Шүдний цоорол нь хүүхэд залуусын дунд аюулын харанга болсон гэхэд хилсдэхгүй. Ялангуяа бага насны хүүхдийн дунд сүүн шүд нь харлаж өмрөн унах нь хэвийн үзэгдэл болжээ. Шүдний өвчлөл чих, хамар, хоолойн болон амь насанд аюултай эрүү, нүүрний мэс заслын үрэвсэлт өвчин, амьсгалын замын өвчлөл зэрэг 200 гаруй өвчний суурь шалтгаан болдгийг мэргэжлийн эмч хэлж байна.
Эцэг, эхчүүд хүүхдийнхээ шүдийг багаас нь зөв, тогтмол угааж хэвших хэрэгтэй байна. Өөрсдөө хэдэн саяын үнэтэй ээмэг гялалзуулж, цүнх барьсан атлаа хүүхдийнх нь шүд асуудалтай байгааг мэдэхгүй байх жишээний. Шүдний цоорлыг дотор нь дөрвөн үе шатаар ангилна. Нэгдүгээрт толбон үе, хоёрдугаарт өнгөц цоорол, гуравдугаарт дунд цоорол, дөрөвдүгээрт гүн цоорол гэсэн шатлалтай.
Иргэдийн хувьд гүн цооролтой үедээ ирж эмчлүүлэх тохиолдол их байдаг аж. Энэ нь сувгийн эмчилгээ хийлгэх, ломбодох, чулуу түүх гээд маш өндөр зардал, цаг хугацаа эмчилгээ шаарддаг. Шүдний эмчилгээ нь хүүхдэд байтугай том хүнд ч тийм таатай биш. Махнаас нүд, яснаас шүд гэдэг шиг шүдээ өрөмдүүлэх ямар үйл тамтай билээ дээ. Аль болох эрт, толбон үед нь эмчлүүлбэл бага өвдөхөөс гадна хүндрэл гардаггүй.
Мөн хүүхдээ урьдчилан сэргийлэх үзлэгт улиралд нэг удаа буюу гурван сар тутам хамруулж шүд нь эрүүл байгаа эсэхийг шалгуулж баймаар. Та хүүхдэдээ хайртай л бол аль болох гурилан бүтээгдэхүүн, өнгөтэй бүтээгдэхүүн, чихэр, чипс өгөхөөс зайлсхийгээрэй. Бяцхан жаалууд өдөр бүр үздэг хүүхэлдэйн кинон дээр гардаг шиг шүдний дагиныг хөөрхөн ялдам гэж итгэдэг. Харин харласан шүдээ эмчлүүлэх гэж ганц очоод л халгаж зугтдаг шүү дээ. Тиймээс л хүүхдээ айлгахгүйн тулд ийм үлгэр зохиосон байх.
Хүүхдүүд ээ, шүдний дагина ирээд шүдийг чинь ид шидийн мэт гялалзуулахгүй, шүдний дагина гэж байхгүй, шүдээ угаах нь гар нүүрээ угаахтай адил өдөр тутмын наад захын соёл, дадал гэдгийг л ойлгуулах хэрэгтэй байна.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 1 )
Шүдний дагина аавуудын мөрөөдөл