Би уул уурхайн ажлыг хэн дуртай аавын хүү дур зоргоороо хийчихдэг амархан ажил биш гэж боддог. Учир нь би уултай газар төрж өссөний дээр уулыг савдагтай, усыг лустай гэсэн домог хуучийг их сонсож уул усанд далд “эзэн”, давтагдашгүй хүчин зүйл бий гэж өнөө хэрнээ итгэж явдаг. Энэ нь уул усаа дээдлэх уламжлалт сэтгэлгээний үр хөврөл юмуу эсвэл сүсэг бишрэлийн хоцрогдсон ойлгоц байхыг үгүйсгэх аргагүй. Геологи уул уурхайн шинжлэх ухааны мэдлэг мэргэжил эзэмшсэн хүн миний үзэл бодлыг сонсох юм бол хөх инээд нь хүрч “хөгийн хоцрогдсон товариш” байна гэж үнэлэх нь тодорхой.
Гэхдээ газрын судал, “судас” цахилгаан соронзон урсгал, “гүйдэл”, газрын байдал өнгө зүсийг таньж уул нүхэлж, талыг онгичиж уурхай нээнэ гэдэг амархан ажил биш.
Газрын хөрс, ургамал, чулуулгийн байдал, тогтоц найрлагийг эхэлж “уншаад” улмаар өрөм тавьж гүнийг шинжээд, судалгаа хийн зураг төсөл боловсруулж, ашиглах боломжийг тогтооно гэж тоймлоод бодоход ямартай ч газар, уул устай “хэл амаа” ололцдог хүний ажил гэхээс өөр аргагүй. Иймээс геологичд бол гал хийгээд эрчим хүчийг ундраах эрдэнэс баялагийг хормойлох ховорхон одонд төрсөн хүмүүс юм. Хэрвээ ууланд савдаг, усанд лус байдаг бол тэдэнтэй “үг хэлээ” ойлголцож үйл хэргээ саадгүй явуулж чаддаг хүмүүс бол геологичд байж таарна.
Би хэд гурван геологичийг таних бөгөөд заримтай ойр дотно явж ирлээ. Тэднийг ажиглахад дөлгөөн тогтуун, хүний нуруу сайтай, сэтгэлийн тэнхээтэй, эхэлснээ дуусгадаг шийдмэг чанартай хүмүүс байх. Тэдний нэг нь Дамбын Шийтэр юм. Тэр х уучин тогтолцооны үед буюу 1974 онд Ленинградын уул уурхайн дээд сургуулийг уулын инженерээр төгссөн нэгэн. Товчоор хэлэхэд уул гэдэг оршихуйтай “үг хэл”-ээ ололцдог өронийн эрдмийг сурч ирсэн хэрэг.
Д.Шийтэр Ховд аймгийн Дарви сумын уугуул бөгөөд баруун аймгийнхны нягт нямбай, хэрсүү чанартай дээр дөлгөөн тогтуун, эрдэмлэг хүн. Түүний үйл хөдлөл, үг ярианд хөнгөн хуудмаг чанар, бодлогогүй алхам үл илэрнэ.
Д.Шийтэр “Хүний ном” сайтан дээр өөрийн эзэмшсэн мэргэжлийн хийгээд амьдралын гүн ухааныг ухаж ойлгосон номын эрдмээрээ тун сайн бэлтгэгдсэн мэргэжилтэн гэдэг нь хашиж ирсэн алба, хариуцаж гүйцэтгэсэн ажил, хамгаалсан эрдмийн зэрэг цол хүртсэн судалгаа шинжилгээ зэргээс нь тодорхой харагддаг.
Социализмын үед манай улсын аль ч салбарт боловсон хүчнийг шилж сонгодог шалгуур тун нарийн байсныг хүмүүс мэднэ. Энэ үед Д.Шийтэр олон шилдэг мэргэжилтэн, инженерүүд шалгуур даван мөр зэрэгцэн ажиллаж байсан геологи уул уурхайн салбарт төслийн инженер /1974-1978 онд/ салбарынхаа яаманд мэргэжилтэн, хэлтсийн дарга /1977-1987 онд/, улмаар нийгмийн шинэхэн тогтолцоо үүсэн буй болоход “Монголросцветмет” ХХК-ийн ерөнхий инженерийн орлогч /1988-2006/, “Гүрэн” ХХК-ийн зөвлөх инженер зэрэг өндөр хариуцлагатай албыг хашиж ирсэн түүхтэй. Түүний ажилласан дээрх газруудын баримт бичгийг шүүн үзэхэд Д.Шийтэрийн ажил үйлсийн талаар ихээхэн өндөр үнэлэлт, дүгнэлт өгсөн нь олон.
