ОХУ-аас Украинд явуулж буй цэргийн ажиллагааны хариуд АНУ, Их Британи улсууд тус улсаас авах газрын тос, байгалийн хийн импортдоо хориг тавина гэж мэдэгдсэний дараа баррель нь 139 ам.долларт хүрч өсөөд байсан газрын тосны үнэ харьцангуй буугаад байна. Oilprice.com-ийн мэдээллээр дэлхийн зах зээл дээр Брент төрлийн түүхий тосны үнэ баррель нь 100.9 ам.доллар байгаа бол WTI төрлийн тосны үнэ 97.18 ам.доллар байна.
Тэгэхээр газрын тосны үнэ энэ сарын 8-ны өдрийн огцом өсөлттэй харьцуулахад буурсан байгаа ч, 100 ам.доллар давсан хэвээрээ байгаа нь шатахууны импортоос хараат манай улсын тухайд таатай бус үнийн түвшин юм.
Энэ сарын 10-ны өдөр шатахууны үнэ литр тутамд 95-100 төгрөгөөр нэмэгдсэнийг өмнө нь мэдээлсэн. Тэгвэл АМГТГ-аас шатахууны үнийн өсөлтийн талаар дараах мэдээллийг өгч байна.
“ОХУ-аас манай улсад нийлүүлэх шатахууны импортын үнэ нь дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнэтэй шууд хамааралтай бөгөөд гуравдугаар сард нийлүүлэх А-80, Аи-92, Аи-95, Аи-98 автобензиний импортын ХИЛ ҮНЭ өмнөх сараас тонн тутамдаа 109 ам.доллар, дизелийн түлш 96 ам.доллароор нэмэгдэж ирсэн. Энэ үнийн өсөлттэй холбоотойгоор 2022 оны гуравдугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хот болон орон нутагт А-80, Аи-92 автобензин 95-100 төгрөгөөр нэмэгдсэн” гэлээ.
Шатахууны нөөцийн тухайд, улсын хэмжээнд энэ сарын 7-15-ны өдрүүдэд:
Эрээнцав боомтоор Аи-92 автобензин 124 тонн, дизелийн түлш 507 тонн, нийт 631 тонн, Цагааннуур боомтоор Аи-92 автобензин 998 тонн, дизелийн түлш 565 тонн, бусад бүтээгдэхүүн 2 тонн, нийт 1,565 тонн,
Боршоо боомтоор Аи-92 автобензин 168 тонн, дизелийн түлш 284 тонн, нийт 452 тонн,
Замын-Үүд боомтоор Аи-92 автобензин 1,390 тонн бусад бүтээгдэхүүн 3,397 тонн, нийт 4,787 тонн буюу нийт 48,779 тонн газрын тосны бүтээгдэхүүн импортолсон гэсэн мэдээллийг өглөө.
Сануулахад, УУХҮ-ийн сайд Г.Ёндон, дэд сайд О.Батнайрамдал болон албаны бусад хүмүүсээс бүрдсэн Ажлын хэсгийн гишүүд “Роснефть” компанийн удирдлагатай очиж уулзсан. Уулзалтаар гол ярьсан асуудал нь нөөцийн хомсдол үүсгэхгүй байх талаар л ярилцсан гэдгийг Г.Ёндон сайд хэлсэн.
Өнгөрсөн жилийн есдүгээр сард шатахууны хомсдол үүссэнтэй холбоотойгоор албаных хүмүүс мөн ОХУ-д очиж, ажиллаж байсан. Уулзалтын үр дүнд шатахууны нөөц, хангамжид ноцтой асуудал үүсэхгүй байхаар тохиролцоонд хүрсэн гэх мэдээллийг тухайн үед албаныхан ч, импортлогчид ч өгцгөөж байсан. Гэвч ОХУ-Украины хооронд өрнөж буй үйл явцтай холбоотойгоор дэлхийн зах зээл дээр газрын тосны үнийн өсөлт хадгалагдсаар байна.
Дашрамд тодотгоход, Монгол Улс ОХУ-ын газрын тосны бүтээгдэхүүний экспортод 1.2 хувийг л эзэлж буй. Эсрэгээрээ манай улсын импортод ОХУ-аас авдаг шатах тослох материалын импорт 85 хувийг бүрдүүлж байгаа юм.
Өнгөрсөн оны есдүгээр сарын шатахууны хомсдолын дараа буюу 2021 оны 10 дугаар сарын 6-нд Засгийн газрын хуралдаанаар, шатахууны нөөцийн асуудлыг авч хэлэлцэж, дахин ингэж улсаараа түлшний хомсдолтой нүүр тулахгүйн тулд импортлогч аж ахуйн нэгжүүдийг 45 хоногийн нөөц тогтмол бүрдүүлж байхыг даалгасан. Тодруулбал, “Газрын тосны бүтээгдэхүүн импортоор оруулж, бөөний болон жижиглэнгийн худалдаа эрхэлж байгаа компанийн нөөц бүрдүүлэх журам”-д заасныг үндэслэн Газрын тосны бүтээгдэхүүний бөөний худалдаа, үйлдвэрлэл эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн 2022 онд бүрдүүлэх компанийн нөөцийн хэмжээ, бүтээгдэхүүний нэр төрлийг баталсан. Энэ хүрээнд аж ахуйн нэгжүүд шатахууны төрөл тус бүрээр хамгийн багадаа 45 хоногийн хэрэглээний компанийн нөөцтэй байхаар тооцсон юм. Тэгвэл УУХҮЯ-ны мэдээллээр шатахууны төрлөөс хамааран 30-40 хоногийн нөөц байгаа аж.
Гадаад зах зээл дэх үнийн нөлөөллийг нэг сарын дараачаас мэдэрч эхэлдэг манай тухайд, импортлогч компаниуд дэлхийн зах зээл дэх газрын тосны үнийн өсөлт дотоодын нөөц бүрдүүлэлтэд эрсдэл үүсгэж, хөрөнгийн дутагдал үүсгэж байна гэдэг үндэслэлээр Төв банкнаас авч буй репо санхүүжилтээ нэмэгдүүлэх хүсэлтийг тавиад буй. Монголбанкны зүгээс шатахуун импортлогч аж ахуйн нэгжүүдэд 2020 оноос хойш олгож буй репо санхүүжилтээ нэмэгдүүлэхэд бэлэн бөгөөд үүний хариуд ирэх долдугаар сар хүртлэх хугацаанд түлшний үнийг нэмэхгүй байх хүсэлтийг тавьснаа мэдэгдсэн байсан. Гэсэн ч гадаад зах зээл дэх үнийн өсөлт эрчимтэй байгаа учраас дотоодод шатахуун үнэ зах зээлийн зарчмаа л дагана гэсэн мэдээллийг УУХҮ-ийн сайд өгч буй юм.
Сэтгэгдэл ( 0 )