В.Бадамдоо: Жолоо барихдаа дурласан хүн замын хүндийг тоодоггүй

2022 оны 03 сарын 11

Монголын олон сайхан бүсгүйчүүд энэ сарын 08-ны өдөр төрийн дээд одон медалиар энгэрээ мялаасан билээ. Эдгээр хүмүүсийн нэг бол В.Бадамдоо юм. Түүнийг 40 гаруй жилийн турш тээврийн хэрэгсэл жолоодсоныг төр засаг өндрөөр үнэлж Монгол Улсын Гавьяат тээвэрчин одонг өгчээ. Машинтай амьдралаа холбож, өдгөө гавьяаны амралтаа авсан түүнийг“Өглөөний сонин”-ы Бидний нэг буланд урьж, ярилцсан юм.


-Юуны өмнө Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрөөр Гавьяат тээвэрчин одон медалиар энгэрээ мялаасанд тань баяр хүргэе. Өмнө нь ч Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрөөр ч энгэрээ цоолж байсан юм билээ?

-Баярлалаа. Олон жил жолоо барьсны ач гавьяа юм уу даа. Төр засаг, түмэн олондоо талархаж байна. Өмнө нь 2011 оны Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрөөр Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржоос Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон хүртэж байлаа.

-Яагаад жолоо барихаар шийдсэн бэ. Анх хэрхэн машинтай нөхөрлөж байв?

-Би бага байхын л техник, машинд их сонирхолтой байсан. Машины жолоо барихыг л их мөрөөддөг байж билээ. Манай нөхөр сургуулиа төгссөний дараа 1978 онд Багшийн дээд сургуульд ажиллах урилга авч, хөгжмийн багшаар ажиллах болсон юм. Би араас нь хот руу ирж, хөөцөлдсөөр байгаад Тээврийн яамны харьяа авто сургуульд элссэн. Тэр цагаас хойш л машинтай нөхөрлөлөө.

-Хэдэн настайгаасаа жолоо барьсан гэсэн үг вэ. Тэр үед авто сургуульд эмэгтэй хүнийг барагтай бол авдаггүй байсан гэлцдэг юм билээ?

-Их залуухан байж дээ. Би тэр үед 24 орчим настай байсан. Авто сургуульд 1978 онд элсэж орж байлаа. Тэнд хоёр жил суралцаад төгссөн. Барагтай бол эмэгтэй хүнийг авто сургуульд авдаггүй байлаа шүү дээ. Суралцаж, ажиллаж байсан эмэгтэй хүмүүс ч цөөхөн. СОТ-2, СОТ-3 гэх газрууд байсан. СОТ-2-т н.Ичинхорлоо гэх манай нутгийн эгч байж билээ. Тэр эгч Г-30 жолоодоод явж буй нь их гоё санагддаг байсан. “Энэ эгч шиг л том хэрэг жолоодож явах юм сан” хэмээн их мөрөөддөг байж билээ. Бодол биеллээ олно гэдэг шиг, бодсоны эцэст том тэргээ ч жолоодох болсон юм.

-Хаана, хаана ажиллаж байсан бэ?

-Одоогийн Хөсөг компани тухайн үед Түлхүүр бааз гэдэг нэртэй байсан. Түлхүүр баазад 10 гаруй жил ажиллаа. Дараа нь Засгийн баазад 20 гаруй жил ажилласан. Хотод ирэхээсээ өмнө Архангай аймгийн Барилга конторт засал чимэглэлээр 14-15 жил ажилласан даа. Би долоодугаар анги төгсөөд Барилгын техникумд засал чимэглэлийн мэргэжлээр суралцсан. Нөхрөө дагаж хотод ирж, мэргэжлээ сольж, жолооч болсон. Магадгүй жолооч болоогүй бол барилгын засал, чимэглэл хийсээр насыг барах байсан биз ээ. Ингээд харвал 1965 оноос хойш төр засагтаа ажиллаж иржээ.

-1965 оны үе гэхээр монгол­чууд дөнгөж л хар зурагттай болж байсан үе байна шүү дээ?

