Украины хямралаас үүдэн хүн төрөлхтөнд өлсгөлөн нүүрлэж байна

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 03 сарын 15

Украин, ОХУ-ын улаан буудайн нийлүүлэлтийг зогсоосон тохиолдолд дэлхийн хэд хэдэн бүс нутаг хүнсний хомсдол, өлсгөлөнтэй нүүр тулна гэж “The Guardian” хэвлэлд мэдээлжээ.

Украины хямралаас болж дэлхий дахин хүнсний үнийн өсөлттэй нүүр тулаад байна. Нөхцөл байдал 2008 оны дэлхийн санхүүгийн хямралын дараах байдалтай харьцуулахуйц байна. НҮБ-ын Дэлхийн хүнсний хөтөлбөрийн ерөнхий эдийн засагч Ариф Хусейны хэлснээр, үр тариа, газрын тосны үнэ 2008 оны хямралын үеийн үзүүлэлтэд хурдацтай ойртож байна. Украин дахь нөхцөл байдал хурцдахаас ч өмнө дэлхий даяар хүнсний үнэ өсөж байсан. Үүний шалтгааныг шинжээчид уур амьсгалын хямрал, коронавирусний цар тахалтай холбон тайлбарлаж байжээ. Өдгөө эдгээр хүчин зүйл дээр Украин дахь тариалалт тасалдах эрсдэл, Оросын үр тарианы экспортод тавьсан хориг нэмэгдэж байна гэж шинжээч тодруулжээ.

Дэлхийн улаан буудай, эрдэнэ шишийн нийт нийлүүлэлтийн 10-15 хувь Украинд ногддог. ОХУ үр тариа, наран цэцгийн гол экспортлогч улсын нэг. Ингэхдээ Хар тэнгисийн улаан буудайн нийлүүлэлтийн 40 хувь Ойрх Дорнод, Африкт ногддог байна.

Олон улсын хөдөө аж ахуйн сангийн ерөнхийлөгч Жилбер Унгбо Украин дахь хямрал үр тарианы нийлүүлэлтийг хязгаарлаж, хүнсний үнэ огцом нэмэгдэх, улмаар өлсгөлөн нүүрлэхэд хүргэнэ гэж сэрэмжлүүлжээ. Ингэснээр дэлхийн хүнсний аюулгүй байдал аюулд орж, геополитикийн хурцадмал байдлыг гүнзгийрүүлж болзошгүй гэж Унгбо үзэж байна. Энэ байдал ялангуяа гэр бүлээ арай ядан тэжээж буй хүмүүст хүнд цохилт болно. Тухайлбал, Зүүн Африкт өлсгөлөн нүүрлэх эрсдэл өндөр байна. Энэ бүс нутаг сүүлийн гурван улирал дараалан ургац алдаж, мал олон тоо толгойгоор хорогджээ. Ус, бэлчээрийн хомсдол омог хоорондын мөргөлдөөн үүсэхэд хүргэж байна гэж НҮБ-ын Дэлхийн хүнсний хөтөлбөрийн Зүүн Африкийг хариуцсан захирал Майкл Данфорд онцолжээ.

Нөхцөл байдал яаралтай хүмүүнлэгийн арга хэмжээ авахыг шаардаж байна гэж Данфорд анхааруулсан байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ШОУЧИНД(139.5.216.137) 2022 оны 03 сарын 15

Энэ үгийг Зеленскийд хаяглаад явуулахгүй дээ

1  |  0
Top