Тухайлбал, “Монголросцветмет” ХХК-наас “Олохнууд овогтой Дамбын Шийтэрийн ажил байдлын тодорхойлолт” гэсэн баримт бичигт: “Д.Шийтэр 1974-1978 онд Түлш, Эрчим хүч, Уул уурхай геологийн эрдэм шинжилгээ, зураг төслийн институтэд төслийн инженерээр ажиллаж байхдаа Ховд аймгийн Хөшөөтийн чулуун нүүрс, Говь-Алтай аймгийн Цахиурт, Мааньт, Хүрэн голын нүүрс болон Баянхонгор аймгийн Дөш толгойн хүрмэн чулуу, Дундговь аймгийн Мандал-Овоо сумын болон Өмнөговь аймгийн Цогт-Овоогийн барилгын шаврын ордыг ашиглах зураг, төслийг боловсруулан батлуулж үйлдвэрлэлд нэвтрүүлснээр уурхайнууд байгууллагдан ажиллажээ. Тэдгээрээс Хөшөөтийн уурхай Шийтэрийн боловсруулсан зураг төслөөр 40 гаруй жил ажиллаж байна” хэмээн тэмдэглэсэн байна.
Мөн Монгол улсад уул уурхайн салбар үүсэж хөгжсөний 90 жилийн ойд зориулсан номд /456-р талд/ Д.Шийтэр 1976-1988 он хүртэл Геологи, уул уурхай үйлдвэрийн яаманд мэргэжилтэн, хэлтсийн даргаар ажиллахдаа уул уурхайн салбарт дэвшилтэт технологи, шинэ мтехник нэвтрүүлэх, үйлдвэрлэлийн процессыг механикжуулах, автоматжуулах ажлыг дагнан хариуцаж байсан. Мөн инженер техникийн ажилчдын техникийнб үтээлч сэтгэлгээг байнга дэмжиж, 1000 гаруй шинэ бүтээл, оновчтой саналыг үйлдвэрлэлд нэвтрүүлж, тэдгээрээс 10 гаруй бүтээл улсад шалгарч, алт, мөнгө, хүрэл, диплом, тусгай шагналаар шагнагдаж байсан нь Д.Шийтэрийн хөдөлмөрийн үр дүн бөгөөд “ШБОС Шийтэр” хэмээн алдарших нөхцлийг бүрдүүлжээ” хэмээн онцлон тэмдэглэсэн нь бий.
Энд нэг зүйлийг нэмэхэд 1978-1987 онд Д.Шийтэрийн идэвх санаачлагатай үйл ажиллагааны үр дүнд геологи, уул уурхайн салбарын хэмжээнд 1783 ШБОС гарсны 1199 үйлдвэрлэлд нэвтэрч, 6,292,0 мянган төгрөгийн ашиг орлого оруулжээ. Энэ нь тухайн үеийн ханшаар тооцож үзвэл маш өндөр үр ашиг юм.
Цааш нь лавшруулан түүхэн баримт шүүж үзэхэд уулын инженер Д.Шийтэр нь уулын үйлдвэрүүдийн техник, тоног төхөөрөмжийн аюулгүй ажиллагааг хангах, үйлдвэрийн осол аваараас урьдчилан сэргийлэх, улмаар тэглэх чиглэлээр тодорхой бодлого чиглэл боловсруулж хэрэгжүүлсэн нь тодорхой тэмдэглэгджээ. Тэр, 1980-2006 онд “Монголросцветмет” ХХК-д ажиллахдаа “Уулын үйлдвэрүүдэд үйлдвэрлэлийн ослоос урьдчилан сэргийлэх, улмаар тэглэх менежмент”-ийг боловсруулж үе шаттай хэрэгжүүлсний дээр, “Хөдөлмөр хамгааллын удирдлагын нэгдсэн систем”-ийг орос монгол хэлээр боловсруулан гаргасан байна. Ингэж ажилласнаар “Монголросцветмет” ХХК-ний уулын үйлдвэрүүдийн тоо, техник технологи, машин механизмын ашиглалтад тавих хяналт сайжирч, аюулгүй ажиллагааны нөхцөл жигдэрч, осол аваарын тоо эрс багасчээ.