-Тийм шүү. Радио ч их ашигладаг. Тухайн үед Хувьсгалт залуучуудын эвлэлийн үүрийн гишүүн байлаа. Даргын бичиж өгснийг радиогоор уншина. Энэ ажлаараа ч Барилга контортоо багахан нэр хүндтэй байсан. Тиймээс ажлаас гарахыг минь эсэргүүцдэг байж билээ. Нөхрийнхөө ачаар энэ ажлаа сольж чадсан юм. Тэгж л жолооч болж, мөрөөдлөө биелүүлсэн юм даа.

-Түлхүүр бааз, Засгийн бааз гээд дурдлаа шүү дээ. Одоо энэхүү нэршлийг мэдэхгүй хүмүүс ч бий. Яг юу хийдэг, ямар газрууд байсан юм бэ?

-Түлхүүр бааз бол Техник, туслалцааны угсармал орон сууц, автомашин механизмын бааз  гэх их урт нэртэй. Хэлэхэд төвөгтэй урт нэр байгаа биз дээ. Тэнд байдаг том машинуудын кабин дээр орос түлхүүрийн зураг шиг логотой байлаа. Түүгээр нь Түлхүүр бааз хэмээн нэрлэж, хэлдэг юм. Их том тэрэгтэй, угсармал барилга барьдаг, барилгын материал зөөх машинуудын нэгдсан бааз. Харин Засгийн бааз гэдэг нь Засгийн газрын удирдлагуудад үйлчилдэг газар юм. УИХ-ын гишүүд, сайдууд, улс төрч, дарга нарт үйлчилдэг бааз юм.

-Орон сууц барьдаг гэхээр Улаанбаатарт байгаа хуучны орон сууцуудыг барьсан байх нь ээ?

-Тийм ээ. Өмнө нь дурдсан СОТ-2, СОТ-3 бол оросуудтай хамтарсан бааз байсан юм. Барилга барьдаг бааз гэх үү дээ. СОТ-2, СОТ-3 болон Түлхүүр баазынхан хуучны угсармал барилгуудыг барьж байсан юм. Тухайлбал, хуучны есөн давхар барилгууд, гурав, дөрөвдүгээр хорооллын барилгууд гэх мэт. Эдгээр барилгын материалыг зөөх машиныг бид жолооддог байсан гэсэн үг. Хот хооронд бараа таваар, барилгын материал, тэр бүү хэл ургац хураалтыг хүртэл ачиж явна шүү дээ. Багануур, Борнуур, Атарын сангийн аж ахуй, Нөхөрлөл гээд л явж өгнө дөө.

-Хот хооронд ганцаараа жолоо бариад явдаг байсан хэрэг үү?

-Тэгнэ ээ. Кабиндаа ганцаараа жолоогоо бариад л явна.

-Тухайн үед орон нутгийн зам одоогийнх шиг сайхан байгаагүй шүү дээ. Хээр талд шороон замаар ганцаар явахад айдаггүй юм аа гэхэд машин эвдрэхэд хэцүүдэх юм биш үү дээ?

-Одоо ч зам сайхан болжээ. Тэр үед дандаа шороон замаар давхина. Шаварт сууна, түүнийгээ ухна, өвөлдөө цас, хунгар ухна, мөс цөмөрнө, тэдгээрийг ломбо бариад цохино. Хот хооронд эрэгтэй хүн шиг л явж ирсэн гэсэн үг. Би өөрөө ч тал газарт айж, эмээхээ мэдэхгүй, их л зоримог, эршүүд байжээ. Нөхөр “Хээр талд ганцаараа хэцүү шүү дээ” хэмээн хэлдэг байсан. Ядарч, шантарч, зовсноо нөхөртөө хэлж байгаагүй. Дуртай зүйлээ хийж байгаа гэж бодохоор их л зоримог байж дээ. Жолоо барихдаа дурласан хүн чинь замын хүнд, бартаат зүйлсийг нөхөртөө хэлэлгүй, сайхан явж ирлээ гээд л сууж байсан сан.

-Машин тэргээ гоёдог байв уу?

-Гоёно шүү дээ. Их цэвэрхэн, цэмбэгэр унахыг хичээнэ. Дотроо бас радиотой. Замд явахдаа радиогоо асаагаад дуулаад, юм сонсоод явдаг байв. ЗИЛ-130-аа гоёно. Хатиг шар /шар дохионы гэрэл/-даа никелиэр хүрээ хийдэг. Бараак /жолооны хүрд/-аа дээр үеийн 21-ийн цагаан бараакаар гоёно. ЗИЛ-130 машины арын редукторыг лакдаж, хар өнгөтэй болгодог байлаа. Редуктор гэхээр машины бөгсийг л хэлээд байгаа юм л даа. Машины доогуур нь хүртэл мөлхөөд, гөлийтөл нь арчдаг байж билээ.

