаг байсан. Номонд дуртай болохоор тэтгэвэрт гарсныхаа дараа хийх зүйлгүй сууж байхаар ном худалдаалъя хэмээн шийдсэн. Одоо харахнээ их зөв ч шийдвэр байж дээ.
-Номын борлуулалт хэр байна вэ. Хүмүүсийн худалдан авах чадвар цар тахлын өмнө болон дараа өөрчлөгдсөн байна уу?
-Цар тахлын өмнө номын борлуулалт их муу байлаа. Техник, технологи их ашигладаг болсонтой холбоотой юм болов уу даа л гэж боддог, хэлж мэдэхгүй л байна. Одоо бол хүмүүс номонд хайртай болжээ. Сайн номыг андахгүйгээр худалдан авдаг. Ном унших хүмүүс ч нэмэгдсэн. Гэвч хүмүүсийн худалдан авах чадвар муу болжээ. Дэлгэсэн номын урдуур зүгээр өнгөрч чаддаггүй хүмүүс бий. Тэдгээр хүмүүс ном авахыг хүссэн ч хоногийн хоолдоо арай гэж цалингаа хүргэдэг талаараа хэлж байна. Юмны үнэ нэмэгдэж, хүмүүсийн цалин амьдралдаа хаанаа ч хүрэхгүй байгааг хэлэх хүн олон болжээ. Гэвч өдрийн хоолын мөнгөөрөө ном авах хүмүүс ч бий. Тухайн хүнээсээ л шалтгаалах юм даа.
-Хуучны номын хэвлэлтийг сонирхдог хүмүүс зорьж ирдэг юм билээ. Бүр цуглуулахын тулд авах хүмүүс бий гэх юм?
-Яахав дээ. Ном бол нэг төрлийн соёл, хүний өмч хөрөнгө шүү дээ. Ном хадгална гэдэг нь мөнгө, эд хөрөнгө, мэдлэг хуримтлуулж байна гэсэн үг. Зорьж ирж авах нь бий. Асууж, сураглах нь ч бий. Номын баяраар хуучны номууд хамгийн үнэтэй нь байдаг. Тийм болохоор бусад өдрүүдэд зорьж ирж авдаг байх. Дахиж хэвлэгдээгүй дэлхийн сайн бүтээлүүд бий шүү дээ. Номын хуудас, цааснаас нь ч болж худалдан авах хүмүүс бий. Энэ мэт төрөл бүрийн хүмүүс ном худалдан авдаг даа.
-Хоёр жилийн хөл хориогоор та юу хийсэн бэ. Ном худалдаалах нь таны өрхийн орлогод тодорхой хэмжээнд дэмтэй юм байна шүү дээ?
-Хоёр жил хөл хориотой байлаа. Говь-Алтай аймагт ээж минь бий. Нас сүүдэр 90 гарсан буурай байдаг юм. Хөл хорионы эхний жил нутагтаа очиж ээжийгээ асарсан. Харин хоёр дахь жилд нь тэтгэврийн мөнгөөрөө хоногийн хоолоо залгуулж, гэртээ өнжсөн. Гэртээ байсан хугацаанд эхэндээ их л эвгүй санагдаж билээ. Ном худалдаалж өрхийн амьжиргааны орлого болохуйц их мөнгийг олдоггүй. Гэхдээ мөнгийг их, бага гэж ялгах шаардлага алга даа. Өрхийн орлогод нэмэр болдог юм. Тэтгэвэр аваад зүгээр сууж байснаас дээр юм даа.
-Таны борлуулж буй номууд дунд хуучны ном нэлээдгүй байна. Таны цуглуулга уу, эсвэл хүмүүсээс цуглуулж байна уу. Борлуулж буй номуудаа хэрхэн цуглуулдаг вэ?
-Хуучны номууд их бий. Харж байгаачлан олдохгүй ховор номууд ч байдаг. Зарим хүмүүс номын нэрээ хэлээд хайна, захиалгаа өгнө, цуглуулганаасаа хайж өгөхийг гуйна. Аль болохоор асууж, хайсан номыг нь олж өгөхийг боддог. Гэхдээ амаргүй л дээ. Номын баяраар үнэ нь нэмэгддэг номуудыг бусад номтой адил үнээр борлуулдаг. Болж өгвөл олон хүнд ном түгээхийг боддог учраас барагтай л бол өндөр үнэ нэмж зарахгүй. Хуучны номуудыг ихэвчлэн хувь хүмүүсээс авдаг. Заримдаа фэйсбүүкээр худалдаж авна. Зарим тохиолдолд хувь хүмүүс өөрсдөө авч ирж өгдөг. Солилцох тохиолдол ч бий. Ер нь хуучны ном авах сонирхолтой хүмүүс ч нэлээдгүй бий. Анхны хэвлэлт гэдэг утгаар нь авах сонирхолтой хүмүүс байдаг.
Хүмүүсийн цуглуулгад олон төрлийн ном бий. Худалдаж аваад уншихгүй хадгалаад эцэстээ бидний гарт ирэх ном бишгүй. Нэг үеэ бодоход ном барьж унших хүн цөөрч байх шиг ээ. Эсвэл дахиж сөхөж харахгүй гэж боддог ч байж мэднэ. Би бодлоо л хэлчихлээ. “Галд шатааснаас хэрэгтэй хүндээ очиг. Үнийг нь хямдруулаад өгье” хэмээн ном өгөх хүн олон. Маш их ном ирдэг. Тэдэнтэй үнэ тохиролцоод л авна даа.
-Номуудаа хэдэн төгрөгөөр зардаг вэ?
-Худалдаалж буй номууд маань төрөл бүрийн үнэ ханштай. Тухайлбал, 1000 төгрөгийн үнэтэй ном бий. Эсрэгээрээ 50 мянган төгрөгийн үнэтэй ном ч байгаа. Хуучны монгол бичгээр хэвлэгдсэн ном хамгийн үнэтэй нь байдаг. Хэдэн зуун мянган төгрөгөөр борлогддог юм билээ. Одоогоор тийм үнэ бүхий ном худалдаалдаггүй.
-Өдөрт хэчнээн ном борлуулж байна?
-Өдөр бүр ижил тооны ном борлуулна гэж байхгүй. Өдөрт дунджаар 5-6 ном борлуулдаг. Хичээл эхлэхтэй зэрэгцээд ес болон аравдугаар саруудад өдөрт багадаа л 10 ном зарна.
-Өдөр бүр өрж тавьсан номуудаа зөөж явдаг хэрэг үү?
-Үгүй дээ. Тэгвэл их ядарч, туйлдана. Оройд номоо хураан, хайрцганд хийж, хажууханд байрлах ТҮЦ-нд хадгалуулдаг. Тэгээд л өглөө номуудаа хайрцагнаас нь гаргаж, өрнө дөө. Хэдэн номоо хадгалуулсан болохоор ТҮЦ-нд сардаа багахан мөнгө ч өгдөг юм. Тэгээд л хүмүүс ном сонирхож ирэх хүртэл өрсөн номынхоо ард сууж, зарим номоо уншина.
-Тэтгэвэрт гарахаасаа өмнө юу хийдэг байсан бэ?
-Би социалист нийгмийн үед Ленинград хотод дээд сургууль төгссөн. Хүнсний мэргэжилтэй хүн. Дундговь аймгийн хүнсний үйлдвэрт хэдэн жил ажилласан. Дараа нь армийн газарт 18 жил ажилласан. Цэргийн хүн байсан юм аа. Тэгээд л тэтгэвэртээ гарсан даа.
Н.АНУЖИН
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 1 )
Олигто ном зардаггү юм блэ