Д.Шийтэрийн энэхүү бүтээлч ажиллагааг тухайн ХХК-ний захиргаа: “Уулын үйлдвэрүүдэд үйлдвэрлэлийн ослоос урьдчилан сэргийлэх, улмаар тэглэх менежмент” гэсэн удирдамжийг нэвтрүүлэн ажилласнаар үйлдвэрлэлд гарсан ослын хоёр оронтой тоог нэг оронтой болгож чадсан нь манай үйлдвэрлэлийн явцад гарсан том амжилт юм” хэмээн үнэлсэн байна. Тухайн үед тус ХХК-ний ерөнхий захирлын нэгдүгээр орлогч Г.В.Пейхель “Манай Шийтэр бол аядуу зөөлөн ааш зантай. Чухамхүү ажлын төлөө төрсөн хүн. Өгсөн үүрэг даалгаврыг сайн биелүүлдэг, хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны стандартыг боловсруулахын тулд орс хэлнээс судлах, орчуулах ажлыг уйгагүй хийсэн дээ” хэмээн дуу алдан ярьж байсан нь тэмдэглэгдэн үлджээ. Бидэнтэй мөр зэрэгцэн ажиллаж байсан “Алтан үе”-ийн орос нөхөд ямар үнэнч, асуудалд шударга ханддаг байсныг хүмүүс мэднэ. Иймд Д.Дшийтэрийн үйл ажиллагаанд “Монголросцветмет” ХХК-ийн орлогч захирал Г.В.Пейхелийн өгсөн үнэлгээ тун голыг олсон үнэн үнэлэмж гэж бодном.
Үнэхээр Д.Шийтэр уулзаж учирч ярьж хөөрч явахад аядуу зөөлөн, аливаад хүлээцтэй, сэтгэлийн боловсролтой, ухааны цар уужим хүн санагддаг. “Энэ хүн ухааны болоод ууч сэтгэлийн нандин номыг хаанаас олоо вэ” гэж эргэцүүлэн бодож, түүний тухайн бичсэн элдэв баримт ном хэвлэлийг эргүүлж үзэхэд малчны эгэл бор амьдралын цай оочиж, багадаа ээжээсээ хагацан өнчрөл зовлон үзэж, өмгө түшиг болсон аавынхаа алсын бодол, амьдралын ухааны хүчинд ажил үйлсийн замд орж, эрийн цээнд хүрсэн байдаг. Товчоор хэлэхэд Д.Шийтэр багаасаа ажил амьдралын амтыг зүрх сэтгэлдээ шингээж, бусадтай зав харилцаа үүсгэж, орчлонд тэнвцэрээ олж явах ухааныг олсон байна. Тиймдээ тэр, аавынхаа захиасыг өвөрлөж алс газар сурч байхдаа ч, алба хашиж суудал зээрг ахихдаа ч, ачааны хүндийг үүрч алх барьж тандалт судалгаа хийж явахдаа ч дотоод ертөнцийн мөн чанараа хадгалж нуруутай эр хүн гэдгээ харуулсаар иржээ.
“Хүний” ийм өндөр эрдэмтэй хүн номын эрдмийг сурч өөриймсүүлэхэд хялбар байдгийг хүмүүс мэднэ. Тэрээр Д.Шийтэр 20 дөнгөж гарч байх насандаа Төв аймгийн Баянцогт, Өнжүүл, Лүн, Сэлэнгэ аймгийн Мнадал, Түнхэл, Зүүнхараагийн нутаг зэвсгэрийг хамарсан 1:200000 масштабын геологийн зураг гаргахад биечлэн оролцож дадлага суун улмаар инженер болсон үедээ дуур дурдсан Ховд аймгийн Хөшөөт, Говь-Алтай аймгийн Цахиурт, Мааньт, Хүрэн гол, Баянхонгор аймгийн Дөш толгой зэрэг газрын нүүрсний, Дундговь, Өмнөговь аймгийн Цогт-Овоо, Мандал-Овоогийн барилгын шаврын орд газруудын зураг төслийг боловсруулан ашиглалтад оруулан Монголын уул уурхайн салбарт үнэтэй хувь нэмэр оруулж чадсан байна.