-Ямар машинууд барьж байсан бэ?

-Анх Цистерный-53 машин унаж байв. Дараа нь ЗИЛ-130 машин жолоодож байлаа. Түүгээрээ хот хооронд их явна. Олон ч жил хөлөглөсөн. Түлхүүр бааз 1990 онд тарснаар Засгийн баазад 1992 онд ажилд орж байлаа. Засгийн баазад хамгийн гоё машин нь эксел байлаа шүү дээ. Экселийнхэн дугаар нь 0064 УБЗ дугаартай саарал өнгийн шинэ эксел жолоодох болсон. Дараа нь соната жолоодох болсон юм. Дарга, сайдууд маань жийп машинаар хот хооронд зорчдог. Би ч жолоодоод л явдаг байсан. Жолоодсон машины тоогоо ч мартаж орхижээ.

-Том машин жолоодож байгаад жижиг машин жолоодоход ямар байсан бэ. Жолооны буруу хүрдтэй машин барьж байхдаа зөв хүрдтэйг барихад хүртэл эвгүй мэдрэмж төрдөг шүү дээ?

-Тийм шүү. Их эвгүй мэд­рэмж төрдөг. Том машин жолоо­дож байгаад жижиг машин жолоодоход хөгөө чирсэн. Өнөөх 0064 УБЗ экселийг гарааш дотор нь хойш урагш хөдөлгөнө, хашаан дотор нь хэд тойрно. Жолооны хүрдийг нь том машин барьж байгаа мэт мулт мулт мушгина. Долоо хоногийн дараа дассан даа. Жолооны зөв хүрд барьж байгаад бурууг барихад л орон зайн баримжаа алдагддаг. Гэхдээ хэдхэн хоноод л зүгээр болчихно.

-Том машинуудын эвдрэл гэмтлийг та өөрөө засдаг байсан уу?

-Засгийн баазад тусгай засвар­чид бий. Мэргэжлийн засвар­чид шаардлагатай зүйлсийг нь засаж өгдөг болохоор их амар л даа. Харин Түлхүүр баазад бай­хад өөрсдөө л засдаг байлаа. Томоохон эвдрэл, гэмтэл гарвал мэргэжлийн засварчид засаж өгнө.

-Өөрөө засна гэхээр их л хэцүү байсан байх даа?

-Хэцүү байлгүй яахав дээ. Тэр үед бид залуу байсан. Ахмад үеийнхэн, ах нар маань их зааж, зөвлөдөг байлаа. Шатахуун, насос, эвдрэл гэмтэлтэй холбоо­той бүхий л зүйлийг зааж өгнө. Ахмад тээвэрчдийн минь ач гавьяа биднийг аюулгүй жолоодоход их дэм болж байлаа.

-Танд очиж үзээгүй аймаг гэж байна уу. Эсвэл улсаа тойроод дуусгачихав уу?

-Дорноговь, Хөвсгөл аймаг руу очиж байгаагүй. Тэдгээр аймгууд руу ачаа зөөж байгаагүй юм байна. Бусад аймаг руу бол хэд хэдэн удаа явж үзсэн. Баян-Өлгий аймаг руу бараа ачиж, Өмнөговь аймгаас нүүрс ч ачиж байлаа. Аймаг руу бараа ачихад өөрөө ачаа зөөгч болох тохиолдол бас гардаг байсан. Том шуудайтай 70 кг-ын жинтэй гурил, элсэн чихэр 50 кг, панеран материалтай хайрцаг бүхий бараануудыг зөөж, буулгадаг байлаа.

-Хот хооронд жолоо бариад явахад эрүүл мэндэд тань ямар нэгэн байдлаар сөрөг нөлөө үзүүлсэн үү?

