Тэгш хамруулах боловсролыг дэмжих төслийг 16 сургуульд хэрэгжүүлнэ

Автор | Zindaa.mn
2022 оны 03 сарын 16

“Монгол Улсын хүүхэд бүрийг боловсролд тэгш хамруулах зарчмыг дэмжих нь-2” төслийг хоёр дахь жилдээ санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа. Гэрээнд Япон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кобаяши Хироюки, Хүүхдийг Ивээх Сангийн Монгол дахь хөтөлбөрийн менежер, Суурин төлөөлөгч Л.Баян-Алтай нар гарын үсэг зурсан юм. Япон улсын Гадаад хэргийн яамны санхүүжилтээр Хүүхдийг Ивээх Сангийн хэрэгжүүлж буй боловсролын төсөл хоёр дахь жилдээ зорилтот сургуулиудад хэрэгжиж байна. Монгол Улсад боловсролыг тэгш хүртээмжтэй олгоход чиглэсэн энэхүү төсөл нь 6-9 дүгээр ангийн тусгай хэрэгцээтэй сурагчдын сурах үйл явцыг дэмжих, багш нарт ганцаарчилсан сургалтын арга зүй эзэмшүүлэх, хүүхдийн суралцах үйл явцад дэмжлэг үзүүлэхэд эцэг эхчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, төслийн хэрэгжсэн загвар, үйл ажиллагааг түгээн дэлгэрүүлэх, төрийн бодлогод тусгах чиглэлээр хэрэгжиж байна.

Элчин сайд Кобаяаши Хироюки Монгол Улсын боловсролын салбарт хүүхдүүд янз бүрийн шалтгаанаар сургууль завсардах, сурлагын хоцрогдол үүсэх, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн суралцах орчин бүрдээгүй зэрэг асуудлууд ажиглагддаг. Иймд уг төсөл нь эдгээр асуудлуудыг шийдэхэд чиглэж, хүүхэд бүрийг боловсролд тэгш хамруулахад хувь нэмрээ оруулна хэмээн найдаж байгаагаа илэрхийллээ. Хүүхдийг Ивээх Сангийн Монгол дахь Хөтөлбөрийн менежер, Суурин төлөөлөгч Л.Баян-Алтай боловсролын салбарт оруулж буй энэхүү хөрөнгө оруулалт нь хүүхэд бүр тэгш хүртээмжтэй, чанартай боловсролын үйлчилгээг хүртэхэд томоохон хувь нэмэр оруулж байгааг онцлов.

Төслийн эхний жилд ерөнхий боловсролын сургуулийн бага, дунд ангийн багш нарын тэгш хамруулах боловсролын талаарх онол, арга зүйн мэдлэг, ойлголтыг гүнзгийрүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн ялгаатай хэрэгцээнд нийцсэн арга зүй эзэмшихэд туслах, мөн тэдний эцэг эх, олон нийтэд дээрх ойлголтыг өгч, хандлагад нь нөлөөлөх чадварыг дээшлүүлэх зорилго бүхий сургалтын 3 модулийг боловсруулж, давхардсан тоогоор 1004 багшийг холбогдох сургалтуудад хамруулжээ.

Одоогийн байдлаар төсөлд Улаанбаатар хотын Баянзүрх, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүрэг болон Өвөрхангай, Ховд аймгийн Ерөнхий боловсролын нийт найман сургууль хамрагдаж байна. Энэ жилээс төслийг өргөжүүлж, дээрх зорилтот аймаг, дүүргүүдийн найман дунд сургуулийг төслийн үйл ажиллагаанд нэмж хамруулахаар төлөвлөн ажиллаж байна. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top