Улмаар судалгаа шинжилгээний ажлыг шуурхайлан хийж 1999 онд “Бор-Өндөрийн уулын баяжуулах үйлдвэрийн далд уурхайн ашиглалтын технологийн асуудал” сэдэвт магистрын ажил горилж, 2012 онд “Хайлуур жоншны бүлэг орд ашиглалтын экосистемд үзүүлэх сөрөг төсөөллийн судалгаа” сэдвээр техникийн ухааны докторын (Ph.D) зэрэг хамгаалжээ.
Эрдэм судлалын энэ их ажилдаа эзэн болохын тулд Д.Шийтэрийн бичсэн ном, илтгэл, тайлан, боловсруулсан төсөл, хөтөлбөр, эрдэм шинжилгээний өгүүлэл, зураг схем хэдэн арваараа буйг энд нэг бүрчлэн дурдан бичих нь илүүц биз. Энэ бүхэн нь Д.Шийтэрийн өгсөн үүрэг даалгавар биелүүлдэг ерийн нэг уулын инженер биш хүний эрдмээр дүүрэн номын эрдмээр бялхсан хүн болохыг илтгэж байна.
Нэгэнтээ нэрт цэцэрлэг зүйч, МУСГЗ, зохиолч Б.Чимид бичэн нийтлэлдээ “Д.Шийтэр нарийвчилсан болон ерөнхий үнэлгээ хийх, шинжээчийн дүгнэлт гаргахад мэргэшсэн хүн. Зөвхөн 2008-2014 онд алтны 6, барилгын материал, шохойн чулууны 8, вольфром, молибден, боксит, гөлтгөнө, зэс, жонш, гянтболд, нүүрс, шатдаг занарын тус бүр 2, бүгд 34 ордыг ашиглах ТЭЗҮ-г боловсруулахад зөвлөх инженерээр ажиллаж, зураг төслийн компаниудын боловсруулсан 11 үндэслэлд экспертиз гаргаж, эрдэс баялгийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн батлуулж үйлдвэрлэлд нэвтрүүлснээр ...улсын эдийн засгийг эрчимжүүлж, үр ашиг өгөөжийг дээшлүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан хүн” гэж онцлон үнэлсэн байна. Энэ үнэлгээ нь нэг чиглэлийн гэж үзэх үндэстэй, экологи байгаль, хамгааллын мэргэжлийн хүний судалгаа хийж өгсөн нөхцөтэй үнэлэмж юм. Энэ мэтээр Д.Шийтэр докторын эрдэм шинжилгээ, болон уул уурхайн үйлдвэрлэлийн ажилд эрдэмтэй мэргэд, ижил мэргэжлийн хүмүүсийн өгсөн үнэлгээ олон. Тэр дунд түүний төрсөн нутгийнхан нь “Нутаг амьтай эрдэмтэн”, “Гал бэлэглэсэн хүү” хэмээн үнэлсэн нэгэн онцгой үнэлгээ бий.
Энэ бол “улааныг харж урвалзаад, шарыг харж шарвалзаад” байдаггүй хөдөө орон нутгийнхны олныг бодож эргэцүүлж өгсөн бодитой үнэлгээ гэж бодном. Үнэндээ Д.Шийтэр Хөшөөтөд нүүрсний нөөц байгааг тогтоож судалгаа хийн зураг төслийг боловсруулан, уурхай нээж ашиглалтад оруулаад 40 гаруй жилийн нүүр үзэж байгаа нь Ховдчууддаа “гал бэлэглэсэн хүү” гэж үнэлэгдэхээс өөр аргагүй. Түүний бэлэглэсэн “гал” нь олон арван үлйдвэр, албан газар, айл өрхийг илч дулаан, гэрэл гэгээ болон түгээж хүмүүсийн зүрх сэтгэлд, түүхийн хуудсанд нэрээр нь мөнхрөн үлджээ.
Монголчууд нэгэн цагт Зөвлөлтийн /хуучин нэрээр/ дайчдын алдрыг “газарт галтай хамт дархалж, тэнгэрт нартай хамт мөнхөлсөн” түүх бий. Түүн лугаа ижил Ховдчууд болон Монголын уул уурхайн салбарынхан Дамбын Шийтэрийн алдрыг Хөшөөтөд алтан бичээстэй , түүхэнд гавьяат цолтой хамт мөнхлөх цаг болсон мэт. Тэр цаг дор Монголын галын бурхан дахин нэгэнтээ баясана гэж тунгаанам.
Сайн үйлс дэлгэрэх болтугай.
Н.Даваадаш
/Соёлын гавьяат зүтгэлтэн/
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 0 )