-Огтхон ч тийм зүйл байхгүй. Одоо 79 настай хэрнээ хөл, гөр хөшиж, өвдөж байгаа зүйл алга. Гурван хүүхдээ төрүүлэх үедээ эмнэлэгт хэвтэж байснаар өөр эмнэлгийн хаалга татаж, шагайж явсангүй. Хүүхдүүд маань урьдчилаад үзүүл гэдэг л юм. Гэхдээ ямар нэгэн эрүүл бус зүйл шинжилгээгээр илэрвэл сэтгэлд хэцүү гэж бодоод үзүүлэхгүй байгаа.

-Гавьяаны амралтдаа гарах хүртлээ Засгийн баазад хэчнээн хүнд үйлчилж байсан бэ. Тоолж байв уу?

-Ардчилал гарсны дараа 1996 онд УИХ-ын гишүүд, сайд, улс төрчдөд үйлчилж байсан. Байнгын хорооны дарга байсан Ц.Баярсайхан, А.Бакей, Р.Гончигдорж, Ерөнхий сайд асан Ш.Гунгаадорж тэргүүтэй хүмүүст үйлчилж байлаа. Хамгийн сүүлд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд асан Т.Гандид дөрвөн жил ажилласан. Улмаар 2014 онд гавьяаны амралтаа авсан. Эдгээр хүмүүс­тэй харилцаатай байдаг. Гавьяат тээвэрчин болоход Т.Ганди сайд маань надад мэнд хүргэсэн.

-Таны нэр их ховор юм. Танаас яриа авахынхаа өмнө статистик мэдээллээс хайж үзэхэд тантай ижил нэртэй таван хүн л байдаг юм байна?

-Хэдэн хүн ийм нэртэйг мэдэхгүй ч их цөөхөн л байдаг. Нэрийг маань сонсоод хүмүүс давтаж асуудаг. Бадамдоо гэж төвөд нэр. Аав, ээж маань өгч байсан гэдэг.

-Таны гэрийн хүн тань урлагийн хүн байсан гэх юм билээ?

-Тийм ээ. Хөгжмийн багшаар ажиллаж байсан. Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан хүн. Олон ч уран бүтээлчтэй хамтарч, уран бүтээлч ч төрүүлж явсан хүн байлаа. Нэрсийг нь сайн санадаггүй л юм. Гэхдээ МУГЖ Х.Болормаад багшилж байсныг нь санаж байна. Урлагтаа хайртай хүн байсан. Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, Төрийн шагналт Н.Норовбанзадыг дуулах үед ард нь морин хуур тоглож ч явсан юм. Гэр бүлийн хүн маань 2005 онд бурхан болсон. Тэр хүртлээ урлагтаа зүтгэсэн дээ.

-Олон жилийн хөдөлмөрийн тань талаар сонсохоор ар гэртээ төдийлөн цаг гаргаж байгаагүй бололтой. Магадгүй нөхөр тань таныг арыг сайн хариуцдаг байсан юм байна хэмээн бодлоо?

-Би буудалд байгаа хүн шиг л санаа амар ажлаа хийдэг байсан. Нөхөр минь арыг үргэлж хариуцдаг байлаа. Өглөө 6-7 цагийн үед ажилдаа гараад явна. Хэрэв 22.00 цагт ажил дуусвал “Эрт тарлаа шүү” хэмээн баярладаг байсан. Хүнс, ахуйн хэрэгцээт зүйлсээ бэлдэж өгөөд л явчихдаг, ард нь нөхөр маань хариуцаад үлддэг. Гэртээ унтах гэж л харьдаг байсан юм уу даа. Арыг минь сайн хариуцах хүнтэй учраас санаа зоволгүй ажлаа хийдэг байсан.

-Одоо хүүхдүүдтэйгээ хамт байдаг гэсэн. Бусад өвөө, эмээ нарын адил ач, зээгээ харж, өсгөж байна уу?

-Би Архангай аймгийн Булган сумын хүн. Одоо бол Улаанбаатар хотод амьдарч байна. Би гурван хүүхэд төрүүлж, өсгөсөн. Бага нь залуудаа хорвоог орхичихсон юм. Одоо бол 10-аад ач, зээ, хүүхэдтэй. Ач, зээгээ хичээлд нь хүргэнэ, тосож авна. Гэртээ зүгээр суугаад байж чадахгүй байгаа. Жолоогоо бариад ач, зээгээ хүргээд, түгжрээд явж байх нь жаргал юм даа.

Н.АНУЖИН

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top